Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/405

 

 

 

 

 

 

2022           04           15                                       2022/ШЦТ/405

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Галхүү,

          улсын яллагч Ц.Төгөлдөр,

          шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

          шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан эрүүгийн 2009016040059 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Б.Г, /регистрийн дугаар /, 1981 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 охины хамт тоотод оршин суух, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

2.Монгол улсын иргэн, Т.Г, /регистрийн дугаар /, 1979 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл 2, эхийн хамт тоотод оршин суух, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй,

урьд өмнө Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1, 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай,

 

          Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

          Б.Г нь Т.Гтай бүлэглэн хохирогч Т.Г “Танай дүүг Батлан Хамгаалах Их сургуульд найдвартай оруулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гадна талд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 17.290.000 төгрөгийг,

Мөн хохирогч Т.Ц“Танай дүүг Батлан Хамгаалах Их сургуульд найдвартай оруулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний хүртэлх хугацаанд нийт 3.300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс тус тус шилжүүлэн авч залилсан,

Т.Г нь Б.Гтой бүлэглэн хохирогч Т.Г“Танай дүүг Монгол тэмүүлэл сургуульд баталгаатай оруулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гадна талд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 17.290.000 төгрөгийг,

          Мөн хохирогч Т.Ц“Танай дүүг Батлан Хамгаалах Их сургуульд найдвартай оруулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний хүртэлх хугацаанд нийт 3.300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Г, Т.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч С.Г, Т.Ц нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Г, Т.Г нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Г, Т.Г нар нь бүлэглэн хохирогч Т.Ц, С.Г нарын дүүг их сургуульд найдвартай оруулж өгнө гэж хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар тэдгээрийг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Б.Г, Т.Г нар нь бүлэглэн хохирогч Т.Ц, С.Г нарыг залилсан үйл баримт нь:

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр манай найз Г нь надтай юм ярьж байгаад “Монгол Тэмүүлэл” сургуульд хүүхэд оруулах хэрэгтэй байна, таньдаг хүн байна уу гэж асуусан. Би хүнээс асуугаад өгье болно байх гэж хэлсэн. 2018 оны хавар Боловсролын яамнаас тендер зарлагдаж байхад танилцаж байсан . гэж ...хүнээс асуухад “болно байх, 5000, 6000 доллар болох байх” гэж хэлсэн. Би Гд хэлэхдээ “болно байх, 7000 доллар болно гэж байна” гээд 1000 доллар нэмээд хэлсэн юм. Тэгээд Гтай 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр утсаар яриад Г нь “нөгөө хүмүүс нь эхний ээлжинд 5.000.000 төгрөг шилжүүллээ. Энэ мөнгийг шилжүүлээдэхье, Хаан банкны данс байна уу” гэж асуухаар нь надад байхгүй байсан тул хажууд барилгын ажил хийж байсан ..... гэж хүний данс руу шилжүүлж авсан. Маргааш нь бас ... данс руу 10 сая төгрөг шилжүүлсэн. Би Отгоо ахтай яриад нөгөө хүмүүс хүүхдээ сургуульд оруулмаар байна гэж байна гэнээ гэхэд “чи тэгвэл хотод хүрээд ир” гээд би Эрдэнэтээс хот руу очиж байсан. Хотод очоод .... ахтай уулзаад нөгөө хүүхдийн овог, нэр, регистрийн дугаар гэх хэрэгтэй материалыг нь өгөөд 10 сая төгрөг төлсөн. Хэд хоногийн дараа .... ах залгаад “сургуулийн ханш нь 30 сая төгрөг болох юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь .... ахад хэлсэн. Мөнгөө буцааж авъя, 30 сая төгрөгөөр хийлгэхгүй гэж байна гэж хэлээд .... ахаас 10 сая төгрөгийг буцааж аваад нөгөөдөр өглөө нь Гтай уулзахдаа 8 сая төгрөг барьж очоод байгаа мөнгө нь энэ байна, хэд хоногийн дараа гүйцээгээд өгье гэхэд “үгүй ээ наад хүмүүс чинь чамайг бариад идчихнэ, өгөхгүй бол болохгүй гээд байна” гэсэн. Тэгээд бид 2 ярилцаж байгаад яаж маргаашийн дотор гүйцээж өгөх вэ гэж бодож байгаад Өгөөмөр захын хойд талын мөрийтэй тоглоомын газар очоод 8 сая төгрөгөөр тоглосон. Тэнд тоглож байгаад 2 хоносон байсан. Тэгээд ямар ч мөнгөгүй болсон. Г “чи өөрөө гүйцээж өг” гээд бид 2 салсан. Г нь “нөгөө хүмүүс мөнгөө өгөхгүй бол уурлаад бөөн асуудалд болж байна, би өөрийнхөө унаж байгаа машинаа өрөндөө өгчихлөө одоо Гантулгад ямар ч өргүй болсон, одоо хоёулаа хоорондоо өртэй боллоо” гэж хэлсэн. ...Би ... 3.100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. ..... хохирлыг 17.290.000 төгрөгийг Г төлж өөрийн ..... машиныг 17.290.000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хэргийн материалд авагдсан байгаа. Энэ үүднээс ... хохирлыг төлсөн гэж ойлгоод Гд би 3.100.000 төгрөгийг төлсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-н 168/,

шүүгдэгч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэг байранд багаасаа цуг найзалж өгсөөн тухайн үед Эрдэнэт аймагт гаалийн ажилтан хийж байсан Гтой холбогдон энэ асуудлын талаар хэлэхэд Боловсролын яаманд ажилладаг Болорсүх билүү нэрийг нь сайн санахгүй байна хүнээс асууж өгье гэсэн. Тухайн өдрөө Г нь над руу эргүүлэн холбогдоод би холбогдох хүнээсээ асууж үзлээ чиний асуусан асуудал чинь болох юм байна хүүхэд оруулах гэж байгаа хүмүүсийн чинь хахуульд өгөх мөнгө бэлэн нь үнэн үү найдвартай гэвэл 2018 оны 8 дугаар сарын 10-ны орчим тухайн сургуульд тэр хүүхдийг суралцах зөвшөөрөл батламж нь гарна. Харин мөнгийг нь чи найз руугаа яг одоо шилжүүлээдэх гээд байхаар нь би Гантулгаас 17.290.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо ажлын байран дээрээ аваад 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөгийг 6 дугаар сарын 29-ний өдөр 12.290.000 төгрөгийг Гын хий гэсэн Хаан банкны данс руу нь хийсэн. ...Би ... шилжүүлсэн нийт 17.290.000 төгрөгийг Гын хий гэсэн данс руу шилжүүлсэн. Үүнээс Г нь над руу чи бас хүн олж өгсөн юм чинь гэж хэлээд надад 500.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх-н 35-36/,

хохирогч Т.Цмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 7 дугаар сард хамт ажилладаг ... гэдэг эмэгтэйгээс “Батлан хамгаалах сургуульд таньдаг хүн байна уу дүүгээ бүртгүүлэх гэсэн чинь материал нь дутаад байна, зөвлөгөө авах гэсэн юм” гэж ярихад ... “чи Гаас асуу, Г мэдэж магадгүй” гэж хэлсэн тул би Гы ... дугаарт залгаж "Батлан хамгаалах их сургуульд дүүгээ оруулах гэсэн юм. Чамд таньдаг хун байна уу ... чамайг мэдэж магадгүй гэсэн юм" гэж ярьсан гэтэл Г “за би судалъя" гэж хэлсэн.Ингээд хэсэг хугацааны дараа буюу 8 дугаар сард над руу яриад "манай нэг найз байдаг юм.Тэр хүүхэд сургуульд оруулж өгч чадна гэж байна. Урьдчилгаа 300.000 төгрөг хэрэггүй байна гэнэ” гэхэд нь би хөдөө байсан тул Гы данс руу өөрийн эгч .... хэлж 300.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь Г залгаад "сургуульд оруулж болно гэж байна. 3,000,000 төгрөг өгөх юм байна” гэж хэлсэн. Ингээд тухайн үед эгч ... боломжоор нь Гы данс руу 3.000.000 төгрөгийг хуваалгаж буюу 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг, 12-ны өдөр 500.000 төгрөг, 14-ний өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг Г тухай бүрд нь Гын данс руу шилжүүлсэн гэсэн. Уг мөнгийг Г залгаад "нөгөө хүн нь мөнгөө асуугаад байна” гэх болгонд нь боломжтой байдлаараа шилжүүлж байсан. Ингээд 1.000.000 төгрөг дутуу байсан ба 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 91100307 дугаараас Г залгаад "үлдэгдэл 1.000.000 төгрөгөө одоо шилжүүл” гэж хэлээд Төрийн банкны .... дугаартай Гантуяа гэх хүний данс өгсөн бөгөөд энэ данс руу шилжүүл гэсэн. Ингээд уг мөнгийг ... эгчид хэлж дахин шилжүүлсэн. Гэтэл Г сураггүй болсон бөгөөд би 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Г руу залгаж юу болсон бэ, хичээл нь эхэлчихсэн байна гэж хэлсэн. Г за би асууя гэж хэлж байсан ба Г нь эргэж залгаад 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэхэд сургуулиас нь дуудах байх гэж хэлсэн ба ингээд 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл сургуулиас нь дуудахыг хүлээсэн боловч дуудаагүй тул Г, Г нар руу залгаж болохгүй бол мөнгөө авъя гэж хэлэхэд хоёулаа за тэгье, өгнөө гэж хэлсэн...Г гэх хүн эсхүл, Г, Г нар бүлэглэж намайг залилан мэхэллээ. Г хэлэхдээ би Гыг ийм найдваргүй хүн гэж бодоогүй гэж хэлээд байгаа..." гэсэн мэдүүлэг /1хх-н 34-35/,

хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 6 дугаар сард дүүгээ хандив өгч сургуульд оруулахаар зүс таних Г гэх зүс таних Г гэх залуу руу залгаж “дүүгээ Монгол Тэмүүлэл сургуульд оруулах гэсэн юм. Таньдаг хүн байна уу? гэж асуусан. Гэтэл Г "асууж сураглая” гэж хэлсэн. Маргааш эсхүл нөгөөдөр нь Г буцаж залгаад “хүн олчихлоо, 9000 ам.доллар гэж байна” гэж хэлсэн. Ингээд Гд “арай үнэтэй байна, жаахан хямдруулж барьж болдоггүй юм уу?" гэж асуусан. Гэтэл Г дахиж залгаад ярихдаа "7000 ам.доллар гэж байна миний яриулаад байгаа ах болохоор Боловсролын яамны хамгийн том хүн, найдвартай Монгол тэмүүлэл сургуулийн захирал Төмөрчөдөрийг тэр сургуулийн захирал болгосон хүн нь шүү дээ найдвартай” гэх мэтээр хэлж байсан... ...Г утсаар залгаад “одоо мөнгөө өгөх хэрэгтэй байна” гэж хэлэхэд нь би "одоо бэлэн байхгүй шүү дээ, бэлэн 5 сая л байна. Маргааш нэг мөсөн бүрэн болгочихно" гэж хэлсэн. ...Гы данс руу 5.000.000 төгрөгөө шилжүүлсэн. Маргааш нь буюу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдэл болох 17.290.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гадна очиж бэлнээр өгсөн. Энэ үедээ Гаар мөнгө авсан тухай бичиг хийлгэж авсан. Тухайн үед Г 08 дугаар сарын 25-ны өдөр гэхэд бүх асуудал цэгцэрчихнэ гэж хэлж байсан. ...Ингээд Гтай утсаар ярихад дуудлага авахгүй, янз бүрийн шалтаг хэлээд байсан. Би Г худлаа яриад байна гэдгийг мэдээд “за хүүхэд сургуульд өгөх худлаа боллоо, мөнгөө авъя” гэхэд Г “тэг, мөнгөө ав” гэж хэлж байсан боловч яг мөнгөө авъя гэхэд “за 9 дүгээр сарын 05-ны өдөр болтол түр хүлээж бай, нөгөө хүнд чинь 9 дүгээр сарын 05-ны өдөр мөнгө орж ирнэ, тэгэхээр өгье гэж байна” гэж хэлсэн. Ингээд би Гы ажил дээр очиж уулзаад унаж байгаа машиныг нь мөнгөө өгөхөөрөө аваарай, мөнгөө өгөхөөр чинь түлхүүрийг чинь өгнө гэж хэлээд түлхүүрийг нь аваад машиныг нь мөнгөнийхөө барьцаанд аваад явсан. ...Дансаар 5.000.000 төгрөг, бэлнээр 12.290.000 төгрөг, нийт 17.290.000 төгрөг өгсөн. Намайг Гы машиныг барьцаанд авснаас хойш хэд хоногийн дараа Гы эгч гэх хүн залгаад миний машин яагаад чамд байгаа юм бэ, юу болж байна вэ, хоёулаа уулзъя гэж хэлсэн боловч намайг уулзъя гэхэд уг хүн би Гаас юу болсныг эхлээд сайн асууя, дансных нь хуулгыг нь авах гээд явж байна, эргээд ярья гэсэн. Дараа нь дахин залгаад чамаас 5.000.000 төгрөг орж ирсэн юм байна. Дараа нь чамаас авсан бэлэн мөнгөө дансандаа хийсэн юм байна. Тэр мөнгөө цааш нь Бороо руу 11.000.000 орчим төгрөг шилжүүлээд үлдэгдэл мөнгөө энэ дурак идчихсэн юм байна гэсэн утгатай зүйл хэлж байсан. Надад мөнгөний тоо тодорхой хэлээгүй ба одоо санаж байгаагаар дээрх байдлаар хэлсэн санагдаж байна. Ийм учраас .... нь дээрх мөнгөнөөс хувьдаа ашигласан тухай төрсөн эгч нь нотолж байгаа учраас Г бусадтай бүлэглэн намайг залилсан гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг /1хх-н 29-30/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.Г нь Т.Гтай бүлэглэн хохирогч Т.Г“Танай дүүг Батлан Хамгаалах Их сургуульд найдвартай оруулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гадна талд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 17.290.000 төгрөгийг,

Мөн хохирогч Т.Ц“Танай дүүг Батлан Хамгаалах Их сургуульд найдвартай оруулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний хүртэлх хугацаанд нийт 3.300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс тус тус шилжүүлэн авч залилсан,

Т.Г нь Б.Гтой бүлэглэн хохирогч Т.Г“Танай дүүг Монгол тэмүүлэл сургуульд баталгаатай оруулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний хөрөнгө оруулалтын банкны гадна талд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр нийт 17.290.000 төгрөгийг,

   Мөн хохирогч Т.Ц“Танай дүүг Батлан Хамгаалах Их сургуульд найдвартай оруулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, улмаар 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний хүртэлх хугацаанд нийт 3.300.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс тус тус шилжүүлэн авч залилсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Т.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч түүний хохирогч Т.Ц, С.Г нарыг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.

Гэтэл шүүгдэгч Т.Гыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Иймд шүүгдэгч Т.Гд холбогдох хэргийг холбогдох хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин Б.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Г, Т.Г нарын үйлдлийн улмаас хохирогч Т.Цд 3.300.000 төгрөг, хохирогч С.Гд 17.290.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Т.Цнь “хохирлоо барагдуулсан тул ямар нэг санал гомдол байхгүй” гэдгээ бичгээр илэрхийлсэн байна.

Хохирогч С.Г нь 5.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилнэ гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 1хх-ийн 140 дүгээр талд авагдсан автомашин худалдах худалдан авах гэрээгээр 17.290.000 төгрөг буюу өөрийн бусдад залилуулсан гэх хохиролд шүүгдэгч Т.Гы эгч Т.Гэрэл гэх хүнээс тоёота приус 30 маркийн машиныг хохиролд тооцож худалдан авсан байна.

Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Г, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг журамлан Т.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

6.Шүүгдэгч Б.Г, Т.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР