| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0228/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/226 |
| Огноо | 2020-07-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/226
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-д холбогдох эрүүгийн 2021003280240 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны 05 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ....дугаар баг Ялалтын ....тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 19... оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 6 жилийн хорих ялаар,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлд зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, О /РД: ЖЬ ........./.
Шүүгдэгч О нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулж буй “Хими цэвэрлэгээ”-ний гадна 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд иргэн Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн ажиллуулдаг хими цэвэрлэгээний газарт ирээд байж байтал манай хими цэвэрлэгээний байшин руу О гэх залуу шээгээд зогсож байхаар нь боль гэсэн шаардлага тавихад “Чи ямар сүртэй юм бэ, ганц удаа шээж байхад чинь” гээд хэрэлдээд байхаар нь согтуу хүнтэй юу ярих вэ гээд ажил руугаа орсон. Тэгээд жоохон байж байгаад машинаасаа юм авах гээд гартал хажуу талаас О гүйж ирээд миний шанаа руу цохисон. Тэгэхээр нь би О цохих гэтэл бултчихсан. Тэгтэл цаанаас манай хажуу талд гагнуур ажиллуулдаг Д гэх залуу гүйж ирээд бид хоёрын дундуур орохоор нь би ажил руугаа гүйж ороод арматурын төмөр барьж гарч ирээд цохих гэсэн боловч оноогүй. Тэгэхээр нь би барьж байсан төмрөө газар хаяхад О миний газар хаясан төмрийг авч миний зүүн гарын шуу руу нэг удаа цохисон. Ингээд эхнэр цагдаад дуудлага өгч бид хоёрын дундуур орж салгаж байх үед цагдаа ирсэн...” гэжээ. /хх-ийн 10-13/
Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...О манай гагнуурын барилгатай залгаа хими цэвэрлэгээний баруун талын хана руу шээж байхад нь түрээслэгч болох Г гэх залуу машинтай хүрч ирээд О харангуутаа “Яагаад наанаа шээж байгаа юм, болиоч” гэж шаардлага тавьчихаад цаашаа ажил руугаа ороод эргэж машинаасаа юм авч байхад нь О гүйж очоод Г шанаа руу нь гараараа цохичихсон. Тэгэхээр нь Г байр руугаа гүйж ороод арматурын төмөр авч ирээд О цохих гэхээр нь би Г тэвэрч аваад болиулахад төмрөө газар хаясан. Гэтэл О, Г зүүн гарын шуу руу нь Г газар хаясан төмрийг аваад цохичихсон...” гэжээ. /хх-ийн 16-17/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ..... тоот дүгнэлтэд:
1. Г биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. /хх-ийн 19-20/
О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...хими цэвэрлэгээний хана руу шээж байсан чинь Г машинтай ирээд “Яагаад наанаа шээж байгаа юм” гээд машинаа гадаа тавиад байр руугаа орсон. ...гэртээ харих гээд зогсож байсан чинь цаанаас Г гартаа төмөр барьчихсан гарч ирээд намайг цохих гэхээр нь би төмрийг нь бариад авсан. Г араас нь тэврээд авахаар нь би барьж явсан төмрийг нь булааж аваад Г зүүн гар руу нь цохисон юм...” гэжээ. /хх-ийн 24-26/
Г гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13/
О гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/
О иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 27/
Оршин суугаа хаягийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 28/
О эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар /хх-ийн 29/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч О-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч О нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах Хими цэвэрлэгээний газрын гадна хохирогч Г зүүн гарын шуу руу нь арматурын төмрөөр цохиж түүний биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г “...би барьж байсан төмрөө газар хаяхад О хаясан төмрийг авч миний зүүн гарын шуу руу нэг удаа цохисон...” гэх, гэрч Д “...Г байр руугаа гүйж ороод арматурын төмөр авч ирээд О цохих гэхээр нь би Г тэвэрч аваад болиулахад төмрөө газар хаясан. Гэтэл О газар хаясан төмрийг аваад Г зүүн гарын шуу руу нь цохичихсон...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ….. тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч С.Одсүрэн нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалж үзвэл шүүгдэгч О үйлдлийн улмаас хохирогч Г-н биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн .... тоот “Г-н биед зүүн гарын богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч О-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О-д хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт 2,000,000 төгрөг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хариуцлагын зорилго зорилтод нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч О үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г нь “...Надад гомдол санал хүсэлт байхгүй. О хохирлын талаар ямар нэг маргаангүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 53 см урттай арматур төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г-д 2,000,000 төгрөг төлсөн, хохирогч Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 53 см урттай арматур төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г-д 2,000,000 /хоёр сая/ төгрөг төлсөн, хохирогч Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЖЬ .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА