Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2019/ДШМ/34

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 06 өдөр                          

  2019/ДШМ/34                                               Зуунмод

Э.Э, Б.Г, О.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч Б.Г ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, Ж.Ариунаа, Ш.Пүрэвсүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа  даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолтой өсвөр насны шүүгдэгч Э.Э , шүүгдэгч Б.Г , О.Г нарт холбогдох 1834007790428 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Ж.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Төмөр овогт Э.Э, 2001 оны 05 сарын 26-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамтаар Архангай аймгийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,

Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 95 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:А...16/.

Б.Г, 1998 оны 07 сарын 23-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө Төв аймгийн Эрдэнэсант суманд туслах малчин хийдэг байсан, ам бүл 6, аав, ээж, ах, эгч нарын хамтаар Архангай аймгийн .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:АИ....315/.

О.Г, 1999 оны 05 сарын 23-ны өдөр, Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгааны монтер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, хоёр дүү нарын хамтаар Архангай аймгийн ...оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:А0.../.

  Өсвөр насны шүүгдэгч Э.Э  нь 2018 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багийн нутаг “Бадын гол” гэх газар нутаглаж байсан иргэн Б.Гантөмөрийн гэрийн гаднаас түүний өмчлөлийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлж, бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өсвөр насны шүүгдэгч Э.Э , шүүгдэгч О.Г , Б.Г  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Цээл сумын нутаг “Ширээ” гэх газраас иргэн Л.Баасанжаргалын өмчлөлийн хар халзан, хүрэн зүсмийн 2 толгой гүүг, иргэн А.Нармандахын өмчлөлийн Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклийг хэрэглэн хулгайлж, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт” зах руу тоёота приус-20 маркийн 72-06 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, зарж борлуулж, бусдад 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.Э, Б.Г, О.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, өсвөр насны шүүгдэгч Э.Эрдэнэтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор: 

           Өсвөр насны шүүгдэгч Төмөр овогт Э.Э  , шүүгдэгч О.Г, Б.Г нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг, өсвөр насны шүүгдэгч Э.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

          Өсвөр насны шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

           Шүүгдэгч О.Г-г Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ял дээр Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 95 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

          - шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хорих ял дээр Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тооцож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э д оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

          Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч О.Г-д үүрэг болгож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ид оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э д оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э , шүүгдэгч Б.Г , О.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Жи Би Си Си” ББСБ-ын эзэмшлийн 13.000.000 төгрөгийн үнэлгээтэй Тоёота Приус-20 маркийн 72-06 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг, А.Нармандахын эзэмшлийн 500.000 төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн мотоциклийн битүүмжлэлийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Тоёота Приус-20 маркийн 72-06 УБО улсын дугаартай машины үнэ болох 13.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн өсвөр насны шүүгдэгч Э.Э ас 4.334.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Г оос 4.334.000 төгрөгийг, шүүгдэгч О.Г ос 4.334.000 төгрөгийг, улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгөтэй мотоциклийн үнэ болох 500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн өсвөр насны шүүгдэгч Э.Э ас 166.667 төгрөгийг, шүүгдэгч Б.Г оос 166.667 төгрөгийг, шүүгдэгч О.Г ос 166.667 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого тус тус болгож шийдвэрлэжээ.

           Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 10-ны өдрийн 316 дугаартай “шүүхийн шийдвэр залруулах” тухай шүүгчийн захирамжаар:

           Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн "4. ...нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй" гэснийг "...нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй" гэж,

                 "5. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э д оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ял дээр Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 95 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар..." гэснийг "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Архангай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 95 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар..." гэж,

                 “6. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э д оногдуулсан 3 /гурав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй..." гэснийг "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

                 "8. ...мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э д оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай..." гэснийг "...мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай..." гэж зөвтгөж залруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолын залруулгыг оролцогч нарт хүргүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа нар давж заалдах гомдолдоо:  “Төв аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Нэг. Б.Г ийн гэм бурууг шалгаж тогтоогоогүй. Уг хэрэгт Б.Г ийн оролцоо байсан эсэхийг нарийн шалгаж тогтоогоогүй, согтуу байсан гэдгээр нь хулгайн хэрэг хийсэн гэж хамаатуулж үзсэн, Б.Г ийг хэрэг хүлээлгэхийн тулд зодож дарамталсан нөхцөл байдлууд байна. Гэтэл шүүхээс энэхүү шүүхийн шинэчилсэн мэдүүлгийг анхаарч үзсэнгүй. Зодож дарамталж хэрэг хүлээлгэсэн эсэхийг шалгаагүй.

Хэрэг болсны дараа Э.Э  нь Б.Г ийг Архангай хамт явья гэж дуудаж, Атар дээр хүрээд ир гэсэн байдаг. Атар дээр хүрч очиход н.Анхбаяр гэдэг цагдаагийн ажилтан тэр гурвыг, та 3 гурвуулаа хулгай хийсэн, хэргээ хүлээгээч гэж зодож, цахилгаан бороохойгоор бороохойдсон байдаг. Тэр шөнөдөө Б.Г  Э.Э, О.Г нарыг машинд хамт хонуулсан бөгөөд тэр үед Э. Эрдэнэтулга нь Б. Гончигдоржийг хамт хэрэг хүлээе, чи угаасаа урд нь манай аавынхаас ноолуур авч байсан биз дээ, одоо энэ хулгайн хэргийг хамт хүлээнэ гэж шахаанд оруулж дарамталж, мэдүүлгээ ингэж өгнө гэж үг зааж өгсөн байдаг. Б.Г оос авсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрчийн мэдүүлгийн сүүлийн хуудсанд "Зодож дарамталж хэрэг хүлээлгэж мэдүүлэг авсан асуудал байхгүй болно" гэж хэн нэгний гараар бичсэн байна. Энэ өгүүлбэрийг Б.Г  бичээгүй ба Б.Г  нь бичиг үсэг мэдэхгүй, ийм өгүүлбэр бичих байтугай зөвхөн өөрийн нэрийг бичиж чаддаг байхад энэ байдлыг нь далимдуулан мөрдөн байцаагч өөрийн дарамталж хэрэг хүлээлгэсэн явдлаа цайруулсан маягтай ийм зүйлийг бичсэн байна.

Нөгөөтэйгүүр Б.Г  нь бичиг үсэг мэдэхгүй гэдгээ хэлсээр байхад, бичиг үсэг мэднэ гэж мэдүүлэгт бичиж, уншиж ойлгохгүй мэдүүлэгт "Үнэн зөв бичигдсэн байна", "Мэдүүлэг өгсөн" гэж хүчээр гарын үсэг зуруулсан байна. Шүүхийн шатанд ч Э.Э  О.Г 2 "мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй" гэдэг бөгөөд хохирлыг төлж барагдуулсан байдаг. Харин Б.Г согтсон байснаа мэдүүлж, хэргээ хүлээ гэсэн тал талын дарамт шахалтанд орсноо хэлсэн боловч шүүх анхаарж үзсэнгүй. Хэрэг хүлээлгэхийн тулд зоддог, дарамталдаг, эрүү шүүлт тулгасан ийм нөхцөл байдлыг шүүх анхаарч үзсэнгүй. Гэм буруу нь хөдлөшгүй баримтаар тогтоогдоогүй байхад, хэрэг хийсэн этгээдүүдийн үгээр, дарамт шүүлтийн дор авсан мэдүүлгээр Б.Г ийг гэм буруутай гэж дүгнэж, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Хоёр. Эргэлзээтэй үйл баримтыг нягталж шалгаагүй байна. Хэргийн газрын үзлэг, хохирогчийн мэдүүлэгт хэрэг явдал болсон газар машины мөр, мотоциклийн 2 тээврийн хэрэгслийн мөр байсан гэж тогтоосон хэрнээ, ямар хэний машины мөр байсныг шалгалгүй, хэргийн газрын үзлэгийг дутуу хайнга хийсэн. Хэрэгт холбогдогч 3 хүүхэд 3-лаа Нармандахын гэрт Б.Г той хамт байсан хүүхдийг О.Г машинаараа сум хүргэж өгсөн тухай хэлдэг. Гэтэл хулгай хийхийн тулд хүүхдийг явуулах хэн нэгний санаа байсан уу, хүүхдийг хамт байхад хэн нь архи уусан, согтуу байсан эсэх, О.Г үнэхээр хүргэж өгсөн эсэх, түүнчлэн Б.Г  согтоод унтсан эсэх зэрэг хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлгийн өгөх гэрч юм. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй.

Гурав. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг судлаагүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхийг хуульчилсан. Б.Г  ажил хөдөлмөр эрхэлдэг, итгэл даасан тул дахин ажиллуулсан, ажил хөдөлмөр эрхэлж, цалин мөнгөөрөө амьдардаг бөгөөд хулгай хийж, өөрийнхөө байдлыг дордуулах шаардлагагүй байсныг харуулж байна. Шүүхээс Б.Г ийн хувийн байдлыг шалгаагүй бөгөөд хэргийн 2 хавтаст Б.Г ийн хувийн байдлыг шалгасан материал байдаггүй, зөвхөн өмнө нь ял шийтгэлтэй байсан гэсэн баримт л байна. Гэтэл Б.Г  нь зан чанарын хувьд зөөлөн, ажил хийж амьдрахыг илүүд үздэг хүүхэд. Энэ талаар хувийн байдлыг нь тодорхойлж аав ээж, ах дүү, ойр дотны хүмүүсээс нь тодорхойлолт аваагүй бөгөөд энэ хүүхдийг өмгөөлсөн хамгаалсан нэг ч баримт байхгүй байна.

Дөрөв. Б.Г ийн эрх зүйн байдлыг дордуулсан тухай. Хэд хэдэн холбогдогчид холбогдох хэрэгт нэг өмгөөлөгч ажиллах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан бөгөөд Б.Г ийн эрх зүйн байдалд зөрчилтэй ажиллагаа болжээ. Б.Г  өөрөө Энхтуяа өмгөөлөгч бид гурвыг өмгөөлсөн гэж итгэсэн. Гэвч өмгөөлөгчийн зүгээс Б.Г ийг цагаатгах талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, харин ч гэмт хэрэг хийсэн хүнийг өмгөөлж байгаа юм шиг харагдаж байна. Өмгөөлөгчийн хувьд. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэнгүй. Мөн шүүхийн шийтгэл тогтоолд "Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Г. Мягмарсүрэнгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна " гэж уг хэрэгт ямар хамааралтай нь мэдэгдэхгүй Г. Мягмарсүрэнгийн үйлдлийн талаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна /ШТ 9х, 2 дахь мөр/. Дээрх нөхцөл байдлуудыг тодорхой болгон, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Б.Г  нь бүлэглэж бусдын 2 тооны адууг хулгайлсан нь нотлогддог. Цагдан хорионы хурал дээр дарамталж мэдүүлэг өгсөн асуудал яриагүй. Цагдан хорих байранд очиж уулзаж байхад энэ талаар яагаад яриагүй юм бэ. Бичиг үсэг мэдэхгүй гэж яриад байна. Хэрэг шүүхэд ирэх хүртэл 3-н шүүгдэгчийн мэдүүлэг тогтвортой байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.Г ийн мэдүүлэг өөрчлөгддөг. Шийтгэх тогтоол Мягмарсүрэн гэж үг, үсгийн алдаа гаргасан. Үүнийг ноцтой зөрчил гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан тайлбартаа: Э.Э тай байгуулсан гэрээний дагуу түүний өмгөөлж байгаа. Б.Г , О.Г нар өмгөөлөгчийн асуудлаа шийдээгүй байсан. Анхан шатны шүүх хурал дээр ял, хариуцлагыг хөнгөрүүлэх талаас нь өмгөөллөө явуулсан. Өмнө нь 3 жилийн хорих ял шийтгүүлсэн байна. Одоо шүүхээс 8 сар хорих ял өгсөн гэдгийг би хэлж байсан. Ер нь энэ 3 хамт явсан. 2 адууг авсан. Тэгээд баригдсан. Ийм л үйл явдал болсон. Тухайн үед тасраад унасан байсан гэдгийг Гончигдорж ганцаараа л ярьдаг. Өөр хүн нотолдоггүй. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаад 8 сар хорих ял оногдуулсан. Ял боломжийн байнаа л гэж үзсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч/Б.Г /-ийн өмгөөлөгч Ж.Ариунаа гаргасан тайлбартаа: Уг хэрэгт Гончигдоржийн оролцоог шалгаагүй. Шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нь шалгаагүй. Эрдэнэтулга нь Гончигдорж, Гомбо нарыг дарамт шахалтанд оруулсан нөхцөл байдал байдаг. Гончигдорж нь гарын үсгээ зурах төдий л хэмжээний бичиг, үсэг мэддэг. Анхан шатны шүүх хуралд дээр Гончигдорж ганцаараа мэдүүлэг өгч, энэ хэргийг хэргийг хийгээгүй талаар мэдүүлснийг шүүх анхаарч үзсэнгүй. Мөрдөн байцаалтын үед дарамталсан, эрүү шүүлт тулгасан байдаг. Хэргийг хангалтгүй, дутуу шалгасан байдаг. Энэ 3 хүнийг нэг өмгөөлөгч өмгөөлсөн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдаг. Энэ хүүхэд сэтгэл санааны дарамттай болсон. Мөрдөн байцаалтад буцааж хэргийг дахин нягталж шалгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч/Б.Г /-ийн өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн гаргасан тайлбартаа: Эрүү шүүлт тулгасан гэдэг зүйлийг прокурор яагаад шалгаагүй юм бэ. Гончигдорж нь Б.Энхтуяа өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй. Шийтгэх тогтоолд Г.Мягмарсүрэн гэдэг хүний үйлдлийн талаар шүүх дүгнэсэн байдаг. Үүнийг улсын яллагч техникийн алдаа гэж байна. Яагаад энэ хүн шийтгэх тогтоолд орж ирсэн юм бэ. Мотоциклийн үнийг яагаад манай үйлчлүүлэгч хувааж төлөөд байгаан бэ. 2 адууны махыг зараад энэ хүүхэд ямар ашиг олсон юм бэ. Эдгээрт шүүх дүгнэлт хийхгүй байгаа. Гончигдоржийн хувийн байдлыг тодруулаагүй байна. 3 адуу хулгайлсан гээд анх явж байснаа сүүлдээ 2 адуу болж зөвтгөгдөн зүйлчлэгдсэн. Процесс ажиллагаа дутуу явагдсан байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г , Э.Э , О.Г нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Г  болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

Шүүгдэгч Б.Г  нь өмгөөлөгч Н.Баяртай өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна./2-р хавтасны 007-р хуудас/ Анхан шатны шүүх хуралдаан дээр өсвөр насны шүүгдэгч Э.Э  нь шүүгдэгч Б.Г той хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой мэдүүлэг өгсөн байна. Гэтэл шүүгдэгч Б.Г ийн өмгөөлөгч Н.Баяр нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй байхад нь сонгож аваагүй, хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяаг анхан шатны шүүх хуралдаанд Б.Г ийн өмгөөлөгчөөр оролцуулжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйл, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг болон Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “хууль зүйн туслалцаа авах” Б.Г ийн үндсэн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Шүүгдэгч Б.Г  бичиг, үсэг мэдэхгүй талаар түүний өмгөөлөгч, шүүгдэгч өөрөө мэдүүлж байх ба шүүгдэгчийн боловсролын талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөл байдлыг нь тодруулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Г ийн хувийн бичиг баримтыг шалгаж, боловсролтой холбоотой нэмэлт мэдээллийг авч хэрэгт хавсаргах зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг мөрдөн байцаалтаар зайлшгүй хийх шаардлагатай байна. 

Давж заалдах гомдолд дурдсан “Б.Г ийг хэрэг хүлээлгэхийн тулд зодож дарамталсан нөхцөл байдлууд байна.” гэснийг шалгаж тодруулах нь зүйтэй байна гэж үзлээ. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх зарчим хангагдсан эсэхийг шалгаж тодруулах нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд ач холбогдолтой болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байх тул анхан шатны шүүх хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э д үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэхдээ нийт эдлэх хорих ялын хэмжээг буруу тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэхдээ нийт эдлэх хорих ялын хэмжээг буруу тогтоосон нь техникийн шинжтэй алдаа биш байхад өөрийн санаачилгаар 2019 оны 4 сарын 10-ны өдрийн 316 дугаартай шүүгчийн захирамжаар 2019 оны 3 сарын 04-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолыг залруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд шүүхийн шийдвэрийг залруулах хугацааг тодорхой заагаагүй боловч “даруй хянан хэлэлцэж, шийдвэрийг залруулна.” гэснийг боломжит богино хугацаанд хэлэлцэнэ гэж ойлгогдохоор хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх нь шийтгэх тогтоол гарснаас хойш 1 сар 6 хоногийн дараа буюу давж заалдах гомдол гарснаас хойш 9 хоногийн дараа шийтгэх тогтоолыг залруулсан байна.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.                                                                                                                                

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 04-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Б.Г, О.Г , өсвөр насны шүүгдэгч Э.Э нарт холбогдох эрүүгийн 1834007790428 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Г , өсвөр насны шүүгдэгч Э.Э  нарт авсан цагдан хорих, шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Шүүгдэгч Б.Г  болон түүний өмгөөлөгч Ж.Ариунаагийн гаргасан давж гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                     

                                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ