Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 108

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

      Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Улсын яллагч Д.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч Г.Энхбаяр нарыг оролцуулан, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Ганбаатарын Энхбаярт холбогдох эрүүгийн 201611000308 дугаартай хэргийг 2016 оны 9 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 2 сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд  төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдах үед "Алтай" группэд туслах ажилтнаар ажиллаж  байсан, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 16-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж,  2016 оны 6 сарын 08-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, регистрийн дугаар ЛМ90021333, Хатгин овогт Ганбаатарын Энхбаяр.

Шүүгдэгч  Г.Энхбаяр нь  ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 07 сарын 11-ний өдөр 14 цагийн үед Дорнд аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 3-21 тоотоос иргэн Э.Энхтуулын эзэмшлийн "Самсунг галакси Эс-6 эджи" маркийн гар  утсыг  хулгайлж,  бусдад   1100000  төгрөгийн  хохирол  учруулсан  гэмт  хэрэгт

2016.10.12 ¹108

Хөтлөх хэрэгт 5-128 Б.Энхбаатар                                                                                                           D/disk Шийтгэх тогтоол 2016           

холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Э.Энхтуул мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 7 сарын 11-ний өдөр 13 цагийн орчим би өөрийн төрсөн ээж болох Энхжаргалын Зангиатын 3-21 тоот хашаанд гэрт нь хоёр хүүхэдтэйгээ цуг очсон юм. Би баярын өдөр байсан болохоор ээжтэйгээ юм ярьж зурагт харж байгаад нэг мэдэхэд том өрөөний орон дээр охинтойгоо цуг зүйрмэглээд унтчихсан байсан. Унтахаасаа өмнө би өөрийн Самсунг галакси эс 6 маркийн гар утсаа өөрийнхөө хажууд орон дээр тавиад цэнэг лээд орхисон байсан. 40 орчим минутын дараа манай төрсөн дүү Нарантуул гаднаас орж ирж сэрээсэн. Тэгээд надаас яагаад таны гар утас чинь холбогдохгүй байгаа юм бэ гэж асуусан Тэгэхээр нь би "Утас маань зүгээр л байх ёстой доо" гээд дэрэн дороо утсаа үзэж хайтал утас маань олдохгүй байсан. ...Ээжээс "Гэрт хүн байсан юм уу утас маань алга байна гэж хэлтэл ...ээж надад Наранболдын найз Энхүүлээ орж ирсэн" гэж хариулсан. ...Тэгэхээр нь ...Энхбаярыг хайж олсон. Энхбаяр утсыг маань авснаа хүлээж Зангиатын гудамжинд байрлах "Ану" гэх дэлгүүрт 42000 төгрөгөнд зарсан байсан. Хохирол төлсөн тул саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн18-19/

Эд хөрөнгөд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 11/, Хэрлэн сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14, 21/, хохирогч Э.Энхтуулын мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч Д.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Г.Янжмаагийн мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч Г.Уранхайчийн мэдүүлэг /хх-ийн 28/, шүүгдэгч Г.Энхбаярын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35, 39-40, 42/, Хэрлэн сумын 4 дүгээр багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 44/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-54/, Г.Энхбаярын зан байдлын тодорхойлолт /хх-ийн 58/, хохирогч Э.Энхтуулд хавтаст хэргийн материалтай танилцуулсан баримт /хх-ийн 59/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч  Г.Энхбаяр нь  ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 07 сарын 11-ний өдрийн 14 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 3-21 тоотоос хохирогч Э.Энхтуулын эзэмшлийн "Самсунг галакси Эс-6 эджи" маркийн гар утсыг хулгайлж, бага бус хэмжээний буюу 1100000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч Э.Энхтуул,  гэрч Б.Болорцэцэг, Л.Энхжаргал нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ  зэрэг хуульд заасан үндэслэл  журмын  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  олж  авсан хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Энхбаярт холбогдох хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Энхбаяр нь бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 42000 төгрөг өгсөн/, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн Г.Энхбаярын ЛМ90021333 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино. Шүүхээс шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний Г.Энхбаярын эзэмшлээс саарал өнгийн 21 инчийн "SONY" маркийн телевизорыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 02-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хатгин овогт Ганбаатарын Энхбаярыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ганбаатарын Энхбаярыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Г.Энхбаярт оногдуулсан 6 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Ялтан Г.Энхбаяр нь 2016 оны 10 сарын 10-ны өдрөөс 2016 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл нийт 3 хоног цагдан хоригдсон хугацааг нь түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд ялтан нь бусдад төлөх төлбөргүй, /хохирогчид 42000 төгрөг төлсөн/ хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Г.Энхбаярын эзэмшлээс саарал өнгийн 21 инчийн "SONY" маркийн телевизорыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 02-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Г.Энхбаярын ЛМ90021333 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн  299  дүгээр зүйлийн 299.3-т зааснаар   энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Энхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг  2016 оны 10 сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас  хойш 14  хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ЭНХБААТАР