Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2077

 

Б.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01523 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрийн, хариуцагч Д.Энхцэцэгт холбогдуулан гаргасан 57 297 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрээс түрээсийн гэрээний үүрэгт 27 780 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхүрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 9 сараас Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол Ард Аюушийн өргөн чөлөө, 26б тоотод байрлах 336 м.кв 2 давхар үйлчилгээний зориулалттай талбайг Д.Энхцэцэгтэй харилцан тохиролцож, 1 сарын 11 500 000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулан ажиллуулж эхэлсэн. Тухайн үед түрээсийн байранд ямар ч засвар хийгээгүй үйлчилгээ явуулах боломжгүй байсан тул 8 сард засвар үйлчилгээ хийж, БНХАУ-аас гал тогооны тоног төхөөрөмж болон зоогийн газар ажиллуулах бүхий л хэрэгцээт зүйлсийг худалдан авсан.

Түрээсийн гэрээг байгуулахдаа өөрийн найз М.Мөнхсайханы нэр дээр байгуулж, М.Мөнхсайхан 2 давхрын талбайд PC тоглоомын газрыг ажиллуулдаг байсан. 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс түрээсийн гэрээгээ шинэчлэн зөвхөн нэг давхрын зоогийн газрыг ажиллуулахаар болж, би өөрийнхөө нэр дээр гэрээ байгуулж, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай, сарын 5 500 000 төгрөг төлөхөөр тохирсон.

Гэтэл 2015 оны 9 capаас түрээсийн обьектийн зүүн талд залгаа байрлах барилгыг нураасны улмаас манай түрээсийн байшингийн хана нимгэн учраас их хүйтэн болсон, мөн зүүн талд дахин барилга баригдахаар болж, хашаа барьсан бa уг хашаа нь манай зоогийн газрын үүдийг халхалж, явган хүн явахад төвөгтэй байдал үүсэж эхэлсэн. Энэ байдлыг 2015 оны 10 сарын сүүлээр түрээслүүлэгч Д.Энхцэцэг болон түүний нөхөр Д.Наранбаярт удаа дараа хэлсэн. Ингээд 2015 оны 11 сарын сүүлээр зоогийн газрыг ажиллуулахаа больж гарахдаа агуулах сав байраа бэлдчихээд эд зүйл тоног төхөөрөмжөө авна гээд гарсан боловч 7 хоногийн дараа түрээслүүлэгчээс зоогийн газарт байгаа өөрийн хөрөнгөө авахаар очтол өгөөгүй бөгөөд миний тоног төхөөрөмж, бусад эд зүйлсийг түрээсийн байртай нь хамт бусдад өндөр үнээр түрээслэж ашиг олж байна.

Иймд 30 000 000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тоног төхөөрөмж, зоогийн газрын зориулалтаар ашиглах бусад нэр бүхий жагсаалтад заасан эд хөрөнгийг гаргуулахаар шаардлага гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа уг тоног төхөөрөмжүүд устаж алга болсон байх магадлалтай тул үнэ болох 30 000 000 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн.

Мөн 2013 оны 9 сараас түрээслэж эхлэхдээ хоосон үйлчилгээний талбайд иж бүрэн интерьер бүхий засвар үйлчилгээ хийж, сандал ширээ, буйдан, зурагт, хөргөгч гээд бүх зүйлийг шинээр авч тавьсан. Түрээсийн гэрээний 3.2-т зайлшгүй гарах жижиг урсгал засварыг болон өөрийн буруутай үйл ажиллагаанаас бий болсон гэмтлийг өөрийн зардлаар түрээслэгч засварлана гэж заасан тул өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн хөрөнгөөрөө тус үйлчилгээний зориулалттай талбайд 2013 оны 8 сараас 9 сарын хугацааны хооронд засвар хийсэн барилгын материалын үнэ 16 097 000 төгрөг, ажлын хөлсөнд төлсөн 11 200 000 төгрөг, нийт 57 297 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрийн үлдээсэн гэх тоног төхөөрөмжийн үнэлгээ нь 30 000 000 төгрөгөөр үнэлэгдэхгүй. Энэхүү үнэлгээг хэрхэн яаж гаргасан нь тодорхойгүй. Мөн жагсаалтын дагуу гал тогооны хэрэгслийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй бөгөөд бүрэн бүтэн, тоо ёсоор байгаа эсэх нь эргэлзээтэй. Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Мөнхдэлгэрийн эд хөрөнгийг түрээсийн гэрээний дагуу нийт 6 сарын төлбөрийг төлөх хүртэлх хугацаагаар саатуулан барьж байгаа. Байрны засварын мөнгө нэхэмжилж байна. 2013 оны 9 дүгээр сарын үед н.Мөнхсайхан түрээслэж байсан, засварын зардлыг засвар хийсэн этгээд шаардах эрхтэй. Зөвшөөрөлгүй хийсэн зардал биш байна. 11 сая төгрөгийн засварын зардал гарсан гэх боловч шинжээчийн дүгнэлт 3 сая төгрөг гэсэн. Ийм хэмжээний барилын материал авсан гэх боловч яг энэ барилгад зарцуулагдсан гэдэг нь тодорхойгүй байна.  Иймд Б.Мөнхдэлгэрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхүрэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Түрээслүүлэгчийн зүгээс түрээслэгч гэрээнд заасан төлбөрөө төлөхгүй 3 сарын хугацаа өнгөрсөн тул үргэлжлүүлэн алдагдал хүлээхгүйн тулд өөр этгээдэд түрээслэсэн. Учир нь нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 сар хүртэл гэрээнд заасан түрээсийн төлбөрөө бүрэн төлөөгүй, мөн 2015 оны 11, 12 сар, 2016 оны 01 сарын төлбөр төлөөгүй нь түрээслүүлэгчийн үйл ажиллагаанд ноцтой хохирол учруулж, нийт 54 280 000 төгрөгийн алдагдалд оруулаад байна. Түрээслүүлэгч түрээслэгчийг үүргээ биелүүлнэ гээд хүлээсэн боловч үүрэг гүйцэтгэгчийн зүгээс ямар нэг үр дүн гараагүй. Энэ хугацаанд түрээслүүлэгч хохирол амсаж, үргэлжлүүлэн алдагдал хүлээхгүйн тулд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 13 500 000 төгрөгөөр багасгаж, нийт 27 780 000 төгрөг гэж өөрчилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэр сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Би түрээсийн төлбөрийг хувааж төлдөг байсан. Гэхдээ өрийн үлдэгдэл байхгүй. Энэ нь гэрч Д.Наранбаярын мэдүүлэг, банкны дансны хуулгаар тогтоогдож байна. Мөн түрээсийн байрнаас гарах тухайгаа түрээслэгч талд урьдчилан мэдэгдэж, 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх 10 000 000 төгрөгийг “БОСА” ХХК-тай харилцан тохиролцож, Д.Наранбаярын данс руу шилжүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Д.Энхцэцэгээс Овен /том шарах шүүгээ 380В/ буюу 950 000 төгрөг, шарах шүүгээ /Печь/ буюу 460 000 төгрөг, Төмөр хөргөгч 4-н хаалгатай буюу 1 400 000 төгрөг, Буузны жигнүүр 6-н листтэй 380В буюу 260 000 төгрөг, Хуушуур шарагч тогоо 220В буюу 760 000 төгрөг, Төмс шарагч 2 теньтэй 2 савтай нь 120 000 төгрөг, Хоол халуун баригч 800 000 төгрөг, Будаа агшаагч 110 000 төгрөг, Талх шарагч буюу 220 000 төгрөг, Гар миксер буюу 20 000 төгрөг, Газан плитка 3-н ширэмтэй буюу 300 000 төгрөг, Газан плитка 6-н ширэмтэй буюу 520 000 төгрөг, Тавиуртай бэлтгэлийн төмөр ширээ буюу 120 000 төгрөг, Бэлтгэлийн төмөр ширээ буюу 140 000 төгрөг, Жижиг граммын хэл /шинэ/ буюу 60 000 төгрөг, Төмөр хатаагч /аяга тавагны/ буюу 60 000 төгрөг, Гурилын илдүүр буюу 4 000 төгрөг, Хуванцар түмпэн /том/ буюу 10 000 төгрөг, Никель тагтай сав буюу 200 000 төгрөг, Гурилын сав буюу 50 000 төгрөг, Төмөр түмпэн буюу 84 000 төгрөг, Цагаан тавиур буюу 12 000 төгрөг, Хогийн сав буюу 4 000 төгрөг, Шалны хувин буюу 3 000 төгрөг, Шүүр тосгуур буюу 4 000 төгрөг, Төмс нухагч буюу 4 000 төгрөг, Модон хусуур буюу 9 000 төгрөг, Порц халбага буюу 18 000 төгрөг, Шөлний халбага буюу 20 000 төгрөг, Заазуур буюу 60 000 төгрөг, Хутга буюу 8 000 төгрөг, Хутга /том/ буюу 16 000 төгрөг, Хайруулын тавга буюу 240 000 төгрөг, Грилл хайруул буюу 30 000 төгрөг, Ногоо арилгагч буюу 500 төгрөг, Төмөр хавчаар буюу 2 000 төгрөг, Амтлагчны сав буюу 18 000 төгрөг, Хуванцар түмпэн буюу 8 000 төгрөг, Будаа агшаагчны жижиг сав буюу 3 000 төгрөг, Ганбанз тавиур буюу 60 000 төгрөг, Шанага төмөр буюу 90 000 төгрөг, Шанага хуванцар буюу 2 000 төгрөг, Сандал жижиг буюу 15 000 төгрөг, Агааржуулалтын систем ком буюу 500 000 төгрөг, Касс машин буюу 260 000 төгрөг, Ус буцалгагч том буюу 54 000 төгрөг, Ундааны том хөргөгч 2 хаалгатай буюу 800 000 төгрөг, Хөлдөөгч буюу 300 000 төгрөг, Хувцасны шүүгээ буюу 110 000 төгрөг, Түргэн буцалгагч буюу 60 000 төгрөг, Сандал буюу 728 000 төгрөг, Ширээ буюу 420 000 төгрөг, Буйдан буюу 3 900 000 төгрөг, Урт буйдантай ширээ буюу 2 500 000 төгрөг, Халбага буюу 11 100 төгрөг, Сэрээ буюу 20 000 төгрөг, Цайны аяга буюу 10 000 төгрөг, Халуун сав буюу 32 000 төгрөг, Хутга буюу 80 000 төгрөг, Салатны тавга буюу 40 000 төгрөг, Том таваг буюу 138 000 төгрөг, Шөлний том аяга буюу 84 000 төгрөг, Шөлний жижиг аяга буюу 26 000 төгрөг, Савх буюу 24 000 төгрөг, Зурагт буюу 400 000 төгрөг, Сансар кабель 25 000 төгрөг, DVR буюу 40 000 төгрөг, Камер буюу 720 000 төгрөг, Хогийн сав /заал/ буюу 30 000 төгрөг, Уртасгагч залгуур буюу 30 000 төгрөг, Камерын дэлгэц буюу 60 000 төгрөг, Өлгүүр /мод/ буюу 40 000 төгрөг, Суултуур буюу 90 000 төгрөг, Босоо шээлтүүр буюу 60 000 төгрөг, Угаалтуур буюу 80 000 төгрөг, нийт 75 нэр төрлийн эд зүйл буюу 19 946 600 /Арван есөн сая есөн зуун дөчин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37 350 400 төгрөгт холбогдох хэсгийг, Д.Энхцэцэгийн 27 780 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 602 385 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхцэцэгээс 257 683 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрт олгож, хариуцагч Д.Энхцэцэгээс сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхүрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт дурдагдсан Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д заасан заалт нь гэрээ дуусгавар болох тухай заалт биш бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хөлсөлж байгаа этгээдийн хөлс төлөхөөс татгалзах тухай заалт юм. Ийнхүү хөлс төлөхөөс татгалзсанаар гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг дуусгавар болох талаар зохицуулсан. Маргалдагч талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 cap хүртэл 3 жилийн хугацаатай бөгөөд Иргэний хуульд түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний заалт нэгэн адил хамаарна гэж заасан ба энэ төрлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахын тулд нэг бол өөрийнхөө оронд төлбөрийн чадвартай түрээслэгч санал болгох, эсхүл мэдэгдсэнээс хойш 3 сарын хугацаа өнгөрснөөр гэрээ цуцлагдахаар зохицуулсан.

Нэхэмжлэгч нь төлбөрийн чадвартай өөр түрээслэгч санал болгоогүй бөгөөд, мөн түрээсийн зүйлийн өмчлөгч болох Д.Энхцэцэгт гэрээг хэзээ цуцлах тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй. Иймээс Д.Энхцэцэг нь 2016 оны 2 сард шинэ түрээслүүлэгчид үл хөдлөх эд хөрөнгөө түрээслүүлсэн. Ийнхүү гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад шүүгч гэрээний үүрэг дууссан гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тохиолдолд хэрэглэх заалт бөгөөд Б.Мөнхдэлгэр нь өөрийн гэх эд хөрөнгөө түрээслүүлэгчийн байранд үлдээн гарсан бөгөөд ингэхдээ талуудын хооронд ямар нэг хадгалалт, хамгаалалт, эсхүл худалдан авах тухай гэрээ хэлцэл байгуулагдаагүй. Түүнээс хойш эд хөрөнгөө авах боломж бүрэн нээлттэй байсаар байна. Учир нь түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь байнгын нээлттэй бөгөөд ямар нэг байдлаар Б.Мөнхдэлгэрийн эд хөрөнгийг хүчээр байлгаж, тухайн обьектоос гаргахгүй байгаа гэх асуудал байхгүй.

Нэхэмжлэгч өөрийн үлдээсэн эд хөрөнгөө авах эрх хуулиар болон бодит байдалд нээлттэй, харин нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэр нь өөрийн эд хөрөнгөө үлдээж явчихаад тухайн эд хөрөнгийг бүрэн ажиллагаатай гэж тооцон үнийг нэхэмжлэх эрх түүнд хуулиар олгогдоогүй бөгөөд шүүгч энэ тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд гал тогооны тоног төхөөрөмжтэй холбоотой эрх үүрэг анхнаасаа үүсээгүй, мөн Б.Мөнхдэлгэр түрээслүүлэгчийн өмнө эд хөрөнгө шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, өөрөө орхин явсан эд хөрөнгийг түрээслэгч харж хамгаалах үүрэг хүлээгээгүй, эд хөрөнгө нь ямар нэгэн байдлаар устаж, гэмтээгүй бөгөөд Б.Мөнхдэлгэр эд хөрөнгийн үнийг нэхэмжлэх эрхгүй тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг хангалттай үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Б.Мөнхдэлгэр болон Д.Энхцэцэг нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн ба үүнд талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлсөн гэж шүүх үзсэн нь нотлох баримтыг бүрэн бодитой үнэлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Б.Мөнхдэлгэр гэрээнд заасан хугацаанаас өмнө буюу нэхэмжлэлд дурдсанаар 2015 оны 11 сарын сүүлээр түрээсийн байрыг орхин гарсан. Энэ хугацаанд түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлдөггүй, уван цуван дутуу төлдөг байсан нь хэрэгт авагдсан Д.Наранбаярын Худалдаа хөгжлийн банк болон Хас банкны дансны хуулга, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн банкны төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал, анхны гэрээ байгуулахад 3 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Д.Наранбаярын Хас банкны дансанд 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 13 500 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны дансанд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдийг хүртэл нийт 24 720 000 төгрөг, нийт бэлнээр болон 2 дансанд төлсөн нийт дүн 38 220 000 төгрөг юм.

Б.Мөнхдэлгэр нэхэмжлэлдээ түрээсийн байрнаас 2015 оны 11 сарын сүүлээр гарсан гэх боловч энэ хугацаанд нийт 10 сарын төлбөр 55 000 000 төгрөгөөс 38 220 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл нь 16 780 000 төгрөг бөгөөд түрээсийн гэрээгээ хуулийн дагуу цуцлаагүйгзэс 2015 оны 12 cap болон 2016 оны 01 сард түрээсийн байр хоосон байсан. 2016 оны 02 сараас шинэ түрээслэгчид түрээслүүлсэн. Шинэ түрээслэгчид түрээслүүлсэнээр Б.Мөнхдэлгэртэй байгуулсан түрээсийн гэрээ дуусгавар болсон гэж хариуцагчийн зүгээс үзэж, 2015 оны 12 cap болон 2016 оны 01 сарын түрээсийн төлбөр 11 000 000 төгрөг төлөгдөөгүй. Б.Мөнхдэлгэрийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн төлбөр 27 780 000 төгрөг бөгөөд шүүх түрээсийн байр хүйтэн болсны улмаас түрээсийн төлбөрийг 2015 оны 8, 9, 10 саруудад 3 740 000 төгрөг болгож бууруулсан гэж үзсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болон бодит байдалд энэ нь тогтоогдоогүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэв талууд харилцан тохиролцож, гэрээний үнийг буулгасан бол шинэ гэрээ эсхүл, гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах замаар гэрээний үнийг бууруулна.

Хэрэгт авагдсан түрээсийн гэрээнд гэрээний үнэ 5 500 000 төгрөг гэсэн хэсэгт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан тохиолдолд бичгээр хийнэ гэсний дагуу түрээслүүлэгч Д.Энхцэцэг болон Б.Мөнхдэлгэр нарын хооронд гэрээний үнийн дүнг бууруулахтай холбоотой хэлцэл хийгдээгүй. Мөн 8, 9 сарууд нь харьцангуй дулааны улиралд орохуйц хугацаа ба энэ хугацаанд түрээсийн байр хүйтэрч ашиглах боломжгүй болсон гэдэг нь бодит байдалд нийцэхгүй байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 оны 11 сарын сүүлээр түрээсийн байрнаас гарсан гэснийг шүүгч нэхэмжлэгчийг 2015 оны 10 сард гарсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. 2016 оны 9 сард обьектын залгаа барилгыг нураасан гэсэн атлаа 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “БОСА” ХХК-иас төлбөр шилжүүлсэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Д.Наранбаярын Худалдаа хөгжлийн банкны дансанд “БОСА” ХХК-иас 10 000 000 төгрөг шилжүүлснийг Б.Мөнхдэлгэр шилжүүлсэн, эсхүл Б.Мөнхдэлгэрийн түрээсийн төлбөрт тооцох ямар ч үндэслэлгүй байхгүй. “БОСА” ХХК-иас Д.Наранбаярт ямар агуулгатай мөнгө шилжүүлсэн эсэхийг мэдэх боломжгүй бөгөөд Б.Мөнхдэлгэрийн түрээсийн үнэд тооцох үндэслэлгүй талаар хариуцагч маргаж, тайлбар тавьсан байхад үүнийг маргахгүй зөвшөөрсөн гэж үзсэн нь хуульд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг баримтлалгүйгээр хэлсэн зүйлийг хэлээгүй болгож байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 19 946 000 төгрөгийг хангасан шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 27 780 000 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хэргийн нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж,  хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй  байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэр хариуцагч Д.Энхцэцэгт холбогдуулан 30 000 000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тоног төхөөрөмж болох эд хөрөнгийг, завсарын зардал 27 297 000 төгрөгийн хамт гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс түрээсийн үүрэгт 27 780 000 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

                        Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэр нь Д.Мөнхцэцэгтэй 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хорооллын 26б дугаарт байршилтай үйлчилгээний зориулалттай 336 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийн 1 давхрыг зоогийн газрын зориулалтаар 3 жилийн хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрийг сарын 5 500 000 төгрөгөөр тохиролцон үйл ажиллагаа явуулж байгаад түрээсийн обьектын хажуу ханыг нурааж, барилга баригдаж эхэлсэн гэх үндэслэлээр гэрээгээ 2015 оны 11 дүгээр сараас цуцалсан үйл баримт тогтоогдож байна.

                        Талууд үл хөдлөх эд хөрөнгө болох 336 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн 1 давхрыг буюу үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсгийг түрээслэсэн байх тул уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй, харин түрээсийн гэрээг бичгээр байгуулсан учир Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв байна.

                        Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаангүй, харин салгаж үл болох засан сайжруулалт хийсэн зардлын дүн, түрээсийн хөлс төлөх үүргийг биелүүлсэн эсэх талаар маргаагүй байх бөгөөд хариуцагч тал энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг буруу тодорхойлон хариуцагчаас эд хөрөнгийн үнийг гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэр нь түрээсийн обьектоос засан сайжруулалт хийсэн эд хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн эд хөрөнгийн үнэ болох 30 000 000 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн гэх боловч түүний тайлбараас үзэхэд эд хөрөнгийг устсан, эсхүл ашиглах боломжгүй болсонтой холбоотой хохирол шаардсан гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийг анхны нэхэмжлэлийн шаардлагыг уг агуулгаар өөрчилсөн гэж үзэхгүй. Б.Мөнхдэлгэр, түрээсийн обьектыг зоогийн газрын зориулалтаар ашиглах зорилгоор зориулалтын тоног төхөөрөмж байрлуулан үйл ажиллагаа явуулж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд хариуцагч нь түрээсийн гэрээ дуусгавар болоход нэхэмжлэгчийн эд хөрөнгийг Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар саатуулан барьсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн, хариуцагчаас нэр бүхий эд хөрөнгөө гаргуулах шаардлага нь хуулийн дээрх заалтад нийцэж байна. Б.Мөнхдэлгэр нь салган авах гэж буй эд хөрөнгөө 2015 оноос хойш ашиглаж байсан тул эд хөрөнгийн үнийг 30 000 000 төгрөгөөр тооцох боломжгүй юм. Харин шүүхээс томилсон шинжээч нь тухайн нэр бүхий эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцон 2016 оны байдлаар 19 946 600 төгрөгийн үнэлгээ тогтоосон байх ба энэ үнэлгээний талаар хэн аль нь маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж, хариуцагч Д.Энхцэцэгээс 19 946 600 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн шаардаж буй эд хөрөнгийн үнийн талаар шийдвэрт бичих нь хариуцагч Д.Энхцэцэг нэр заасан эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх явцад бодитойгоор гаргаж өгөх боломжгүй тохиолдолд тухайн эд хөрөнгийн үнийг нэхэмжлэгчид төлөх агуулгатай тул ийнхүү эд хөрөнгийг түүний үнийн хамт тусгах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцнэ.

                        2.Нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэр нь  2015 онд хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулсан боловч анх 2013 оны 9 дүгээр сараас иргэн н.Мөнхсайханы нэр дээр байгуулсан түрээсийн гэрээний дагуу үйлчилгээний төвийн 1 давхрын обьектыг ашиглаж байсан болох нь хэргийн 201-203 дугаар талд авагдсан үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар нотлогдож байна. Хариуцагч тал нэхэмжлэгчийг түрээсийн обьектод засвар хийсэн үйл баримтыг үгүйсгээгүй, харин засварын зардалтай холбоотой нотлох баримтыг хэлбэрийн хувьд шаардлага хангаагүй, үнийн дүн зөрүүтэй гэж тайлбарлан няцаасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрийн, иргэн Э.Ганзоригтой байгуулсан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хорооллын 26б дугаарт байршилтай үйлчилгээний төвийн заслын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх тухай гэрээнд ажлын хөлс төлсөн тухай баримт үйлдэн гарын үсэг зурсан байхаас гадна /хх-59-61/ хэргийн 52-57 дугаар хуудсанд авагдсан барилгын материал худалдан авсан тухай зарлагын баримтууд нь дээрх хугацаанд хамаарч байх тул засварын зардлыг 11 212 000 төгрөгөөр, ажлын хөлсийг 11 200 000 төгрөгөөр тус тус тооцон, энэ хэмжээгээр хариуцагч Д.Энхцэцэгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн түүнээс 22 412 000 гаргуулах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцнэ. Харин 2015 оны 11 дүгээр сараар огноолсон баримт нь засвар хийсэн хугацаатай тохирохгүй, мөн буйданг салгаж авах боломжтой эд зүйл байх тул энэ шаардлагыг хангах боломжгүй юм. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

                        3.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Хариуцагч Д.Энхцэцэг нь нэхэмжлэгчээс түрээсийн төлбөрөө төлөхийг шаардаж түүнээс 27 780 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үүргээ зөрчиж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэр сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, түрээсийн төлбөрийг 3 740 000 төгрөг болгон өөрчилсөн, мөн түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлсэн гэж маргах боловч хариуцагчийн тайлбар, шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтаар няцаагдаж байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулахыг шаарддаг бөгөөд бичгээр байгуулаагүй тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус болдог. Гэрээний талууд түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулсан гэрээг бичгээр үйлдээгүй болох нь гэрч н.Наранбаярын “түрээсийн төлбөрийг 4 000 000 төгрөг болгон өөрчлөхөөр ярьсан боловч бичгээр гэрээ байгуулаагүй” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул түрээсийн төлбөрийг 5 500 000 төгрөг гэж үзнэ.

            Хариуцагч Д.Энхцэцэг, нөхөр Д.Наранбаярын Хас болон Худалдаа хөгжлийн банкны дансруу нэхэмжлэгч түрээсийн төлбөр шилжүүлж байсан үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг тул хэрэгт авагдсан банкны дансны хуулга,  орлогын маягт зэрэг баримтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрийг  2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт түрээсийн төлбөрт 52 250 000 төгрөг /9.5 сар х 5 500 000/ төлөхөөс 29 120 000 төгрөг төлж, үлдэх 23 130 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэлээ. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрээс 23 130 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцнэ.

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Энхцэцэгээс Овен буюу том шарах шүүгээ-380В /950 000 төгрөгийн үнэ бүхий/, Печь буюу шарах шүүгээ /460 000 төгрөгийн үнэ бүхий/, Дөрвөн хаалгатай төмөр хөргөгч /1 400 000 төгрөгийн үнэ бүхий/, 6 листтэй буузны жигнүүр-380В /260 000 төгрөгийн үнэ бүхий/, хуушуур шарагч тогоо-220В /760 000 төгрөгийн үнэ бүхий/, 2 теньтэй, 2 савтай төмс шарагч /120 000 төгрөгийн үнэ бүхий/, хоол халуун баригч /800 000 төгрөгийн үнэ бүхий/, будаа агшаагч /110 000 төгрөгийн үнэ бүхий/, талх шарагч /220 000 төгрөгийн үнэ бүхий/, гар миксер /20 000 төгрөгийн үнэ бүхий/, 3-н ширэмтэй газан плитка /300 000 төгрөгийн үнэ бүхий/, 6-н ширэмтэй газан плитка /520 000 төгрөгийн үнэ бүхий/, тавиуртай бэлтгэлийн төмөр ширээ /120 000 төгрөгийн үнэ бүхий/, бэлтгэлийн төмөр ширээ /140 000 төгрөгийн үнэ бүхий/, шинэ жижиг граммын хэл /60 000 төгрөгийн үнэ бүхий/, аяга тавагны төмөр хатаагч /60 000 төгрөгийн үнэ бүхий/, гурилын илдүүр /4 000 төгрөгийн үнэ бүхий/, хуванцар түмпэн /том-10 000 төгрөгийн үнэ бүхий/, никель тагтай сав /200 000 төгрөгийн үнэ бүхий/, гурилын сав /50 000 төгрөгийн үнэ бүхий/, төмөр түмпэн /84 000 төгрөгийн үнэ бүхий/, цагаан тавиур /12 000 төгрөгийн үнэ бүхий/, хогийн сав /4 000 төгрөгийн үнэ бүхий/, шалны хувин /3 000 төгрөгийн үнэ бүхий/, шүүр тосгуур /4 000 төгрөгийн үнэ бүхий/, төмс нухагч /4 000 төгрөгийн үнэ бүхий/, модон хусуур /9 000 төгрөгийн үнэ бүхий/, порцны халбага /18 000 төгрөгийн үнэ бүхий/, шөлний халбага /20 000 төгрөгийн үнэ бүхий/, заазуур /60 000 төгрөгийн үнэ бүхий/, хутга /8 000 төгрөгийн үнэ бүхий/, том хутга /16 000 төгрөгийн үнэ бүхий/, хайруулын тавга /240 000 төгрөгийн үнэ бүхий/, грилл хайруул /30 000 төгрөгийн үнэ бүхий/, ногоо арилгагч /500 төгрөгийн үнэ бүхий/, төмөр хавчаар /2 000 төгрөгийн үнэ бүхий/, амтлагчны сав /18 000 төгрөгийн үнэ бүхий/, хуванцар түмпэн /8 000 төгрөгийн үнэ бүхий/, будаа агшаагчны жижиг сав /3 000 төгрөгийн үнэ бүхий/, ганбанз тавиур /60 000 төгрөгийн үнэ бүхий/, төмөр шанага /90 000 төгрөгийн үнэ бүхий/, хуванцар шанага /2 000 төгрөгийн үнэ бүхий/, жижиг сандал /15 000 төгрөгийн үнэ бүхий/, агааржуулалтын ком систем /500 000 төгрөгийн үнэ бүхий/, касс машин /260 000 төгрөгийн үнэ бүхий/, том ус буцалгагч /54 000 төгрөгийн үнэ бүхий/, ундааны 2 хаалгатай том хөргөгч /800 000 төгрөгийн үнэ бүхий/, хөлдөөгч /300 000 төгрөгийн үнэ бүхий/, хувцасны шүүгээ /110 000 төгрөгийн үнэ бүхий/, түргэн буцалгагч /60 000 төгрөгийн үнэ бүхий/, сандал /728 000 төгрөгийн үнэ бүхий/, ширээ /420 000 төгрөгийн үнэ бүхий/, буйдан /3 900 000 төгрөгийн үнэ бүхий/, урт буйдантай ширээ /2 500 000 төгрөгийн үнэ бүхий/, халбага /11 100 төгрөгийн үнэ бүхий/, сэрээ /20 000 төгрөгийн үнэ бүхий/, цайны аяга /10 000 төгрөгийн үнэ бүхий/, халуун сав /32 000 төгрөгийн үнэ бүхий/, хутга /80 000 төгрөгийн үнэ бүхий/, салатны таваг /40 000 төгрөгийн үнэ бүхий/, том таваг /138 000 төгрөгийн үнэ бүхий/, шөлний том аяга /84 000 төгрөгийн үнэ бүхий/, шөлний жижиг аяга /26 000 төгрөгийн үнэ бүхий/, савх /24 000 төгрөгийн үнэ бүхий/, зурагт /400 000 төгрөгийн үнэ бүхий/, сансар кабель /25 000 төгрөгийн үнэ бүхий/, DVR /40 000 төгрөгийн үнэ бүхий/, камер /720 000 төгрөгийн үнэ бүхий/, заалны хогийн сав /30 000 төгрөгийн үнэ бүхий/, уртасгагч залгуур /30 000 төгрөгийн үнэ бүхий/, камерын дэлгэц /60 000 төгрөгийн үнэ бүхий/, модон өлгүүр /40 000 төгрөгийн үнэ бүхий/, суултуур /90 000 төгрөгийн үнэ бүхий/, босоо шээлтүүр /60 000 төгрөгийн үнэ бүхий/, угаалтуур /80 000 төгрөийн үнэ бүхий/, нийт 75 нэр төрлийн эд зүйл, 22 412 000 /хорин хоёр сая дөрвөн зуун арван хоёр мянган/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрт олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 14 939 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрээс түрээсийн гэрээний үүрэгт 23 130 000 /хорин гурван сая нэг зуун гучин мянган/ төгрөг гаргуулан хариуцагч Д.Энхцэцэгт олгож, сөрөг нэхэмжлэлээс 4 650 000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “257 683” гэснийг “369 740” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, нэхэмжлэгч Б.Мөнхдэлгэрээс 273 600 төгрөг гаргуулан хариуцагч Д.Энхцэцэгт олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

                                         Ч.ЦЭНД