Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/00196

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            11                                          001/ХТ2021/00196

 

 

 

........... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01544 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1637 дугаар магадлалтай,

 

........... ХХК-ний нэхэмжлэлтэй

...........ХХК-д холбогдох

 

Ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 77 822 512 төгрөг, алданги 15 564 500 төгрөг, нийт 93 387 012 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайханы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Амарбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч ........... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ........... ХХК нь ...........ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд тоног төхөөрөмж угсралтын ажил гүйцэтгэн нийт 9 гэрээг тус бүр 36 сарын хугацаатайгаар байгуулсан ба үүнээс 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 3 850 000 төгрөгийн, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 44 297 510 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Уг гэрээнүүдийн баталгаат хугацаа 2014 оны 10 дугаар сарын 24-нөөс 2016 оны 5 дугаар сарын 03-ны хооронд дуусгавар болж улмаар ажил гүйцэтгэсэн барилгыг улсын комисс бүрэн хүлээн авсан. 2017 оны 1 дүгээр сард хариуцагч талд албан бичиг хүргүүлсэн боловч өнөөг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Тиймээс бид уг нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн байхад хариуцагч тал гэрээний үлдэгдэл төлбөрөө өдийг хүртэл төлж барагдуулахгүй байгаа нь үндэслэлгүй байна. Иймд ........... ХХК нь ...........ХХК-иас 2011-2013 оны хооронд байгуулсан нийт 9 гэрээний үлдэгдэл төлбөр болох 77 822 512 төгрөг, гэрээний үлдэгдэл төлбөрийн алданги 15 564 500 төгрөг, нийт 93 387 012 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Термигас импиант технологи ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани захиалагч Дехор ХХК-тай 2011-2013 онд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан бөгөөд захиалагчийн барилгын халаалтын систем, халуун, хүйтэн усны системийг нийлүүлэх, угсрах зэрэг ажлуудыг туслан гүйцэтгэгч ........... ХХК-аар гүйцэтгүүлэхээр тохирч тоног төхөөрөмж нийлүүлэх болон угсрах нийт 7 гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ тухай бүр бүрэн биелүүлж ирсэн байдаг. Гэтэл ........... ХХК нь үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байсан бөгөөд тэдний хийж буй ажлын доголдлын талаар захиалагч талуудаас гомдол их ирдэг байсан. ........... ХХК-д гэрээний үүргээ доголдолтой гүйцэтгэсэн тул энэ доголдлоо арилгахыг амаар шаардахад шаардлагыг биелүүлээгүй бөгөөд тус компани нь гүйцэтгэж байсан ажлаа орхиж ажлын байрнаасаа нүүж, утас нь холбогдохгүй алга болсон тул манай компани тухай бүрт өөрийн зардлаар доголдлуудыг арилгаж захиалагчийн шаардлагыг биелүүлж байсан ба ........... ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байснаас захиалагч Дэхор ХХК манай компанитай байгуулсан гэрээг цуцалж, компанид хохирол учирсан. Иймд ........... ХХК-д актаар хүлээлгэж өгөлгүй орхиж алга болсон мөн гэрээ тус бүрт заасан ажил гүйцэтгэх хугацаа өнгөрснөөс хойш 1 жилийн хугацаанд манай компанитай холбогдож гомдлын шаардлагыг гаргаж байгаагүй ба талуудын гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа аль эрт дууссан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанд гүйцэтгэгч талаас манай компанид нийлүүлсэн  тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн болон угсралтын ажлын доголдлыг арилгуулахаар гаргасан баталгаат хугацааны 36 сарыг тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсгийн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно гэсэн заалтууд, талуудын хооронд байгуулсан тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээний 5.3 дах хэсгийн заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01544 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан ........... ХХК-ийн ...........ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 93 387 012 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 624 885  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1637 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/01544дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч ...........ХХК-иас 5 209 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ........... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88 177 812 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ...........ХХК-иас 98 297 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ........... ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 625 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан хяналтын гомдолдоо: Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын шийдлийг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хариуцагч ...........ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Талуудын хооронд бичгээр байгуулсан 7 гэрээний 3 дугаар зүйлийн 3.8 дах хэсэгт “Үлдэгдэл 5%-тай тэнцэх үнийн дүнг гэрээг дүгнэснээс хойш нэг жилийн хугацаанд гэрээт ажлын баталгаа болгон авч үлдэх бөгөөд хугацаа дуусахад гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт зааснаар “...гомдлын шаардлага гаргах үндэслэл шалтгаан үүссэн үеэс буюу үүнийг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор гомдлын шаардлага гаргана” гэж гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг захиалагч нь тохирсон 1 жилийн хугацаа дуусахад төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгчээс ажил гүйцэтгэлийн төлбөрийн үлдэгдлийг шаардах гомдлын шаардлага гаргах хугацааг талууд “7 хоногийн дотор” гэж тохирсон. Тоног төхөөрөмж нийлүүлсэн болон ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан хамгийн сүүлийн хугацаа буюу 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно.” гэж заасны дагуу гүйцэтгэгч талын гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгчийн шүүхэд хандсан өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэхэд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд хандан гомдлын шаардлага гаргах хугацааг тооцохдоо талуудын хооронд байгуулсан тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Нийлүүлэгч, гүйцэтгэгч нь нийлүүлсэн болон угсарсан тоног төхөөрөмжийг ашиглалтад орсон өдрөөс хойш 36 сарын эсхүл тоног төхөөрөмж нийлүүлсэн өдрөөс хойш 36 сарын хугацааны аль хугацаа эхэлж дуусах өдөр хүртэл нийлүүлэгч, гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдон гарсан гэмтэл, согогийг нийлүүлэгч, гүйцэтгэгч өөрийн зардлаар засаж залруулах баталгаа гаргасан” хугацаатай хольж хуулийг буруу хэрэглэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан алдаа гаргасан. Иймд магадлалын тогтоох хэсгийн 1 заалтын хариуцагч ...........ХХК-иас 5 209 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шийдлийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ........... ХХК нь хариуцагч ...........ХХК-д холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2011-2013 оны хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх нийт 9 гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 77 822 512 төгрөг, алданги 15 564 500 төгрөг, нийт 93 387 012 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлсөн гэснээс гадна ажлыг чанаргүй гүйцэтгэсэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 5 209 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхийн зарим хууль зүйн дүгнэлтийг зөвтгөж, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

 

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг анхан шатны шүүх бүрэн тодорхойлж  чадаагүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж чадаагүй боловч хэрэгт байгаа баримтын хэмжээнд зөвтгөн дүгнэх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2011 оны 10 сарын 24-ний өдрийн халаалтын ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл төхөөрөмжийг 28 367 200 төгрөгөөр нийлүүлэх, угсрах гэрээ, 2012 оны 6 сарын 01-ний хүйтэн усны өргөлтийн насосны иж бүрдэл төхөөрөмжийг 49 840 241 төгрөгөөр нийлүүлэх гэрээ, мөн өдөр байгуулсан дээрх төхөөрөмжийг 7 500 000 төгрөгөөр угсарч өгөх ажил гүйцэтгэх гэрээ, мөн өдрийн галын усны өргөлтийн насосны иж бүрдэл төхөөрөмжийг 66 159 759 төгрөгөөр нийлүүлэх гэрээ, 6 500 000 төгрөгөөр угсралтын ажлыг хийх ажил гүйцэтгэх гэрээ, 2013 оны 2 сарын 25-ны өдөр гэрээ байгуулж халаалтын нэмэлт цахилгаан халаагуурыг 49 000 000 төгрөгөөр нийлүүлж, угсралтын ажлыг хийх, 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Централ тауэр L-203 дугаар талбайд агааржуулалт, халаалт болон галын шугам сантехникийн ажил, материал нийлүүлэх ажлыг 26 100 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх талаар тус тус тохирч бичгээр байгуулсан нийт 7 гэрээнээс гадна  амаар тохирсон 2012 оны 6 сарын 01-ний өдрийн 3 850 000 төгрөгийн, 2012 оны 7 сарын 30-ны өдөр байгуулсан 44 297 510 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх нийт 9 гэрээнд үндэслэжээ. /хх-6-52/

 

Талууд 2012 оны 6 сарын 01-ны өдрийн 3 850 000 төгрөгийн, 2012 оны 7 сарын 30-ны 44 297 510 төгрөгийн үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, гэрээний дагуу үүрэг үүссэн гэх үйл баримт нотлогдоогүйгээс гадна 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 8/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр Централ тауэр L-203 дугаар талбай /Damiani дэлгүүр/-т агааржуулалт, халаалт болон галын шугам сантехникийн ажил, материал нийлүүлэх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн талаар нэхэмжлэгч нотлоогүй, гэрээг хэрэгжээгүй гэж үзсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй болохыг хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэжээ.

 

Гэрээний агуулга, талуудын тохиролцооноос үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний шинжийн аль алиныг агуулсан холимог гэрээ байгуулагджээ. ........... ХХК нь халаалт, ус, гал, сантехникийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч өгөх үүргийг гэрээгээр хүлээсэн талаар зохигч маргаагүй бөгөөд зарим худалдах-худалдан авах гэрээнд угсралтын ажил гүйцэтгэх үүрэг багтсан, зарим тохиолдолд угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тусдаа байгуулсан байна.

 

........... ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл төлбөр, алданги шаардсан тул уг нэхэмжлэлийн хүрээнд давж заалдах шатны шүүх талуудын бичгээр байгуулсан 7 гэрээний дагуу ажлын хөлсний үлдэгдэл, алданги 5 209 200 төгрөгийг хариуцагчийг төлөх ёстой гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийг 232.6-т заасныг зөрчөөгүй, үндэслэлтэй болжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

 

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа, хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг зохицуулсан Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулсан байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээ тус бүрд баталгаат хугацааг 36 сар гэж тогтоосон, үүнд гомдлын шаардлага гаргах хугацаа багтсан тул уг хугацааг дууссан үеэс шаардах эрх үүссэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийг зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

 

........... ХХК 7 гэрээний дагуу 214 867 200 төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлж, угсралтын ажлыг гүйцэтгэсэн, ...........ХХК 210 526 200 төгрөгийг төлсөн, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол алданги төлөхийг гэрээнд заасан тул давж заалдах шатны шүүх эдгээр баримтын хүрээнд хариуцагчийн үүргийг үндэслэлтэй тодорхойлсон байна.

 

Талууд шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх хэргийн оролцогчийн өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний үүргээ доголдолтой гүйцэтгэсэн..., өөрийн зардлаар доголдлыг арилгасан..., актаар ажлаа хүлээлгэж өгөлгүй орхиж алга болсон, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх тайлбар, гомдлоо хөдөлбөргүй нотлоогүй байв.

 

Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1637 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 98 297 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Х.СОНИНБАЯР

 

                           ШҮҮГЧИД                                            П.ЗОЛЗАЯА

 

                                                                                        Г.ЦАГААНЦООЖ

                            

                                                                                        Д.ЦОЛМОН

 

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД