Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,           

хохирогч __________, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,  

шүүгдэгч __________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:  

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт ____________ холбогдох эрүүгийн 2203000140058 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Монгол улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 3 ээж, ахын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, бага дахь эх _________ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ______________

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ________ нь “Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Хархорин захын хойд замд 2021 оны 9 дүгээр сарын 26-ны 06 цаг 50 минутын орчимд Musso маркийн ________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:,” болон “11.14-т Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Приус маркийн 97-73 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч ___________ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ________ мэдүүлэхдээ:  

 

“...Би 2021 оны 09 дугаар сарын 26-ны өдөр 05 цагт гэрээсээ гараад 22-ын М-Ойл ШТС орж машиндаа түлш аваад гэгээ орохоор хөдлөөд баруунаас зүүн тийш чиглэлд Хархорин захын хойд замаар 2 дугаар эгнээнд явж байгаад явган хүний гэрэл дохионоос 30 орчим метрийн зайд ойртоод дугаар эгнээнд ороод улаан гэрэл асахаар нь зогс шугам дээр зогссон. Би зогсоод ойролцоогоор 10 орчим секунд болох үед араас машин мөргөөд түс няс гээд маш их дуу чимээ гараад би хол шидэгдээд зогссон. ...2021 оны 10 дугаар сарын 02-ны Мед трама эмнэлэгт хүзүү нурууны МР1 хийлгээд үзэхэд урагдалтай гэж гарсан. ...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Номун эмнэлэгт хэвтээд 7 хоносон. Тухайн үед физик эмчилгээ, тархины хаван буулгах, зүрх судас, толгойн эмчилгээ хийлгэсэн. Тархи хөдөлсөн гэж байсан ...би Практикал даатгал дээр очиж хэл ам хийж байж үнэлгээгээр гарсан 4.670.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан. ...2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн хүзүү нурууны тасагт хагалгаанд орж төмөр бэхэлгээ хийлгэж шидүүлсэн бөгөөд 11-р сарын 19-ны өдөр эмнэлгээс гарсан. Толгой маш их өвдөж байна, гэхдээ МП1 авхуулсан боловч хүзүүндээ төмөр суулгасан учир харж болохгүй гэсэн. ... Жолоочоос одоогоор ... МН1 авхуулахад 400.000 гарсан өөр зүйлгүй. Миний машины хойд буфер, хойд 2 гэрэл, багажийн хаалга зэргийг авч өгсөн. Хэдээр авч өгснийг мэдэхгүй байна. ...Би огцом зогсоогүй. Миний урд машин байсан боловч тэр гэрэл дохио зөрчөөд яваад өгсөн. Намайг зогсоод удаж байх үед араас мөргөсөн ...Эмчилгээний төлбөрт гарсан мөнгөө авна гэж бодож байна. Одоогоор тооцоо гараагүй байна. Би ДЦС-4-т ажилладаг бөгөөд сард 1.828.978 төгрөгийн цалинтай бөгөөд 11 дүгээр сард цалин аваагүй. Цалингаа нэхэмжилнэ. Тооцоог бүрэн гаргаж өгнө, Машины засвартай холбоотой асуудал бүгд дууссан. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 34-36 дугаар тал/,

 

Шүүгдэгч _______ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

“...Тухайн үед би 3 дугаар эгнээнд орохоор нь би хараад тоормос гишгээд араагаа хүндрүүлсэн боловч зогсолгүй араас нь мөргөсөн. Би тухайн шөнө нойргүй явсан бөгөөд жаахан зүүрмэглэсэн юм... мөргөх үедээ харсан боловч зогсоож амжаагүй...MRI зураг авахуулахад 410,000 төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй байна...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 160 дугаар тал/,

 

Иргэний нэхэмжлэгч _______ мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө гарсан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед хамт байгаагүй. ...Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учир эгчдээ унуулж байсан. Тухайн өдрийн өглөө 07 цагийн үед над руу утсаар яриад гэрлэн дохио дээр зогсож байх үед араас автомашин мөргөөд машин эвдсэн гэж хэлж байсан. ...Машины үнэлгээг манай эгч хийлгээд даатгалаас автомашины хохирлыг төлж барагдуулсан. Даатгалаас нийт 4.600.000 төгрөг гарсан. Тэр мөнгөөр нь манай эгч ________р явж янзлуулаад надад машиныг 2021 оны 11 дүгээр сард өгсөн. ...Автомашин бүрэн янзлагдаж дууссан учир надад цаашид нэхэмжлэх санал хүсэлт байхгүй…” гэх мэдүүлэг /хх-95 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгч ________ “...Анх Зүүнхараагаас автомашин худалдаж авах гээд очсон. Тэндээс Муссо маркийн 0313 СЭҮ дугаарын автомшиныг танихгүй хүнээс 2.300.000 төгрөгөөр худалдан аваад хотоос надтай хамт явж байсан ________ гэх залуугаар жолоодуулан хот руу орж ирж байсан. Зүүнхараагаас шөнө 00 цаг өнгөрөөд гарсан. ...Хархорин захын хойд талын явган хүний гэрэл дохио дээр Муссогоор Т.Приус 20 маркийн автомашины араас мөргөсөн байдалтай зогсож байсан. ...Үнэлгээ хийлгэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106 дахь тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

 

2021 оны 9 дүгээр сарын 06-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 377 дугаартай “________ биед 5-6-р нугалмын цагираг мөгөөрсний урагдал, жийргэвч авах мэс заслын дараах байдал 2021.11.11, бүсэлхийн 5-с ууцны 1-р нугалмын жийргэвч мөгөөрсний урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 126-128 дахь тал/

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 139 дэх тал/, 

           -урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 172 дахь тал/

азэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г_______ нь “Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Хархорин захын хойд замд урд шөнө нь нойргүй яваад 2021 оны 9 дүгээр сарын 26-ны 06 цаг 50 минутын орчимд Musso маркийн 03-13 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:,” болон “11.14-т Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Приус маркийн 97-73 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Б.Нямдолгорын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.  

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч _______ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

  1. Шүүгдэгч _________ нь 2021 оны 9 дүгээр сарын 26-ны 06 цаг 50 минутын орчимд ядарсан үедээ Musso маркийн 03-13 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь “...Би тухайн шөнө нойргүй явсан бөгөөд жаахан зүүрмэглэсэн юм... мөргөх үедээ харсан боловч зогсоож амжаагүй...” гэх түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Хархорин захын хойд замд Приус маркийн 97-73 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч _______ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:,” болон “11.14-т Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болох нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-5 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

  2. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг тул шүүгдэгч Г.Батзоригийн ядарсан байсны улмаас тээврийн хэрэгслийг зогсоож амжаагүй үйл баримт нь гэмт хэргийн субьектив талын шинжийг,

  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “а/ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:,” болон “11.14-т Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн объектив талын шинжийг тус тус хангаж байх тул Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан болох нь тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч _______ гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 Шүүгдэгч Олхонууд овогт _______атарын ______ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.       

 

Хохирлын талаар     

  

Иргэний хариуцагч ___________ 1.100.000 төгрөгийн машины эд анги худалдан авч өгсөн,

Иргэний нэхэмжлэгч ________ автомашины эвдрэлд 4.670.000 төгрөгийн хохирол учирсан, гэх боловч Даатгалаас 4.600.000 төгрөг төлөгдсөн тул хохирол төлбөргүй.

Шүүгдэгч ______ хохирогч _______ нь MRI авхуулсан төлбөрт төлсөн 410.000 төгрөгөөс гадна эмчилгээний төлбөрт 2.930.203 төгрөг нэхэмжилсэн боловч даатгалаас 2.610.243 төгрөг авсан байх тул нэхэмжилсэн төлбөрөөс даатгалаас хүлээж авсан төлбөрийг хасаж тооцон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 319,960 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ___________ олгох нь зүйтэй.

Хохирогч ________ өвчтэй байсан хугацааны цалин болох 2.247.445 төгрөгийг нэхэмжилсэн боловч нийгмийн даатгалын газраас хүлээж авсан зарим төлбөрийн баримтыг гаргаж өгөөгүй тул өвчтэй байсан цалингийн зөрүүг энэ шүүх хуралдаанаар тооцоолох боломжгүй нөхцөл үүссэн,

Гэрч ________ эхнэрээ асрах гэж ажлаасаа чөлөө авсан тул ажилгүй байсан хугацааны цалин болох 5.312.000 төгрөгийг нэхэмжилсэн нь хохирогч __________ биед болоод эд хөрөнгөд учирсан хохирол төлбөртэй хамааралтай талаар нэмэлт нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй. 

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Батзоригт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна гэв.  

 

Шүүгдэгч _________ шүүх хуралдаанд “Мөнгөн торгууль оногдуулж өгнө үү. Хохирлоо ядаж барагдуулмаар байна ” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргалаа.

 

Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хохирол төлбөр төлөх талаар санаачилга гаргаж байгаа хувийн байдал зэргийг харгалзан үзээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар __________ оногдуулсан 500.000 /таван зуун/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.  

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу шүүгдэгч _________ 319,960 төгрөгийг гаргуулж хохирогч. _________ олгож, цаашид гарах эмчилгээний зардал, өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүүгээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг үлдээж, иргэний нэхэмжлэгч __________ нарт төлөх төлбөргүйг дурдсугай.  

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ