Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
Хэргийн индекс | 138/2016/0111/э |
Дугаар | 109 |
Огноо | 2016-10-13 |
Зүйл хэсэг | 098.1., |
Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 109
Монгол улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 09 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 5 сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-н ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл 2001 оны 2 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2008 оны 3 сарын 12-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар 2 жил 6 сар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ******* овогт ******* ******* /РД: *******/
Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 5 сарын 07-ны өдөр 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-н 17 дугаар байрны коридорт иргэн Х.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн хөл рүү өшиглөж шаант ясыг нь хугалж бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлгээ үнэн зөв өгсөн, одоо нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Х. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 5 сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад орой 19 цагийн орчим гэрээсээ гараад хажуу айл руугаа орох гээд СМУ-гийн 17 дугаар байрны коридорт явж байхад гаднаас хажуу айлын хүн болох ******* орж ирээд намайг шүргээд хажуугаар гарсан юм. Тэгэхээр нь би "чи яагаад намайг шүргэж байгаа вм бэ" гээд маргалдсан. Тэгээд нэлээн удаан маргалдаж байгаад бид хоёр хоорондоо барьцалдаж авахад ******* намайг хүзүүдэж аваад миний зүүн хөл рүү нэг удаа өшиглөөд газар унагасан. Тэгээд шууд гадагшаа гүйгээд гараад явчихсан. Би түргэн тусламж дуудаж эмнэлэгт ирэхэд миний зүүн хөлний шаант яс хугарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 сарын 13-ны өдрийн 363 тоот актад:
1. "ын биед зүүн шаант ясанд далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна" гэжээ. /хх-ийн 35/
-Бичгийн баримт:
-Хохирогч Х.ын мэдүүлэг /хх-ийн 26-27/
-Гэрч С.******* мэдүүлэг /хх-ийн 28/
-Гэрч С.******* мэдүүлэг/хх-ийн 33/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86/
-Хохирогч Х.ын хүсэлт /хх-ийн 122/
-Шүүгдэгч Б. хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2016 оны 5 сарын 07-ны өдөр 19 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 17 дугаар байрны коридорт хохирогч Х.******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний зүүн хөл рүү өшиглөж шаант ясыг нь хугалж бие мах бодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х., гэрч С. нарын мөдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, 2016 оны 5 сарын 13-ны өдрийн 363 тоот шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******д холбогдох хэрэгт прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б. бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нь хохирогчид 200000 төгрөгийг төлсөн бөгөөд бусад хохиролтой холбоотой шаардлага хангасан баримт хэрэгт байхгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй ба харин хохирогч нь бусад өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг түүнд мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь 2016 оны 7 сарын 25-ны өдрөөс 2016 оны 8 сарын 05-ны өдрийг хүртэл нийт 11 хоног цагдан хоригдсон байх тул энэ цагдан хоригдсон 11 хоногийн нэг хоногийг албадан ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүүлж, нийт 88 цагийн албадан ажил хийлгэх ялыг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна..
Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс "BSB" брэндийн 32 инчийн телевизор 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй бөгөөд баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б. ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ******* овогт ******* бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 350 /гурван зуун тавь/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 59.2-т зааснаар ялтан Б. цагдан хоригдсон 11 хоногийн нэг хоногийг албадан ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүүлж, нийт 88 цагийн албадан ажил хийлгэх ялыг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Мөн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар ялтан албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солих учрыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирээгүй бөгөөд баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Б. ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
6. Ялтан нь одоогоор бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 200000 төгрөг өгсөн/ бөгөөд хохирогч нь бусад өөрт учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Б. эзэмшлээс "BSB" брэндийн 32 инчийн телевизор 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР