Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2019/ДШМ/35

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 08 өдөр                         

  2019/ДШМ/35                                                               Зуунмод

Б.Ү, Ч.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Б.Ү, Ч.Б ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой Б.Ү, Ч.Б нарт холбогдох 1934000000001 дугаартай 1 хавтас, 175 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Б болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1972 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ү /РД:ОЖ...15/.

Монгол улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1961 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.Б . /РД:О...78/.

 Шүүгдэгч Б.Ү, Ч.Б нар нь бүлэглэн 43-60 УНН улсын дугаартай “Киа Бонго” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Гурвалжингийн ферм гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө иргэн Ч.Туулын эзэмшлийн 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

                           Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ү, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор:

             Шүүгдэгч Б.Ү , Ч.Б  нарыг бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ү , Ч.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлж, шүүгдэгч нарын  баривчлагдсан 6 хоногийг  эдлэх ялд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “Киа Бонго жи-2” маркийн 43-60 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Транскапитал банк бус санхүүгийн байгууллагад буцаан олгохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ү, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа Бонго жи-2” маркийн 43-60 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.148.040 /нэг сая нэг зуун дөчин найман мянга дөч/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас тус бүрээс 574.020 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.                                                               

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдолдоо: “... 2018 оны 12 сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Энхжин захын ойролцоо удаан уулзаагүй нутгийн 2 залуутай уулзаж архи ууж суутал нутгийн дүү Үнэнбат залгаж “ахаа надтай хамт сум ороод ирээч би тэндээс хэдэн хонь авсан юм. Түүнийгээ авчрах гээд” гэхээр нь би зөвшөөрч хамт явахаар болсон. Тэгээд бид 2 тэр өдрөө буюу 2018 оны 12 сарын 19-ний орой Төв аймгийн Эрдэнэсант сум руу гарсан. Би замдаа ууж явсаар тасарсан байсан бөгөөд нэг сэрсэн цагдаа, сэргийлэх болсон байсан. Би гайхан юу болсон талаар асуухад Үнэнбат айлын 3 үхэр авсан хэрэг болсон байсан. Би тэр хэрэгт холбоогүйгээс гадна мэдээгүй, согтуу тасарсан байсан нь үнэн. Тэгээд би 2018 оны 02 сарын 18-ны өдөр 17.1 гэсэн зүйл ангиар таслагдаж 9 сарын хорих ял авсан бөгөөд цагдан хорих байранд саатуулагдсан. Энд байх хугацаандаа өөрийн алдааг ухаарч хар усанд толгойгоо мэдүүлэн согтуурхан гэмшиж байна. Миний давж заалдах болсон шалтгаан гэвэл миний эхнэр Цэцэгмаагийн бие муу даралт ихтэй, эмчийн хяналтад байдаг. Хүүхдүүд бүгд тусдаа гарсан, 2 хүүхэд маань гадаадад байдаг болохоор эхнэрийн хажууд хань болоод байж чаддаггүй тул би эхнэртээ маш их санаа зовж байна. Мөн миний бие даралт их, зүрх өвддөг, бие муу тул миний хүсэлтийг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх Б.Ү, Ч.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн эсэх нь тодорхойгүй байна. Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүнийг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн шүүх Б.Ү, Ч.Б нарт ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон атлаа шийтгэх тогтоолдоо, эрүүгийн хариуцлагын талаар дурьдахдаа, тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас ашиг олж чадаагүй, 4 тооны үхэр биет байдлаар хохирогчид буцааж өгснийг, бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байна. Эрүүгийн 1934000000001 дугаартай хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Б.Ү, Ч.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бусдад төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон. Хувийн байдлын хувьд, Б.Ү нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, зүрхний өвчтэй. Харин Ч.Б хувьд одоо 58 настай, бичиг үсэг мэддэггүй, хэргийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн эхнэр З.Цэцэгмаатай хоёулханаа амьдардаг бөгөөд тархиндаа харвалт өгсний улмаас байнгын хэвтэрт байдаг. Ч.Б нь эхнэр З.Цэцэгмааг харж хандаж, асарч хамгаалдаг юм. Анхан шатны шүүх дээрх хувийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг үндэслэн оногдуулсан ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх бүрэн боломжтой байсан. Гэтэл шүүх тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулж хорих ял оногдуулан шийдвэрлэсэнд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

Иймд Б.Ү, Ч.Б нарт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 58 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа гаргасан тайлбар, саналдаа: “Шүүгдэгч нар анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн, хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Б гаргасан тайлбартаа: “Би эхнэртэйгээ хоёулаа амьдардаг. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Ялыг минь хөнгөрүүлж тэнсэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч  Б.Ү, Ч.Б нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө 43-60 УНН улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Гурвалжингийн ферм гэх газраас иргэн Ч.Туулын өмчлөлийн 4 үхрийг хулгайлж, бусдад 3625000  төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Ч.Туулын “...2018 оны 12 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө фермийн байрнаас хар хүрэн бух, хар хүрэн үнээ, шар тарлан үнээ, сарман улаан үнээ буюу 4 тооны үхрээр хулгайд алдсан” /хх-ийн 8-9 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

- гэрч М.Алтангэрэлийн “манай эхнэр хашааны хаалга онгорхой, 4 үхэр дутаад байна гэсэн, жалганы ойролцоо давхар дугуйтай машины мөр байсан. Цагаан хөтөлөөс 3  үхрээ, фермийн зүүн талаас бухаа олж авсан /хх-ийн 14-15 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

- гэрч Ю.Дамжингийн “...замын хажууд зогсоод Баттогтох, Үнэнбат хоёр машин дээр юм ачаад байгаа чимээ гараад 3 үхэр авчихлаа  гэсэн. Хөдлөөд 3-4  км явж байхад цагдаагийн машин өөдөөс хүрээд ирсэн, бид нарыг саатуулсан” /хх-ийн 16-17 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

- яллагдагч Б.Ү ын “...хашааны гадна байсан 4 үхрийг ачиж яваад замдаа бухыг нь буулгаж үлдээгээд, засмал замаар явж байтал цагдаа бид нарыг шалгаад саатуулсан. Машин миний эзэмшилд байдаг”  /хх-ийн 58-60, 63-65 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

- яллагдагч Ч.Б “...би замд архи уугаад явсан, юу болсон талаар сайн мэдэхгүй. Б.Ү надад анхнаасаа мал худалдаж авах гэж байгаа хамт яваад өгөөч гэж хэлж дагуулж явсан. /хх-ийн 61-62, 66-68 дугаар хуудас/  гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/, хулгайлагдсан малын үнэлгээ /хх-ийн 19-25 дугаар хуудас/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Бонго жи-2” маркийн 43-60 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-ийн 33-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч Б.Ү, Ч.Б нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэгээр тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь шүүх үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ба хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Шүүгдэгч Ч.Б , шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 2018 оны 12 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумаас шүүгдэгч Б.Ү, Ч.Б нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан иргэн Ч.Туулын өмчлөлийн 4 үхрийг фермийн байрнаас нь хулгайлж, хулгайлсан үхрүүдийг машин дээрээ ачаад явж байхад нь цагдаа шалгаж зогсоосон, үхрүүдийг зам дээр буулгаад орхисныг хохирогч орж авсан хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон, үхрийн фермээс 3 үнээ, 1 бух хулгайд алдагдсанаар хохирогчид 3625000 төгрөгний хохирол учирсан ба шүүгдэгч Б.Ү анхнаасаа гэм буруугаа хүлээсэн, харин  шүүгдэгч Ч.Б “согтуу байсан учраас хулгай хийснийг мэдэхгүй” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлж байсан ч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм бурууд  маргахгүйгээ илэрхийлсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч Ч.Б , шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй  байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч нар гэмт хэргийг үйлдэхдээ “Бонго жи-2” маркийн 43-60 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нь тогтоогдсон, уг  тээврийн  хэрэгсэл нь Б.Ү ын өмчлөлд байсан /хх-58-60/, Б.Ү , Ү.Анхбаяр, П.Бизъяа нарын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Транскапитал ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд уг машиныг барьцаалснаар Транскапитал ББСБ-ийн өмчлөлд  шилжсэн байна /хх-89-92/.

Үүний дагуу мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгслийн өмчлөгч Транскапитал ББСБ-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хандахад Транскапитал ББСБ-ын 19/018 дугаарт албан бичгээр “гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудлыг өөрөө хариуцдаг иргэний хариуцагч бөгөөд манай байгууллага иргэний нэхэмжлэгч, хариуцагч томилох шаардлагагүй” гэсэн /хх-88/ хариу өгчээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Транскапитал ББСБ тухайн хэрэгт хэргийн оролцогчоор оролцоогүй, оролцохоос татгалзсан, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад Транскапитал ББСБ-д тээврийн хэрэгслийг олгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан тухайн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын 5 дахь заалтанд шүүх Транскапитал ББСБ-д юу буцаан олгохоор шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон  шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шийдвэрлэсэн ба шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нарт шийтгэх тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 11-ны өдөр гардуулж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг 2019 оны 03 дугаар сарын 19, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус тус  хүлээн авч, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэргийн оролцогчдод танилцуулж, хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.

Дээрх байдлаар шүүхийн шийдвэр болон давж заалдах гомдлыг хэргийн оролцогчдод танилцуулах, давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх хуулийн хугацааг хэтрүүлсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.”, мөн хуулийн 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “.Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ.”, мөн хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх шүүхийн шийдвэр болон давж заалдах гомдлыг оролцогчдод танилцуулах, давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх хуульд заасан хугацааг баримталж ажиллах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг бичилгүй орхигдуулсан, шүүгдэгч нар бусдын 4 үхэр хулгайлж,  3625000 төгрөгний хохирол учруулсан байхад яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг огт бичилгүй орхисон зэрэг байдлыг цаашид анхаарах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-5 дахь заалтаас “...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “Киа Бонго жи-2” маркийн 43-60 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Транскапитал банк бус санхүүгийн байгууллагад буцаан олгохыг тус тус” гэсэн хэсгийг хасч,

            - 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ү , Ч.Б  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Киа Бонго жи-2” маркийн 43-60 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.148.040 /нэг сая нэг зуун дөчин найман мянга дөч/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Ү , Ч.Б  нараас тус бүрээс 574.020 /таван зуун далан дөрвөн мянга хорь/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ү аас 1.148.040 /нэг сая нэг зуун дөчин найман мянга дөч/ төгрөгийн үнэлгээ бүхий “Киа Бонго жи-2” маркийн 43-60 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлогод оруулсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Б, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Нарантуяа нарын гаргасан “ял хөнгөрүүлэх”  агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Ч.Б цагдан хоригдсон 80 хоног, Б.Ү ын  цагдан хоригдсон  80 хоногийг  ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

            5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                                        Т.ЭНХМАА

 

                                                                                            Г.БОЛОРМАА