Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/00198

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            11                                          001/ХТ2021/00198

 

 

 

...........ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01743 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1601 дүгээр магадлалтай,

 

...........ХХК-ний нэхэмжлэлтэй

...........ид холбогдох

 

Гэрээний үүрэгт 40 376 793 төгрөг гаргуулах, фидуцийн гэрэгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1180202 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадоржийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...........ХХК нь 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ...........той байгуулсан зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Зээлийн гэрээг байгуулснаас хойш ........... нийт 2 099 999 төгрөг төлснөөс хойш дахин төлөлт хийгээгүй. Тиймээс хариуцагч ...........оос үндсэн зээлийн үлдэгдэл 19 832 498 төгрөг, хүүнд 9 128 382 төгрөг, алданги 11 415 912 төгрөг, нийт 40376 793.84 төгрөг гаргуулж, фидуцын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оноос В.Энхбилэгийн жолоочоор ажиллаж байгаа. 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр В.Энхбилэг надад ...........ХХК-ийн захиралтай утсаар ярьсан. Мөнгө зээлэх гээд тохирчихлоо. Очоод мөнгө аваад ир гээд М.Ганпүрэв бид хоёрыг явуулсан. Үүний дагуу ...........ХХК дээр очиход надаар 1180202 тоот зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулаад мөн фидуцын гэрээн дээр гарын үсэг зуруулаад машины гэрчилгээг ...........ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Ингээд тэр өдөр ...........ХХК-иас 20 000 000 төгрөгийг В.Энхбилэг ахад аваачиж өгөөрэй гээд өгсөн. Бид 2 тэр өдөртөө мөнгийг аваад В.Энхбилэгт мөнгийг аваачиж өгсөн. Тэрнээс биш ........... нь ...........ХХК-иас зээл хүсч, энэ компани миний хүсэлтийн дагуу зээл олгож, гэрээ хэлцэл байгуулсан зүйл байдаггүй. Харин ...........ХХК-иас зээлсэн 20 000 000 төгрөгөө В.Энхбилэг ах 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр өөрийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны данснаас ...........ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5722068962 тоот дансанд 20 500 000 төгрөг болгон зээл төлхөөр шилжүүлсэн боловч банкны гүйлгээ нь ...........ХХК гэж шилжүүлснээс болоод зээлийн төлөлт нь буцаагдаж В.Энхбилэг ахын Худалдаа хөгжлийн банкны данс руу орсон байсан. Гэтэл надад зээл олгосон гэж худлаа хэлж, надаас 40 376793 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ...........ХХК-ийн зээлд В.Энхбилэг 2 099 999 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд тухайн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хэргийн 16 дугаар талд авагдсан 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 12 цаг 47 минут 53 секунтэд 999 999 төгрөгийг В.Энхбилэг гэсэн шилжүүлэг зэргээр нотлогдож байгаа. В.Энхбилэгийн эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны 452546128 тоот данснаас 20 500 000 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 15 цаг 07 минут 03 секунтэд ...........ХХК-ийн Хаан банкны 5722068962 тоот данс руу 20 500000 төгрөгийн шилжүүлэг гэсэн Худалдаа хөгжлийн банкны баримтаар, В.Энхбилэгийн Худалдаа хөгжлийн банкны 452546128 тоот дансны хуулгаар нэр зөрсөн учраас В.Энхбилэг ахын данс руу 20 500 000 төгрөг буцаж орсон баримтаар, тухайн өдөр надтай хамт ...........ХХК дээр очиж мөнгө авч В.Энхбилэгт аваачиж өгсөн М.Ганпүрэв, ...........ХХК-тай тохирч мөнгө зээлж авсан В.Энхбилэг нар мэдэж байгаа болно. Тиймээс ...........ХХК-ийн 40 376 793 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүргийг фидуцын гэрээний үндсэн дээр барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Фидуцын гэрээний зүйл болох Тоёота Тундра маркийн 4465 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны машин надад байдаг бөгөөд би ...........ХХК-тай хүчин төгөлдөр зээлийн гэрээг хүсэл зоригийн үндсэн дээр байгуулаагүй. Иймд 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ1180202 тоот зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2018 оны 2дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ1180202 дугаар зээлийн гэрээн дээр ........... гарын үсгээ зурж байгуулсан. Иргэний хуулийн 41, 189 дүгээр зүйлд хүсэл зоригоо илэрхийлсэн бол зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна гэж заасан байгаа. Нэг талаас зээл авах хүсэлтээ манайд ирүүлсэн. Нөгөө талаас хүсэлтийг хүлээн аваад зээл олгосон байдаг. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу тухайн өдрийн кассын зарлагын баримтаар 20 000 000 төгрөгийг ...........ид бэлнээр шилжүүлсэн баримт байгаа. Зарлагын баримт дээр ........... мөнгийг бэлнээр авч гарын үсэг зурсан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгийг бэлнээр олгосноор зээлийн гэрээ байгуулагдсан тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь үндэслэлгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Энхбилэг 20 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин зээлийг ........... аваагүй. В.Энхбилэг нь ...........ХХК-тай өмнө нь өр зээл авч өөрийн 2 машинаа тавьж байсан асуудал байдаг. Мөн банкны дансны хуулгуудыг харсан ч зээлийн эргэн төлөлтүүдийг В.Энхбилэгийн данснаас хийгдэж, ...........ийн данснаас хийгдэж байгаагүй. В.Энхбилэг нь ...........ХХК-иас 20 000 000 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ч нэхэмжлэгчийн 40 376 793 төгрөгийг ...........оос нэхэмжлээд байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01743 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 40 376 793 төгрөг төлөх зээлийн гэрээний нийт үүрэгт тоёото тундр маркийн 44-65 УНҮ дугаарын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч ...........ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч ...........ид даалгаж, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 235 дугаар зүйлийн 235.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч ...........ХХК-д холбогдуулан гаргасан 2018 оны 02 сарын 15-ны өдрийн №ЗГ-1180202 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч ...........ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200, 359 840 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258 000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 359 840 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1601 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01743 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 359 840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж хяналтын гомдолдоо: Магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр 1601 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хянуулах нь зүйтэй гэж үзэж хяналтын журмаар гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Хариуцагч ........... нь нэхэмжлэгч ...........ХХК-тай 2018.02.15-ны өдөр №ЗГ-1180202 тоот зээлийн гэрээ, мөн өдөр №ФГ-11800202 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулсан, 20.000.000 төгрөгийг 1 сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд 44-65 УНҮ дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2018.02.15-ны өдөр Бямбадорж 20 000 000 төгрөг хүлээн авсан тухай кассын орлогын ордер, зээлдэгчийн анкет, ........... компанид гаргасан хүсэлт тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зохигчдын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. (хх-н 7-11, 13, 79-80 дугаар тал) Энэ нь зохигчдын хооронд ИХ-ийн 235, 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан гэх үндэслэл болно гэж дүгнэсэн хэргийн оролцогчийн гаргасан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч ........... би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа ...........ХХК-иас анхнаасаа би зээл аваагүй 2010 оноос эхлэн одоог хүртэл Вандангийн Энхбилэг гэдэг хүний жолоочоор ажиллаж байгаа бөгөөд 2018.02.15-ны өдөр В.Энхбилэг ах ажил дээр орж ирээд ...........ХХК-аас зээл авахаар болж тохиролцсон байгаа өөрийн туслахаар ажилладаг Ганпүрэв бид хоёрыг очоод мөнгө аваад ир гээд явуулсан. Ингээд би Энхбилэг ахын хэлснээр Ганпүрэвийг дагуулаад ...........ХХК дээр очиж Энхбилэг ах явууллаа мөнгө аваад ир гэсэн гээд гэрээнүүд дээр гарыг үсэг зураад 20 000 000 төгрөгийг бэлнээр аваад Энхбилэг ахад авчирч өгсөн. Тэрнээс биш Бямбадорж би зээл аваагүй Энхбилэг ах зээл авсан иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргадаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар няцааж маргадаг. Үүнд: 2019.4.30-ны өдөр шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. (хх 44-45-р хуудас шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж) 2019.05.06-ны өдөр шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасан үндэслэлээ шүүгч зээлийн гэрээний хүчин төгөлдөр эсэх дээр маргахгүй учир нь хариуцагч Бямбадорж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан энэ гарын үсэг нь Бямбадоржийн гарын үсэг мөн учраас гээд хүлээж аваагүй урьдчилсан байдлаар шүүгч дүгнэлт хийж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж шүүгч анхнаасаа л сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахгүй гэрээний хүчин төгөлдөр эсэх дээр маргахгүй гэдэг. (хх-н 41 хуудас шүүгчээс татгалзах хүсэлт, 51, 53 хуудас шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж) Ингээд хариуцагч Бямбадорж нь 2019.05.20-ны өдөр шүүхэд мөн дахиж 2 дахь удаа үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдүүлхийн тулд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. (хх-н 55-57 хуудас) Хариуцагч Бямбадорж нь ...........ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй зээл аваагүй харин Энхбилэг ах гэрээ байгуулж, зээл авсан Бямбадоржийн хувьд очиж 20 000 000 төгрөгийг Энхбилэг ахад авчирч өгсөн гэдэг үүнийгээ шүүхэд нотлохын тулд тухайн үед цуг байсан М Ганпүрэвийг гэрчээр асуулгасан. Гэрчийн мэдүүлэгт “...2018.02.15-ны өдөр Бямбадорж бид 2 ажил дээр байж байхад Энхбилэг ах орж ирээд Бямбадоржийг ББСБ-аас мөнгө аваад ир. Яриад тохирчихсон байгаа гэсэн. Намайг хамт яваад ир гэсэн. Бид 2 өсвөрийн зохион бүтээлчдийн тэндээс мөнгө аваад гэрээн дээр гарын үсэг зураад гарч ирээд шууд Энхбилэг ахад авчирч өгсөн энэ зээлийг Энхбилэг ах авч байгаа болохоос Бямбадорж аваагүй. Энхбилэг ах авсан зээлээ 2019.03 сард өөрийн худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг данснаасаа ...........ХХК-ийн хаан банкны дансруу шилжүүлж зээлээ төлсөн. Би мөнгө шилжүүлсэн баримтын ...........ХХК-ны хаалгаар ороод Шинэбаяр гэдэг хүнд өгсөн. Тэгэхдээ гүйлгээний утгыг нь уншсан Энхбилэгээс зээл төлөлт гэсэн байсан...” мэдүүлдэг (хх-н 69-70 хуудас) Үүнд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж дүгнэлт өгөөгүй. Мөн хариуцагч Бямбадорж нь 2019.04.29-ний өдөр гэрчээр В.Энхбилэгийг асуулгах тухай хүсэлт гаргасан шүүх хэрэгт хамааралгүй гээд хангаагүй. (хх-н 43 хуудас) Ингээд хариуцагч Бямбадорж нь зээл авсан Энхбилэгийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг шүүх хангаагүй учраас В.Энхбилэгийг 2019.05.21-ний өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Вандангийн Энхбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бат-Оргил нь шүүхэд гаргасан шаардлагадаа “...В.Энхбилэг би 2018.02.15-ны өдөр ...........ХХК-иас 20 000 000 төгрөгийг бэлнээр зээлж авсан бөгөөд зээлээ эргүүлэн төлөхөөр 2018.03.02-ны өдөр өөрийн эзэмшдэг худалдаа хөгжлийн банкны данснаас Эм Эн Эф Эс ХХК-ийн хаан банкны дансруу 20 500 000 төгрөгийг шилжүүлсэн боловч компанийн нэрийг буруу хийснээс болж зээлээ төлж чадаагүй болно. Энхбилэг би ...........ХХК-д зээлээсээ 2 099 999 төгрөгийг төлсөн байгаа одоо үлдэгдэл 17 900 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Бямбадорж гэдэг залуу миний жолоочоор ажилладаг залуу би Бямбадоржийг мөнгө аваад ир гэж явуулсан болохоос Бямбадорж зээл аваагүй болно. Бямбадоржоос энэ мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм...” гэж шаардлага гаргадаг. Гуравдагч этгээд болох Энхбилэг нь ...........ХХК-иас 20 000 000 төгрөгийн зээл авсан зээлээ эргүүлэн төлж байгаа нь дараах баримтаар тогтоогддог Энхбилэгийн худалдаа хөгжлийн банкны дансны хуулга (хх-н 59-60 хуудас,) мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлээс 999 999 төгрөг төлсөн баримт (хх-н 16 хуудас), зэрэг эдгээр үйл баримтуудад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж дүгнэлт өгөөгүй. Дээрх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хоёр. Талууд харилцан хүлээх эрх үүргийн талаар зааж Иргэний хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийгджээ. Тиймээс Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 235 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан гэж хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна гэсэн тухайд: 2018.05.15-ны өдрийн зээлийн гэрээ болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг нэг талаас зээлдэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэгч ...........ХХК, нөгөө талаас зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч хариуцагч ........... нар байгуулж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, зээлийн мөнгийг харицагч Бямбадорж өөрөө хүлээн авч баримтад гарын үсэг зурсан нь дээр дурьдсан гэрээнүүд кассын орлогын ордер баримтаар тогтоогдож байгаа болно гэж шүүх дүгнэсэн үндэслэлгүй хэт нэг талыг барьсан гэж бодож байна. Учир нь хариуцагч Бямбадорж нь шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ ...........ХХК-тай Энхбилэг ах зээл авахаар тохиролцоод Ганпүрэв бид хоёрыг очоод мөнгө аваад ир гээд явуулсан би очоод гэрээн дээр нь гарын үсэг зурсан, мөнгө хүлээн авсан баримтан дээр нь бас гарын үсэг зураад 20 сая төгрөгийг бэлнээр нь Энхбилэг ахад авчирч өгсөн гэдэг. Гэрээн дээр гарын үсэг зурсан, мөнгө хүлээн авсан баримтан дээр гарын үсэг зурсан дээр маргадгүй харин зээл би аваагүй гэж маргадаг. Хариуцагч Бямбадорж зээл аваагүй гэдэг нь дээр дурьдсан гуравдагч этгээд Энхбилэгийн шаардлага би зээл авсан. Өөрийн жолооч Бямбадоржийг очоод аваад ир гэж явуулсан Бямбадорж зээл аваагүй гэх. Мөн гэрч Ганпүрэвийн мэдүүлэг, гуравдагч этгээд Энхбилэгийн дансны хуулга зэрэг баримтууд нь Бямбадоржийг зээл аваагүй гэдгийг хангалттай үгүйсгэдэг. Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийллийн тухайд бол Энхбилэг нь хариуцагч Бямбадоржийг очоод мөнгө аваад ир гэж явуулсан. Бямбадорж очоод Энхбилэг ах явууллаа гэж хэлээд мөнгө аваад гэрээн дээр гарын үсэг зур гэхээр нь зурсан мөнгө хүлээн авч байгаа учраас гарын үсэг зурсан тэрнээс биш Бямбадорж нь зээл авах хүсэл зоригоо хангалттай илэрхийлээд зээл аваад гарын үсэг зураад байгаа юм биш үүнийг хангалттай хэлж баримтаар үгүйсгэсэн. Гэтэл шүүх Бямбадорж нь зээл авах хүсэл зоригоо хангалттай илэрхийлсэн байна гэж хуулийг буруугаар тайлбарлаж хэргийн үйл баримтанд үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Мөн шүүх хариуцагч Бямбадорж нь Энхбилэг гэх хүний даалгавраар дээрх зээлийн гэрээг байгуулсан энэ мөнгийг би аваагүй, дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж маргаж байгаа боловч бичгээр хийсэн гэрээнүүд болон мөнгө хүлээн авсан баримтыг гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбараар үгүйсгэх боломжгүй, хариуцагчийн тайлбар татгалзал эргэлзээгүй, үнэн зөв, хангалттай баримтаар тогтоогдохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна гэж хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох В.Энхбилэгийн шүүхэд гаргасан шаардлага мөн нэхэмжлэгч ...........ХХК-д 20 500 000 төгрөгийг шилжүүлсэн банкны дансны хуулгыг нотлох баримтаар эргэлзээгүй талаас нь шүүх үнэлээгүй, В.Энхбилэг нь ...........ХХК-иас 20 000 000 төгрөгийн зээлийг авсан учраас зээлийг буцаан төлөхийн тулд 20 500 000 төгрөгийг шилжүүлсэн банкны дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар өгч үүнийг гэрч Ганпүрэв нь ...........ХХК-нд Энхбилэг ахын дансны хуулгыг хүргэж өгсөн Энхбилэг ах зээл авсан учраас гэж хэлээд байгаа дансны хуулга гэрчийн мэдүүлэг хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн шаардлага зэрэг нь нэг үйл баримтыг нотолдог Энхбилэг зээл авсан гэдгийг гэтэл шүүх үүнийг анхааран үзэж дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж өгч шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ...........ХХК нь хариуцагч ...........ид холбогдуулан гэрээний үүрэгт 40 376 793 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг, хариуцагч 2018 оны 2 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, зайлшгүй хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй, уг зөрчлийг залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзэхдээ хариуцагчийн татгалзлын үндэслэл буюу гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, дарга В.Энхбилэг ...........ХХК-ийн захиралтай ярьсан, очоод мөнгө аваад ир гэсний дагуу Ганпүрэвийн хамт очиж мөнгийг нь авчирч өгсөн, тэр үед гэрээнд гарын үсэг зуруулсан талаар буюу гэрээ байгуулагдаагүй, зээлийн мөнгийг аваагүй гэх үндэслэлийг зааж, баримт гаргасан байхад шүүх дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

Хэлбэрийн хувьд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, талууд гарын үсгээ зурсан боловч гэрээ байгуулагдаагүй гэж маргасан тохиолдолд шүүх энэ талаар тодруулж, хууль зүйн дүгнэлтийг хийх ёстой. Мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул энэ талаар шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх учиртай.

 

Талууд зээлийн гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулсан эсэхийг үндэслэл бүхий тогтоож, тайлбарлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх ба энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/01743 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1601 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 359 840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

 

                            ШҮҮГЧИД                                             П.ЗОЛЗАЯА

 

                                                                                          Х.СОНИНБАЯР

                            

                                                                                          Д.ЦОЛМОН

 

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД