Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2016/0505

 

Ц.Баярмаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Д.Нарантуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 328 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Баярмаагийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан Ц.Баярмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Ц.Баярмааг ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай” Б/166 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Баярмааг өмнө эрхэлж байсан Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа давж заалдах гомдолдоо: “Иргэн Ц.Баярмаагийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 328 дугаар шийдвэрт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81-р зүйлийн 81.1-д заасан эрхийн хүрээнд давж заалдах журмаар гомдолд гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Ц.Баярмаа нь эрх, ашиг сонирхлоо хөндөгдсөн хэмээн үзэж Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/166     дугаар тушаалыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хандсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас,  эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага,  албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана" гэсэн заалтыг зөрчиж хөөн хэлэлцэх хугацааг 4 сараар хэтрүүлсэн нь шүүхэд гомдол гаргах хууль зүйн үндэслэлгүй байсан байна.

2. Нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг зөвшөөрч ажилд томилуулах тухай хүсэлт гаргаж байсан нь шилжүүлэн ажиллахыг хүлээн зөвшөөрч байгааг нотолж байхад шүүгч анхааран үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг зөрчсөн.

3. Нэхэмжлэгч Ц.Баярмаагийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн өргөдөл нь   2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг зөвшөөрсөн агуулгаар бичсэн байгааг шүүгч анхааран үзсэнгүй.

4. Хариуцагч "албан ажлын зайлшгүй шаардлага" гарсан болохыг "нэг ажлын байран дээр албан тушаалтныг удаан хугацаагаар ажиллуулах нь ажлын ахиц гарахгүй, үр дүнд сөрөг" гэх тайлбарыг "баримт судалгаагүй тайлбар" гэж үзсэн бол ач холбогдол бүхий нотлох баримтыг шаардаж гаргуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ''Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ" гэж заасныг зөрчсөн байна.

5. Нэхэмжлэгч Ц.Баярмаа нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар   тушаалыг хүлээн зөвшөөрч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Алтанцэцэгтэй очиж уулзаад цалинг нь голоод ажиллаагүй өнөөг хүргэсэн нь өөрийнх   нь гэм буруугаас шалтгаалсан гэж үзэх үндэстэй байна.

6. Нийгмийн даатгалын ерөнхий газрын зүгээс Ц.Баярмаад 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлэн ажиллуулах тухай албан тоот явуулсаныг  нуун  дарагдуулж  бичиг  хэрэгт  бүртгүүлээгүй өөртөө авсан бөгөөд улмаар уг албан тоотыг хуурамч гэж маргасантай холбогдуулан хариуцагчийн зүгээс шүүх хурал дээр гэрч оролцуулах хүсэлтийг шүүгч хүлээн аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.7-д "Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт зайлшгүй шаардагдвал хуралдааныг нэг удаа хойшлуулна" гэж заасныг зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 328 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөх  боломжгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-дэх "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" гэсэн заалтыг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Баярмааг 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилж байжээ.

Мөн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэн “Ц.Баярмааг ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай” Б/166 дугаар тушаал гаргаж, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ц.Баярмааг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн байна.

            Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “нэг ажлын байран дээр албан тушаалтныг удаан хугацаагаар ажиллуулах нь ажлын ахиц гарахгүй, үр дүнд сөргөөр нөлөөлдөг” тул шилжүүлэх зайлшгүй шаардлагатай болсон гэж тайлбарлаж байх боловч Ц.Баярмаа нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдоод 2 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд ажиллаж байх хугацаандаа үр дүнтэй ажиллаж байсан болох нь “Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт”, “Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарын хооронд байгуулсан 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлт”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрий А/121, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/61, 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/85 дугаар тушаалуудаар тогтоогджээ.

            Мөн хариуцагч нь Ц.Баярмаатай өөртэй нь тохиролцон өөр албан тушаалд шилжүүлсэн гэх боловч Ц.Баярмаатай тохиролцсон талаар баримтгүй, энэ талаарх баримтыг хариуцагчаас шаардахад “Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга Д.Мэндбаяр утсаар ярьж ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай хэлэхэд татгалзсан зүйл хэлээгүй...” гэх тайлбараас өөр баримт ирүүлээгүй байна. Тэрчлэн Ц.Баярмааг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого бүрдүүлэлт, шимтгэлийн албаны даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар болсон гэх тайлбарыг хариуцагч тал гаргасан атал “Ц.Баярмааг ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай” Б/166 дугаар тушаал гарснаас хойш 2 сарын дараа Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга Д.Мэндбаяр нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлд “Ц.Баярмааг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн” тухай албан бичгүүдийг хүргүүлсэн, харин уг албан тушаалд ажиллаж байсан Ц.Сарантуяа нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна.

            Дээрхээс үзэхэд Ц.Баярмааг шилжүүлэх албан ажлын зайлшгүй шаардлага байгаагүй, түүнтэй тохиролцоогүй төдийгүй шилжүүлэн ажиллуулах албан тушаал нь тодорхойгүй байсан тул Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь Б/166 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

            Хариуцагчийн гаргасан “нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх гомдлын тухайд, Ц.Баярмаа нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/166 дугаар тушаалыг 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Төрийн албаны салбар зөвлөлд 2015 оны 10  дугаар сарын 06-ны өдөр тус тус өргөдөл гаргасан байна. Харин Төрийн албаны зөвлөлд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хандсан боловч Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 55 дугаар албан бичгээр “...Төрийн албаны зөвлөлийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд таны өргөдлийг шилжүүлсэн болно. Таны ажил, албан тушаалаас чөлөөлсөнтэй холбоотой асуудлаар тус салбар зөвлөл комисс томилон маргааныг шийдвэрлэх чиг үүрэгтэй ч өнөөдрийг хүртэл хэрхэн шийдвэрлэсэн талаар манай зөвлөлд хариу мэдээлэл ирүүлсэнгүй. Иймд та маргаантай асуудлаараа хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй” гэсэн хариу өгчээ. Нэхэмжлэгч тушаалыг хүлээн авч мэдсэнээс хойш түүнийг эс зөвшөөрч захиргааны акт гаргасан албан тушаалтан, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Төрийн албаны салбар зөвлөл зэрэгт гомдол гаргаж, хариу өгөөгүйн улмаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул түүнийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА

          ШҮҮГЧ                                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

         ШҮҮГЧ                                                                                      Г.БИЛГҮҮН