Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 121

 

Ховд аймгийн Үенч сумын Ардчилсан намын хорооны

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

     Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх нарыг оролцуулан, Ховд аймгийн Үенч сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй, тус аймгийн Үенч сумын Сонгуулийн хороонд холбогдох, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0031 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 154.4, 159 дүгээр зүйлийн 159.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолын Ч.Ганбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолын О.Мягмарт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

     Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-д заасныг тус тус баримтлан Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолыг Үенч сумын Сонгуулийн хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд Үенч сумын Сонгуулийн хороо шинэ акт гаргаагүй бол Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол хүчингүй болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0031 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 159 дүгээр зүйлийн 159.3-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4, 5, 6 дахь заалтуудын дугаарыг 3, 4, 5 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдсан, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул ...магадлалын Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 07 дугаар тогтоолын О.Мягмарт холбогдох хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дараах байдлаар хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.

     Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолоор О.Мягмарыг Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч сонгуулийн жилийн 4 сарын 1-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр нэрсийн жагсаалтаас хассан.

      Анхан шатны шүүх О.Мягмарыг сумын Засаг даргын Тамгын газрын туслах түшмэлийн /ТЗ-3/ ангилалд хамруулан ажиллуулж байсан бөгөөд төрийн албан хаагчийн цалин хөлсийг авч, эрхийг нь хэрэгжүүлэн ажиллаж байсан байна гэж дүгнэсэн. Мөн давж заалдах шатны шүүх О.Мягмарыг Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан журмын 4.4 дэх хэсэгт зааснаар төрийн захиргааны албан хаагч гэж дүгнэсэн. Гэвч О.Мягмар нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар төрийн сангийн төлөөлөгчөөр түр томилогдсон, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын санхүү төсвийг хариуцсан нягтлан бодогчоор томилогдож өмнө нь хариуцан ажиллаж байсан төрийн сангийн төлөөлөгчийн үүргийг хавсран гүйцэтгүүлсэн нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй.

      О.Мягмар нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар хавсран гүйцэтгэж байсан төрийн сангийн төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн төдийгүй О.Мягмартай Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газар нь санхүү, төсөв хариуцсан нягтлан бодогчийн ажлын байранд ажиллуулж, түр хугацаагаар төрийн сангийн төлөөлөгчийн ажил хавсран гүйцэтгэж байсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхийг эдэлснээс биш анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэх хэсэгт дурдагдсан төрийн албан хаагчийн цалин хөлс авч, эрхийг нь хэрэгжүүлэн ажиллаж байсан байна, төрийн захиргааны албан хаагч гэж үзнэ гэсэн дүгнэсэн нь үндэслэлгүй.

     Өөрөөр хэлбэл, О.Мягмар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлд зааснаар Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газартай санхүү, төсөв хариуцсан нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог төдийгүй үндсэн ажлын байр нь санхүү, төсөв хариуцсан нягтлан бодогч буюу байнгын ажлын байр нь гэж үзэх үндэслэлтэй.

      Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт О.Мягмар нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт хамаарахгүй, сонгон шалгаруулалтад оролцоогүй, төрийн сангийн төлөөлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтээ үндэслэл бүхий гаргаж чадаагүй. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт ...төрийн захиргааны, төрийн тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ... гэжээ. О.Мягмар нь төрийн сангийн төлөөлөгчийн ажлын байрыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаагүй нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргатай зөвшилцөж төрийн сангийн төлөөлөгчийг түр гүйцэтгэж байсан нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нотлогддог.

     Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ...төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно... гэжээ. Гэвч О.Мягмар нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагч биш төдийгүй, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д зааснаар төрийн албаны мэргэшлийн шалгалтад ороогүй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийн хуудсанд гарын үсэг зураагүй нь төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэхээр байна.

       Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/08 дугаар тушаалаар төрийн сангийн төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэсэн нь төрийн жинхэнэ албан хаагч биш этгээд болох О.Мягмарыг уг албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан дээрх зохицуулалтыг нэг талдаа ажил олгогчоос зөрчсөн гэж үзэхээр байна. Дээрх Б/08 дугаар тушаалд ямар нэгэн этгээд одоо болтол гомдол гараагүйг анхаарч үзнэ үү.

       Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 62 дугаар Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх “Журам батлах” тухай тогтоолын хавсралтын 4.4 дэх хэсэгт зааснаар О.Мягмар нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлэх боловч мөн тогтоолын 4.7-д зааснаар үндсэн албан тушаалаас нь чөлөөлөхгүйгээр /нягтлан бодогч /албан үүргийнх нь зэрэгцээ түр орлох албан тушаал буюу төрийн сангийн төлөөлөгчийг гүйцэтгүүлж болохоор заасан байдаг. Мөн тогтоолын 3.1-д ...төрийн албан хаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх нөхцөлийг тусгасан. Энэ нь төрийн албыг тасралтгүй, шуурхай явуулахад чиглэсэн үйл ажиллагаа гэж үзэхээр байна. Тогтоолын 5.1, 5.3-д зааснаар урамшуулал болон тухайн албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг түр орлон гүйцэтгэсэн хугацаагаар бодож авахаар байгаа нь дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-д заасан эрхээр хангагдсан гэж үзэх үндэслэлтэй.

      О.Мягмар нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын санхүү, төсвийг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нэр томьёо нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар ойлгогдох бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч болох, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах, төрийн албаны мэргэшлийн шалгалт авах, түүнд тэнцэж томилогдох хүртэлх процесс нь гагцхүү Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар зохицуулагдах бөгөөд О.Мягмар нь дээрх зохицуулалтад хамрагдаагүй, төрийн албаны мэргэшлийн шалгалтад ороогүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш болох нь дээрх тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Өөрөөр хэлбэл, О.Мягмарыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан төрийн албан хаагч гэж үзэх боловч мөн хуулийн 11.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэхээр байна.

       О.Мягмар нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байхдаа түр орлон гүйцэтгэж байсан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэсэн зохицуулалтыг хангасан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хороо 03 дугаар тогтоол гарган нэр дэвшигчээр бүртгэж авсан нь Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

2016 оны орон нутгийн сонгуулийн дүнд О.Мягмар нь сонгогчдын хамгийн их саналыг авч төлөөлөгчөөр сонгогдсоор байтал Сонгуулийн хороо 07 дугаар тогтоол гаргасан нь О.Мягмар болон Ховд аймгийн Үенч сумын Ардчилсан намын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөөр байхад анхан шатны шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

      Давж заалдах шатны шүүх Засгийн газрын 2007 оны “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай ” 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнийг туслах түшмэл нь ТЗ-3 ангилалд хамруулсан нь төрийн захиргааны албан хаагч гэж үзнэ гэж дүгнэсэн. Энэхүү ойлголтоор Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны албан хаагч гэж үзэх боловч мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар ...албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй.

      Өөрөөр хэлбэл, О.Мягмар нь төрийн сангийн төлөөлөгчийн ажлыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхлээгүй, Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 62 дугаар тогтоолын 3.1 дэх хэсэгт зааснаар түр орлон гүйцэтгэж байснаас биш төрийн сангийн төлөөлөгчийн ажлыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаагүй гэж үзэхээр байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа гэсэн нэр томьёо нь тухайн төрийн сангийн төлөөлөгчийн ажлыг мэргэшлийн шалгалт буюу /төрийн албан хаагчийн шалгалт/ сонгон шалгаруулалтын үндсэн дээр өөр ажил хавсран эрхлэхгүйгээр дангаар тухайн ажлыг /төрийн сангийн төлөөлөгчийн ТЗ-3 ангиллын/ тасралтгүй байнга эрхлэхийг ойлгохоор байна. Дээр дурдсанаар О.Мягмар нь төрийн сангийн төлөөлөгчийн ажлыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаагүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

     Анхан болон давж заалдах шатны шүүх нь Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07, 08 дугаар тогтоолын Ч.Ганбат, Ц.Оюунчимэг, Ч.Долгор нарт холбогдох хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хороо 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 07, 08, 09 дүгээр тогтоолоор дээрх нэр бүхий хүнийг нэрсийн жагсаалтаас хасах, түр үнэмлэхийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж 05 дугаар захирамж гаргасан нь ойлгомжгүй, Сонгуулийн хорооны дарга бие даан захирамжилсан акт гаргаж 07, 08, 09 тогтоолыг гаргасан гэж үзэхээр байна. Уг захирамж нь захиргааны актын нэг төрөл бөгөөд Сонгуулийн хорооны даргад ийм эрх байхгүйг анхаарч үзнэ үү.

     Иймд, Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын О.Мягмарт холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг өөрчлөн Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолын О.Мягмарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хороо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, Давж заалдах шатны шүүхийн магадлалын 2 дахь заалтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

     Нэг. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт өгөх хүртэл гэрээгээр ажилласан Ч.Ганбатыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй...” гэсэн дүгнэлт хийжээ.

      Үенч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 4 дүгээр тойрог, Улиаст багт нэр дэвшигч Ч.Ганбат нь урьд Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргаанд мэргэжилтнээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч юм. Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргааны даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Ч.Ганбатыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжилтнээс нь чөлөөлж, гэрээт ажилтнаар томилжээ. Өөрөөр хэлбэл, ажил олгогчоос төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах мэргэжилтний ажил үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан байдаг. Төрийн захиргааны болон тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч байхаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заажээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд тангараг өргөсөн Монгол Улсын иргэн бүрийг жинхэнэ албан хаагч байхаар заагаагүй, харин төрийн захиргааны болон тусгай албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалыг эрхэлж буй Монгол Улсын иргэнийг л төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхээр байна.

      Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д төрийн жинхэнэ албан хаагч нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх тохиолдолд сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байх шаардлагыг тусгажээ. Энэ нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нарыг шударгаар өрсөлдөх, тэдэнд гарааны ижил нөхцөл олгох гэсэн зорилготой Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан шударга ёсыг сахих зарчмаас үүдэлтэй зохицуулалт юм. Төрийн жинхэнэ албан хаагч нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх хуулийн шаардлагыг Ч.Ганбат нь зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтад буруу дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

      Давж заалдах шатны шүүх төрийн жинхэнэ албан тушаалыг түр /гэрээт/ эрхэлж байгаа Ч.Ганбатыг хуулийн дээрх зохицуулалтад үл хамруулж, хуулийн зорилго, ач холбогдлыг үгүйсгэж, нэр дэвшигч нар шударгаар өрсөлдөх боломжийг үгүйсгэж, хуулийг буруу хэрэглэлээ.

      Хоёр. Давж заалдах шатны шүүх нь цэргийн жинхэнэ албыг хаагаагүй нэр дэвшигч Ч.Ганбатыг зөвтгөсөн дүгнэлт хийхдээ Цэргийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг буцаан хэрэглэлээ.

     Хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмын үүднээс тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-ийн 1-д “хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар нь 27” байхаар заажээ. Нэр дэвшигч Ч.Ганбат нь 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 25 настай хуулийн дээрх заалтын дагуу цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн тооцогдоно. Иймээс нэр дэвшигч Ч.Ганбатад Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д зааснаар хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх шаардлага тавигдана.

      Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5-д сонгуульд цэргийн жинхэнэ алба хаах насны нэр дэвшигчдэд цэргийн жинхэнэ алба хаасан байх шаардлагыг тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 4-д заасан эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах Монгол Улсын иргэний үндсэн үүргээс үүдэлтэй зохицуулалт юм. Гэтэл Үенч сумын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Ганбат нь цэргийн албыг биечлэн хаагаагүй, дүйцүүлэх хэлбэрээр ч хаагаагүй, мөнгөн төлбөрөөр ч хаагаагүй, цэргийн албанд татагдах насны дээд хязгаарт ч хүрээгүй байна. Зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар тухайн жилдээ /2016 онд/ түр чөлөөлөгджээ. Дараа, дараагийн жил бүрт, 27 нас хүртлээ цэргийн жинхэнэ албанд татагдсаар байх болно.

      Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцээгүй иргэнийг хугацаат цэргийн албанд татахаас тухайн жилд түр чөлөөлнө” гэж маш тодорхой заажээ. Ийм байхад давж заалдах шатны шүүх Ч.Ганбатыг эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн жинхэнэ алба хаасан мэтээр нотлох баримтад буруу дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчлөө. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, давж заалдах шатны шүүхийн магадлалын 2 дахь заалтуудыг хүчингүй болгож, нэр дэвшигч Ч.Ганбатад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна уу... гэжээ.

ХЯНАВАЛ:

     Нэхэмжлэгч  Ховд аймгийн Үенч сумын Ардчилсан нам нь мөн аймгийн Үенч сумын Сонгуулийн хороонд холбогдуулан тус Сонгуулийн хорооны 07, 08, 09 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.            

      1. Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 07 дугаар тогтоолын тухайд:           

     Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаар тогтоолоор Үенч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас 1 дүгээр тойрог Цагаан түнгэ багт нэр дэвшигч О.Мягмар нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан шаардлагыг, 4 дүгээр тойрог Улиаст багт нэр дэвшигч Ч.Ганбат нь мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 154.4 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг хангаагүй нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс эдгээр иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

      Хариуцагчаас дээрх тогтоолын үндэслэлийг “төрийн жинхэнэ албан хаагч О.Мягмар, Ч.Ганбат нар нь хуульд зааснаар сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байх, мөн Ч.Ганбат нь цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх гэсэн шаардлагуудыг хэрэгжүүлээгүй” гэж үзжээ. 

    Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д сонгуулийн дүн гарсны дараа нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол Сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгох, хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдохоор, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2-т нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй бол Сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахаар тус тус зохицуулсан байна.

      Шүүхүүд маргаан бүхий 07 дугаар тогтоолын үндэслэлд зөв дүгнэлт хийж, Сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, уг тогтоолын О.Мягмарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тогтоолын Ч.Ганбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

        а/ 07 дугаар тогтоолын О.Мягмарт холбогдох хэсгийн тухайд:

    Нэр дэвшигчид тавигдах шаардлага болох төрийн жинхэнэ албан хаагч орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байхыг дээрх  хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д хуульчилжээ.

        Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэр дэвшигч О.Мягмар нь Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар төрийн сангийн төлөөлөгчөөр түр томилогдон ажиллаж байгаад мөн даргын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Засаг даргын тамгын газрын санхүү төсвийг хариуцсан нягтлан бодогчоор томилогдохдоо өмнө нь хариуцан ажиллаж байсан төрийн сангийн төлөөлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэхээр томилогджээ. О.Мягмар нь уг албан ажлыг гүйцэтгэж байгаад 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр эрх бүхий албан тушаалтанд төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гарган, мөн өдрийн Б/08 дугаар тушаалаар төрийн сангийн төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байдлууд нь тогтоогдсон байна.

      Иймд, хариуцагчаас нэр дэвшигч О.Мягмарыг хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй, хуульд заасан хугацаанд албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй гэсэн үндэслэлээр түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн сумын Сонгуулийн хорооны 07 дугаар тогтоолын О.Мягмарт холбогдох хэсэг нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2, 159 дүгээр зүйлийн 159.3-д заасантай нийцсэн, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

      Нэхэмжлэгч О.Мягмарын өмгөөлөгчийн “О.Мягмар нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй тул төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй” гэсэн гомдол үндэслэлгүй.

      Монгол улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнг туслах түшмэлийн ангилалд хамруулсан, О.Мягмар нь 2014 оны 6 дугаар сараас төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалыг эрхлэн ТЗ-3-3 зэрэглэл, шатлалаар цалинжиж, улмаар 2016 оны 6 дугаар сараас нягтлан бодогчоор томилогдон ажиллахдаа төрийн сангийн төлөөлөгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэх үндэсгүй юм.

        б/ 07 дугаар тогтоолын Ч.Ганбатад холбогдох хэсгийн тухайд:

    Шүүхүүд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 154.4-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 07 дугаар тогтоолын Ч.Ганбатад холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. 

    Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д нэр дэвшигчид тавигдах шаардлагыг тодорхойлсон байх бөгөөд 154.3.5-д “цэргийн жинхэнэ хугацаат алба хаах насны иргэн Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн байх” гэж заажээ.

      Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ч.Ганбатын цэргийн үнэмлэхэд “Тайван цагт цэргийн жинхэнэ албанаас эрүүл мэндээр чөлөөлж, цэргийн тоо бүртгэлээс хасав” гэж тэмдэглэгдсэн, тодруулбал Ч.Ганбат нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогджээ. Иймд хуульд зааснаар түүнийг цэргийн алба хаах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэсгүй байна.

        Түүнчлэн Ч.Ганбат нь Үенч-Бодонч голын сав газрын захиргааны даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/01 дүгээр тушаалаар тус газарт гадаргын усны нөөц, чанар экологи хариуцсан ахлах мэргэжилтнээр түр томилогдон, ТЗ-6-1 зэрэглэл, шатлалаар цалинжин ажиллаж байсан бөгөөд тус сав газрын захиргаа татан буугдсантай холбогдуулан мөн захиргааны даргын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Улмаар Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргаа байгуулагдсанаар тус захиргааны даргын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар Ч.Ганбат нь гэрээт ажилтнаар түр томилогдон, байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан, ТҮ-5-1  шатлалын 76 хувиар цалинжин ажиллажээ. Иймд түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэхгүй, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан шаардлага Ч.Ганбатад хамааралгүй юм.

        Ийнхүү Үенч сумын Сонгуулийн хорооны 07 дугаар тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 154.4-д заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэн, Ч.Ганбатыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ. 

     Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Ч.Ганбат нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд цэргийн алба хаах үүргээ биелүүлээгүй, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.5, 154.4-д заасан шаардлагыг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх хууль бус дүгнэлт хийсэн” гэсэн хяналтын гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. 

      2. Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 08 дугаар тогтоолын тухайд:

   Үенч сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь заалтуудыг баримтлан, Үенч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг батламжлах асуудлыг түдгэлзүүлэхээр Ховд аймгийн Булган сумын Цагдаагийн хэлтсээс албан бичиг ирүүлсэн гэсэн үндэслэл /Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргасан/-ээр Ардчилсан намаас 4 дүгээр тойрог Улиаст багт нэр дэвшигч Б.Оюунчимэг, Ч.Долгор нарт олгосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

      Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д ““сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон” гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг шүүхээс тогтоож, тухайн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхыг ойлгоно”, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгана” гэж тус тус зааснаар Сонгуулийн тухай хууль зөрчсөн этгээдийн гаргасан зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс тогтоож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхыг ойлгоно. 

      Нэр дэвшигч Б.Оюунчимэг, Н.Долгор нарын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл эдгээр нэр дэвшигчдийн гаргасан гэх зөрчлийг эрх бүхий этгээд хянан шалгаж, шүүхээс шийдвэр гараагүй байхад тус сумын Сонгуулийн хороо тэдний төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгон шийдвэрлэж хууль зөрчжээ. 

     Гэтэл анхан шатны шүүхээс Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, “Б.Оюунчимэг, Ч.Долгор нарт холбогдох захиргааны зөрчлийг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч Сонгуулийн хороо нэр дэвшигч нарын төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр байна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж маргаан бүхий 08 дугаар тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

      Харин давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, “нэр дэвшигч Б.Оюунчимэг, Ч.Долгор нарыг Сонгуулийн тухай хуульд заасан зөрчил гаргасан эсэхийг тогтоож, эцэслэн шийдвэрлээгүй байхад хариуцагч сумын Сонгуулийн хороо нь Ховд аймгийн Булган сум дахь Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн албан бичгийг үндэслэн нэр дэвшигчдэд олгосон хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцсон нь буруу” гэсэн үндэслэлээр маргаан бүхий 08 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь дээрх хуульд нийцсэн байна.  

       3. Ховд аймгийн Үенч сумын Сонгуулийн хорооны 09 дүгээр тогтоолын тухайд:

     Мөн Сонгуулийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-д заасныг үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж сонгогдсон нэр бүхий 17 төлөөлөгчийн нэрийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч шийдвэрлэжээ.

     Шүүхүүд нэхэмжлэгчийн Сонгуулийн хорооны 09 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

      Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2017/0031 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                     Б.МӨНХТУЯА