| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/03125/и |
| Дугаар | 2735 |
| Огноо | 2017-12-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч оршин суух Х овогт С-ын М /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух Б овогт Б-ын А /РД: /-д холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн /ШТЭҮД:0448/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2005 онд Б.Атой танилцаж, улмаар 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2007 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүү А.Анар-Эрдэнэ, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү А.Ананд нар төрсөн. Миний нөхөр болох Б.А нь огцом ширүүн ааш араншинтай, огт архи дарс, согтууруулах зүйл хэрэглээгүй эрүүл байх үедээ олон удаа зодож, хүнд хөнгөн олон бэртэл гэмтлийг миний биед учруулж байсан. Хамт амьдрах хугацаандаа бараг өдөр бүр доромжилж, хардаж сэрдэж, сэтгэл санааны дарамтанд байлгалаг байсан. Хамт байхад утсаар ч хүнтэй ярьж болохгүй, ах дүү, хамаатан садантайгаа ч уулзаж ярьж хөөрч болдоггүй. Би энэ хүнд бүтэн 12 жил шахуу зодуулж, доромжлуулж, ах дүү хамаатан садангаа хүртэл байнга муу муухайгаар хэлүүлж, сэтгэл зүйн дарамтанд гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч ирсэн. Цаашид тэсэж тэсвэрлэх боломжгүй, биеийн байдал ч сайнгүй гэрээс нь хөөгдөөд 2 хүүхдээ дагуулаад ах дүү болон өөр айлд хонож өнжөөд явж байгаа зэргээс гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Би энэ өнгөрсөн хугацаанд маш олон гэмтэл бэртэл авч байсан. Үүнээс зарим хэсгийг нь тоочвол зүүн талын чих рүү цохиж чихний хэнгэрэг хагарч хэнгэрэг нөхөх хагалгаанд орж байсан, толгойн оройн зүүн дээд хэсэгт 4 см хагалж 4 оёдол тавиулж байсан, тархи руугаа маш олон удаа цохиулж тархины доргилт авч байсан. Үүний тоо бол алдагдсан. Зүүн бөөр лүүгээ хүнд бөсний төмрөр цохиулж бөөрний доргилт аванх бөөр өвдөх болсон, нүд болон миний биеийн бүх хэсэгт ер нь хөхрөөгүй, няцраагүй өнгөрсөн өдөр гэж бараг байхгүй, цахилгаан бороохойгоор бороохойдож биеийн хэд хэдэн газар түлж байсан зэрэг маш олон удаа дарамталж байсан. Би хаана, хэнд хандахаа мэдэхгүй, бас 2 хүүхдээ бодож засрах болов уу гэж итгэж өнөөдрийг хүрсэн. Би 2010 онд Өмнөговь аймгийн Таван толгой руу явсан. Энэ нь аргаа бараад салах гэж шилжсэн. Гэвч Б.А араас дагаж ирээд хамт 3 жил ажилласан. Байсан бүх газраа цагдаад өргөдөл өгч байсан. Өнгөрсөн хугацаанд Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Дундговь аймгийн цагдаад дуудлага өгч мэдэгдэж байсан. Хан-Уул дүүргийн цагдаад он гарсаар сүүлийн хугацаанд 5 удаа дуудлага өгч байсан. Цагдаа аваад явдаг боловч эрүүл хүнийг эрүүлжүүлэхэд хонуулах боломжгүй гээд гаргаад явуулдаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 7 дугаар сарын 21-нд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд гэрлэлт цуцлах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан юм. Гэвч нөхөр Б.А эвлэрээд 2 хүүгээ бодоод салахгүй хамтдаа амьдаръя, би дахиж хэзээ ч та гурвыгаа зодож дарамталж тамлахгүй гэж амлаад би нэхэмжлэлээ 2017 оны 09 дүгээр сарын 27-нд буцаан авсан. Гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б.А нь намайг хоолой багалзуур боож унагаан бүтэн 4-5 цагийн турш зодсон. Ална гэж заналхийлж, би хэд хэдэн удаа ухаан алдаж, ухаан самуурсан. Ингээд арай гэж амьд гарсан цагдаад дуудлага өгч өргөдөл гомдол гаргасан. Одоо уг хэрэг шалгагдаж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн хэргээс гадна гэмт хэргийн шинжтэй гэж үзээд мөрдөн байцаагч Мөнхнаран дээр хэрэг нь шалгагдаж байгаа. Би яг одоо Улаанбаатар хотод амьдрах гэр оронгүй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Таван толгой тосгонд 2 хүүтэйгээ ажиллаж амьдарч байгаа. Б.А нь ганц намайг зодож дарамтлахаас гадна миний хоёр хүүг айлгаж, дарамталж, зодож тамладаг. Ээжийгээ янхан гэж хэл гэж миний 10 настай хүүг дарамталсан. Цаашид би болон миний хоёр хүү энэ гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдрах ямар ч боломжгүй, бидний амь нас, эрүүл мэнд эрсдэлтэй орчинд амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.А шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Мийн гэрлэлт цуцлуулах гэснийг зөвшөөрч байна. 2 хүүхдээ өөр дээрээ авах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Мтэй арван хэдэн жил амьдарсан. Бидний дундаас 2007 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүү А.Анар-Эрдэнэ, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү А.Ананд нар төрсөн. Энэ хугацаанд амьдралын төлөө гэснээс өөр зүйл байгаагүй. Байнгын гэр бүлийн хүчирхийлэлтэй байсан гэдэг худлаа. Хамт амьдрах хүсэлгүй байсныг сүүлд мэдсэн. Хоёр хүүхдийг эх хүний сэтгэлээр хүмүүжүүлж чадахгүй гэж бодож байна. 2017 оны 09 дүгээр сарын 28-нд авч явсанаас хойш нэг ч уулзуулаагүй. 2010 онд Тавантолгойд ажил хийх гээд явсан. Энд хотод бүгдээрээ ажиллаж амьдаръя гээд 3 жил гуйсан. Гэвч өөрөө эрх чөлөөнийхөө төлөө энд ажиллаж байна гэсэн. Хоёр хүүхэд ээж дээрээ очиход хүн шиг хүн болж чадах эсэхэд эргэлзэж байна. Гэвч хүү маань ээж дээрээ очно гэж санал өгсөн байна лээ. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Би маргаан гарч гар хүрдэг байсан нь үнэн. Харин хүүхдүдээ цохиж зодсон зүйл байхгүй. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч С.М, хариуцагч Б.А нар 2005 онд танилцаж, 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2007 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүү А.Анар-Эрдэнэ, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү А.Ананд нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон гэрлэлтийн бүртгэлийн болон төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас Б.А нь эхнэр С.Мийг зодож, бие махбодид нь удаа дараа гэмтэл учруулж, эхнэр хүүхдүүдээ айдас, түгшүүртэй нөхцөлд амьдруулдаг байсан нь гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болсон байх бөгөөд энэхүү хүчирхийлэл дарамтаас гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учруулж болзошгүй гэж үзэж шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Дээрх нөхцөл байдал нэхэмжлэгч, хариуцагч нарын өөрсдийн тайлбар, хүүхдийн санал асуусан тэмдэглэл, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн эмнэлгийн үзлэгийн карт, тодорхойлолт, зөрчлийн тэмдэглэл зэргээр нотлогдож байх ба хариуцагч нь гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн болно.
Насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ хүүхдийн санал, зохигчдын тайлбар зэргийг харгалзан хүү А.Анар-Эрдэнэ, А.Ананд нарыг эх С.Мийн асрамжинд үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү А.Анар-Эрдэнэ, А.Ананд нарт эцэг Б.Аоос хүүхдийн тэтгэлэг тогтоох үндэслэлтэй байна.
Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 62600 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хонгор овогт Сугирын М, Боржигин овогт Баатарын А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүү А.Анар-Эрдэнэ, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү А.Ананд нарыг эх С.Мийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү А.Анар-Эрдэнэ, А.Ананд нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.А нь тэжээн тэтгэсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 62.600 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Аоос нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 62.466 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Баянжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР