| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2017/03290/И |
| Дугаар | 118 |
| Огноо | 2018-01-12 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 118
| 2018 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2018/00118 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Боржигин овогтой, Гомбожавын Сэргэлэнгийн нэхэмжлэлтэй,
/Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Монел 46 дугаар гудамж, 20 тоотод оршин суух, регистрийн дугаар НФ57071715/
Хариуцагч: Шарнууд овогтой Базарсадын Отгонжаргалд холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ивээл хотхон, 41В дүгээр байр, 401 тоотод оршин суух, регистрийн дугаар ШЕ74020115/
Үүргийн гүйцэтгэлд 1.055.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Сэргэлэн, хариуцагч Б.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн Г.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сэлэнгийн Хүдэр суманд самранд явахдаа 2016 оны 7 дугаар сард Б.Отгонжаргалтай танилцсан. Ингээд Б.Отгонжаргалтай хамт түүний машинаар явахаар болсон. Б.Отгонжаргал нь самранд явахдаа надаас 1.055.000 төгрөг зээлсэн. Үүнд ломбардад тавьсан зурагтаа авахын тулд 200.000 төгрөг, машинаа засварлуулахын тулд турбины 110.000 төгрөг, сальник 5000 төгрөг, моторын тос цэвэрлэгч 7000 төгрөг, турбины гагнуур 10.000 төгрөг, масло антифрис 12.000 төгрөг, гэрлийн ламп 6500 төгрөг, шил арчигч 10.000 төгрөг, хос ремин 30.000 төгрөг, ажлын бээлий 2500 төгрөг, дугуй нөхүүлэхэд 45.000 төгрөг, турбины боолт 1000 төгрөг, шинэ дугуй авахад 120.000 төгрөг, перда цаас 13.000 төгрөг, засварын хөлс 60.000 төгрөг, турбин холбох хоолой 28.000 төгрөг, климний толгой 3000 төгрөг, запас дугуй тогтоох гагнуур 11.000 төгрөг, пирда хадуулахад 15.000 төгрөг, засварын зогсоолд 5000 төгрөг, амарзитатор 25.000 төгрөг, Дархан-Уул аймаг ороход бензин авахад 40.000 төгрөг, Улаанбаатар хотод бензин авахад 10.000 төгрөг, машины масло авахад 24.000 төгрөг, 22 товчооноос бензин авахад 30.000 төгрөг, Дархан-Уул аймаг ороход моторын масло авахад 32.000 төгрөг, бензин авахад 100.000 төгрөг, Дархан-Уул аймагт бензин авсан 100.000 төгрөг, нийт 1.055.000 төгрөгийг зээлсэн бөгөөд одоог хүртэл уг зээлсэн мөнгөө Б.Отгонжаргал нь төлөхгүй зугтаасаар байгаа тул түүнээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Отгонжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Сэргэлэн хамт самранд явах санал тавьсан бөгөөд миний машинаар явье гэсэн. Би тухайн үед миний машин жаахан засвар хийх ёстой байгааг хэлсэн. Би Г.Сэргэлэнгээс 1.055.000 төгрөг зээлээгүй, харин зурагтаа ломбардад тавьсан байсан тул түүнийг авахаар 200.000 төгрөг, турбин авахад 110.000 төгрөг, хос ремин авахад 30.000 төгрөг, турбины гагнуурт 10.000 төгрөг, засварын зогсоолд тавихад 5000 төгрөг, түлш авахад 50.000 төгрөг, нийт 405.000 төгрөг зээлсэн бөгөөд бусад зардлыг би өөрөө гаргасан. Бид самар түүж ирээд олсон мөнгөнөөс би зээлсэн 400.000 төгрөгийг Г.Сэргэлэнд төлсөн. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Сэргэлэнгийн нэхэмжлэлтэй, Б.Отгонжаргалд холбогдох, үүргийн гүйцэтгэлд 1.055.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн Г.Сэргэлэнийн “...Б.Отгонжаргалыг ломбарднаас телевизороо авах, автомашинаа засварлуулах, бензин авахад нь нийт 1.055.000 төгрөг зээлдүүлсэн” гэсэн нэхэмжлэл нь түүний шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд 1.055.000 төгрөг зээлдүүлсэн талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
Харин хариуцагч Б.Отгонжаргалын “...зурагтаа ломбардаас авахад 200.000 төгрөг, автомашинаа засварлахад турбин авсан 110.000 төгрөг, хос ремин авахад 30.000 төгрөг, турбины гагнуурт 10.000 төгрөг, засварын зогсоолд тавихад 5000 төгрөг, түлш авахад 50.000 төгрөг, нийт 405.000 төгрөгийг Г.Сэргэлэнгээс зээлсэн нь үнэн” гэсэн тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Отгонжаргалаас 405.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Сэргэлэнд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч Б.Отгонжаргал “зээлсэн 405.000 төгрөгөөс 400.000 төгрөгийг самар түүж ирээд Г.Сэргэлэнд буцааж төлсөн” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Отгонжаргалаас 405.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сэргэлэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 650.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Отгонжаргалаас үүргийн гүйцэтгэлд 405.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сэргэлэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 650.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Сэргэлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 29.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 12.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сэргэлэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД