Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Ц.Батзаяа,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

хохирогч О.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.С-д холбогдох 2216000070054 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б  овогт С-н С.

Шүүгдэгч С.С /********* ХХК/ нь “Говь-Алтай аймгийн Шарга сумын төвийг нэгдсэн халаалтын системтийн ажлыг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас дулааны шугамын угсралтын ажлын талбай дахь ухсан нүх рүү 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэн, амь хохирогч О.Г нь унаж, гавал тархины битүү гэмтэл авсны улмаас нас барсан үйл баримтыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч С.С-н шүүх хуралдаанд өгсөн “...Би Шарга сумд халаалтын нэгдсэн системийг хийхээр 2021 оны 07 сард Шарга сумын Засаг дарга С болон Говь-Алтай аймгийн Засаг дарга А, Тамгын газрын дарга, бусад хэлтсийн дарга нартай гурвалсан гэрээг хийж энэ халаалтын ажлыг эхлүүлсэн. Энэ халаалтын ажлыг 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс  эхэлж албан ёсоор явсан. Уг ажлыг эхлүүлэхдээ Увс аймгийн ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг хийж эхлүүлсэн. Энэ компани ажиллах явцдаа бүх ажилтнууд нь нутаг руугаа буцсан ганцхан инженер нь тухайн ажлыг хариуцдаг хүн үлдээд энэ ажлыг хийх боломжгүй болсон учраас би Шарга сумаас ажилчид авч энэ ажлыг үргэлжлүүлж 12 дугаар  сарын 15-ны өдөр хүртэл 4 сар хийж гүйцэтгэсэн. Ийнхүү гүйцэтгэхдээ төрөөс ямар нэгэн хөрөнгө мөнгө аваагүй хувиасаа хөрөнгөө гаргаж Шарга суманд бүтээн байгуулалт хийе гэж анхнаасаа зорьсон учраас энэ ажлыг хийж эхэлсэн. Энэ ажил дуусах шатандаа буюу 12 дугаар сарын 03-ны өдөр уг хэрэг болсон байсан. Тухайн үед манай ажил цементэн тагаа  яг тавиад дуусаж байх мөчид энэ хэрэг болсон байсан. Маргааш нь 12 дугаар  сарын 04-ний өдрөөс эхлэн буулгах ажил 5 хоногийн дотор  явагдаад дууссан. Энэ ажлыг хийж байхдаа ******** компани анх нүх ухаж эхлэхдээ хамгаалах зурвас, анхааруулах тэмдгийг тавьсан байсан. Энэ хамгаалах тэмдэг нь бороо салхи шуурганд байнга унаж байсан. Энэ компанийг явсны дараа 08 дугаар сарын 31-ний өдөр нутгийн сургуулийн ажилчидтай хамтран хүүхэд, ажилчид ажилдаа явах гүүр, гарцыг сэргээж хийж байсан. Хамгаалах таг тавих ажиллагаанд нь хүний хүчин зүйл машин техник явсны улмаас бүх хамгаалалт зурвас нь унасан байсан. Би ажил дуусаж байгаа учраас тэрийг нь хайхраагүй нь миний буруу болсон. Энэ хэрэг болоход 12 дугаар сарын 04-ний өдөр О.А гэдэг хүнд 1 сая төгрөгийг дансанд нь шилжүүлсэн. Мөн гурил, будаа, сүү, ургамлын тос зэрэг үнэ бүхий зүйлийг өгсөн. Оршуулгын ажилд нь өөрийнхөө ажлын жолооч, ажилдаа  ашиглаж байсан Пронтер машиныг гаргаж явуулсан байгаа. Д гээд О.А эгчийн зээ дүү байгаа. Энэ зээ дүү нь манайд ажил эхлэхээс авахуулаад одоог хүртэл ажиллаж байгаа. Энэ хүн бас хамгаалалт, зурвас зэргийг цуг хийгээд явж байсан. Би  шинээр компани байгуулаад анх удаа ийм  том ажлыг хийсэн. Туршлага  дутуу байсан түүнээс хойш олон хуулийн мэдлэгтэй болж байна. Ийм алдаа гаргасан даа маш их харамсаж байна ...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч О.А-н шүүх хуралдаанд өгсөн “...Миний ах Г нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны  өдөр дулаан шугамын  нүх рүү унаж ослоор нас барсан. Тэр үед үдийн цайны үе байсан байх ойролцоо айлын хүн надад утсаар ярьж  хэлээд тэгээд би эдний компанид  ажиллаж байгаа зээ дүүтэйгээ утсаар ярьсан. Би төвөөс зайдуу 10 км зайнд байдаг. Тэгээд уначихлаа гэж байна. Ухаан алдаад уначихсан байна уу? яасан байна чи очоод үзээдэх гэсэн над руу өнгөрчихжээ гэж хэлсэн. Тэгээд намайг яваад очиход цагдаа нар ирчихсэн хүн ойртуулахгүй байдалтай байсан. Тэгээд аймаг руу цагдаа дуудсан юм уу? гэсэн чинь дуудсан гэсэн. Тэгээд хол ойрын ах дүүс рүүгээ утасдсан чинь ойрынх нь тэр дороо хүрээд ирсэн. Холынх нь маргааш нь ирсэн. Тэгээд энэ байгууллага хөдөлмөр аюулгүй байдлаа хангаагүйгээс хүний гарах гарц, тууз, явган хүн гараад явах дээр нь мод ч юм уу? ийм юмнуудыг тавиагүй байсан. Тэр нь ямар учиртай юм бэ?  гэхээр яг төрийн банкны үүдний харалдаа сургуулийн урд талын хайсны нүх рүү унасан байсан. Тэрийг би өөрөө хүрч ирж нүдээрээ харсан. Тэгээд гарц гаргаад хэд хоногийн өмнө ч юм уу нүхээ булчихсан байсан бол миний ах амьд сэрүү байж байх ч юм билүү? Миний ах тэгж унаснаас болоод 80 настай ээж маань сэтгэл санааны гүн хямралд ороод саяхан унаад 49 хоног нь саяхан болж өнгөрсөн. Ар араасаа ойрхон манай гэр бүлийнхэнд хүнд гарз,  сэтгэл санааны хохирол маш их гарсан. Энэ захирлын ярьж байгаагаар бол 1 сая төгрөгийг надад ямар учиртай өгсөн юм бэ? гэхээр эднийд ажилладаг манай зээ дүү Д-н цалин буугаагүй. Тэр үед ямар ч мөнгө төгрөгийн боломжгүй байсан. Тэгээд энэ хүн дээр очоод би цалингийн урьдчилгаа авмаар байна мөнгө төгрөг их хэрэг болж байна гэж ярьсан байсан. Тэгэхэд миний дансыг аваад надад 1 сая төгрөг орж ирсэн нь үнэн. Тэгээд барааны үнэ ямар их үнэтэй болсон билээ. Хүн их орж ирсэн тэр болгонд нь тавгаа сэргээгээд ойр ойрхон дэлгүүр лүү хүүхэд гүйгээд юмаа авахуулсан. Тэгэхдээ өглөө сүү, сая төгрөг, овьёостой нэг уут чихэр зэрэг зүйлийг өгсөн. Гурил, ургамлын тос гэж сая хэлэх шиг боллоо. Тийм зүйл өгөөгүй. Буяны ажилд ямар маркийн машин гэнэ үү? өгсөн гэж байна. Тийм машиныг өгөөгүй. Би сумын Засаг дарга С руу шарил хийх машин тэрэг хэрэгтэй байна. Битүү унаа эмнэлгийн фургон машинаа өгөх боломж байна уу? гэж би өөрөө ярьсан. Тэгээд эмнэлгийн машиныг өгөөд бид нар өөрсдөө бензин тосоо хийгээд явсан. Миний сэтгэл санаа гүн хэцүү байгаа тул зарим юмнуудаа бас мартчихсан байгаа байх. Би энэ компаниас буяны ажил гаргасан хохирол дээр нь 04 сарын 10-ны үед би энэ өмгөөлөгчийг хөлсөлж авсан. Өмгөөлөгч бас 1.500.000 төгрөг гээд сая төгрөгийг нь бэлэн  өгсөн. 500.000 төгрөгийг нь эдний компаниас гаргуулах, хохирлын мөнгөнөөс авсан мөнгөнөөс энэ 500.000 төгрөгөө өгнө. Би энэ компаниас хохирлоо гаргуулахыг хүсэж байна. Манай зээ дүү энэ компанид ажилладаг болохоор зээгийнхээ ирээдүйг бодоод ядуу өрх толгойлсон ээжтэйгээ хамт амьдардаг.  Ингээд зээ дүүгээ бодохоор би энэ  залууд гомдолгүй гэж байгаа. Би түрүүн явж байсан чинь задлан хийсэн залуутай гудамжинд тааралдаад  өвөл чи манай талийгаачийн задлангаар ирсэн хүүхэд байна гээд мэнд усыг нь асуучихаад би өнөөдөр шүүх хуралтай гэсэн юм. Өвөл 60.000 төгрөг аваад ир, задлан хийх гэж байна гэхээр нь моорог дээр мөнгийг нь аваачиж өгсөн тэрийг хохиролдоо бичээгүй байгаа болдог юм уу? гэсэн чинь та хохирлоо гаргуулах гэж байгаа юм чинь болно гэж хэлээд задлан хийсэн Даваахүү эмчид өгсөн 60.000 төгрөг бичсэн байгаа. Нааш цаашаа явах унаанд өөрөө зардлаа өгөөд явж байгаа. Нэг явахдаа Шарга сум 80 км байдаг болохоор нэг талдаа 10.000 төгрөгөөр ирж, очих зардал 20.000 төгрөг гээд хувийн зардлаа бас түрүүн өгсөн материал дээр биччихсэн байгаа ... Нийт 4 сая гаруй төгрөг байгаа. Дээрээс нь өмгөөлөгчид 500.000 төгрөг дутуу өгчихсөн байгаа. Замын зардал орсон. Гэрээс хол явж байхдаа гуанзаар өдөрт явдаг. Тэр гуанзны хоолны мөнгө, такси барьж байгаа мөнгөө ерөөсөө бичихгүй байгаа. Нааш цаашаа явсан зардал энэ хүн дутуу өгсөн байгаа мөнгө, буяны ажилд зарцуулсан  гээд нийт 5.324.500 төгрөг нэхэмжилж байгаа ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...О-н Г нь миний нагац ах байгаа юм. Эхээс төрхийн л хөл дээрээ явж чаддаггүй мөлхөө байсан. Одоо 53 настай, эхнэр хүүхэд байхгүй ээжтэйгээ болон надтай бид гурав хамт амьдардаг байсан юм. Талийгаачийг манай ээж Д буюу талийгаачийн төрсөн дүү нь асарч халамжилдаг байсан ... Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчим талийгаач Г нь гэрээсээ гарч явсан. Өдөр 14 цагийн орчим манай нагац эгч А нь над руу утсаар яриад төрийн банкны хойно Г нүх лүү уначихсан байна гээд хүн яриад байна чи очоод үзээдэх гэхээр нь би очсон надтай зэрэг шахуу сумын эмч ирсэн бөгөөд эмч үзээд амьсгал хураасан байна гэдгийг хэлсэн ... Төрснөөс хойш хөлд ороогүй байнга мөлхөж явдаг, хэл яриа гайгүй хүнтэй ярьж ойлголцоод байдаг боловч ой санамж муутай, сэтгэл мэдрэлийн хувьд цоо эрүүл хүн биш ... Талийгаач нь өөрөө тэргэнцэртэй түүний дугуйг гараараа эргүүлээд явчихдаг бөгөөд түүнийг байнга араас нь дагаж явдаг хүн байгаагүй... Гудамж талбайд байгаа дулааны шугам тавьсан нүхийг булаагүйд жоохон харамсалтай байна. Одоогоос 2-3 хоногийн өмнө ирж хүмүүс нь үзээд шугамын ус алдалт байгаа эсэхийг шалгаад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

Гэрч Ш.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би талийгаачийн О.Г гэдэг нэрийг нь сайн мэдэхгүй манай сумынхан Т гэдэг байсан танина, садан төрлийн холбоо байхгүй ... 2021 оны 12 сарын 03-ны өдөр би Б.Б-н хамт сургууль дээр траншейны нүх шороогоор булаад байж байхад Т буюу Г ирээд юу байна, тамхи байна уу? гэхээр нь би тамхи татдаггүй болохоор байхгүй гэсэн. Харин Б нэг ширхэг тамхи өгсөн тэгсэн чинь Т би та хоёрт шороо хаяад өгье гэхээр нь чи яах вэ, бид 2 болж байна гэхэд Т тэрэгнээсээ буугаад мөлөхөөд траншейн луу худаг түшээд ороод ирсэн тэгэхээр нь бид 2 одоо болсон чи гар гэсэн чинь Т буцаад гарах гээд гарч чадахгүй болохоор нь Батсайхан очиход бүснээс нь өргөөд гарсан тэгээд бид хоёр хавтан буулгах гээд явсан тэгээд эргээд ирэхэд байхгүй байсан бид 2 үдийн цайндаа явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

Гэрч О.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... О-н Г нь миний төрсөн дүү байгаа юм. Эхээс төрхийн л хөл дээрээ явж чаддаггүй мөлхөө байсан. Одоо 53 настай, эхнэр хүүхэд байхгүй би ээжийгээ асарч хамт ирж очин байдаг юм. Талийгаач ээж хоёрыгоо би асарч халамжилдаг байсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би яг цаг хэд болж байгааг талийгаач Г нь гэрээсээ гараад би хойшоо явчихаад ирнэ гэхээр нь би чи даарна шүү гэж хэлсэн тэгээд би дэлгүүр орчихоод буцаж ирэхэд хашааныхаа наана байж байхаар нь би дэлгүүрээс авсан асаагуур өгөөд гэр лүүгээ авч орох санаатай надад тамхи байна, гэртээ орох уу гэхэд талийгаач надад тамхи байгаа гэхээр нь би за чи наанаа сууж байгаад тамхиа тат гэсэн тэгээд, ээжийн ундыг өгөөд гарч ирэхэд Талийгаач явчихсан байсан юм. Өдөр 14 цагийн орчим надад миний зээ болох Ц ирж Г нүх лүү уначихсан байна гэсэн тэгээд надаас түрүүлээд унадаг дугуй унаад явсан би араас нь очиход Төрийн банкны тэнд цагдаа байсан манай сумын эмч, манай хүү байсан тэгээд намайг оруулаагүй ...  Байнгын эмнэлгийн хяналтад байдаг бөгөөд түүнд хэрэгцээ шаардлагатай эм тариаг нь сумын эмнэлгээс үнэгүй өгдөг... Талийгаач нь өөрөө тэргэнцэртэй түүний дугуйг гараараа эргүүлээд явчихдаг бөгөөд түүнийг байнга араас нь дагаж явдаг хүн байгаагүй... Гудамж талбайд байгаа дулааны шугам тавьсан нүхийг булаагүйд жоохон харамсалтай байна. Уул нь нүхээ тойруулаад тэмдэг хаалт хийсэн бол манай талийгаач дүү орж болохгүй гэдгийг мэддэг байсан юм. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би талийгаачийг О.Г гэдэг нэрийг нь сайн мэдэхгүй манай сумынхан Т гэдэг байсан танина, садан төрлийн холбоо байхгүй. 2021 оны 12 сарын 03-ны өдөр би Б-н хамт сургууль дээр траншейны нүх шороогоор булаад байж байхад Т буюу Г ирээд юу байна, тамхи байна уу? гэхээр нь би нэг ширхэг тамхи өгсөн тэгсэн чинь за баярлалаа гээд би та хоёрт шороо хаяад өгье гэхээр нь чи яах вэ, бид 2 болж байна гэхэд Т тэрэгнээсээ буугаад мөлөхөөд траншейн луу худаг түшээд ороод ирсэн тэгэхээр нь бид 2 одоо болсон чи гар гэсэн чинь Т буцаад гарах гээд гарч чадахгүй болохоор нь би очоод бүснээс нь өргөөд гарсан тэгээд бид хоёр хавтан буулгах гээд явсан иргээд ирэхэд байхгүй байсан, бид 2 үдийн цайндаа явсан. Өдөр цайгаа уугаад буцаад ажилдаа явж байхад цагдаа үүгээр явж болохгүй та тойроод яв гэхээр нь би яасан юм бол гэж бодоод тойрч явсан. Тэгэхэд хүмүүс Т урд ухсан нүхэнд унаад өнгөрсөн байна гэж ярьж байсан. Би тухайн үеийн цагийг сайн мэдэхгүй байна, бид хоёр хойно очиж нэг хавтан тавиад ирэхэд 12 өнгөрөөд 13 цаг болж байсан тэгээд цайндаа бид 2 явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар тал/,

Гэрч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 12 сарын 03-ны өдөр би үдийн цайны цаг өнгөрөөгөөд ажилдаа орох гэж явахад 3-н жоохон хүүхэд ирээд энд Т уначихсан байна гэхээр нь наанаас нь очоод харсан. Тэгээд Т гээд дуудахад дуугарахгүй хөдлөхгүй байсан. Г ах ирээд орж хараад царай нь эвгүй болчихсон байна цагдаа дууд гэхээр нь би цагдаад мэдэгдсэн тэгээд цагдаа ирсэн дараа нь Г талийгаачийн эгчийнх хүүхэд Д ирж дараа нь сумын эмч ирж үзээд өнгөрсөн байна гэсэн ... Би ажилдаа ирэхдээ хараагүй хүүхдүүд хэлээд очиход талийгаачийн тэргэнцэр нь дулааны шугамын ухсан нүхний урд талд нэлээд зайтай тэргэнцрээ тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр тал/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “... 1. Талийгаач О.Г-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн булчинд цус хуралт, дагзны хэсгийн цусан бүлэн, хажуугийн ховдлын шингэн цус, тархины дагзны хэсгийн судасны тасралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Талийгаач О.Г-н биед учирсан гэмтэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаачийн цогцост  учирсан гэмтэл нь талийгаачийн үхэлд хүргэх шалтгаан болсон байна.

5. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Талийгаачийн цогцосноос авсан цусанд шүүх химийн шинжилгээгээр спиртийн зүйл илэрсэнгүй. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-59 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12 дугаар тал/

Говь-Алтай аймгийн Шарга сумын төвийг нэгдсэн халаалтын системтэй болгох ажлыг барих-ашиглах-шилжүүлэх-гүйцэтгэх онцгой эрх олгох концессын гэрээ /хавтаст хэргийн 92-99 дүгээр тал/,

Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Барилгыг дуусгах шатны үйл ажиллагааны чиглэлээр олгосон ********** дугаартай “**********” ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 100 дугаар тал/, 

Говь-Алтай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс “******”  ХХК-нд Говь-Алтай аймгийн Шарга сумын төвийн нутаг дэвсгэрт эрчим хүчний барилга байгууламж барих тухай 15/2021 дугаартай тусгай зөвшөөрлийн хуулбар /хавтаст хэргийн 101 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч  С.С /******* ХХК /-ын хийж гүйцэтгэж байсан Говь-Алтай аймгийн Шарга сумын төвийн нэгдсэн халаалтын системийн дулааны шугам угсралтын ажлын ухсан нүхэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн амь хохирогч О.Г нь унаж зүүн чамархайн булчинд цус хуралт, дагзны хэсгийн цусан бүлэн, хажуугийн ховдлын шингэн цус, тархины дагзны хэсгийн судасны тасралт гэмтэл буюу гавал тархины битүү гэмтэл авсны улмаас нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон...” бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1-д “Эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах” мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэг “Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана”, 27.5.1."Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, өөрийн харьяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад оролцох”, 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь хэсэг “Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” зэрэг тухайн аж ахуйн нэгж, компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахдаа баримтлах аюулгүй байдалтай холбоотой хүлээх үүргүүдийг хуульчлан зохицуулжээ. Гэтэл тус компани үйл ажиллагаа явуулсан дулааны шугам сүлжээний барилга угсралтын ажлын талбайд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан байхгүй, тухайн ажлын онцлогтой холбоотой дүрэм журам батлан мөрдөөгүй байна. Түүнчлэн дээрх үйл ажиллагаа явуулахдаа Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчмын  “хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах, барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх”, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан “барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах” үүрэгтэй гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад уг ажлын талбарт хүн, мал, амьтан унахаас сэргийлсэн хаалт, хашлага, анхааруулах тэмдэг тавьж, болзошгүй аюул ослоос сэргийлэх үүргээ биелүүлээгүйн улмаас Шарга сумын төвд байрлах сумын нэгдсэн дулааны шугамын ухсан нүх рүү бусдын тусламжгүйгээр өөрийгөө авч явах, хянах чадваргүй хөгжлийн бэрхшээлтэй буюу тэргэнцэртэй иргэн  О.Г нь унаж, гавал тархины битүү гэмтэл авсны улмаас нас барсан үйл явдалд шүүгдэгч нь хууль, захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай бөгөөд энэ нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн “...Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон...” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйл 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ. Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүйн эцэст гарч болох хор уршгийг мэдэж байсан боловч түүнийг гаргахгүй чадна гэж хөнгөмсгөөр найдах, мэдээгүй боловч хэргийн нөхцөл байдалтай холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг мэдэх ёстой, боломжтой буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрнэ. Шүүгдэгчийн тухайд түүний үйл ажиллагаа явуулсан ажлын талбар нь өөрөө бусдад аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэдгийг мэдэх боломжтой байсан гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээр хуулиар хүлээсэн үүргээ эс биелүүлсний улмаас хүний амь нас хохироосон эс үйлдэхүйг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь  хэсэгт “хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасан тул Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Н.Гэрэлтуяагийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 146 дугаар тал/, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Барилгыг дуусгах шатны үйл ажиллагааны чиглэлээр олгосон *********** дугаартай “***********” ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 100 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч С.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр  3 (гурав) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.С-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Г-н амь нас хохирч, хохирогч О.А  5,324,500 (таван сая гурван зуун хорин дөрвөн мянга таван зуу) төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдсон 4,828,450 (дөрвөн сая найман зуун хорин найман мянга дөрвөн зуун тавь) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчийн төлсөн 1,000,000 (нэг сая) төгрөгийг хасаж, 3,828,450 (гурван сая найман зуун хорин найман мянга дөрвөн зуун тавь) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож, 496,050 (дөрвөн зуун ерэн зургаан мянга тавь) төгрөгийн нэхэмжлэл болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлт, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 1,000,000 (нэг сая) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогтой С-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ялыг оногдуулахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч С.С-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.С-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч О.А-н нэхэмжилсэн 5,324,500 (таван сая гурван зуун хорин дөрвөн мянга таван зуу) төгрөгийн нэхэмжлэлээс 3,828,450 (гурван сая найман зуун хорин найман мянга дөрвөн зуун тавь) төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож, 496,050 (дөрвөн зуун ерэн зургаан мянга тавь) төгрөгийн нэхэмжлэл болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 1,000,000 (нэг сая) төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА