| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 110/2023/0022/З |
| Дугаар | 221/МА2023/0669 |
| Огноо | 2023-11-09 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2023/0669
Ш.М, М.Г нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч М.Г*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.М, М.Г нар
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга
Гуравдагч этгээд Ү.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ү.Б ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх тухай захиргааны акт гаргахыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар шийдвэр
Хэргийн индекс: 110/2023/0022/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.М, М.Г нар нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргад холбогдуулан Алтай сумын Засаг даргын газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ү.Б ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх тухай захиргааны акт гаргахыг даалгах”-аар маргасан байна.
2.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар шийдвэрээр:
“...Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.10-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.М, М.Г нарын Алтай сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Алтай сумын А.Асетын газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг дарга А.Асетэд Ү.Б ийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх тухай захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч М.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“... Нэхэмжлэгч Ш.М******* нь Алтай сумын Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 161 дугаартай захирамж, газар эзэмших эрхийн 000633457 дугаартай гэрчилгээ зэрэг эрх бүхий шийдвэрээр “Бардамын голын хонд” гэх газрыг хаваржааны зориулалтаар Алтай сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийдвэр, газар эзэмших эрхийн 0305312 дугаартай гэрчилгээ ёсоор "Бардамын сээр өтөг" гэх газрыг өвөлжөөний зориулалтаар тус тус эзэмшдэг малчин өрх байгаа юм.
Нэхэмжлэгч М.Г******* миний бие Алтай сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/42 дугаартай захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу “Бардамын хонтой толгой” гэх газрыг хаваржааны зориулалтаар хууль ёсоор эзэмшдэг юм.
Гуравдагч этгээд Ү.Б гэгч 2021 оноос хойш “Бардамын сээр өтөг” гэх газарт эрх бүхий байгууллагын шийдвэргүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд огт тусгагдаагүй байхад дур мэдэн хашаа хороо барьж, олон тооны малтай өвөлжиж хаваржааны газар нутгийг бэлчээрийн зориулалтаар ашиглах эрхэд саад учруулж байна.
3.2.“...Гуравдагч этгээд Ү.Б ийн хувийн хашаа хороо барьж, өвөлжөөний зориулалтаар ашиглаж буй “Бардамын сээр отог” гэх газар нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, иргэдэд эзэмшүүлэх, ашиглуулахаар газар зохион байгуулалтын 2021, 2022, 2023 онуудын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхээр заагдсан байна” гэснийг зөрчсөн.
Ү.Б нь “Бардамын сээр отог” гэх газар эрх бүхий этгээдийн шийдвэргүй газар эзэмших эрх үүсээгүй байхад дур мэдэн өвөлжөө барьсан үйлдэл нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.1-д заасан “... Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэснийг зөрчиж хууль бусаар газар эзэмшиж байгаа нь тогтоогдсон.
Гуравдагч этгээд Ү.Б нь ямар нэгэн шийдвэргүй, эрхийн гэрчилгээгүй газар эзэмшиж байгаа үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Газрыг зохих зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэснийг, мөн хуулийн 27.4-д заасан “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг ноцтой зөрчиж байгаа нь нотлох баримтаар батлагдсан, гуравдагч этгээд шүүх хуралдаанд өгсөн тайлбараар хүлээн зөвшөөрсөн.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал газар эзэмшигч иргэнтэй гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэснийг зөрчиж, Ү.Б нь “Бардамын сээр өтөг” гэх газарт дур мэдэн хууль бусаар хашаа хороо зэрэг үл хөдлөх хөрөнгө барьж ашиглаж байгаа нь хэргийн нотлох баримтаар батлагдсан байгаа.
3.3.“...Хариуцагч Алтай сумын Засаг дарга Асет нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дах хэсгийн 20.2.1 дэх хэсэгт зааснаар "Газрын тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах" 20.2.2 дахь хэсэгт заасан "Газрын тухай хуулийн биелэлтийг хангаж, хяналт тавих, зөрчлийг арилгах" үүргийг хэрэгжүүлэхгүй, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасан газар эзэмших, ашиглах талаар гарсан иргэн Ш.М*******, М.Г*******, Ү.Б нарын хоорондын газрын маргааныг шийдвэрлэхгүй байгаа, зохих шийдвэр гаргахгүй байгаа "эс үйлдэхүй" тогтоогдсон байна.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д "Зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан, бусад хэлбэрээр дур мэдэн эзэмшсэн бол сумын Засаг дарга газрыг чөлөөлөх арга хэмжээ авах, мэдэгдэл өгөх үүрэгтэй” гэж заасан юм. Гэтэл хариуцагч Алтай сумын Засаг дарга Асет нь дур мэдэн зөвшөөрөлгүй хашаа, хороо барьж, хууль бус газар эзэмшиж байгаа Ү.Б ийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, газар чөлөөлөх мэдэгдэл өгөхгүй байгаа нь үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэл болсон.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасан "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол сумын Засаг дарга газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах гэснийг ноцтой зөрчиж, Засаг дарга "Шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус" гэж үзэх байна.
Газрын тухай хуулийн 56.5 дугаар зүйлд “Зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн ...газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн тохиолдолд газар чөлөөлөх үүрэгтэй" гэж заажээ. Гэтэл Засаг дарга Асет нь зохих зөвшөөрөлгүй хашаа хороо барьсан Ү.Б т давуу байдал олгож “Газрыг чөлөөлөх мэдэгдэх хуудас өгөх, газрыг чөлөөлөх" шийдвэр гаргахгүй байгаа нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлээгүй Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасан "Албадан нүүлгэх чиг үүрэг”, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан “Зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг албадан нүүлгэх мэдэгдэл өгөх үүргийг", 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар Албадан нүүлгэх шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа үйлдэл нь хууль бус бөгөөд эдгээр үндэслэлүүд нь нэхэмжлэгч Ш.М, М.Г нарын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Ү.Б ийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгах, түүний эзэмшиж буй газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгуулах тухай М.Г*******ын өргөдлийн хариунд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 219 дүгээр албан бичгээр “…маргаан бүхий газрын эзэмшлийн талаар гурван шатны шүүхийн шийдвэр гарсан…” гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгснийг хууль бус гэж үзэхгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.
Тухайлбал Ш.М*******гийн нэхэмжлэлтэй, Ү.Б т холбогдох тус сумын 5 дугаар багийн нутаг “Бардамын Сээр өтөг” гэх газарт барьсан өвөлжөөний байшин, татсан хашаа, малын саравчтай хашаа хороог тус тус албадан буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 26 дугаар магадлалд “…нэхэмжлэгч Ш.М*******г хариуцагч Ү.Б ийн хашаа, байшин барьсан Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багийн нутаг “Бардам сээр өтөг”, “Бардам голын хонд” гэх газрын өмчлөгч, эзэмшигч, хуульд болон гэрээнд зааснаар хууль ёсоор ашиглаж буй этгээд биш, түүнчлэн тус газар нь нэхэмжлэгчийн өвөлжөө, хаваржааны зориулалтаар тус тус эзэмшиж байгаа 700 м.кв газартай давхцаагүй…”;
-Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 748 дугаар тогтоолд “…Ү.Б нь бэлчээрийн зориулалттай газрыг зохих зөвшөөрөлгүй ашигласнаас нэхэмжлэгч Ш.М*******гийн мал бэлчээхэд саад болж байгаа, өөрөөр хэлбэл тухайн бэлчээрийн даац хэтэрснээс малын хөлөөс чөлөөлөх зайлшгүй шаардлага бий болсон бол энэ тухай багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулахаар, тохиролцоогүй тохиолдолд Засаг дарга шийдвэр гаргах ба шийдвэрийг биелүүлэхийг шаардаж шаардлага гаргаж шүүхэд хандах эрх бүхий этгээд нь хуульд зааснаар тухайн сумын Засаг дарга байна…” гэж тус тус дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
2.Нэхэмжлэгч Ш.М*******гийн тухайд газрын давхцалтай эсэх талаар нэгэнт шүүхийн хуулийн хүчин төгөлдөр магадлал, тогтоолоор эцэслэн дүгнэсэн, харин нэхэмжлэгч М.Г*******ад өвөлжөөний зориулалттай эзэмшүүлсэн 700 м.кв газартай гуравдагч этгээдийн зохих зөвшөөрөлгүйгээр барьсан малын хашаа, хорооны газар давхцалгүй, хоорондоо 500 орчим метрийн зайтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй энэ тохиолдолд бэлчээрийн газар ашиглах эрх зөрчигдсөн гэх давж заалдах гомдлын үндэслэл нь шийдвэрийг хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй.
Мөн Ү.Б ийн газар эзэмшиж ашиглаж байгаа үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэнтэй нийцэхгүй боловч энэ нь давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.
Учир нь Газрын тухай хуульд бэлчээрийн газрыг нийтээр хэрхэн ашиглах, сумын иргэдийн Хурал, Засаг дарга энэ хүрээнд ямар эрх хэмжээ, чиг үүрэгтэй болох, бэлчээртэй холбоотой маргааныг хэрхэн шийдвэрлэх талаарх зохицуулалтыг тус тус шүүхийн шийдвэрт тодорхой дурдсанаас гадна гуравдагч этгээдийн байшин, малын хашаа, хороо саравч барьсан газрыг нэхэмжлэгчдэд ашиглуулахаар шийдвэр гараагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаар газар албадан чөлөөлөх захирамж гаргахыг хариуцагчид даалгах боломжгүй.
3.Дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг” төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалтайгаар нийтээр ашиглана, 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана”, 52.10-т “Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Алтай сумын Засаг даргын хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой нийтээр ашиглах бэлчээрийн газраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гуравдагч этгээдээс газрыг албадан чөлөөлөхийг түүнд даалгахгүй.
Хэдийгээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан ч энэ тохиолдолд бэлчээрийн газрыг нэхэмжлэгчид ашиглуулах зорилгоор гуравдагч этгээдэд мэдэгдэл өгч, газрыг чөлөөлөхгүй байгаа үйлдлийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Гэхдээ ийнхүү дүгнэж буй нь Газрын тухай хууль, тогтоомжийг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн байшин, малын хашаа хороо барьсан гуравдагч этгээд Ү.Б ийн үйлдлийг зөвтгөж буй хэрэг огт биш бөгөөд харин ч энэ талаар холбогдох шийдвэр гаргах хариуцагчийн эрх хэмжээг шүүхийн шийдвэр, магадлал хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Г давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН