Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/00221

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            16                                          001/ХТ2021/00221

 

 

 

........... ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01442 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1656 дугаар магадлалтай,

 

........... ХХК-ийн нэхэмжлэлтэй

..........., ...........нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 57 248 762 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч ...........ы гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ........... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ..........., ...........нар нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 15/057 тоот эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар бизнесийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, 25 000 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээл авсан. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, зээл, зээлийн хүүний төлбөрийн хуваарийг зөрчсөөр 2015 оны 12 дугаар сараас хойш зээлийн төлөлт огт хийгдээгүй. Өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 24 230 907.54 төгрөг, зээлийн хүү 33 017 855.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 391 728.03 төгрөг, нийт 61 640 490.60 төгрөгийг ..........., ...........нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон /18140/, Баянхошуу гудамж 12-р байр, 144 тоот хаягт байршилтай ...........улсын бүртгэлийн дугаартай, 30 мкв талбайтай, нэг өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ээжтэйгээ хамтран хүнсний дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьж ашиглалтад оруулж ашгаар нь зээлийн төлбөрийг төлөх зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ........... ХХК-аас 25 000 000 төгрөг зээлж үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь үнэн. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс ээж Ж.Цэцгээгийн биеийн байдал эрс муудан, хэвтэрт орж байнгын асаргаа шаардлагатай болж бид дэлгүүр ажиллуулан хамтран ажиллах зорилгоо биелүүлэх боломжгүй болсон. Ингээд ........... ХХК-ийн зээлийн эдийн засагч дээр очиж уулзан гэрээгээ цуцалж, үлдэгдэл тооцоогоо нийлэх хүсэл зоригоо илэрхийлсэн. Дэлгүүр баригдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ одоогоор гараагүй байгаа. Гэвч хариу хэлэхгүй байсан тул ........... ХХК-ийн төв дээр очиж хэд хэдэн удаа хариуцсан ажилтнуудтай уулзахад ..байрыг чинь хурааж авна.. гэдгээс өөр хариу өгөөгүй. Ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаанаар зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын сүүлээр нэг талын санаачлагаар цуцалсан атал 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ........... ХХК нь зээлийн хүүгийн хэмжээнд 28 599 730.95 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлээр зээлийн хүүг 33 017 855.03 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Зээлийн гэрээнд зааснаар нэг жилийн хүү 35.4 хувийн хүүтэй байсан тул гурван жилээр тооцоход 26 550 000 төгрөгөөс давж гарах үндэслэл байхгүй. Бид 4 142 583 төгрөг төлсөн. 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хамгийн сүүлийн төлөлтийг хийж гэрээг цуцалсан. Иймд ........... ХХК үндэслэлгүй тооцоо гарган мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ээж маань бөөрний дутагдал гэсэн оноштой 2015 оны 11 дүгээр сараас Нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-д хагалгаанд орж эмчлүүлсэн. Одоогоор хөдөө агаарт байнгын хэвтэрт эмчлүүлж байна. Эмчилгээ хагалгааны зардал 75 000 000 орчим төгрөг болсон. Үүнээс гадна эм тариа бусад зардал байнга гардаг. Би өөрөө 2016 онд хоёр ихэр, 2018 онд хоёр ихэр хүүхдүүд төрүүлж ажил хийх боломжгүй, ээжийгээ асраад хүнд нөхцөлд амьдарч байна. Иймд бидний байдлыг ойлгож зээлийн гэрээ 2015 оны 12 дугаар сард нэг талын санаачлагаар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлагдсан байх тул шүүхээс тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01442 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........., ...........нараас зээлийн гэрээний үүрэгт 57 248 762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........... ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ..........., ...........нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцааны гэрээнд заасан Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Хилчин хотхон /18140/, Баянхошуу гудамж 12-р байр, 144 тоот хаягт байршилтай ...........улсын бүртгэлийн дугаартай, 30 мкв талбайтай, Ж.Цэцгээгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ........... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 536 355 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ..........., ...........нараас улсын тэмдэгтийн хураамжид 444 194 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ........... ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1656 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ........... хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч дараахь үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: 1.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч ...........ны нэхэмжлэлтэй ..........., ...........нарт холбогдох иргэний хэргийг 2019 оны 06 сарын 21-ний өдөр шийдвэрлэхдээ хариуцагч надад утсаар хурлын өмнөхөн буюу 3 хоногийн өмнө мэдэгдсэн ба тухайн үед ээж ...........нь Ховд аймагт нэгдсэн эмнэлэгт бие нь муу яаралтай хүнд хагалгаа /элэгний ус авах/ хагалгаанд орох болсон талаар аймгаас надад мэдэгдсэн. Үүнийгээ би шүүгчийн туслах Хишигсүрэн гэх залууд хурлын өмнө өдөр хуралд оролцохгүй болсон тухайгаа хэлж хойшлуулж өгөхийг хүсэхэд таны тэр чинь хамаагүй хүндэтгэн үзэх шалтгаан биш нотлох баримт байхгүй бол хамаагүй гэсэн. Тэгээд л тэр үед надгүйгээр хурал нь болсон юм. Шүүх хэргийг шийдэхдээ хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ........... 2019 оны 6 сарын 12-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурж, хурлын тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй байна гэжээ. Тэгтэл хариуцагч надад үнэхээр яаж ч болохгүй хүндэтгэн үзэх шалтгаантай ээжийн маань бие муу хүнд хагалгаанд орж байхад хурлын товтой танилцсан байна хэмээн намайг хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй гэж дүгнэн шүүх хуралд оролцох эрхийг минь хангаагүй мөн өөрийнхөө тайлбарыг нотлох баримт гаргаж өгөх ч боломжоор хангаагүй шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 25, 26, 38.1-д заасан оролцогчийн эрхийг минь эдлүүлээгүй зөрчсөнд гомдолтой байна. 2. Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй. Учир нь тооцооллын зөрүү 10 714 363 төгрөг байхад нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнг бодож ч үзэлгүй ханган шийдвэрлэжээ. Тухайлбал: нэхэмжлэгч үндсэн зээл 24 230 907.54, хүү 33 017 855.03төгррөг гээд нийт 57 248 762 төгрөг болно гаргуулна гэсэн байна. Гэтэл 25 000 000 төгрөгийн 36 сарын хүү нь 26 550 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс өөрийн төлсөн 4 246 508 төгрөгийг хасахаар 22 303 492 төгрөг болж буй атал 33 017 855 төгрөг гэж нэхэмжлэгчийн хүү тооцсон тооцооллоор гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргаж гэж үзэхээр байгаа тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Өөрөөр хэлбэл ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой байдлаар дүгнэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэстэй. Тэгтэл давж заалдах шатны шүүх түүнийг зөвтгөлгүй шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймээс шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ........... ХХК нь хариуцагч ..........., ...........нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61 640 490 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр зээлийн үүргийг 57 248 762 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2015 оны 12 сард гэрээ цуцлахыг мэдэгдсэн байхад банк шүүхэд хандаагүй, үүнээс хойшхи хүүг төлөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2015 оны 01 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний төрөл, барьцааны гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлдэгч нарын биелүүлэх үүргийн хэмжээ, барьцааны зүйлээс үүргийг хангуулах зэрэг эрх зүйн асуудлаар хоёр шатны шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, маргаантай эрх зүйн харилцаанд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 175 дугаар зүйлийн 175.1-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ. Хариуцагч ...........ы гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

 

Хэрэгт байгаа баримтын хүрээнд ........... ХХК нь 25 000 000 төгрөгийг зээлдүүлэх, ..........., ...........нар зээлийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч, хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээсэн, зээлдүүлэгч мөнгийг шилжүүлж үүргээ биелүүлсэн, зээлдэгч нар 5 015 600 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй, гэрээний хугацаа дууссан үйл баримт тогтоогджээ.

 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

........... болон ..........., ...........нар зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Ж.Цэцгээгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж, 12 дугаар байр, 144 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийг хангуулахаар тогтоосон нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцжээ.

 

...........инд хандаж, ...........ы зүгээс 2015 оны 8 сарын 25, 12 сарын 22, 29-ний өдөр гаргасан хүсэлтээс /хх-41-42/ үзэхэд гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөх төлбөрийг хойшлуулах агуулгатай байх ба гэрээ цуцлахыг мэдэгдсэн, нөгөө тал хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна. Гэрээний хугацаа 2018 оны 1 сард дууссанаас хойш хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй, зээлийг ашигласан хэвээр байгаа бөгөөд хэтэрсэн хугацааны хүү төлөхгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүх зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01442 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1656 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч ...........ы гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 186 379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.СОНИНБАЯР

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                              Г.ЦАГААНЦООЖ

                            

                                                                                               Д.ЦОЛМОН

 

                                                                                               П.ЗОЛЗАЯА