Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/232

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Төрболд   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П

Шүүгдэг Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:   

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-д холбогдох эрүүгийн 2021003530261 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт, мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа алт мөнгөний дархан хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дүгээр баг Хан-Уулын ....тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э /РД: ЖВ ................./.

Шүүгдэгч Э нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 08 цагийн орчим Дорнод аймгийн .............сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “.........” гэх газарт өөрийн өмчлөлийн Тоёота Королла Спасио маркийн ..................ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож улмаар зорчигч Э /08 сар, эр/ нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:            

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ зөвшөөрч байна. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Надад гаргах гомдол санал байхгүй. Мэдүүлэг гаргах зүйл байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... сум руу явж байхдаа замдаа ...........сумын 1 дүгээр баг “......” гэх газарт явж байгаад машин гэнэт шарваад жолоодлого алдаад би Т гээд орилсон, тэгэхэд өнхөрч байгаа юм шиг санагдсан. Ухаан ортол манай машин хажуу талаараа харчихсан, би суудлын бүснээс дүүжлэгдээд байж байсан. Тэгсэн чинь манай бага охин Э чанга орилоод уйлчихсан, бие нь бүсэлхийнээсээ доошоо машинд даруулчихсан байсан. Эхлээд манай нөхөр машинаас гараад дараа нь би бүсээ тайлаад дотор талаас нь, Э гаднаас нь машинаа өргөсөн чинь дийлээгүй. Дараа нь ахиж өргөөд том хүү Э дүүгээ татаж гаргаарай гэж хэлээд гаргаж авсан.  ...талийгаач хүүгээ хаана байна гэж хайгаад хартал хүү маань зүүн урд зүгт шидэгдчихсэн байсан. ...манай нөхрийн дүү З охины үсний найр .............. суманд болж манай гэр бүлийг урихаар нь очих гээд явж байсан юм. ...надад нэхэмжлэх гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 11, 15-16/

Насанд хүрээгүй гэрч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлээрээ ээж, аав, дүү нарынхаа хамт ...... сум руу явж байсан юм. Замд явж байхад машины үрүүл гэнэт далийгаад бид нар хашгиралдаад, замаасаа гараад машин өнхөрчихсөн. Тэгээд би ухаан алдсан юм шиг байсан. Сэрээд би машинаас мөлхөж гарсан, тэгсэн чинь миний толгойноос цус гарчихсан тэгэхлээр нь би цусаа арчаад машин руугаа харсан чинь дүү Э машины дор хөл нь дарагдчихсан байсан. Би дүү Энхцацралын хамт зам руу гараад Портер зогсоогоод ээж П , талийгаач дүү Э хоёрыг түрүүлээд аймгийн эмнэлэг явуулсан. Дараа нь зам дээр олон машин зогсоод машиныг маань босгоод дүү Э, Э бид гурвыг өөр машинд суулгаад аваад явсан. Аав машиныхаа хажууд үлдсэн. Манай аав, ээж хоёр хэрэлдээгүй, зүгээр явж байсан. Аав машин жолоодож байхдаа архи уугаагүй, урд талын суудал дээр аав, ээж дүүг өвөр дээрээ суулгаад суудлын бүс зүүчихсэн явж байсан. Харин ар талын суудал дээр Э, Э бид 3 суудлын бүс зүүгээгүй явж байсан...” гэжээ. /хх-ийн 17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн ..... тоот дүгнэлтэд:

1. Талийгаач Э цогцост гавлын титэм заадас салж зөрсөн, баруун зулайн заадсаас арагш дагзны төвгөр хүрсэн шугаман хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун шанаа, дагз, баруун чамархай, чихний дэлбээний олон тооны зүсэгдсэн шарх, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гавал тархины битүү гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаачийн цус нь 1-р бүлгийн харъяалалтай байна.

5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6. Талийгаач Э нь гавлын титэм заадас салж зөрсөн, баруун зулайн заадсаас арагш дагзны төвгөр хүрсэн шугаман хугарал, их тархины баруун зүүн талын бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /хх-ийн 18-21/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ..... тоот дүгнэлтэд:

            Хариулт-1: Жолооч Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

            Хариулт-2: Хэргийн материалд авагдсан зам тээврийн ослын бүдүүвч зурагт тээврийн хэрэгслийн тоормосны мөр илрээгүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

            Хариулт-3: Цагдаагийн байгууллагын туслах тоо бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас Э нь /ЖВ.............../ дугаараар лавлагааг шүүж үзэхэд В ангиллын 975.... дугаарын эрхийн үнэмлэхтэй байх бөгөөд хүчинтэй байна.

            Хариулт-4, 5: Хэрэг болсон газарт очсон замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын Toyota corolla spacio маркийн ...............ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой байна.

            Хариулт-6: Жолооч Э нь хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний эрчим, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож яваагүйн улмаас осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна.

            Хариулт-7: Шинээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно. гэжээ. /хх-ийн 30-31/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн .... тоот “Э биеэс авсан гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/

Э мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар тодорхой ярьсан. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 70-71/

Э мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэгтээ: “...сум руу явж байх замдаа .............сумын 1 дүгээр баг “ ” гэх газарт ..... ДОР улсын дугаартай Toyota corolla spacio маркийн тээврийн хэрэгслийн урд талын /жолооч талын/ дугуй гэнэт өргөгдөөд машин жолоодлогогүй болоод зүүн гар тийшээ шороон зам дээр шарваад, жолооч талын урд талын дугуй хагараад ертөнцийн зүгээр шороон замын баруун тал руу өнхөрч ойчсон. Тэгээд машин өнхөрсний дараа хүүхдүүдээ цуглуулахад талийгаач хүү маань байхгүй байхаар нь харсан чинь машин анх шороон зам дээрээс унаад өнхөрч эхэлсэн газар дээшээ хараад хэвтэж байсан. ...Удалгүй Баян-Уул сумаас Дорнод аймаг руу явж байсан хоёр машин зогсоод эхнэр хүүхдүүдийг маань аваад явсан. Тухайн үед сандарсан байсан болохоор ямар машин байсныг нь санахгүй байна...” гэжээ. /хх-ийн 13-14/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-09/       Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26/          

Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 32/                                                               Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 33/                                                   Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 34/

Э төрсний болон нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 77-78/

“Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-64/

Э жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 83/

Э иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 84/

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 85/                                                             Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 86/                                                         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Э нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 08 цагийн орчимд Дорнод аймгийн .............сумын ...дүгээр багийн нутаг “.........” гэх газарт өөрийн өмчлөлийн Toyota Corolla Spacio маркийн ............ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, Э- н амь насыг  хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П “...машин гэнэт шарваад жолоодлого алдаад би Төрөө гээд орилсон, тэгэхэд өнхөрч байгаа юм шиг санагдсан. Ухаан ортол манай машин хажуу талаараа харчихсан, би суудлын бүснээс дүүжлэгдээд байж байсан. ...талийгаач хүүгээ хаана байна гэж хайгаад хартал хүү маань зүүн урд зүгт шидэгдчихсэн байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн .... тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 28 тоот, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн .... тоот дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураглал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Э нас барсны гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Эрүүгийн 2021003530261 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч Э нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч Э нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  Э-н биед гавлын титэм заадас салж зөрсөн, баруун зулайн заадсаас арагш дагзны төвгөр хүрсэн шугаман хугарал, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун шанаа, дагз, баруун чамархай, чихний дэлбээний олон тооны зүсэгдсэн шарх, духны зулгаралт гэмтэл учруулж, уг гэмтлийн улмаас Э нас барсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн задлан шинжилгээ хийсэн .... тоот дүгнэлт, Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн .... тоот, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн .... тоот дүгнэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв

Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Э анх удаа гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э хувийн байдлын тухайд тэрээр .... настай, хувиараа алт мөнгөний дархан хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Э тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг 3  жилийн хугацаагаар тогтоолоо.

Энэ гэмт хэргийн улмаас Э амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Э тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э-д тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э –н ЖВ ....... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.ПАГМА