Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2019/ДШМ/37

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 17 өдөр                       

2019/ДШМ/37                                    Зуунмод

 

 

С.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч С.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 2019/ШЗ/296 дугаар шүүгчийн захирамжтай С.Г-т холбогдох 1934000350071 дугаартай 1 хавтас, 213 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот ... тоот хаягт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.Г , /РД:В....13/.

 

Шүүгдэгч С.Г  нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тахилтын давааны өвөр гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу чиглэлтэй хатуу хучилттай асфальтан замын 117 дугаар километрийн заалтын шонгийн орчим 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 76-60 ОРХ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл. хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 76-83 УНР улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн О.Энхболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Энхжаргалангийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

  Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 2019/ШЗ/296 дугаар шүүгчийн захирамжаар:

  Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.Г ын №1090842 дугаарын жолооны үнэмлэх, №01812223 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор И.Мөнхцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “ .. С.Г  нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тахилтын давааны өвөр гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу чиглэлтэй хатуу хучилттай асфальтан замын 117 дугаар километрийн заалтын шонгийн орчим 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 76-83 УНР улсын дугаартай Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар " Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 76-60 ОРХ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн О.Энхболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн М.Энхжаргалангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн санаачлагаар болон яллагдагчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн хүсэлтээр зарласан урьдчилсан хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол гэж" үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ.

1."Бэст эстимэйт" ХХК-ний үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ, түүний хүчинтэй эсэх талаар мөрдөгч танилцаад шинжээчид тогтоол болон хууль сануулсан тэмдэглэлийг танилцуулж улмаар шинжээч дүгнэлтээ гаргасан байх бөгөөд энэ талаархи баримт хэрэгт авагдсан байна. Иймд "Бэст эстимэйт" ХХК нь үнэлгээ хийх эрхтэй гэдэг нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

2.76-60 ОРХ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Бархасын мэдүүлэг, хохирогч М.Энхжаргалан, Э.Батсамбуу, гэрч О.Энхболд нарын мэдүүлгээр шатахуун түгээх станцын дэргэдээс хот руу явахаар нэг талаас хот руу явах хүсэл, зоригоо илэрхийлсэн иргэд нөгөө талаас тээврийн хэрэгслийн жолооч нарын хоорондоо хэлцэл хийж харилцан тохиролцон замд гарсан нь тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйл явдал болсон байх бөгөөд энэ нь эрүүгийн гэмт хэрэг гарах болсон шалтгаант холбоотой өчүүхэн төдий ч хамааралгүй юм. Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар Авто тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчөөгүй болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан "Нотолбол зохих байдал"-ыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар бүрэн нотолж тогтоосон.

3.Тоёота Приус маркийн 76-83 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь "Тайгын булаг" компаний нэр дээр байх бөгөөд С.Г  нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Мөнгөнцэцэгээс тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний дагуу эрхээ шилжүүлж авч хэлцэл хийсэн болох нь яллагдагч С.Г , гэрч Мөнгөнцэцэг нарын мэдүүлэг, гэрч Б.Баттөмөрийн "...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Мөнгөнцэцэг нь зээл төлөх үндсэн үүргийг гүйцэтгэх зорилгоор манай компаний өмчлөлд шилжүүлсэн өөрөөр хэлбэл унаж явах зорилготой зээлийн барьцаанд тавьсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1691452 төгрөгийг төлж зээлээ бүрэн төлж хаасан. Одоо Мөнгөнцэцэг манайд өр төлбөргүй. Бодит байдал дээр уг тээврийн хэрэгсэл нь манайд ямар ч хамаагүй Мөнгөнцэцэгийн эзэмшлийнх юм." гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнгөнцэцэгийн "... уг 76-83 УНР улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг би хамгийн анх 2017 оны 09 сард худалдаж аваад дараа нь 2018 оны 01 дүгээр сард Тайгын булаг ББСБ-д 1 жилийн хугацаанд барьцаанд тавьж 7 сая төгрөг зээл авсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нөхрийн найз С.Г надаас уг тээврийн хэрэгслийг 13000000 төгрөгөөр худалдан авахаар тохирч тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 1940000 төгрөгийг төлж, дараа нь cap бүрийн 30-ны өдөр 600000 төгрөг төлж 2019 оны 06 дугаар сарын 30-ны дотор бүх үлдсэн мөнгөө надад төлж дуусгана гэж гэрээ байгуулсан. Тэгэхээр нь би С.Г аас авсан 1940000 төгрөгөөс  маргааш нь 1693000 төгрөгийг Тайгын булаг ХХК-ний данс руу шилжүүлж Тайгын булаг ББСБ-тай тооцоогүй болсон. Гэхдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр миний биш Тайгын булгийн нэр дээр байсан. Харин бодит байдал дээр С.Г  надаас худалдаж авсан гэхдээ төлбөрөө төлж чадаагүй байсан юм..." гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдох бөгөөд прокуророос Мөнгөнцэцэгийг гэрчээр оролцуулах саналаа шүүхэд албан ёсоор тавьсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх шийдвэрлэх боломжтой байх тул Мөнгөнцэцэгийг иргэний хариуцагчаар тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 296 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбар, саналдаа: “... шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Г  гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Аймгийн прокурорын газраас С.Г ыг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар " Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино." гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж О.Энхболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Энхжаргалангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

       

Мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтэнд яллаж байгаа гэмт хэргийн агуулгыг буруу бичсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцээгүй байна. Түүнчлэн шүүгчийн захирамжинд дурьдагдсан бусад ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж  үзлээ.

Харин тухайн хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-95-96/ үйлдсэн байх ба энэ хүртэлх хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн хохирогчоос авсан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоолууд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн үеийн хэргийн зүйлчлэлээр бичигдсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй болохгүй.

Иймд С.Г-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин хэргийг хянан шийдвэрлэх явцад доорх алдаа зөрчил байгааг анхаарах нь зүйтэй байна. Үүнд:

-мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Эрдэнэсүх тээврийн хэрэгслийн эзэмшигч, эсхүл хөндлөнгийн гэрч оролцуулалгүй тухайн 2 тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг нь /хх-4.5 хуудас/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн.

-шүүгчийн захирамжинд хохирогч М.Энхжаргалангийн нэрийг буруу бичсэн.

  -анхан шатны шүүх уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр /хх-211 хуудас/ хүлээн авч, хэргийг давж заалдах шатны шүүхэд  2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн хуулийн хугацааг  хэтрүүлсэн байх тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хугацааг баримталж ажиллах шаардлагатай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 296 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор И.Мөнхцэцэгийн бичсэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Хэргийг прокурорт очтол С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧИД                                                        Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                           Г.БОЛОРМАА