Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0683

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

             Х.Б нэхэмжлэлтэй

       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Б

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний 43.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын 10 хувь буюу 4.300.000 төгрөгийг олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус, олгох захиргааны акт гаргахыг Баянгол дүүргийн Татварын хэлтэст даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний  өдрийн 676 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2023/0425/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Б Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний 43.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын 10 хувь буюу 4.300.000 төгрөгийг олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус, олгох захиргааны акт гаргахыг Баянгол дүүргийн Татварын хэлтэст даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний  өдрийн 676 дугаар шийдвэрээр: 

“Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Орон сууц худалдан авахад зарцуулсан 43.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын хөнгөлөлт олгохгүй байгаа хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01/507 дугаар татгалзал хууль бус болохыг тогтоож үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад зарцуулсан 43.000.000 төгрөгийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уртнасан дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0676 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “...тухайн тайлант хугацаанд албан татвар ногдуулах орлого олоогүй бол татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй" гэх хариу нь хууль зүйн үндэслэлгүйн дээр Татварын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 05/557 дугаар албан бичигтэй агуулгын хувьд зөрчилтэй, ...үндэслэлгүй татгалзал гэж үзэхээр байна” гэж албан бичгийг үндэслэн тайлбарласан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т “...хувь хүн өөрийн албан татвар ногдсон орлогоор амьдран суух зориулалтаар, зөвхөн хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан тохиолдолд уг худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээр тухайлан заасан.

Энэхүү нөхцөл болзлыг нэхэмжлэгчийн тухайд хангаж байгаа нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Х.Б уг хуульд заасан албан татварын хөнгөлөлтийг эдлэх эрх бүхий субъект мөн юм гэж үзсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан...", 6 дугаар зүйлийн 6.1-д “Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, түүнчлэн гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно” гэж заасан.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-д “татвар төлөгч” гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг", 6.1.19-д "суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг" хэлнэ гэж хуульчилсан байна.

Дээрх үндэслэх хэсэгт дурдсан “...албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээр тухайлан заасан, энэхүү нөхцөл болзлыг нэхэмжлэгчийн тухайд хангаж байгаа нь тогтоогдсон..." гэсэн нь ямар үйл баримтаар тогтоогдсон нь тодорхойгүй, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, мөн нэхэмжлэгчийг "албан татварын хөнгөлөлт эдлэх эрх бүхий субъект мөн" гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-т “...албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно" гэж заасан ба нэхэмжлэгч Х. Байдолда нь 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр "Иргэний үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татвар-01010108" 860.000 төгрөг төлсөн нь Монголын татварын албаны татвар төлсөн баримт №2221101402725-аар тогтоогдсон” гэсэн нь хуулийг буруу тайлбарласан, үндэслэл бүхий биш байна.

Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.29-д "татварын тайлан" гэж татварын албанаас баталсан маягтын дагуу татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан татварын суурь, албан татвар, төлбөр, хураамжийн ногдлын хэмжээг тодорхойлж, тайлагнах хуудсыг”, 6.1.5-д "албан татвар" гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг" хэлнэ гэх хуулийн нэр томьёоны ялгаатай зохицуулалтыг буруу хэрэглэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д "...татварын тайлан гаргаж харьяа татварын албанд хүргүүлээгүй боловч ийнхүү татварын тайлан хүргүүлээгүй нь нэхэмжлэгчид татварын хөнгөлөлт үзүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй, хуульд энэ талаар зохицуулаагүй. Хариуцагч захиргааны байгууллагын татгалзал хууль бус гэж үндэслэсэн байна.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д "...албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно", Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/261 дүгээр тушаалаар батлагдсан, нийтээр дагаж мөрдөх "Хувь хуний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам"-ын 3.9-д “албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэх бичиг баримт”-ыг тодорхой зохицуулсан байхад шүүхийн шийдвэрт "хуульд энэ талаар зохицуулаагүй хариуцагч захиргааны байгууллагын татгалзал хууль бус" гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх заалтад нийцээгүй байна.

Иймд шүүх хуралдаанд мэтгэлцэх, нотлох зарчмыг баримтлаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, цуглуулаагүй, нэг талыг баримталсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

            1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6.000.000 төгрөг хүртэл байна” гэснийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, түүнчлэн 43.000.000 төгрөгийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгасан нь биелэгдэх боломжгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад нийцсэнгүй.

            Нэхэмжлэгч Х.Б тухайд 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ж.С Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, Голден парк хотхоны 107 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай 31 м.кв нэг өрөө орон сууцыг 43.000.000 төгрөгөөр худалдан авсан ч тэрбээр тэтгэврээс өөр татвар ногдох орлого олоогүй энэ тохиолдолд дээрх хуульд заасан хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй.

             Учир нь уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод “тэтгэвэр”-ийн орлогыг хамруулах боловч 22 дугаар зүйлийн 22.1.1-д зааснаар энэхүү орлого нь албан татвараас чөлөөлөгдөх тул тухайн татварын жилд хувь хүний орлогын албан татвар ногдох орлого олоогүй, хуулийн дагуу татвар төлөөгүй нэхэмжлэгчийн хувьд хөнгөлөлт эдлэхгүй.

            Гэтэл шүүхийн шийдвэрт дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсны орлогод ногдуулсан 2 хувийн албан татвар буюу 860.000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Б өөрийнх нь орлогод ногдуулсан татвар мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, татварын хөнгөлөлт эдлэх эрх бүхий субъект гэж үзсэн нь, түүнчлэн 43.00.000 төгрөгийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь мөн л Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцсэнгүй.

            2.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар хөрөнгө борлуулсны орлогод үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого хамаарах, 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар энэхүү орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг борлуулж олсон орлогын нийт дүнгээр тодорхойлох, 21 дүгээр зүйлийн 21.2.1-д зааснаар уг орлогын дүнгийн 2 хувиар тооцож албан татвар ногдуулах бөгөөд 860.000 төгрөг нь нэхэмжлэгчийн бус харин өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдсанаас олсон орлогод нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу ногдуулж буй худалдагч Ж.Сэдэдийн төлсөн татвар болно.

Харин энэ тохиолдолд нэхэмжлэгч нь хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан журмын дагуу зөвхөн суутган төлөгчийн үүрэг хүлээх боломжтой, өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19-т "суутган төлөгч" гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг ойлгохоор заасан, гэвч хавтаст хэргийн 13 дахь талд авагдсан төлбөрийн баримтаас үзэхэд орон сууц худалдагч Ж.Сэдэд нь Голомт банк дахь өөрийн харилцах данснаас 43.000.000 төгрөгт ногдох 2 хувийн татварыг шилжүүлэн төлсөн болох нь тогтоогдож байна.

3.Анх шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4239 дүгээр захирамжаар “Орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний 43.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын хөнгөлөлт 10 хувь буюу 4.300.000 төгрөгийг олгох захиргааны акт гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаар Баянгол дүүргийн татварын хэлтэст холбогдуулж захиргааны хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү шаардлагаа нэхэмжлэгч өөрчлөөгүй байхад шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа “…орон сууц худалдан авахад зарцуулсан 43.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын хөнгөлөлт олгохгүй байгаа хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 01/507 дугаар татгалзал хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад зарцуулсан 43.000.000 төгрөгийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг зохих журмын дагуу тооцож олгохыг даалгасан…” нь үндэслэлгүй байгаагаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчжээ.

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой боловч дээрх байдлаар хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй, магадгүй гаргасан байх тохиолдолд ч Х.Байдолдад өгсөн “…тухайн тайлант хугацаанд албан татвар ногдуулсан орлого олоогүй бол татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй…” гэсэн хариу Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-ын зохицуулалтад нийцсэн, үүнийг хууль бус татгалзал гэж үзэхгүй.

Түүнчлэн Татварын ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 05/557 дугаар албан бичигт “…албан татварын хөнгөлөлт эдлэх татвар төлөгч нь тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олж, хуульд заасны дагуу татвар төлсөн байх шаардлагатай. …орон сууцыг худалдан авахдаа борлуулагч этгээдээс суутгаж, төсөвт шилжүүлсэн 2 хувийн албан татвар нь Таны өөрийн албан татварын хөнгөлөлтөд хамаарахгүй…” гэсэн нь Баянгол дүүргийн татварын хэлтсийн  нэхэмжлэгчид өгсөн хариутай огт зөрчилдөөгүй, хоёрдмол утгагүй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн агуулгагүй байна. 

Шийдвэрт нэхэмжлэгчийг чухам ямар байдлаар татварын хөнгөлөлт эдлэх нөхцөл шаардлагыг хангасан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй, мөн 43.000.000 төгрөгийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг чухам ямар үндэслэл, журмаар нэхэмжлэгчид тооцож олгох нь тодорхойгүй, иймд энэ талаарх давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 676 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Х.Б Баянгол дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний 43.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох албан татварын хөнгөлөлт 10 хувь буюу 4.300.000 төгрөгийг олгох захиргааны акт гаргуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уртнасангийн давж заалдах гомдлыг хангасугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

 

    ШҮҮГЧ                                                  Ц.САЙХАНТУЯА

 

    ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН