Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/234

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч М, О нарын өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч Б-н өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч О өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч О өмгөөлөгч Б.Хүрэлсүх

Шүүгдэгч О,О,Б,М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О,О,Б,М нарт холбогдох 1921009090160 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19… оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, … настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг ..... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар баривчлах ялаар, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар, мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан О /РД: ЖЮ........../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19… оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ......тоотод оршин суух, гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, О /РД: ЖЬ............/.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19…. оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, …. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “................” ХХК-д ээлжийн ахлах ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ...........тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б /РД: ЖЭ ..................../.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19…. оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, … настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ....-р байрны ... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М /РД: ЖЗ .................../.

Шүүгдэгч О,О,Б,М нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ….дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “….” зочид буудлын ….. тоот өрөөнөөс иргэн Ц эзэмшлийн Хаан банкны виза картыг авч, 3.600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн орой найзуудтай уулзчихаад харих гэж байтал О ах надтай ярьсан. Тэгээд би О ахтай уулзаад Ц ах руу очсон. Ц ах бид хоёр хамт пиво уусан. О ах над руу карт авч гарч ирээрэй гэж мессеж бичихээр нь хэлснээр нь картыг нь авч гарсан” гэв.

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр би ажлынхантайгаа хамт архи ууж байгаад О ахыг дуудаж архи авсан. Дараа нь гэртээ хүргүүлэхээр дуудаж таксинд хамт явсан. Би нэлээд согтсон байсан. Бид нар “С” буудлын гадаа очоод О-Г авсан. Цаашаа юу болсныг сайн мэдэхгүй байна” гэв.

Хохирогч Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би хорооны ах Н гэх хүнээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хүүхэн /О буюу Х хэлж байв/ авсан. Тэр эмэгтэй нь намайг унтаж байхад миний хэтэвчнээс Хаан банкны виза картыг минь хулгайлж аваад миний картнаас 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөг аваад миний картыг буцаагаад хэтэвчинд хийсэн байна лээ. Би өөрийн Хаан банкны виза картныхаа нууц дугаарыг хүнд огт хэлдэггүй бөгөөд тухайн шөнө Н ахаас өөр хүнд картны дугаараа хэлээгүй, ялангуяа Х гэх эмэгтэйд бол бүр ч хэлээгүй. Би тухайн буудалд 3 өдөр архи уусан бөгөөд Н ахыг орж ирсэн болон миний картнаас мөнгө авахаар гарсан зэргийг тод санаж байна. Гэхдээ тэр үедээ согтуу байсан. Би тухайн үед Х буюу О гэх эмэгтэйд мөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэх талаар ярьсан эсэхээ санахгүй байна. Ямар ч байсан виза картныхаа нууц дугаарыг бол хэлээгүй, тэр талаар ярих шаардлага байгаагүй...” гэжээ. /хх-ийн 28-30/

О мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Н ах 9158..... гэсэн дугаараас миний 8857...... гэсэн дугаар руу залгаж “ахын дүү, нэг хүн байна. Чи завтай юу, хаана байна” гэж асуухад нь би зөвшөөрч хаана явж байгаа талаараа Наранхуяг ахад хэлэхэд нэг их удалгүй Н  ах ....... дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирж намайг аван машинтайгаа “С” гэдэг нэртэй буудал руу явж тус зочид буудлын .... тоот өрөөнд ороход Ц гэх хүн энэ эмэгтэй юм уу гэж Н ахаас асуухад хариуд нь Н ах тийм ээ гэж хэлэхэд Ц гэх хүн цаг нэлээд орой болчихсон байна, тийм учраас би гарч чадахгүй гээд хэд гэж байгаа талаар асуухад Н ах 200.000 гэж хэлэхэд Ц гэх хүн чи яваад миний картнаас 200.000  төгрөг авчих, ирэхдээ 1 ширхэг пиво аваад ирээрэй гэж хэлээд Н ахад банкны картаа өгч явуулсан. ...Н ах мөнгийг нь авсаныхаа дараа “пивоо авч ирэхээ мартчихсан байна” гэж хэлээд намайг дагуулаад буцаж “С” зочид буудлаас гарсан. Буудлын гадна гараад Н ах машинаасаа 1 ширхэг пиво аваад надад өгөхдөө “Дансанд нь 3 сая гаруй төгрөг байна, үүнийг нь авах хэрэгтэй байна, наад пивоо уулгачих, наадах чинь тасарчих байх, тэгэхээр нь картыг нь аваад гараад ирээрэй, би картных нь нууц дугаарыг нь утсан дээрээ тэмдэглээд авчихсан байгаа, би хүлээж байя” гэж хэлсэн. Би хариуд нь “болох юм уу, хүний юмыг аваад” гэхэд “зүгээр ээ, ах нь наад хүнийг чинь сайн танина, арыг нь ах нь даана, гэхдээ чи хажууд нь утсаар ярьж болохгүй шүү, мессеж бичье, хариу бичээрэй, утсаа хааж болохгүй шүү” гэж хэлээд намайг оруулсан. Тухайн үед Н ах бид хоёрын хооронд болсон яриаг Ч, М нар сонсож байсан. ...буцаж ороод ууж байхад Ц гэх хүн тасраад унтаад өгсөн. Улмаар би “энэ хүн чинь унтчихлаа, одоо би яах вэ” гэж Н ахын 9158..... гэсэн дугаар руу юм уу эсвэл Ч 8057........ дугаарын утас руу мессеж бичсэн. ...Н ах мессеж уншиж, бичиж чадахгүй учир миний мессежний хариуг Ч хэлж өгөөд Ч “арыг нь ах нь даана, наадах чинь худлаа унтаж байж магадгүй шүү, наадах чинь муу санаатай хүн, худлаа унтаж байж магадгүй шүү, утсыг нь аваад гараад ирээрэй, мэдээлэл ирдэг, бичсэн мессежүүдээ устгаарай” гэх зэргээр миний утас руу мессеж бичүүлсэн байсан. Тухайн үед миний утсан дээр ирсэн мессежүүдийг нь би устгаагүй, миний утсан дээр одоо хүртэл байгаа. ...би хэтэвчин дотроос нь Хаан банкны виза картыг нь утасных нь хамт аваад “.......” буудлын гадна гарахад Н ах Toyota Prius-10 маркийн ...... дугаартай машинтайгаа Классик караокены баруун талд зогсож байсан. Тухайн үед Н ахын машин дотор Ч, М нар мөн л сууж байсан. М, Ч  2 Ц картнаас мөнгө авах, авсан мөнгөө хувааж авах, би хамгийн сүүлд гэртээ Н ахаар буулгуулахад хүртэл хамт байсан бөгөөд болсон зүйлийн талаар бүгдийг сонсож, харсан учир мэдэж байгаа. ...Н ах машинтайгаа хөдөлж шууд Хэрлэн сумын 7 дугаар баг Үйлчилгээний төвийн урд талд Худалдаа хөгжлийн банкны гадна зогсоход нь би Н ахаас картных нь нууц дугаарыг асууж улмаар “хэдэн төгрөг авах юм” гэж асуухад Н ах “2.800.000 төгрөг авчих” гэж  хэлсэн. Н ах анхнаасаа үйлчилгээний төв рүү явж байх үедээ камернаас хол зогсоно гэж хэлж байсан. Ер нь Н ах банкны АТМ явах замдаа камерт өртөж болохгүй гээд зам сүлжиж яваад байсан. ...тухайн үед Н ах Ч Ц утсан дээр ирсэн банкны мэдээллүүдийг нь устгуулаад надад утсыг нь буцааж өгөөд “карттай нь хамт оруулаад тавьчих” гэж хэлээд намайг оруулсан. ...би гэрийнхээ гадна талд буух гэхэд Н ах надад хандаж “энэ мөнгийг ав, битгий санаа зов, харин чимээгүй байгаарай, энд болсон зүйл бид дөрвийн дунд шүү” гэж хэлээд надад 1.600.000  төгрөг өгсөн. ...На ах намайг цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр явж байх үед надтай уулзаад надад хандаж “чиний мөр чинь цагаан, өмнө нь цагдаа дээр асуудалд орж байгаагүй юм чинь чи наад асуудлаа даачих, мөнгийг нь яваандаа бага багаар өгчихнө биз дээ, надад угаасаа танил тал байгаа, энэ асуудал бол юу ч биш, чи ороод Ц рүү бухчихаад гараад ир, чи Ц уулзаад мөнгийг нь өгнө гэж хэлээд өргөдлийг нь татуулчих, болохгүй бол ганц хоёр удаа унтчих, тэгвэл цаадах чинь өөр болчихно” гэх хэлээд мэдүүлэг өгөхөд миний хэлэх үгийг надад зааж ятгасан. Би худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. ...Н ах угаасаа бид нартай их дээрэнгүй харьцдаг, хий гэсэн зүйлийг нь хийхгүй бол янз бүрээр харааж дарамталдаг, энэ байдлыг нь Б болон бусад хүүхнүүд сайн мэднэ. Ер нь Н ах бид нарыг хүнтэй унтуулчихаад согтоод унтчихсан хойгуур нь орж ирээд хувцас хунарыг нь нэгжиж утас, бэлэн мөнгө зэргийг нь байнга авдаг. Надтай сөрвөл гэр бүлийнхэнд чинь болон ойр дотны хүмүүст чинь хэлнэ гэх зэргээр дарамталдаг. Үүнийг нь бүгд мэднэ. Мөн утас болон бэлэн мөнгөө алдсан хүмүүс хэл ам хийвэл эхнэрт чинь хүүхэн авсан гэж хэлнэ шүү гэж хэлээд тухайн хүмүүсийг чимээгүй болгочихдог...” гэжээ. /хх-ийн 31-38/

Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Би тухайн шөнө Н-н дүү М гэдэг эмэгтэй, Н нарын хамтаар түүний Приус-11 маркийн машинтай явж байгаад Х-г авсан бөгөөд яг хаанаас авсан болохоо тодорхой санахгүй байна. Тухайн үед би хамт ажилладаг ажлынхантайгаа нэг газар суугаад пиво уусан байсан болохоор бага зэрэг согтуу байсан. Тэгээд ч би машиных нь урд суугаад пиво уугаад явж байсан. ...Х “.....” зочид буудалд хүргэж өгөөд тухайн зочид буудлын гадна талд зогсож байхад Н миний утсаар Х-н утас руу мессеж бичүүлсэн. Учир нь Н өөрөө мессеж уншиж, бичиж чаддаггүй гээд байсан. Н миний утсаар Х утас руу утас, карт 2-ыг нь аваад хурдан гараад ир гэх утгатай мессежүүд бичүүлээд байсан. ...Н хэлсний дагуу би тухай бүр нь бичсэн мессежүүдээ устгаад байсан. Миний санаж байгаагаар тухайн шөнө Х АТМ орохдоо өөрийнхөө куртикийг тайлаад миний урт, цэнхэр өнгийн куртикийг өмсөж орсон. Яг хэдэн төгрөг авсан болохыг мэдэхгүй байна, ямар ч байсан 2 сая гаруй төгрөг авсан тухай ярилцаж байсныг нь санаж байна. Мөн тухайн үед Н,  Х нар юм ярихдаа машинаас гарч яриад байсан...” гэжээ.  /хх-ийн 44-45/

М мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...би найзуудтайгаа бааранд сууж байхад Х ах над руу залгаж хаана байгаа талаар асууж нэг их удалгүй миний байгаа газарт машинтайгаа ирж намайг авсан. Энэ үед Х ах машинаа жолоодоод урд талын суудал дээр Ч, Х ахын арын суудал дээр Х сууж байсан. Намайг суухад тэд нар хөдлөөд шууд төв замаар баруун тийш явж Худалдаа хөгжлийн банкны баруун талын зогсоолд зогсоод тэндээс Х ногоон өнгийн Хаан банкны карт аваад АТМ руу явсан. АТМ явахаасаа өмнө Х Ч цэнхэр өнгийн урт куртик, доогуураа Х ахын гутлыг өмсөөд орсон. Х тухайн АТМ дээр 20-30 минут орчим болоод гарч ирсэн. Би тухайн үед хүний картнаас мөнгийг нь нууцаар авч байгааг Х ах болон Х нарын ярианаас тодорхой ойлгож байсан. ...Ч машины урд суугаад явж байхдаа картнаас мөнгө авсны дараа гар утсан дээр нь ирсэн мэдээллийг устгаад байсан. Улмаар Голомт банкнаас мөнгө авч гарч ирэхдээ Х сандраад байхаар нь Х ах зүгээр ээ ах нь арыг нь даана гээд байсан. Бид нар Х мөнгөө аваад гараад ирэхэд нь буцаж “.....” буудал руу хүргэж өгсөн. Нэг их удалгүй Х Х ах руу залгаад харимаар байна гээд байхаар нь Х ах Х наад буудалдаа хоночих гээд байсан.  ...Тухайн орой картнаас авсан мөнгийг Х ах бид нарт хувааж өгсөн бөгөөд Ч бид хоёрт тус бүр 100.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь Х, Х ах  нар хувааж авсан. Гэхдээ тэр хоёр яаж хувааж авсныг нь мэдэхгүй байна. Тухайн орой болсон бүх зүйл Х ахын тушаалаар болж өнгөрсөн. ...Х ах бид нартай их дээрэнгүй байдлаар харьцдаг. Хий гэсэн зүйлийг нь хийхгүй бол ойр дотны хүмүүст чинь болон цагдаа нарт биеэ үнэлдэг гэж хэлнэ гээд бид нарыг айлгадаг...”гэжээ. /хх-ийн 46-47/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10, 14-15/

Теле хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/

8857...., 8057..... дугаарын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа /хх-ийн 17-19, 98-106/

Ц дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 23/

Ц гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-50/

С гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 117-118/

У гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 126-127/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55, 56, 107, 108/

О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-115/

О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-124/

М- н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 131-133, 169-171/

Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 137-139, 165-168/  

Хохирогч Ц хохиролтой холбогдуулан шүүхэд гаргасан хүсэлт /3 хуудас/

Б нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ажлын газрын тодорхойлолт, түүний авч байсан өргөмжлөл, батламжийн хуулбар /13 хуудас/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн хэрэгт хураагдаж ирсэн сидид бичсэн Голомт банкны хяналтын камерын бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч О, О, Б, М нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О,О, Б нар нь 2019 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын...  дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “….” зочид буудлын …. тоот өрөөнөөс хохирогч Ц эзэмшлийн Хаан банкны виза картыг авч, 3,600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ц “...О буюу Х нь намайг унтаж байхад миний хэтэвчнээс Хаан банкны виза картыг минь хулгайлж аваад миний картнаас 3.600.000 төгрөг аваад миний картыг буцаагаад хэтэвчинд хийсэн байна. Би өөрийн Хаан банкны виза картныхаа нууц дугаарыг хүнд огт хэлдэггүй бөгөөд тухайн шөнө Н ахаас өөр хүнд картны дугаараа хэлээгүй, ялангуяа Х гэх эмэгтэйд бол бүр ч хэлээгүй....” гэх мэдүүлэг, О гэрчээр өгсөн “...Н ах “Дансанд нь 3 сая гаруй төгрөг байна, үүнийг нь авах хэрэгтэй байна, наад пивоо уулгачих, наадах чинь тасарчих байх, тэгэхээр нь картыг нь аваад гараад ирээрэй, би картных нь нууц дугаарыг нь утсан дээрээ тэмдэглээд авчихсан байгаа, би хүлээж байя” гэж хэлсэн. ...би хэтэвчин дотроос нь Хаан банкны виза картыг нь утасных нь хамт авч гараад ... данснаас нь нийт 3,600,000 төгрөг аваад, авсан мөнгөө Н ахад өгөөд буцаад буудал руу орсон. ...тухайн үед Н ах Ч-р Ц-Н утсан дээр ирсэн банкны мэдээллүүдийг нь устгуулсан. ...би гэрийнхээ гадна буух гэхэд Наранхуяг ах надад 1.600.000  төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, Б гэрчээр өгсөн ”...Х “.....” зочид буудалд хүргэж өгөөд тухайн зочид буудлын гадна талд зогсож байхад Н миний утсаар Х утас руу мессеж бичүүлсэн. Тухайн шөнө Халиунаа АТМ орохдоо өөрийнхөө куртикийг тайлаад миний урт, цэнхэр өнгийн куртикийг өмсөж орсон...” гэх мэдүүлэг, М гэрчээр өгсөн “...Ч картнаас мөнгө авсны дараа гар утсан дээр нь ирсэн мэдээллийг устгаад байсан. ...Бид нар Х мөнгөө аваад гараад ирэхэд нь буцаж “.....” буудал руу хүргэж өгсөн....Тухайн орой картнаас авсан мөнгийг Х ах бид нарт хувааж өгсөн бөгөөд Ч бид хоёрт тус бүр 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, теле хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 8857...., 8057..... дугаарын орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа, Ц дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох талаар хуульчилсан ба “Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж тус тус тодорхойлсон.

Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж үзвэл шүүгдэгч О,О, Б нар нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг би болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдэж өөрөөр хэлбэл шүүгдэгч О нь гэмт хэргийг хэрхэн үйлдэх талаар санаачилж, зохион байгуулж, үүрэг оролцоог хуваарилж, шүүгдэгч О нь О хэлсний дагуу хохирогчийн картыг нууцаар авч, банк орж түүний данснаас мөнгийг авсан, шүүгдэгч Б нь О руу мессеж бичиж, мөн хохирогчийн утсанд ирсэн мэдээллийг устгаж, өөрийн хувцсыг О өгөх зэрэг үйлдлээр санаатай нэгдэж гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О, О, Б нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч М  нь шүүгдэгч О, О, Б нарыг  хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцоогүй, түүний хувьд О жолоодож явсан тээврийн хэрэгсэлд О , Б  нартай хамт явж, хохирогч Ц картнаас хууль бусаар нууцаар мөнгө авч байгааг мэдэж байсан ба машинаас буухдаа 100,000 төгрөгийг авсан энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бөгөөд тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл гэж үзээд М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М цагаатгаж шийдвэрлэлээ.     

Иймд шүүгдэгч О,О,Б нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул шүүгдэгч О,О,Б нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна гэж зааснаар шүүгдэгч нарын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О,Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О, Б нарт хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ О хэргийн талаар үнэн зөв мэдүүлж мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг болсон, эх, хоёр хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, Б тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан үзэв.

Шүүгдэгч О,О,Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц 3,600,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүнд учирсан хохиролд шүүгдэгч О 2,000,000 төгрөг, шүүгдэгч О 1,600,000 төгрөг, М 100,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Голомт банкын камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч О, О, Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн прокурорын газрын прокуророос М-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М-г цагаатгасугай.   

2. Шүүгдэгч О, О, Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О,Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-д 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О,Б  нарт тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О,Б нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Голомт банкын камерын бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц шүүгдэгч О 2,000,000 /хоёр сая/ төгрөг, шүүгдэгч О 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг, М 100,000 /нэг зуун мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч О,О,Б нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч О,О,Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА