| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2017/03299/и |
| Дугаар | 724 |
| Огноо | 2018-03-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 724
| 2018 оны 03 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2018/00724 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: оршин суух С овогт Г-ын Ү /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух Б овогт Э-ийн Х /РД: /-т холбогдох
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ү, хариуцагч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Г.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Миний бие 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Э.Хтай танилцан, улмаар 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр том охин Х.Номун-Эрдэнэ, 2010 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бага охин Х.Номунзаяа нар төрсөн. Танилцсанаас хойш бие биедээ хайртай, дуртай сайхан амьдарч байсан үе байсан. Гэтэл 2011 оны 06 дугаар сараас гэр бүлийн дотоод уур амьсгал бага багаар багасаж, гэр бүлийн харилцаанд хөндлөнгийн этгээдүүд гарч ирсэн тухайн үед нийгмийн амьдралд оролцолгүй, хүүхдүүдээ хараад гэртээ байдаг байсан надад их хэцүү байдаг байсан. Уг явдал нь жил бүр байнга давтагддаг байсныг би уучилж байсан. Дээрх явдлаас үүсэн бидний хооронд зан харьцааны тааламжгүй байдал үүсэж, улмаар 2014, 2015 оны зуны улирлуудад хүүхдийн амралтын үеэр тусдаа амьдардаг байсан. Мөнгө олоод ирэхээр зан чанар нь өөрчлөгдөж ирсэн. 2015-2017 оны хооронд миний бие ОХУ-д магистрын зэрэг хамгаалахаар болж явсан бөгөөд уг явдлыг Э.Х байнга “хоёр хүүхдээ болон намайг хаяж явлаа. Чам шиг эх хүн байдаггүй байх шүү” гэх мэтээр байнга дарамталж, миний сурч байгаа байдлыг үгүйсгэн “Улан-Үүд хотод чи тэгээд магистр болж төгсөөд ямар хэрэгтэй юм бэ, ямар ч үнэ цэнэгүй” гэж байнга басдаг байсан. Улан-Үүд хотод байх хугацаандаа хичээл ихтэй, ямар нэгэн байдлаар холбоо барихгүй, дуудлаганд нь хариу өгөхгүй тохиолдолд “наанаа хүнтэй уулздаг болсон юм уу, уулздаг хүнтэйгээ хамтдаа явсан юм уу” хэмээн хий хардан алхам тутамд мөшгиж, сэтгэл санааны дарамтанд оруулдаг байсан. Хүүхдүүдээ санаж бэтгэрч байхад дээрээс нь энэ мэтээр дарамтлах нь надад үнэхээр хэцүү байсан. 2010 онд бага охиноо төрүүлснээс хойш гэрийн ажил хийх, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, нөхрөө асран хайрлах зэрэг бүхий л зүйлийг өөрийн чадах чинээгээрээ хийж байхад илүү харж, билүү долооно гэгчээр Э.Х нь 2011 оноос хойш одоог хүртэл олон удаа миний итгэлийг алдсан үйлдлүүдийг гаргаж ирсэн. 2012 оны 05 дугаар сараас ажилд орж ажилдаа сатаараад гэр бүлийн харьцаагаа бодож, алдааг нь уучилж тэвчсэн. 2015 оны зун тусдаа амьдарч байхдаа салах шаардлагатай гэж үзэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэхэд хариуцагч хоёр хүүхдээ дагуулан ирж бид гурвыг амьд байхыг хармаар байгаа бол наад нэхэмжлэлээ буцаан хэмээн дарамтлан сэтгэл зүйн дарамтанд оруулж, сарын дараа эвлэрүүлэн зуучлагч дуудахад хариуцагч ирээгүй тул энэ хоёр хүн эвлэрэх боломжгүй дараагийн шатанд шилжүүлье гэсэн боловч миний бие ОХУ-д магистрт суралцах хугацаа болж дараагийн эвлэрүүлэн зуучлах шатанд орж чадалгүй байж байгаад 2017 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүхээс бид хоёрт эвлэрэх хугацаа өгсөн боловч уг хугацаанд засарч өөрчлөгдсөн зүйл байхгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсч байна.
Одоо цаашид хамтран амьдрах, дахин итгэн, дахин хайрлах ямар ч хүсэл, сонирхол, боломж байхгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Х.Номун-Эрдэнэ, Х.Номунзаяа нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Э.Хаас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Э.Х шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ бүх явдлыг 100 хувь худлаа гэхгүй. Бид хоёр 2007 онд танилцаад гэр бүл болон хамтран амьдарч 2 охинтой болсон. Тэр үед оюутан байсан боловч зун нь зах дээр загасны хэрэгсэл зарж, ер нь болоод л байдаг байсан. Ер нь бүх зүйлээ нойлоос эхэлж байсан. Ахтайгаа нийлж тендерийн ажил хийдэг байсан. Гэртээ ирдэггүй, архи уугаад агсам тавьдаг зүйл байсан. Гуравдагч этгээдтэй холбогдож байсан зүйл ганц нэг байсан. Тэр миний алдаа байсан. Би алдаагаа зассан болов уу гэж бодож байна. Г.Ү сургуульд явахынхаа өмнөх өдрөө надад хэлсэн нь надад маш хүнд туссан. Би 2015 оноос хувийн байгууллага байгуулж ажилласан. Энэ үед манай хүн явсан. Миний бие салах сонирхолгүй байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд тэсч өнгөрүүлээ гэж ярьж байна, энэ хугацаанд би архи ууж, агсам согтуу тавиагүй, манай гэр бүлийн амьдралд тийм зүйл байдаггүй. Намайг гадуур хонодог, архиддаг гэж байна. Би ажлын шаардлагаар гардаг ч хаана юу хийж байгаагаа байнга хэлдэг, зургаа хүртэл явуулдаг. Үнэхээр саллаа гэхэд хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна. Үр хүүхдүүддээ хүртэл маргааш явлаа гээд яваад өгдөг хүнд би итгэхгүй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Г.Ү, хариуцагч Э.Х нар 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Х.Номун-Эрдэнэ, 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин Х.Номунзаяа нар төрсөн төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Э.Х нь өөр эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоосны улмаас гэрлэгчдийн хооронд таарамжгүй байдал үүсэж, нэхэмжлэгч Г.Ү нь хариуцагч Э.Хт хайр сэтгэлгүй болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.
Шүүх гэрлэлтийг цуцлах ноцтой үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч дээрх хугацаанд эвлэрээгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь хуульд нийцнэ.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдүүдийн санал, бага насны хүүхдэд эхийн хайр халамж шаардлагатай нөхцөл байдал зэргийг харгалзан охин Х.Номун-Эрдэнэ, Х.Номунзаяа нарыг эх Г.Үын асрамжинд үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул охин Х.Номун-Эрдэнэ, Х.Номунзаяа нарыг эцэг Э.Х нь тэжээн тэтгэх үндэстэй байна.
Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Соном овогт Ганбаатарын Ү, Боржигин овогт Энхтүвшингийн Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан дундаас 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр охин Х.Номун-Эрдэнэ, 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин Х.Номунзаяа нарыг эх Г.Үын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан тул охин Х.Номун-Эрдэнэ, Х.Номунзаяа нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Х нь тэжээн тэтгэсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Э.Хаас нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53.081 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР