Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/172

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Н.Энхтулга,

Шүүгдэгч Б.Х************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б************ын Х************т холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Х************ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 18-14 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.М************гийн нурууны доод хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х************ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 18-14 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.М************гийн нурууны доод хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэв загвар, дээж авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт (хх-9-10х)

Шүүгдэгч Б.Х************ын  мөрдөн шалгах ажиллагаанд, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байх манай эхнэр болох М************ урьд өмнө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Тэр гомдлын дагуу бид хоёр ирж мэдүүлэг тайлбар өгчхөөд буцаад гэртээ харьсан.  Тухайн үед эхнэр бид хоёр тусдаа амьдарч байсан учир би хүүхдээ гэрт нь оруулж өгчхөөд буцаад гэрээс гарах гэтэл гаргахгүй явуулахгүй гээд байсан...2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед байх би дэлгүүрээс хүнсний зүйл авчхаад гэртээ хоол хийгээд аяглаад мөн М************д аяганд хийж өгөхөд тэр хоолыг идээгүй тогоо руу буцааж хийгээд тогоотой хоолоо нохойд өгнө гээд бариад гэрээс гарах гэхээр нь уур хүрээд араас нь гуя хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. ...М************ шургаж унасан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байсан...” гэх мэдүүлэг (хх-43-44х),

Хохирогч Д.М************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой Мөрөн сумын 13 дугаар баг 18-14 тоотод нөхөртэйгөө мөнгөний асуудлаас болж маргаан үүсэн. Манай нөхөр болох Х************ нь гэрийнхээ хаалгаар гарах гэтэл араас миний нурууны доод талын хэсэгт нэг удаа өшиглөсөн тэгсэн тэр доороо миний бэлэг эрхтнээс шингэн зүйл гарсан. Тэр шөнөө давсаг руу өвдөж хоносон. Тэгээд маргааш нь мөн нөхөртэйгөө маргалдсан. Тэгэхэд Х************ намайг түлхэж унагаачхаад зүүн гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд би босож ирж чадахгүй их өвдөж байсан. Би эхлээд Х************ыг архи ууж намайг зодоод байна гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Гомдолд шалгагдаж байх хугацаанд би шинжээч эмчид үзүүлэхэд доошоо цус гараад байсан тэгэхэд шинжээч эмч эход харахад ураг байна зүрх нь цохилтгүй байна гээд нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Би тухайн үед жирэмсэн байснаа мэдсэн. Х************т зодуулснаас болж ураг зулбасан эсэхийг мэдэхгүй байна. Ураг зулбасан асуудалд гомдох зүйл байхгүй. “... гэх мэдүүлэг (хх-33, 36, 37-39, 40-41х),

Гэрч Д.Сундуйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оноос хамтран амьдарч байгаа. Дундаасаа нэг хүүхэдтэй. М************ нь өөрөө 12 дугаар ангийн 1 хүүтэй. Энэ хоёр өмнө нь бас гэр бүлийн маргаантай байдаг байсан. М************г хүргэн Х************ нь ажлыг нь хийлгэхгүй хардаад байдаг гэж М************ ярьж байсан. Хаяа гэрээр нь ороход Х************ утсаар тоголоол хүнтэй мэнд ус ч үгүй сууж байдаг байсан. Архи дарс бол уудаг байхаа. 2021 оны зунаас хойш Х************ гадуур яваад гэртээ ирэхгүй байгаа. Гэр бүлийн маргаантай байгаа юм шиг байсан...” гэх мэдүүлэг (хх-45-46х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаартай:

1. Д.М************гийн биед зүүн гуянд цус хуралт, умайн булчинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл тухай хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. Д.М************гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-54х),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Иргэн М************гийн биед үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаантай, орчиндоо харьцаатай, асуултад хариулна. ...иргэн М************г жирэмсэн болохыг тогтооход ургийн хэсэг байхгүй тул яаралтай нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасаг руу илгээсэн. Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасаг яаралтай умайн хөндий цэвэрлэх ажилбар хийгээд умайн хөндийгөөс авсан гэх 30мл орчим улаан ягаан өнгийн шингэн зүйл хуванцар саванд бэхжүүлэн ирүүлсэн байсан. Уг хуванцар савтай улаан ягаан өнгийн шингэн зүйлийг шинжилж үзэхэд ихэс болон ургийн орчмын бага хэмжээтэй шингэн байсан ба ураг болон ургийн хэсэг тогтоогдоогүй. ...М************гийн 3 ширхэг ариун цэврийн хэрэгслийг шинжилж үзэхэд уг ариун цэврийн хэрэгсэлд ураг, ургийн хэсэг тогтоогдсонгүй. Тиймээс М************ нь жирэмсэн байсан бөгөө уг жирэмсэн нь өсөлтгүй /ураггүй/ жирэмсэн болох нь тогтоогдсон...мэдүүлэг (хх-55-57, 59х),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-87-89х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Бөөчүүд овогт Б************ын Х************ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-71х), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн засаг дарга С.Ариунаагийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний 14/100 дугаартай тодорхойлолт (хх-70х), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-72х), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-74х), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-76х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-77х), 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 29а дугаар  шийтгэх тогтоолын хуулбар (хх-78-82х), захиргааны зөрчлийн шийдвэрлэлийн бүртгэлийн лавлагаа (хх-84-86х), 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн эвлэрлийн гэрээ (хх-56х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Х************ нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 18-14 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.М************гийн нурууны доод хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б.Х************ын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.М************гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-33, 36, 37-39, 40-41х),

Гэрч Д.Сундуйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-45-46х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 58 дугаартай дүгнэлт (хх-54х),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг (хх-55-57, 59х),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-87-89х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Х************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Х************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Х************ нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Х************ нь хохирогч Д.М************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч хамт амьдарч байгаа болон хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Х************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хх-56х),

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Х************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Х************ нь 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 29а дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 5 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-77), шийтгэх тогтоолын хуулбар (хх-78-82х) зэргээр тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.Х************ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.Х************ нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч одоо хамт амьдарч байгаа, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын санал болгосон 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Б.Х************ нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй мөн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4,  36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бөөчүүд овогт Б************ын Х************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б************ын Х************т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Х************ нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Х************ нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.Х************ын  торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х************т  шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН