Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/564

 

 

 

 

 

 

 

    2022             5             05                                      2022/ШЦТ/564

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Д.Г.......х нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Халзан овогт Д........нгийн Г.......хийг эрүүгийн 2208 0090 00633 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Халзад овогт Д........нгийн Г.......х, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1985 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа баргиадад  арматурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............................тоотод түр оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ДИ85011311, урьд,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 565 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Г.......х нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошууны 32-47 тоот гэртээ өөрийн эхнэр болох Н.О...........лтай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зүүн гар нь тус газарт нь гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь зүүн богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Д.Г.......х нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны ............. тоот гэртээ эхнэр Н.О...........л, танил М............р, С.............л нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Энэ үед эхнэр, нөхөр нарын хооронд “хоол хийх, хийхгүй” асуудлаас болж  маргаан үүсэж улмаар Д.Г.......хийг гэрээс гарах үед Н.О...........л нь түүний араас татахад тэрээр зүүн гарын тохой орчим цохисны улмаас Н.О...........лын биед зүүн богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн PCNВ11284354 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн...88995091, Дуудлага хүлээн авсан...2022.02.22, 22:44:38 минут...Дуудлагын утга...Согтуу хүн эхнэр хүүхдээ дарамтлаад байна гэх. Хэд хоногийн өмнө эхнэрийнхээ гарыг хутгаар цохисон байна...” гэх дуудлагын хуудас (хавтаст хэргийн 04 дэх тал)

- Хохирогч Н.О...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой манай нөхөр танил ах М............р түүний эхнэр С.............л нарын хамт бид нар манай гэрт 2 шил архи, 1 пиво хувааж уугаад сууж байтал манай нөхөр намайг хоол хийчих гэсэн. Тэгэхээр нь би “одоо яаж хоол хийдэг юм бэ?” гээд маргалдаад мах өшиглөж байсан чинь манай нөхөр би гарлаа гээд гарах гэсэн. Тэр үед би түүний араас зүүн гараараа... “хаачих гээд байгаа юм” гээд татсан чинь манай нөхөр баруун гараараа миний зүүн гарын тохойны доор хэсэгт нэг удаа миний гарыг тавиулах гээд цохисон. ...Маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 10 цагийн орчим Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн чинь гэмтэл авчихсан байна гэж хэлсэн...надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),

 “...Миний биед учирсан зүүн богтос ясны далд хугарал гэмтлийг миний хамтран амьдрагч Д.Г.......х миний биед учруулсан...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3475 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн шуунд чиг бүхий боолттой.

2022.03.01-ний өдрийн зүүн шууны рентген шинжилгээ: Зүүн богтос яс дунд 1/3 хэсгээр зөрөөгүй хугарсан...ДҮГНЭЛТ

1. Н.О...........лын биед зүүн богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

-Шинжээч эмч Г.Галиндэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.О...........лын биед учирсан зүүн богтосны далд хугарал нь гарыг доош шувтарч, угзарч татах үед үүсэхгүй, цохих болон цохигдох үед уг гэмтэл нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

- Шүүгдэгч Д.Г.......хийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Баянхошууны ............. тоотод амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би гэртэй өөрийн хамтран амьдрагч Н.О...........л болон хуурай ах эгч болох М............р, С.............л нарын хамт 0.75 литрийн хараа архи 2 шил, 2.5 литрийн нийслэл нэртэй том пиво хувааж уусан. Тэгээд манайд ирсэн ах, эгч хоёрыг гарсны дараа би эхнэрийг “хоол хийгээд өгөөч” гэж хэлэхэд эхнэр “хоол хийхгүй” гээд маргалдсан ба би мах гаргаж гэсгээхэд эхнэр мах хөшиглөж байсан хутгаа барьсан чигээрээ миний араас ирээд хувцаснаас татахаар нь би хутгыг нь тавиулах гээд гар руу нь цохисон тэгээд гар нь хөндүүр ороод өвдөөд байна гэсэн ба өөрөө маргаан зодоон болоогүй...хувиараа барилга дээр өдрийн 60.000 төгрөгөөр арматурчин ажилтай...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Д.Г.......х шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Г.......х нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3475 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Г.......х нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хувийн таарамжгүй сэдэлтээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, хохирогч Н.О...........лын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн тэрээр урьд өмнө хамтран амьдрагч Н.О...........лын эрүүл мэндэд халдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйлдэлдээ гэм буруутайд тооцогдсон болно.

Нөгөө талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Г.......х, хохирогч Н.О...........л нар нь хамтран амьдрагч нар болох нь тэдний мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Д.Г.......хийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Н.О...........л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Г.......хийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Г.......хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Д.Г.......х нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Г.......х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 82-83 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 85 дахь тал) шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 96, 97 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 99 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 100 дахь тал),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 49 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 87 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 52дахь тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78, 79 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 90-91 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Г.......х, хохирогч Н.О...........л нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Д.Г.......хийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3400 нэгж буюу 3.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Г.......хэд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0090 00633 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халзад овогт Д........нгийн Г.......хийг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Г.......хийг 3400 (гурван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.400.000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г.......х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.МӨНХЗУЛ