Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2019/ДШМ/38

 

 

 

 

Х.Ц, Р.Д нарт холбогдох

 

 

 

эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 248 дугаар шүүгчийн захирамжтай, Х.Ц, Р.Д нарт холбогдох 1934000140035 дугаартай 1 хавтас, 187 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн. 1996 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Өндөр ширээт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. мэргэжилгүй, хувиараа мал малладаг, Төв аймгийн Өндөр ... орших суух, ял шийтгэлгүй, Х.Ц , /РД:НР9...8/.

    Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Өндөр ширээт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой. малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, Төв аймгийн .... орших суух, ял шийтгэлгүй, Р.Д , /РД:Н....15/.

     Шүүгдэгч Х.Ц, Р.Д нар нь бүлэглэн Төв аймгийн Өндөр ширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг "Их ам овоон нуруу" гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ж.Нэргүйн эзэмшлийн 4 адууг хулгайлж, 3900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                          Төв аймгийн прокурорын газраас Х.Ц, Р.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 248 дугаар шүүгчийн захирамжаар:

            Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Ц , Р.Д  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000140035 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Х.Ц, Р.Д нар цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримт ирээгүй, прокурорын 06 дугаартай тогтоолоор гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн 27-51 ТӨА, “Портер” маркийн 79-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, 6 настай, 10 настай 2 тооны адуу  битүүмжилсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын прокурор Г.Энхмаа бичсэн эсэргүүцэлдээ:“ ..Х.Ц, Р.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаартай шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Нэг. Шүүгчийн захирамжид мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн боловч чухам хуулийн ямар зүйл, хэсгийг ноцтой зөрчсөн талаар тодорхой дурдаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл муутай ойлгомжгүй байна.

Хоёр. Шүүгчийн захирамжид "...хохирлын үнэлгээ гаргасан үнэлгээчин Н.Мажигсүрэн нь үнэлгээ хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй, мөн мэргэжлийн үнэлгээчин мөн эсэхэд эргэлзээтэй байдал үүсч байна" гэжээ.

1. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор тогтоол гаргаж шинжилгээ хийлгүүлэхийн өмнө мөн хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж. тодруулах ажиллагаа хийгдсэн байна.

2. Хэрэв шинжээчтэй холбоотой эргэлзээ төрсөн бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эсхүл шүүх хуралдаанаар шинжээчийг оролцуулж, эх сурвалжийг бүрэн шалгах боломжтой байсан.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 248 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: “Шинжээчийн дүгнэлт нь үнэлгээний тухай хуульд нийцсэн тул нотлох баримтаар үнэлэх боломжтой. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Х.Ц, Р.Д нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөр ширээт сумын Баян туул 1 багийн нутаг Их ам овоон нуруу гэх газраас иргэн Ж.Нэргүйгийн 4 адууг хулгайлж, 3900000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан бөгөөд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас “мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөрдөгч “шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай” тогтоолоороо хөрөнгийн үнэлгээ гаргахыг “Эй Жэй Жэй Эм” ХХК-д даалгасан байх ба /хх-79 хуудас/ тус компаний үнэлгээчин Н.Мажигсүрэн шинжээч томилсон тогтоол, шинжээчийн эрх, үүрэг, хүлээлгэх хариуцлагатай танилцаж, хөрөнгийн үнэлгээний тайланг /хх-80-86 хуудас/ гаргасан байна. Тайланд Монголын мэргэшсэн үнэлгээчдийн гишүүн, 140600043 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй Н.Мажигсүрэн хөрөнгийн үнэлгээг гаргасан болохыг тодорхой дурьдаж, хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулжээ. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан ”үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч байна”, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д заасан “хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Дээрх хөрөнгийн үнэлгээний тайланг яллагдагч, хохирогч нарт танилцуулсан, /хх-95-97 хуудас/ үнэлгээний талаар хэргийн оролцогчдоос ямар нэг гомдол санал гараагүй байна.

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа Н.Мажигсүрэн үнэлгээ хийх эрхтэй эсэх асуудлыг хэлэлцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх эсэх асуудлыг тухайн хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэх байжээ. Түүнчлэн шүүх үнэлгээчин Н.Мажигсүрэн үнэлгээ хийх эрхтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзсэн бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан эх сурвалжийг магадлан шалгаж үнэлэлт өгч, хэргийг хянан  шийдвэрлэх боломжтой байсан байна. Өөрөөр хэлбэл хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагагүй, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл  үндэслэлтэй байна гэж үзлээ.

   Иймд прокурор Г.Энхмаагийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Х.Ц, Р.Д нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “Хэргийг прокурорт буцаасан” шүүгчийн захирамжийн удиртгал болон захирамжлах хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж..” гэж хэргийн зүйлчлэлийг, мөн “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжинд  “Р.Чулуунпүрэв” гэж яллагдагч нарын нэрийг  тус тус буруу бичсэн байгааг анхаарвал зохино.

Түүнчлэн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдаан хийж, шүүхийн шийдвэрийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр прокурорт гардуулсан /хх-183 хуудас/, уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр /хх-186 хуудас/ хүлээн авч, хэргийн оролцогчдод 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр /хх-187 хуудас/ танилцуулсан, хэргийг давж заалдах шатны шүүхэд  2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.”, мөн хуулийн 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ.”, мөн хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.” гэсэн хуулийн хугацааг  тус тус хэтрүүлсэн байх тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  хугацааг баримталж ажиллах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 248  дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Х.Ц, Р.Д нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

            2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаагийн бичсэн №15 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсныг дурьдсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Х.Ц, Р.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

  

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧИД                                                        Т.ЭНХМАА

                                                                                            Г.БОЛОРМАА