| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2020/0041/З |
| Дугаар | 128/ШШ2021/0061 |
| Огноо | 2021-01-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2021/0061
2021 01 26 128/ШШ2021/0061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: МЧГА ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаартай захирамжийн 1 болон 3 дахь заалтын МЧГА ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, Б.Алтанбагана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн манай газрыг хүчингүй болгохдоо газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрчилгээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол гэж заасны дагуу хүчингүй болгосон. Манайх тухайн заалтыг огт зөрчөөгүй байдаг. Учир нь энэ заалтаар автомашин худалдан борлуулж байгаа нь зөрчиж байна гэж хариуцагч талаас үзэж байгаа. Манайх автомашин ерөөсөө худалдан борлуулж байгаагүй. Тус үйл баримттай холбоотойгоор нотлох баримт хавтаст хэрэгт ч байхгүй. Гэтэл үүгээр хүчингүй болгож байгаа нь хууль эрхзүйн алдаатай шийдвэр гаргасан.
Мөн төрийн байгууллага нь өөрсдийн бизнесийг дэмжихийн тулд хувийн хэвшилд халдаж байгаа нь хууль бус байна. Шүүхээс сүүлд авсан нотлох баримтаар авсан хурлын тэмдэглэлд өөрсдийн бизнесээ дэмжихийн тулд гэдэг нь маш тодорхойгоор тусгагдсан байгаа.
Нэгдүгээрт Газрын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр манай газрыг хүчингүй болгосон нь ямар ч үндэслэлгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Бид зогсоолын зориулалтаар ашигладаг гэдгээ анхнаасаа хэлсэн.
Хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа хийгээгүй. 5 аж ахуй нэгжийг хүчингүй болгохдоо тус тусдаа тайлбар мэдүүлэг авахыг хуулиар заасан байдаг. Гэтэл хэвлэлийн бага хурал хийгээд 5 байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухайгаа сонсгох ажиллагаа гэж хэлээд байгаа. Энэ бол хууль зөрчсөн асуудал.
Гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй. Хаан банканд гуравдагч этгээдийн эрх ашгийг хангаагүй буюу мэдэгдээгүй. Учир нь тухайн газар нь банкны барьцаанд байсан газар. Тэгэхээр та нарын эрх ашиг хөндөгдөх болж байна гэдгийг мэдэгдэх ёстой байтал газрыг нь цуцалсан байдаг. Хамгийн гол үндэслэл нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар удаа дараа зөрчсөн гэх зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий газрыг 1990 онд эзэмшиж эхэлсэн байдаг. Энэ нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаартай захирамжаар тухайн газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаанд эхлээд олгосон. 5 жилийн хугацаа сунгах гээд хүсэлтийг гаргахад авто худалдаа эрхэлдэг юм уу гэдэг асуудлыг тодруулсны үндсэнд сунгаж өгсөн. Хэргийн материалд энэ талаар байгаа.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 02/4344 дугаартай албан бичгээр судалгаа хийгээд, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар 15 жилийн хугацаагаар сунгасан. Ийнхүү газар эзэмших эрхээ сунгаад ажиллаж байхад Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг цуцалсан. Цуцлахдаа Газрын тухай хуулийн холбогдох заалтаар цуцалсан байдаг. Захирамжид заасан гол үндэслэл нь эзэмшилд байгаа газрыг зориулалтын зохих зөвшөөрлийг өөрчлөн ил задгай талбайд автомашин худалдан борлуулсан гэх үндэслэлийг манайд хамааруулан заасан.
Бид зориулалтыг өөрчилсөн гэдгийг шалгаад үзэхээр тийм зүйл тогтоогдохгүй. Учир нь захирамжид үйлдвэр үйлчилгээний зориулалтаар нэгдүгээрт энэ газрыг зогсоолын зориулалтаар ашиглаж байсан.
Мөн газрын эрхийн улсын бүртгэлээр баталгаажсан байгаа. Үүнийгээ үндэслээд тодорхой хоолны газар,эсгий газрын үйлдвэр гээд жижиг хэмжээний газрын үйлчилгээ эрхлээд явж байсан ба энэ нь үйлчилгээний гэдэгт хамаарч байгаа. Гэтэл ямар нэгэн зүйл өөрчлөөгүй байхад өөрсдөө нотлоогүй атлаа цуцлах шийдвэр гаргасан нь хууль бус байсан.
Ил задгай газар автомашин зарсан гэдэг нь буруу. Учир нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасны дагуу хил заагийг тогтоогоод хашаалсан. Иймд манайд ил задгай талбай байхгүй.Авто машин худалдаалсан гэх талаар одоо ч гэсэн ярьж байна. Шүүхийн үзлэг хийсэн. Тэгэхэд ямар нэгэн зүйл байхгүй. Хариуцагч тал нотлоогүй. Газраа хашаагаар заагладаг Баянтөхөм ХХК-тэй андуураад байдаг юм уу? Ойлгохгүй байна.
Манайх Монгол улсад ямар нэг ч автомашин худалдаанд оруулж ирээгүй. Хэрэв Авто машин худалдан борлуулсан бол тусгай зөвшөөрөл шаарддаг зүйл биш. Энэ бол үйлчилгээ. Даанч манайх тийм зүйл хийгээгүй учир энэ захирамж нь үндэслэлгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь удаа дараа зөрчсөн гэдэг асуудал ярьж байна. Манайх тийм асуудал байхгүй. Хэргийн материалд авагдсан шаардах хуудсууд байгаа. Энэ шаардах хуудсуудыг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актаас харах юм бол машин худалдаад байгаа эсэхээр зүүн зүгт нь, баруун зүгт гэдэг байдлаар хуваагаад шилжүүлсэн. Манайх тийм зүйл эрхэлдэггүй учир тийшээ явах боломжгүй юм.
Үйлчилгээний зориулалтаар ашиглахад буруу гэдэг. Аж ахуй нэгжид итгээд газар олгосон атлаа газар эзэмшсэнийхээ төлөө газрын төлбөрийг тухай бүрд нь төлөөд ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад хүний бизнест хүндрэл учруулж байна. Ил задгай талбай гэдгээ нотлоогүй учир үндэслэлгүй.
Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нөхцөл байдал тодруулах ёстой. Үнэхээр энэ байгууллага автомашин худалдаж байсан эсэх талаар нь нөхцөл байдлыг нь тогтоогоод шийдвэр гаргах ёстой байсан. Ийм байдлаар нотлоогүй байж шийдвэр гаргасан нь хууль бус ажиллаагаа байсан.
Манайх энэ газрыг авахдаа барьцаа болгон зээл авсан байдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т заасны дагуу Газраа барьцаалсан тухайгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мэдэгдсэн. Энэ бол хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар нотлогдог. Ийнхүү газар барьцаалсантай холбоотойгоор Хаан банкны эрх ашиг нь хөндөгдсөн. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн тайлбарт холбогдуулан тус хуулийг огт зөрчөөгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Газрын тухай хуульд заасан гэдэг нь өөрөө зөвхөн газрын төлбөрөө төлөх асуудал биш. Газар эзэмшигч нь газрын төлбөр төлөхөөс гадна Газрын тухай хуулийг биелүүлэхдээ газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй байгаа.
Иймд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасан үүргээ биелүүлээгүй учир 40 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа. Газар эзэмшигч өөрөө газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх газрыг үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Мөн газрын хяналт, баталгаа тогтоосон журмын дагуу хийлгэж байх ёстой.
Газраа өөрөө зориулалтын дагуу ашиглаагүй. Газар эзэмшигч нь үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглах эрхтэй байтал үйлдвэрлэл эрхлээгүй, ямар нэгэн үйлчилгээ байхгүй. Автомашин борлуулаад байна гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Бид огт зөрчил гаргаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Маргаан бүхий акт нь эзэмших эрхтэй газраа зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай талбайд автомашин худалдан борлуулж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т заасан буюу газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх.
Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасан газрыг үр ашигтай зохистой ашиглах хамгаалах хууль тогтоомж болон байгаль орчныг хамгаалах болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглахтай холбогдуулан нийтлэг шаардлагыг зохих ёсоор нь биелүүлээгүй учир Газрын тухай хууль 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон.
Газар эзэмших гэрээ болзлоо биелүүлээгүй байна гэж үзэж байна. Мөн газрыг үр ашигтай зохистой хамгаалаагүй. Төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглахтай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлыг биелүүлээгүй тул хүчингүй болгосон. Удаа дараа гэдэгт нь хамаарч байна. Удаа дараа шаардах хуудас өгч байсан. Түүнийг биелүүлээгүй. Ерөнхийдөө манайх машин зараагүй. Тэр нь нотлогдоогүй гээд байгаа. Нийслэлийн Засаг дарга бизнесээ дэмжээд гаргасан захирамж гэх байдлаар тайлбарладаг. Үүнтэй холбоотойгоор нотлох баримтууд нь хавтаст хэрэгт байгаа. Жишээлбэл газар эзэмших эрх олгох асуудал нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасны дагуу газар эзэмших төлөвлөгөө, журмын дагуу үндэслэж газар олгодог. Яагаад энэ асуудлыг яриад байгаа вэ гэхээр хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг дурдъя гэж бодож байна. УИХ-ийн 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан 2020 онд Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөө батлагдсан.
Энэ тогтоолын дагуу Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл байдаг. Энэ хуралдааны нэгдүгээр заалтад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Авто цогцолборын шилжүүлэн байршуулах асуудлыг бол маш тодорхой дурдсан байна.
Мөн тухайн тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Авто худалдааны цогцолборыг байгуулах тухай баталсан.
Эдгээр баримтууд хотын хөгжлийн бодлого юм. Хаана яаж төвлөрөх тухай баримт бичгүүд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эдгээр шийдвэрүүдийн дагуу Засаг даргаас автомашин худалдаалахыг хориглосон үйл ажиллагаа явуулж байгаа.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 980 дугаар захирамжаар техникийн захуудад авах арга хэмжээний тухай захирамж гарч үүнд ажлын хэсэг үзлэг шалгалт хийхэд Мөнгөн хүлэг ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлэг хүргүүлж байсан. Энэ нь хавтаст хэргийн 128 дугаар хуудаст байгаа. Энэ захиргааны акттай нэхэмжлэгч тал нь маргаагүй гэж ойлгож байгаа. Тухайн үеийн хяналт шалгалт хийх үед зөрчил байсан байна. Хяналт шалгалтыг хийсэн албан шаардлага байдаг ба маргаагүй нь зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг бид зөрчсөн нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй гээд байна. Гэтэл саяны Мэргэжлийн хяналтын албан шаардлага мөн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэл хүргүүлж байсан байдаг.
Өөрөөр хэлбэл танайх зөрчөөд байна шүү гэх байдлаар явуулсан байдаг. Удаа дараа зөрчөөд байна гэдэг талаар мэдэгдлийг өгч байсан. Тэгэхээр газар эзэмшигчийн хувьд худалдаа эрхэлж байгаа нь эрх бүхий байгууллагын үзлэг шалгалтаар нотлогдож байна. Ил задгай талбайгаа хашаагүй гэдэг байдлаар тайлбарлаад байна. Гадаа худалдаа хийж байгааг ойлгож байгаа. Шүүхээс хийсэн үзлэгээр тодорхой талбайд авто зогсоолын үйл ажиллагаа хийдэг гэдгээ тайлбарлаж байсан. Тэр талбайг бид задгай талбай гэж үзэж байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой тооны үл хөдлөх хөрөнгө байгаа учир хариуцагчийн зүгээс эвлэрэх саналыг хүртэл гаргаж байсан. Газрын тухай хуулийн хуульд заасан үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд газар эзэмших эрхийг цуцалсан нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаартай захирамжийн 1 болон 3 дахь заалтын МЧГА ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 243 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлай нэртэй газарт Баяндөл ХХК-д 93178 м.кв талбай бүхий газрыг 25 жилийн хугацаатай эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжаар Баяндөл ХХК-ийн эзэмшилд байсан 93178 м.кв бүхий талбайгаас нэхэмжлэгч МЧГА ХХК-д 45313 м.кв талбай бүхий нэгж талбарын 1332101805 дугаартай газрыг шилжүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттайгаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгож, мөн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1112 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан байна.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/786 дугаар захирамжаар Нийслэл хот дотор зөвшөөрөлгүй, ил задгай авто машин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдүүдийн газрыг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, уг ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаар, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2 дугаар хурлаас зөвшөөрөлгүй ил задгай, нийтийн эзэмшлийн талбайд автомашин түүний дагалдах хэрэгслийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлэн, сонсох ажиллагаа явуулж, шаардлагатай арга хэмжээ авч, сонсох ажиллагаа дуусмагц захирамжийн төсөл бэлдэж, газрын эрхийг цуцлах арга хэмжээг авахаар шийдвэрлэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03-06/4123 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч МЧГА ХХК-д тухайн эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж, ил задгай автомашин худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2 дахь хэсэг, Газар эзэмшүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсныг мэдэгдэж, мөн ажлын хэсгээс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/786 дугаар захирамжийн хэрэгжилт-ээр мэдэгдлийн дагуу газрын зөрчлөө арилгаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай санал гарч, улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4.1.2, 4.1.4, 4.1.5, 40.1.1, 40.1.6, 40.2-т гэж тус тус заасныг баримтлан МЧГА ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/153 дугаар Газар чөлөөлөх тухай захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1098 дугаар захирамжаар газар эзэмших эрх нь цуцлагдсан, зохих зөвшөөрөлгүй ил задгай талбайд автомашины худалдаа, үйлчилгээ хууль бусаар эрхэлж байгаа МЧГА ХХК-ийн үйл ажиллагааг таслан зогсоож, газрыг албадан чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгож байжээ.
Нэхэмжлэгчээс автомашин худалдан борлуулаагүй, газрыг үр ашигтай, эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор авто зогсоолын зориулалтаар ашиглаж байсан гэж, хариуцагчаас зөвшөөрөлгүй ил задгай авто худалдааны үйл ажиллагааг явуулсан, агаар, орчны бохирдол, түгжрэлийг буруулах зорилгоор Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлсэн гэж тус тус маргажээ.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны төрлийг тухайлан хуульчилсан бөгөөд үүнд авто худалдаа, авто зогсоолын үйл ажиллагааг тусгаагүй байна.
Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн үүргийг хуульчилсан бөгөөд тус хуулийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-т газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх гэжээ.
Дээрх хуульд тусгай зөвшөөрөл шаардах үйл ажиллагааны төрлийг нэрлэн заасан, нэхэмжлэгчид газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгосон, газар эзэмшүүлэх гэрээнд үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар гэж тусгасан байхад маргаан бүхий захиргааны актаар газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр өөрчилж, ил задгай автомашин худалдан борлуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүй автомашин худалдан борлуулсан гэх боловч түүнийгээ нотлох баримтын хүрээнд хангалттай нотлоогүй, ямар эрх бүхий байгууллагаас авах зөвшөөрлийг зөрчсөнд буруутгаад байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх бөгөөд харин ч хуулиар хязгаарлаагүй хүрээнд газрыг эзэмшиж, эдийн засгийн эргэлтэнд оруулж авто зогсоолын зориулалтаар тухайн газрыг ашигласанд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заажээ.
Улсын Дээд Шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.9-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан удаа дараа гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан ... ноцтой зөрчил...-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино гэжээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 02-03/3564 тоот албан бичгээр ил задгай авто худалдааны үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжилсан бөгөөд уг албан бичгийн хавсралтын 3 дугаар хүснэгтэд нэхэмжлэгчийг дурджээ.
Мөн Нийслэлийн газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02-06/4344 тоот албан бичгээр нэхэмжлэгчийг авто худалдаа эрхэлж буйг тодоруулах шаардлагатай талаар хариуг өгч байсан хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1112 дугаар захирамжаар нэхэмжлэгчид үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгосон газрыг 15 жилийн хугацаатай сунгаж, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.
Учир нь дээрх албан бичгүүдэд нэхэмжлэгчийг ил задгай авто худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа талаар дурдсан хэдий ч тухайн үйл ажиллагааг явуулахыг хуулиар хориглоогүй, уг үйл баримтын дараа нэхэмжлэгчийн хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэсэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээнд гэрээний нөхцөл болон ноцтой зөрчлийн талаар тусгаагүй байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна
Хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/786 дугаар захирамжаар Нийслэл хот дотор зөвшөөрөлгүй, ил задгай авто машин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдүүдийн газрыг чөлөөлөхтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03-06/4123 тоот албан бичгээр нэхэмжлэгчид газраа зориулалтын бусаар ашиглаж, ил задгай автомашин худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар мэдэгдэж байсан хэдий ч энэ нь нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, газар эзэмшүүлэх гэрээнд гэрээний нөхцлийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохооргүй байна.
Мөн маргаан бүхий газарт нэхэмжлэгчийн нэр бүхий үл хөдлөх хөрөнгүүд байрладаг болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар 15.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч МЧГА ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1098 дугаартай захирамжийн 1 болон 3 дахь заалтын МЧГА ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ