Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0679

 

 

 

 

 

 

 

 

               “В р ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “В р ” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2015/129 тоот гэрчилгээнд Хан-Уул дүүргийн нутагт орших Жаргалантын ам нэртэй газарт 3.3 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглахыг зөвшөөрч өөрчлөлт оруулан газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2015/129 дугаартай гэрчилгээнд аялал жуулчлалын зориулалтаар 3.3 га газар ашиглахаар өөрчлөн гэрчилгээний хугацааг сунгаж тушаал гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 691 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2023/0638/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “В р ” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2015/129 тоот гэрчилгээнд Хан-Уул дүүргийн нутагт орших Жаргалантын ам нэртэй газарт 3.3 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглахыг зөвшөөрч өөрчлөлт оруулан газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2015/129 дугаартай гэрчилгээнд аялал жуулчлалын зориулалтаар 3.3 га газар ашиглахаар өөрчлөн гэрчилгээний хугацааг сунгаж тушаал гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 691 дүгээр шийдвэрээр: 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "В р " ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2015/129 дугаартай гэрчилгээнд улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт Хан-Уул дүүрэгт Богдхан уулын Дархан цаазат газар, Жаргалантын ам нэртэй газарт 3.3 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглахыг зөвшөөрч өөрчлөлт оруулан, газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2015/129 дугаартай гэрчилгээнд аялал жуулчлалын зорилгоор 3.3 га газар ашиглахаар өөрчлөн, гэрчилгээний хугацааг сунгаж тушаал гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пүрэвдулам дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/237 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд нэхэмжлэгч компанид аялал жуулчлалын зориулалтаар 7.5 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон. Дээрх 7.5 га газрын 4.2 га газарт мод тарьсан. Улмаар нэхэмжлэгч компани нь газрынхаа ойжуулсан хэсэг болох 4.2 га газрыг буцаан өгөх, газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан шаардлагыг хангалгүй бүрдүүлбэр дутуу материал ирүүлсэн. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт бүрт хариуцагч БОАЖЯамнаас тухай бүр “...гэрээ дүгнүүлсэн акт, газрын төлбөр тооцоо нийлсэн актыг ирүүлэх” агуулгатай хариуг өгч байсан.

Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно. Тодруулбал, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөр төлсөн баримт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэсэн баримт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн тайлан, гэрээ дүгнэсэн акт зэрэг материалын хамт ирүүлэх шаардлагатай байдаг. Нэхэмжлэгч нь хуульд заасан журмыг баримтлаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, холбогдох материалаа ирүүлээгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан боловч анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-д “нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт буюу газар ашигласан хугацааны төлбөрийг төлж, тооцоо нийлсэн акт болон гэрээ дүгнэсэн баримтыг төрийн захиргааны төв байгууллагад гаргаж өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг тусгайлан тэмдэглэх нь зүйтэй” гэж дурдсан.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахад бүрдүүлэх баримтыг гаргаж өгөх үүрэгтэй, төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж тэмдэглэсэн атлаа хариуцагчийн маргаан бүхий үйл баримттай холбоотой тайлбарыг хүлээн авалгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “хамгаалалтын захиргаа нь иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглах хүсэлт болон саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна" гэж заасан. Төрийн захиргааны төв байгууллага иргэн, аж ахуй нэгжийн гаргасан хүсэлт, хамгаалалтын захиргааны ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн аливаа шийдвэр гаргана. Түүнээс биш шүүхийн шийдвэрийн 18 дахь хэсэгт дурдсан хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах үүргийг хариуцагч БОАЖСайдад хуулиар олгоогүй.

 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 691 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч талын давж заалдах гомдлыг хангав.

            1.Шийдвэрт газар ашиглах гэрчилгээнд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг зөвхөн “гэрээ дүгнүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж буй мэтээр тайлбарлаж нэхэмжлэлийг хангасан атлаа “…газар ашигласан хугацааны төлбөрийг төлж, тооцоо нийлсэн акт болон гэрээ дүгнэсэн баримтыг гаргаж өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг тусгайлан тэмдэглэх нь зүйтэй…” гэж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т тус тус заасан “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэнтэй нийцсэнгүй.

            Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/237 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг, Богдхан уулын Жаргалантын аманд 7.5 га газрыг “В р ” ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу мөн оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулагдсан газар ашиглах 2015/060 дугаар гэрээний 2.4-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг үндэслэн ашиглах эрх бүхий 7.5 га газрын 1 м.кв-ын үнэ 396 төгрөг, 1 жилд 29.700.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор Хан-Уул дүүргийн Газрын албанд төлөхөөр харилцан тохиролцжээ.

            Гэтэл өнгөрсөн хугацаанд газрын төлбөрт тус компаниас зөвхөн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 6.0 сая төгрөг төлснөөс өөрөөр газрын төлбөр төлөөгүй, үүнийгээ ч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон тус компанийн захирал Л.Ганпүрэв хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд “…анх гэрээ байгуулагдсанаас хойш 5 сарын дараа буюу 2015 оны 11 дүгээр сард дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын төлбөрийг 3 дахин нэмэгдүүлснээс шалтгаалж төлбөр төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн…” гэх боловч дээрх гэрээнд заасан төлбөрөө ч бүрэн төлөөгүй байгаа энэ тохиолдолд гэрчилгээ сунгуулах хүсэлтдээ газрын төлбөр төлсөн баримт, төлбөрийн тооцоо нийлсэн актыг хавсаргасан байхыг шаардаж буй хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэхгүй.

            2.Тухайлбал Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”-ыг хугацаа сунгуулах хүсэлтэд хавсаргахаар заасан, үүнийг ч шүүхийн шийдвэрээр үгүйсгээгүй атлаа төлбөрөө бүрэн төлөөгүй нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгахыг хариуцагчид даалгаж буй нь хууль хэрэглээний зөрчил болно.

            Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана:

1/тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө;

2/газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх хугацаа;

3/газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага” гэжээ.

Дээрхээс үзэхэд “газар ашиглах гэрээ дүгнэх” гэдэгт газрын төлбөр төлөлтийн байдал ч нэгэн адил хамаарах тул гэрээ дүгнэсэн эсэх, түүнд хариуцагчийн буруу байгаа эсэхээс үл хамаарч газрын төлбөр төлөх нь, тэр тусмаа гэрээ байгуулагдсан энэ тохиолдолд зөвхөн нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг болно.

            3.Нэхэмжлэгчээс анх олгосон 7.5 га газрын 4.2 га-д мод тарьсан, улмаар цаашид ашиглах газрын хэмжээгээ тэр хэрээр багасган гэрчилгээндээ өөрчлөлт оруулах хүсэлтийг 2015 оны 8 дугаар сараас хойш 2022 оны 12 сарын 14-нийг хүртэлх хугацаанд удаа дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт тус тус гаргаж байсан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Санал хүргүүлэх тухай” 1825 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн ашиглалтын талбайн хэмжээг багасгаж, гэрчилгээний хугацааг сунгах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлж байсан, мөн нэхэмжлэгчээс Сайдад хандсан 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 23/05 дугаар албан хүсэлтдээ 2015 оны байдлаар нийт ашиглах газраасаа 4.2 га-г хасуулж, газрын төлбөр төлөх, энэ хэмжээгээр гэрчилгээ гаргуулахыг хүсч байсныг тус тус нотлох баримтууд хэрэгт авагдсан ч, бодит байдалд 2015 оноос хойших газрын төлбөрт 667.731.180 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь татварын албаны нэхэмжлэлээр тогтоогдож байна.

            Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дээрх хүсэлтийн хариуг нэхэмжлэгчид 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 08/3520 дугаар албан бичгээр өгөхдөө “…газар ашиглах эрхийн хугацаа 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дууссан байна. Холбогдох хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн, харьяа хамгаалалтын захиргаанд хандаж гэрээгээ дүгнүүлж, материалын бүрдлийг ханган дахин хандана уу…” гэсэн,

            -цаг хугацааны хувьд үүнээс өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09/7426, 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09/221 дүгээр албан бичгээр мөн л “…Газрын тухай хуулийн 37.1.2-т заасны дагуу газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг 2022 оны жилийн эцсийн байдлаар ирүүлээгүй байх тул газрын солбилцлыг өөрчлүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Дээрх бичиг баримтуудыг бүрдүүлэн ирүүлнэ үү…” гэсэн хариуг тус тус өгсөн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

            4.Шүүхийн шийдвэрт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 2023 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулахаас өмнөх үед мөрдөгдөж байсан зохицуулалтаар энэхүү маргааныг шийдвэрлэх ёстой гэж, түүнчлэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1825 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн ойжуулалт хийсэн талбайг хасч, 3.2 га-гаар газар ашиглах эрхийн хугацаа сунгахыг уламжилсан нь хариуцагчаас зохих шийдвэр гаргах шууд үндэслэл болно гэх зэргээр хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хэт хязгаарласан дүгнэлт хийсэн нь буруу.

            Түүнчлэн уг хуулийн Газар ашиглуулах тухай шийдвэр гаргах тухай 36 дугаар зүйл, Газар ашиглах гэрээ байгуулах тухай 37 дугаар зүйлийн зохицуулалтыг тус тус өөрчлөн найруулсан эсэхээс үл хамаарч, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон эдгээр  зохицуулалтууд энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй, газрын хэмжээг багасгаж, гэрчилгээг сунгахаас татгалзаж буй гол шалтгаан нь хариуцагчаас бус харин нэхэмжлэгч Газрын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байна.

            Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь шүүхээс хариуцагчид шийдвэр гаргахыг даалгах хууль зүйн үндэслэлтэй эсэхэд л хамааралтай болохоос бус газрын төлбөрөө бүрэн төлж, татгалзаж буй шалтгааныг арилган газрын гэрчилгээгээ сунгуулах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх нэхэмжлэгчийн эрхийг, мөн тухайн хүсэлтийг шийдвэрлэх хариуцагчийн үүргийг тус тус хязгаарлахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 691 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1.2, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасныг баримтлан “В р” ХХК-иас гаргасан “2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2015/129 тоот гэрчилгээнд Хан-Уул дүүргийн нутагт орших Жаргалантын ам нэртэй газарт 3.3 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглахыг зөвшөөрч өөрчлөлт оруулан газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2015/129 тоот гэрчилгээнд аялал жуулчлалын зориулалтаар 3.3 га газар ашиглахаар өөрчлөн гэрээний хугацааг сунгасан тушаал гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П давж заалдах гомдлыг хангасугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                      

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН