Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/0605/Э |
Дугаар | 2022/ШЦТ/603 |
Огноо | 2022-05-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/603
2022 5 10 2022/ШЦТ/603
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Б.Ундрах (томилолтоор),
шүүгдэгч О.Б.............р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00579 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигон овогт О........ягийн Б.............р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 9 дүгээр сарын 27-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цэнгэг Айс” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ................................, урьд
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь заалтад зааснаар төрөл, садангийн хүний хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б.............р нь 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэртээ иргэн М.Г..........хтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоорондоо тухайн үед үүссэн үл ойлголцлын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь олон удаа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны зөрүүгүй хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, дагзны хуйханд няцарсан шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч О.Б.............р нь 2022 оны 3 дугаар сарын 8-ны шөнө найзуудын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доллар” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар О.Б.............р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад гэртээ харьсан байх бөгөөд энэ үед түүний найз М.Г..........х нь түүний араас очин гэрийнх нь хаалгыг нүдэхэд тэрээр уурлан хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 77 дугаар байрны гадаа О.Б.............р нь хохирогч М.Г..........хийн эрүүл мэндэд халдаж биед нь тархи доргилт, хамар ясны зөрүүгүй хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, дагзны хуйханд няцарсан шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNС11406950 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....99195971, Дуудлага хүлээн авсан...2022.03.09, 01:16:06 минут...Дуудлагын утга...Зодоон болоод байна гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал)
- Хохирогч Ч.Н..........нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн орой 19:30 цагийн үед залгаад эмэгтэйчүүдээ баярлуулъя хүрээд ир нөгөө хэд ирсэн байна гэж яриад Г..........х чи зүгээр ирэхгүй шүү заавал 1 пиво авч ирээрэй манай гэрт шууд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо депогийн автобусны буудлаас эргээд байрны голоор ороод Б.......кагийн гэрт нь очсон. Б.......каагийн гэрийн хаягийг нь сайн хэлж мэдэхгүй зааж өгч чадна...Тэгээд би Б.......каагийн гэрт орохдоо 1 пиво авч ороод хамт хуваагаад уугаад байж байтал Б.......ка гэнэт буудал оръё гэхэд нь бид хэд за гэж хэлээд Б.......каагийн гэрийн ойролцоо байдаг нэрийг нь мэдэхгүй буудалд орсон...Тэгээд буудал дотор 2-3 цаг суугаад дөрвүүлээ 3 сав пиво хувааж уугаад байж байтал Б.......ка эхнэр гэртээ ирсэн байна гээд буудлаас гараад гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь Б.......кагийн араас нь гараад Б.......кагийн гэрт нь очсон. Тэгээд Б.......кагийн гэрийн хаалгыг нүдсэн чинь Б.......ка гэрийнхээ хаалгыг тайлж өгөхгүй гэртээ эхнэртэйгээ хэрэлдээд байгаа нь сонсогдсон. Тэгэхээр нь би хүчтэй хэд хэд тогшсон чинь Б.......ка гэрийнхээ хаалгыг онгойлгоод Ганаа ороод ир гэхээр нь ...орсон чинь Б.......ка намайг дэгээдэж унагаагаад хөлөөрөө толгой руу гараараа цохиж, хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн, тухайн үед миний хамраас цус гараад Б.......кагийн гэрийнх нь орон дээр сууж байтал Б.......ка намайг буудал явъя гээд буудал руу дагуулаад явсан...Тэгээд дараа нь миний толгой эргээд миний хоёр нүд харанхуйлаад нэг мэдсэн чинь цагдаагийн газар ирсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 12 дахь тал),
- Гэрч Э.Э...........лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр...гэртээ ирэхэд О.Б.............р гэрт байгаагүй болохоор мессенжерээр залгахад их уурласан байдалтайгаар “одоо очлоо гэрт байж байгаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 00:00 цаг орчмын үед гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд “ёо лайтай юм аа эд нар, ууж идэж охин гэж явдаг юм уу гээд уурлаад байсан” тэгэхэд би ууж идээд замаа алдах гээд байгаа юм уу ямар хүмүүстэй нийлээд байгаа юм бэ гэж уурлахад би тэд нарыг битгий ир гэж хэлсэн одоо ирэхгүй байх гээд бид хоёр жоохон маргалдаж байхад гэрийн хаалга тогшихоор нь хаалгаа тайлахгүй нэлээн удаан 30-40 минут тайлаагүй, сүүлдээ бүр хаалга нүдээд байхаар нь онгойлгоход М.Г..........х нь О.Б.............рыг цохисон тэгээд Б.............р гэнэт уурлаад гарч яваад буцаад ороод ирэхэд гэрт хүн байгаагүй тэр 2 гараад явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
- Гэрч Э.Улсболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 08-ны 20:00 цагаас 2022 оны 3 дугаар сарын 09-ний 02:00 цаг хүртэл...эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Дуулгат-10-аас Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 77 дугаар байрны гадаа зодоон болоод байна гэх...дуудлага мэдээллийг...аваад шалгахад...зодолдсон гэх О.Б.............р, М.Г..........х нарт байхгүй...байсан...О.Б.............ртай утсаар залгаж хаана байгаа, юу болсон талаар тодруулахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хэл амаар доромжилж байгаад 5-10 минут орчмын дараа гэртээ өөрөө ирэхээр нь юу болсон талаар асуухад би найз М.Г..........хтэй муудалцаж бид 2 зодолдсон М.Г..........х буудалд байгаа гээд “Доллар” гэх буудлын 201 тоот өрөөнд очиж шалгахад М.Г..........х нь нүүр нүд нь хавдсан цус гарсан байдалтай орон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
- Гэрч Л.Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр өөрийн найз болох Цээгийгийн хамт...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо депогийн автобусны буудлын ойролцоо байх буудалд ороод нэг өрөө авсан. Өрөө аваад байж байтал Б.............р нэг найзтайгаа орж ирсэн. Найзыг нь танихгүй. Тэгээд 4 том савлагаатай пиво ууцгаасан...тэгээд юм ярьж сууцгааж байгаад Б.............р юм хэлэлгүй ганцаараа өрөөнөөс гараад явсан. Удалгүй араас нь хамт орж ирсэн найз нь гараад явсан. Ойролцоогоор 20-30 минутын дараа тэр 2 зодолдсон байдалтай цус нөж болчихсон ороод ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4034 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Толгойн зүүн тал дагзны хуйханд боолттой, боолтыг суллахад толгойн зүүн доод тал дагзны хөндлөн 3.0х0.1см хэмжээтэй мэс заслын оёдол бүхий цус гарч хатсан боолт шархтай. Баруун зүүн нүдний эргэн тойрон хавдаж улайсан, хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Баруун зүүн нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус харвалттай. Баруун хацар чинэрч хүрэнтсэн, тэмтрэхэд шарчигнана. Сатураци 97% судасны цохилт 66 удаа.
ГССҮТ-н 2022 оны 3 дугаар сарын 09-ний үзлэгт: Онош: Толгойн үстэй хэсгийн няцарсан шарх, тархи доргилт, баруун ухархайн хананы хугарал.
2022 оны 3 дугаар сарын 09-ний Лазер мед эмнэлгийн Толгойн КТГ: хамар ясны 2 талын хажуу хана зөрүүгүй хугаралтай, баруун этмойд хөндий цустай, баруун нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү 1.8 см өргөн хэсэгт 0.7см гүн хэмжээтэй цөмөрсөн хугаралтай 2 талын нүд дух хамар хацар хэсэгт зөөлөн эдэд хаван хавдартай...ДҮГНЭЛТ
1. М.Г..........хийн биед тархи доргилт, хамар ясны зөрүүгүй хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, дагзны хуйханд няцарсан шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч О.Б.............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...М.Г..........х хаалга нүдээд явахгүй болохоор нь гэрийнхээ хаалгыг онгойлгож өгсөн. Тэгээд М.Г..........хийг орж ирэхээр нь би хөлөөрөө толгой руу нь өшиглөсөн, гараараа нэлээн хэдэн удаа цохисон. Нэг ухаан ороод сэргэтэл миний гар нил цус болчихсон М.Г..........хийн хамраас цус гарсан байсан би Г.Г..........хийн биед гэмтэл учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Б.............р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4034 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч О.Б.............р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр хохирогч М.Г..........хийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч О.Б.............р нь гар, хөлөөрөө хохирогч М.Г..........хийн биед тархи доргилт, хамар ясны зөрүүгүй хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, дагзны хуйханд няцарсан шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус харвалт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч М.Г..........х нь архидан согтуурсны улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Б.............р “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч М.Г..........х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар 510.530 (хавтаст хэргийн 41-42 дахь тал) төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч О.Б.............р нь төлсөн (хавтаст хэргийн 112) байна. Тиймээс шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч О.Б.............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч О.Б.............р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч О.Б.............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 83 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 84, 85 дах тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 86 дахь тал),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 57 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 53-54 дэх тал), “Цэнгэг Айс” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Б.............р нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж хэргийг хялбаршуулсан журмаар хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч О.Б.............р гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч О.Б.............рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 00579 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт О........ягийн Б.............рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б.............рыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б.............рт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б.............р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ