Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/0667/Э |
Дугаар | 2022/ШЦТ/664 |
Огноо | 2022-05-23 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/664
2022 5 23 2022/ШЦТ/664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Ж.Сувданчимэг (томилолтоор),
шүүгдэгч Н.С............рж нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00565 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Бага Саруул овогт Н............ржийн С............рж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ...............................,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Н.С............рж нь 2022 оны 2 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Ж..........рж тоотод өөрийн төрсөн дүү Н.Ж..........ржийг хамт архи уусангүй гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараар цохиж, чихний ар хэсэгт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний ар, хүзүү, баруун бугуй цээжинд шарх зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Н.С............рж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 25-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ............. тоотод нэг хашаанд цуг амьдардаг төрсөн дүү Н.Ж..........ржийнд орсон байна. Энэ үед түүний дүү Н.Ж..........рж нь төрсөн өдрөө тэмдэглэн хүргэн дүү Б.............үүгийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхтай таарч улмаар хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ. Ийнхүү Н.С............рж нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа хүргэн дүүгээ “хамт архи уусангүй” гэж, төрсөн дүүгээ “ахыгаа хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар гэрт нь агсан тавьж 2022 оны 2 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн орчим Н.Ж..........ржийг гэртээ харьж амар гасан шаардлага тавихад нь тэрээр эсэргүүцэн түүний нүүрний зүүн шанаа тус газар цохиж, баруун гуя орчимд хазаж, “Eden” нэртэй архины шилээр зүүн чихний ар хэсэгт нь цохиж биед нь зүүн чихний ар, хүзүү, баруун бугуй цээжинд шарх зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хүзүү, зүүн сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “..Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Ж..........рж тоотод 2 ах зодолдоод байна гэх... гомдол мэдээллийг 2022.02.26-ны өдрийн 03 цаг 30 минутад хүлээн авав...” гэх баримт (хавтаст хэргийн 01 дэх тал),
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Зүүн баян цагаан 10 дугаар хороо гудамжинд ертөнцийн зүгээр хойш харсан ногоон төмөр дааман хаалгатай ...11 гэсэн тоот хаягтай айл байх ба хашааны хаалга онгорхой байх ба үзлэгийг гаднаас явуулахад хаалганаас 5 метр зайд урагш харуулж барьсан монгол гэр байх ба...монгол гэрт зодоон болсон гэсний дагуу гэрт дотор орж үзлэг хийв... газарт эд зүйлс эмх замбараагүй, гэрийн баруун хана дотогш хонхойж моднууд хугарсан... зүүн талын баганын хажууд хагарсан шилнүүд байсныг ...1 гэж дугаарлаж гэрэл зургаар бэхжүүлэн хурааж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-04 дэх тал),
- Хохирогч Н.Жамъяндоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр миний төрсөн өдөр болоод Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Ж..........рж тоотод өөрийн гэртээ эхнэр Даасүрэн, хүргэн дүү Б.............үү нарын хамтаар 22 цагийн орчим төрсөн өдөр тэмдэглэж эхлээд ...Б.............үү бид хоёр “Eden” архи хувааж уусан. Тэгтэл 23 цагийн орчим гаднаас манай төрсөн ах С............рж ах архи уусан согтуу байдалтай 0.75 литрийн “Edem” нэртэй архи барьж орж ирсэн. Ингээд Н.С............рж ах гэрт хэсэг сууж байснаа Б.............үүг “хамт архи уусангүй” гээд агсраад уурлаад байсан. Би тухайн үед орондоо ороод унтах гээд хэвтэж байсан чинь С............рж ах “чи ахыгаа хүндэлсэнгүй, хамт архи уусангүй” гэхээр нь орноосоо босоод “би өглөө ажилтай. Та одоо боль, та нар одоо гэр гэртээ харь” гэтэл С............рж ах уурлаад эхлээд гараараа миний зүүн шанаа руу нэг удаа цохихоор нь би С............рж ахыг газар унагаагаад дээрээс нь дарсан. Тэгтэл С............рж ах миний гуяны урд хэсэгт нэг удаа хазсан. Тэгээд С............рж ах босож ирээд ойр байсан Eden нэртэй архины шилээр миний зүүн чихний ар хэсэгт нэг удаа цохиж хагалсан. ...Уг нь ах бид хоёрыг тухай үед манай эхнэр Даасүрэн, хүргэн дүү Б.............үү нар салгах гэж зөндөө оролдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18 дахь тал),
- Гэрч Л.Даасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр...Жамъяндорж, Б.............үү хоёр архи уусан...тухайн үед манай нөхөр өглөө эрт ажилтай унтлаа гээд орондоо ороод хэвтсэн чинь С............рж ах манай нөхөрт хандаж “ахыгаа хүндэлсэнгүй” гээд агсраад байсан. Ингээд тэр хоёр энэ асуудлаас болоод маргалдаад зодолдож С............рж ах Жамъяндоржийн шанаа руу нэг удаа цохисон. Манай нөхөр С............рж ахыг газар унагаагаад дээрээс нь дарсан. Тэгтэл С............рж ах шалан дээрээс босож ирээд ширээн дээр байсан “Eden” нэртэй архины шилээр Жамъяндоржийн зүүн чихний ар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Архины шил хагараад манай нөхөр шалан дээр унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
- Гэрч Н.Б.............үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай хадам ах Жамъяндоржийн төрсөн өдөр болоод бид хоёр гэрт нь хамт архи уусан...ингээд 00 цагийн орчим гаднаас ах С............рж орж ирсэн...Тэгтэл шөнө 02-03 цагийн орчим С............рж ах агсраад Жамъяндорж ахыг хамт архи уусангүй гээд тэр хоёр маргалдаад зодолдсон. ...Эхлээд С............рж ах Жамъяндорж ахыг нэг удаа гараараа цохисон. Тэгээд Жамъяндорж ах С............рж ахыг газар дарж авсан. Тэгтэл С............рж ах босож ирээд ширээн дээр байсан “Eden” нэртэй архины шилээр Жамъяндорж ахын зүүн чихний ар талд нэг удаа цохисон. Архины шил нь хагарсан...” эх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал)
- Гэрч Н.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 2-3 цагийн орчим...бэр эгч Даасүрэн залгаад Жамъяндорж, С............рж хоёр хамт архи уучхаад зодолдоод байна гэсэн...намайг очиход Жамъяндорж ах сандал дээр суучихсан зүүн чихний ар хэсгээс нь цус гарсан байсан. Шалан дээр архины шил хагарсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3659 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Зүүн чихний ар хэсэгт 3.0см 6.12 цагийн байрлалд 5 ширхэг, хүзүүний зүүн хажуу хэсэгт 1.0см 1.7 цагийн байрлалд 2 ширхэг, баруун бугуйнд 2.8 цагийн байрлалд 4 ширхэг, цээжний зүүн дунд хэсэгт 3.0см 3.9 цагийн байрлалд 4 ширхэг мэс заслын оёдол тавигдсан шархтай, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт 1.0х0.3см, зүүн шанаанд 3.0х0.2см, 1.0х0.1см, хүзүүний урд хэсэгт 0.3х0.2см, 0.6х0.2см, 0.4.01см, зүүн сарвууны хажуу хэсэгт 3.0х0.2см хүрэн өнгийн зулгаралттай, хүзүүний баруун хажуу хэсгээр 3.0х1.0см зүүн хэсгээр 4.0х1.0см ягаан өнгийн цус хуралттай.
Дүрс оношилгооны 2022.03.02-ны хариунд: Гавал ясны 2 байрлал, цээжний хэнхэрцгийн эгц байрлалын рентген зургаар гавал, эрүү, хамар ясанд гэмтэлгүй, хамрын таславч зүүн тийш мурийлттай, цээжний хэнхэрцэг үүсгэгч яснууд, хавирга ясанд гэмтэлгүй...ДҮГНЭЛТ
1. Н.Жамъяндоржийн биед зүүн чихний ар, хүзүү, баруун бугуй, цээжинд шарх, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хүзүү, сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтлүүд байна. Унаснаас үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал)
- Шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шарх бүхий гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарна. Зүүн чихний ар хэсэг, хүзүүний хэсгийн шархнууд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь ч гэсэн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Н.С............ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 25-ны орой гэртээ ганцаараа нэг ширхэг Сэнгүр пиво уучхаад хамар хашаанд байх өөрийн дүү Жамъяндоржийн гэрт ороход манай дүү Жамъяндорж хүргэн дүү Б.............үү хоёр архи уугаад сууж байсан. Тэдний гэрт Жамъяндорж түүний эхнэр Даасүрэн, хүргэн Б.............үү нар байсан. Ингээд би Жамъяндорж, Б.............үү хоёртой архи уусан. Жамъяндорж орон дээр гараад хэвтэхээр нь ахыгаа хүндэлсэнгүй гээд уурлаж байсан цаашаа буюу болсныг санахгүй байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.С............рж нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3659 дугаартай дүгнэлтээр Н.Ж..........ржийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.С............рж нь хууль зүйн хувьд согтууруулан ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ шууд санаатай үйлдлээр “ахыгаа хүндэлсэнгүй” гэх сэдэлтээр хохирогч Н.Жамъяндоржийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Н.С............рж нь архины шилийг зэвсгийн чанартай ашиглаж хохирогч Н.Жамъяндоржийн биед зүүн чихний ар, хүзүү, баруун бугуй, цээжинд шарх, зүүн чихний дэлбэн, зүүн шанаа, хүзүү, сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.С............рж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Н.Жамъяндорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.С............ржийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Н.С............ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Н.С............рж нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Н.С............рж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 70, 28 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 75, 77, 78 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүгдэгч Н.С............рж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал тогтоосон баримт буюу ХААН банкны депозит дансны хуулгаар хөдөлмөр эрхэлдэг болох нь тогтоогдож байх тул улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.С............ржид торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Эдэн нэртэй хагарсан архины шил, цус мэт зүйлийн дээж шингээсэн хөвөн бамбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2208 0000 00565 дугаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бага Саруул овогт Н............ржийн С............ржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С............ржийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С............ржид оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С............рж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Eden” нэртэй архины шилний хагархай, цус мэт зүйлийн дээж шингээсэн хөвөн бамбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ