Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/0693/Э |
Дугаар | 2022/ШЦТ/688 |
Огноо | 2022-05-30 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/688
2022 5 .......... 2022/ШЦТ/688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч М.О...........үү нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00740 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигон овогт М..........гийн О...........үү, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1993 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Милл Хаус” ХХК-ийн гурилын үйлдвэрт савлагч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт амьдардаг, ......................, урьд
- Сонгинохайрхан дүүргийн 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн.
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих, 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн 126.2.6 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хорих тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сарын хорих ял дээр хөнгөн хорих ялын зарим болох 2 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 12 жил 1 сарын хугацаагаар тогтоосон.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 444 дүгээр захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг болгож биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 14 хоногийн хугацаагаар тогтоосныг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр биечлэн эдэлж суллагдсан.
- Төв аймаг дахь Сум дунд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.О...........үү нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .......... дугаар хороо, .......... .......... тоотод хохирогч Л.Б..........рьт “архи авсангүй” гэж уурлан баруун гараараа зүүн хөмсөгт цохих, газар дарж унаган нуруу руу өшиглөх, гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч М.О...........үү нь 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .......... дугаар хороо, .......... 1 дугаар гудамжны 06 тоотод байрлах нийтийн байрны 17 тоот өрөөндөө Л.Б..........рьтай согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж улмаар түүнийг “тамхи авсангүй” гэх шалтгаанаар 13 цагийн орчим эрүүл мэндэд нь халдаж биед нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- СХДЦГ ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн PCNС11506968 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....80225517 Дуудлага хүлээн авсан...2022.03.19, 13:59:15 минут...Дуудлагын утга...хүнд зодуулсан нүд ам аймар болчихлоо гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 1 дэх тал)
- Хохирогч Л.Б..........рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 19-ний өглөө...би гэртээ ганцаараа байж байхад хажуу талын 17 тоотод хөлсний өрөөний нэрийг нь сайн мэдэхгүй зүс таних залуу намайг “гэртээ ороод ир” гэхээр нь би 13 цагийн үед орсон. Тэгсэн тэр залуу өөрийн эхнэр болон найзуудын хамт архи уугаад сууж байсан. Тэгээд архинаасаа надад хийж өгөхөөр нь би тэр архинаас нь уусан. Тэгээд би гэртээ байсан дээрээс нь уучихсан байсан “Соёрхол” нэртэй архийг авч орж хувааж уусан архи ууж дууссаны дараа нөгөө залуу над руу агсарч намайг цохиж зодож эхэлсэн... намайг хөл болон гараараа цохиж зодсон. Миний толгой хэсэгт хавдсан, зүүн талын нүд хавдаж зовхи язарсан, зүүн талын чих хөндүүрлэсэн, баруун хөлийн булчин хэсгээр өвдөж байна...Тэр залуу нэлээн согтуу байсан. Би бол юу болж байгаа талаар мэдэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07-08 дахь тал),
- “...ГССҮТ-д очиж үзүүлэхэд надаас ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Тухайн миний биеийг үзсэн эмч нийт 16 оёдол тавьсан. Мөн намайг эм авч уугаарай гээд 45.000 төгрөгийн үнэ бүхий эмчийн бичиг хийж өгсөн. Тухайн эмчийн бичгийн дагуу гадна байх эмийн сангаас 46.100 төгрөгийн үнэ бүхий эм тариа авч өөртөө хэрэглэсэн...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10, 12-13 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5124 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Тархи доргилт, зүүн хөмсөгний гүн няцарсан шарх, нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэж эмчийн гарын үсэг зурагдсан хуулбар үнэн болно 2022.03........... гэсэн тэмдэг дарагдсан байна...ДҮГНЭЛТ
1. Л.Б..........рийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22дахь тал),
- Шүүгдэгч М.О...........үүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байтал манай хөрш Б..........рь надад 11 цагийн үед манай гэрт 1 шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд тухайн архийг бид хоёр хувааж уусан...Тэгээд Б..........рьд би картаа өгөөд “тамхи аваад ирээч” гэхэд карт авч явчхаад тамхи авч ирээгүй. Тэгээд удалгүй манай гэрт орж ирэхээр нь би “тамхи авсан уу” гэж асуухад “үгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамд картаа өгч байхад яагаад тамхи аваагүй юм бэ?” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгтэл миний нүүрэн тус газарт Б..........рь гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд бөгжтэй гараараа зүүн талын хөмсөг тус газарт цохисон. Тэгтэл Б..........рь гарч яваад ...удалгүй орж ирээд “миний хөмсөг задарчихсан байна” гэж хэлсэн... Би зүүн талын хөмсөг орчимд нь бөгжтэй гараараа нэг удаа цохисон. Миний бөгж нэлээд бөөрөнхий хэлбэртэй бүргэдийн дүрстэй бөгж байсан...Би одоо “Милл Хаус” ХХК-нд гурил тэжээлийн үйлдвэрт савлагч ажил эрхэлж байгаа сардаа 1.150.000 төгрөгний цалин авдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч М.О...........үү нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.О...........үү нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5124 дугаартай дүгнэлтээр М.О...........үүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.О...........үү нь хууль зүйн хувьд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр “тамхи авч ирж өгсөнгүй” гэх сэдэлтээр хохирогч Л.Б..........рийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч М.О...........үү нь гараараа хохирогч Л.Б..........рийн биед цохиж тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч, хохирогч нарын ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.О...........үүг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Л.Б..........рь нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.О...........үүг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч М.О...........үүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч М.О...........үү нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч М.О...........үүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэх болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39, 40 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 49-51, 52-79, 101-107, 82-86 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 42) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг өөрчилж шүүгдэгч М.О...........үүг урьд эрүүгийн хариуцлага хүлээж дууссаны дараа удаагүй дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгааг харгалзан түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангах үүднээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоож, оногдуулсан ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.О...........үү нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 00740 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт М..........гийн О...........үүг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О...........үүг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар М.О...........үүд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.О...........үүд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч М.О...........үү нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ