Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/691

 

 

 

 

 

 

 

       2022           5            30                                       2022/ШЦТ/691

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

хохирогч О.Д...........аа,

шүүгдэгч Т.Э.............л нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00653 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шарнууд овогт Т.............ний Э.............л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1962 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уулын цахилгааны инженер мэргэжилтэй, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группэд байдаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн .........................................., урьд

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 230 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих, 225 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял, 39 дүгээр зүйлийг журамлан  мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх эсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон.

- Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх эхсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Э.............л нь 2022 оны 3 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .............. тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч О.Д...........аатай маргалдан, улмаар цээж хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь өвчүү ясны хугарал, цээжний цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Т.Э.............л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 02 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн .............. тоот гэртээ агсан тавьж, хамтран амьдрагч О.Д...........ааг цээжин тус газар нь цохиж биед нь өвчүү ясны хугарал, цээжний цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдлоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Гэмт хэргийн талаар гаргасан өргөдөлд: “...миний нөхөр Т.Э.............л нь ...архи уугаад... унтаж байгаад босож ирчхээд юм чулуудаад орилоод байхаар нь би “чи яагаад байгаа юм бэ?” гэхэд орилоод 2022 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 02 цаг 30 минутад... миний цээж рүү цохиж унагаасан...” гэх баримт (хавтаст хэргийн 03 дахь тал),

- Хохирогч О.Д...........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн орчим гаднаас гэртээ орж ирэхэд унтаж байсан. Тэр оройнхоо 18-19 цагийн орчим гэрээс гарахад нөхөр халамцуу байсан тэгээд хүүхдийнд оччихоод шөнө ирэхэд...надаас хэрүүл өдөж хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь босож яваад цаад өрөө рүү ортол араас ирээд “оодоо манайхаас зайл хөгшин чавганц минь” гэж хэлээд миний цээж, өвчүү хэсэгт нэг удаа гараараа цохитол би арын ханыг нуруугаараа тулаад унасан... ингээд гэрээр байж байгаад цээж өвдөөд болохгүй болохоор нь 03 дугаар сарын 15-ны өглөө эмчид үзүүлэхэд өвчүү нь хугарсан байна гэхээр нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),

“...Надад бусдаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй байна. Эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4453 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Цээжний дунд хэсэгт 3.5х4см шаргал ногоон өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

Амбулаториор эмчлүүлэгсдийн картаас: 2022.03.15-ны Гэмтэл” Зовуурь: цээжээр өвдөнө. Үзлэгт: цээж хэсгээр өвчин эмзэглэл ихтэй.

- Огноо нэр тодорхой бус цээжний рентгений 3 ширхэг фото зураг /СD/-р: Өвчүү ясны их биеийн дунд 1/3 хэсэгт зөрөө бүхий хугаралтай...ДҮГНЭЛТ

1. О.Д...........аагийн биед өвчүү ясны хугарал, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

- Шүүгдэгч Т.Э.............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...О.Д...........аа бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй, 16 жил хамт амьдарч байна. ...Тухайн хэрэг болсны маргааш Д...........аагийн өвчүү хэсэг бага зэрэг хавдартай байхаар нь хар цайгаар шавшиж хавдрыг нь буулгасан. Эмнэлэг явъя гэхэд үгүй гэсэн юм. ...Би Д...........аагийн өвчүү цээж хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр үед гэмтэл үүссэн байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Т.Э.............л нь  шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулсан байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Э.............л нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэнд...д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4453 дугаартай дүгнэлтээр хохирогч О.Д...........аагийн биед эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсанд хамаарна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Э.............л нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хамтран амьдрагч О.Д...........аатай хувийн таарамжгүй сэдэлтээр хоорондоо маргалдаж улмаар эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Э.............лыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч О.Д...........аа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Э.............лыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Э.............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Т.Э.............л нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.Э.............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэх болон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38, 39 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24 дахь тал), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 28, 27 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн асрах тухай гэрээ (хавтаст хэргийн 63-65 дахь тал), Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хавтаст хэргийн 66 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар Т.Э.............лын хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч Т.Э.............лыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд хөгжлийн бэрхшээлтэй эгч Т.ЭнхТ.............нийг асардаг, тэрээр өөрөө хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группэд байдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Т.Э.............л торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00653 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овогт Т.............ний Э.............лыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э.............лыг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э.............лд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э.............л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ