Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2018/00474

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2018/00474

 

Улаанбаатар хот

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.С

Хариуцагч: НБУ ХХЗ

Шүүх хуралдаанд: Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогбадрах, хариуцагчийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Отгон нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туршилтын хугацаагаар Нарлаг буянт ухаа ХХК-д захирлын туслах ажилтнаар ажилд орж, энэ хугацаанд компанийн мод арчлах ажлыг хийж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус компанийн захирлын б/07 тоот тушаалаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, сарын үндсэн цалинг 600.000 төгрөгөөр тохиролцож тогтоосон. Би 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд Нарлаг буянт ухаа гэр хороололын дахин төлөвлөлтийн ажил эхлэх хүртэл компанийн үйл ажиллагаа зогссон учир ажил эрхлээгүй өдийг хүрч 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сар хүртэл хугацааны хөдөлмөрийн хөлс, цалингаа аваагүй. Үүний гол шалтгаан нь компанийн санхүүжилт хүлээгдэж байгаад цалин өгнө гэсэн компанийн амлалтад итгэсэн явдал юм. Компаниас 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн боловч огт цалин олгоогүй бөгөөд миний сарын үндсэн цалинг 600.000 төгрөгөөр тогтоосон байхад 500.000 төгрөгөөр тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн.  Тус компанийн захирал О.Нармандах нь Нийслэлийн Засаг даргын захирагчийн албанаас холбогдох албан тушаалтнууд ирж, төсөл хөтөлбөрийн ажлыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт БНСУ-аас удахгүй орж ирнэ гэсээр итгэл алдарсан. Иймд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 07 сар хүртэл хугацааны нийт 22 сарын цалин /22*600.000=13.200.000 төгрөг, алдангийг  Нарлаг буянт ухаа ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цогбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Сгийн хүүгийн аав, хүүгээ өөрийн танил О.Нармандахад хэлж ажилд оруулсан. Хүү маань анх ажилд орж байсан болохоор бид бүгд баяр хөөртэй байсан. Гэтэл хүүгийн маань ажил бүтэлгүйтэж одоо авсан цалин ч байхгүй, хийсэн ажил үгүй болоод байна. Тиймээс хариуцагч байгууллагаас ажиллуулж байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилж байна. Алданги гаргуулахгүй гэв.

 

            Хариуцагчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Манай төслийн удирдагч О.Нармандах нь Ц.Сг ажилд оруулсан, би өдөр тутмын удирдлагаар нь хангадаг байсан. Ц.С ажиллаж байхдаа ажлаа бүрэн сайн хийж байгаагүй. Өөрийнхөө дуртай үед л ирдэг байсан. Би  түүнд манай төслийн санхүүжилт орж иртэл тэсвэртэй, хүлээцтэй ажиллаж байгаарай, санхүүжилт ороод ирэх юм бол маш олон боломж байгаа шүү гэж байнга захидаг байсан. Манай компани сургалтад хүртэл суулгаж байсан. Өнөөдөр Ц.С өөрөө насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай хүн, яагаад түүний аав нь төлөөлөөд яваад байгааг ойлгохгүй байна. Ц.С ажлаас гарснаасаа хойш надтай холбоотой  байсан. Эрдэнэт хотод ажилд орох гэж байгаа талаараа хэлж байсан. Дараа нь таны сургалтад суулгаж өгсөний ачаар ажилд орчихлоо гээд зургаа хүртэл явуулж байсан. Тиймээс энэ хүүхдийг манайд цаашид ажиллах эсэхийг би сайн мэдэхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                     

                                                                              

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

                

Нэхэмжлэгч Ц.С хариуцагч Нарлаг буянт ухаа ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 13.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.С нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс Нарлаг буянт ухаа ХХК-д туршилтын хугацаагаар тус компанийн мод арчлах, услах зэрэг ажлыг хийж байгаад 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус компанийн захирлын б/07 тоот тушаалаар захирлын туслах ажилтнаар ажиллаж, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, сарын үндсэн цалинг 600.000 төгрөгөөр тохиролцож  ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ц.Сг тус компанид ажиллаж байх үедээ ажлаа бүрэн сайн хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан ба түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 01 сараас 09 дүгээр сарыг дуустал хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгчид өгөхийг  зөвшөөрч маргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангиас татгалзсан болно.

 

 Харин хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан,  хөдөлмөрийн гэрээг албан ёсоор байгуулаагүй гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж заасан ба талууд хөдөлмөрийн гэрээг байгуулж, гарын үсэг зурагдсан байна.

 

Нэхэмжлэгч Ц.С 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба түүний өргөдөлтэй Нарлаг буянт ухаа ХХК-д холбогдох цалин хөлсний маргаанд тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч хамтарсан уулзалт хийсэн боловч талууд маргаанаа эвийн журмаар шийдвэрлэж, харилцан тохиролцож эвлэрч чадаагүй, уулзалт ярилцлага үр дүнд хүрээгүй болсон гэж үзэн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон 178 дугаар тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

 

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны хөдөлмөрийн цалин хөлс, төлсөн шимтгэл бичигдсэн, хариуцагчийн төлөөлөгч 2016 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын нийт 4.600.000 төгрөгийн бичилт бүхий цалин хөлс өгөхийг  зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгчийг өөр газар шилжүүлсэн болон ажлаас чөлөөлсөн бичилт хийгдээгүй ба ажил олгогчийн тушаал, шийдвэр хэрэгт авагдаагүй  болно.

 

Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд  2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлсний дундаж олговор 4.381.242 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.818.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

 

Уг нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200+153.750=223.950 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг гаргуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагчаас 85.050 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэв.

 

Нарлаг буянт ухаа ХХК-ийн захирлын тодорхойлолтод огноо бичигдээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн Ц.Сгийн тайлбар хэрэгт ач холбогдолгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нарлаг буянт ухаа ХХК-иас цалин 4.381.242 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.818.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 223.950 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 85.050 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                           Л.НАРАНГЭРЭЛ