Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/170

 

 

 

 

 

 

 

   2022            02            11                                     2022/ШЦТ/170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Ш.Б.........р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00126 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овогт Ш........лын Б.........р, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1974 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......................... суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .............................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Ш.Б.........р нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр таксигаар үйлчлүүлэн Сонгинохайрхан дүүргийн ....................... тоот гэртээ хүргүүлэхдээ тээврийн хэрэгсэл дотроос жолооч Н.Ц.......................лийн цүнхийг хулгайлан авч 1.074.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ш.Б.........р нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын “Сод монгол” шатахуун түгээх станцын ойролцоогоос гэртээ харихаар таксигаар үйлчлүүлсэн байна. Ийнхүү таксигаар үйлчлүүлэн Сонгинохайрхан дүүргийн ....................... тоот гэртээ ирэхдээ тус тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр байсан жолооч Н.Ц.......................лийн өмчлөлийн цэнхэр өнгийн даавуун үүргэвчийг хууль бусаар авч буун 1.074.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Гэмт учрал болсон гэх гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 89-11 тоот ертөнцийн зүгээр урагш харсан модон хаалгатай цэнхэр өнгийн төмөр хаалгатай айл байх бөгөөд хашаагаар ороход хашааны хойд хэсэгт урагшаа харсан улаан тоосгон байшин байв. ..Уг байшинг хохирогч зааж энэ байшинд миний цүнхийг авч буусан эмэгтэй орсон гэснийг тэмдэглэв... Байшингийн ...хаалганы зүүн талд цагаан өнгийн угаалгын машин байх бөгөөд хохирогч “Миний цүнх анх энэ угаалгын машинд байсан” гэснийг тэмдэглэлд тусгав. Гал тогооны өрөөний хойд хэсэгт жижиг өрөө рүү орох хэсэг байх бөгөөд баруун хана дагуу бор өнгийн модон шүүгээ байх бөгөөд шүүгээний баруун талын хаалга дотор, доод тавиурт саарал өнгийн үүргэвч байх бөгөөд уг үүргэвчний арын халаасанд ...34 ширхэг хорин мянгатын мөнгөн дэвсгэрт байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-08 дэх тал),

- Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудаст: “...дуудлагын дагуу шалгахад тус байшинд байх угаалгын машин дотроос хохирогчийн алдагдсан цүнх гарч ирснийг Дуулга 10-т хүлээлгэн өгөв...” гэх баримт (хавтаст хэргийн 08 дахь тал),

- “ХААН” банкны зарлагын мэдүүлэгт: “огноо: 2022/01/03, ...дансны дугаар 5076....91, данс эзэмшигч Н.Ц.......................л, гүйлгээний код: зарлага бэлнээр, гүйлгээний дүн: 1.000.000, гүйлгээний утга: Ц.......................л зарлага...” гэх баримт (хавтаст хэргийн 83), 

- Хохирогч Н.Ц.......................лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би дөрвөн замын уулзварын хойд талд байрлах “ХААН“ банкнаас өөрийн хадгаламжийн данснаас нэг сая төгрөг бэлнээр авсан бөгөөд уг мөнгөө нагац эгч Мөнгөнцэцэгт өгөхөөр авсан юм...Тэгээд Мөнгөнцэцэг эгчид мөнгийг нь өгөхөөр ажил руу нь явж байхад ажил тарах болоогүй гэж хэлэхээр нь 21 цаг орчим өөрийн эзэмшлийн 57-34 УНҮ улсын дугаартай Toyota Feilder маркийн машинтайгаа ганцаараа Тахилтад байх гэр рүүгээ явж байсан бөгөөд үүргэвчээ арын суудал тавьсан байсан. Ингээд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилтын Содмонгол ШТС-ын ойролцоо явж байтал зам дагуу хар өнгийн хүрэмтэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй 40 гаран насны эмэгтэй гар өргөсөн бөгөөд тухайн эмэгтэйг машиндаа суулгаад заасан газар буюу Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Толгойтын 89-11 тоот хашааны гадаа буулгасан. Тухайн эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд таксины төлбөр болох 2.200 төгрөгийг хүүхэд рүүгээ ярьж гаргуулж надад өгсөн бөгөөд мөнгөө өгөөд буусан. Тэгээд тухайн эмэгтэйг буулгаж өгөөд гэр рүүгээ буюу Тахилт руу явж байх замд дэлгүүр орох гээд дэлгүүр дээр зогсоод хойшоо хараад цүнхээ үзтэл миний цүнх байхгүй болчихсон байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгөөд 00 цаг хүртэл тухайн эмэгтэйн гэрийн ойролцоо цагдаагийн алба хаагчдыг ирэхийг хүлээгээд хоёр цагдаа ирсэн. ...Ороод цүнх хаана байна гэж асуухад тухайн эмэгтэй би аваагүй гэж хэлсэн. Гэтэл гэрт нь байсан... хүүхэд угаалгын машиныг нь ухаад миний үүргэвчийг гаргаж ирсэн. Ингээд би үүргэвчээ уудлаад түрүүвчээ гаргаж ирээд мөнгөө үзтэл банкнаас авсан бэлэн нэг сая төгрөг болон өмнө нь түрүүвчинд байсан далан дөрвөн мянган төгрөг байхгүй болчихсон байсан. Тухайн эмэгтэй би аваагүй гэж хэлээд гаргаж өгөхгүй байсан бөгөөд миний үүргэвчинд байсан 500гр үзмийг гаргаж ширээн дээр тавьсан байдалтай байсан.... банкнаас авсан нэг сая төгрөг маань дандаа 20.000 төгрөгийн дэвсгэртээр 50 ширхэг байсан. Өмнө нь түрүүвч дотор 74.000 төгрөг байсан бөгөөд 20-ын дэвсгэрт 3 ширхэг 1000-ын дэвсгэрт 14 ширхэг нийт 74.000 төгрөг байсан. Эдгээр мөнгө буюу нийтдээ 1.074.000 төгрөг алдагдсан байна...би их гомдолтой байна. Алдсан мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

- Гэрч Ч.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед....Ш.Б.........р нь над руу утсаар яриад “найз нь таксинд үйлчлүүлж явж байгаад мөнгө олсон” гэхээр нь би “өөрийн зээлсэн мөнгийг Ш.Б.........рээс авмаар байна” гэсэн чинь чи хүрж ирээд авчих гэхээр нь явж очоод өөрийн зээлсэн 200.000 төгрөгийг найз Ш.Б.........рээс авсан...Ш.Б.........р гэх эмэгтэй нь над руу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны 21 цагийн үед над руу ярьж найз нь таксинд үйлчлүүлж явж байгаад мөнгө олсон зээлсэн өнгөө манай гэрт ирээд авчих гэхээр нь авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Ш.Б.........рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай нөхөр Н.Чулуунбаатарын төрсөн өдөр нь тохисон юм. Тэгээд би өөрийн нөхөр Н.Чулуунбаатарын хамтаар айлд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд би ганцаараа харих гээд Сонгинохайрхан дүүргийн 43 дүгээр хороо 89-11 тоотын гадаа буухдаа таксины төлбөр 2200 төгрөгийг таксинд өгсөн юм. Тэгээд би таксины төлбөрийг төлчхөөд таксины хойд талын суудал дээр байсан цэнхэр өнгийн үүргэвчтэй цүнхийг буухдаа хулгайлан авч гэртээ орсон. Тэгээд хулгайлсан цүнхийг онгойлгож үзэхэд бор өнгийн хэтэвчинд 51 ширхэг 20 мянгатын дэвсгэрт байхаар нь авад өөрийн найз Оюунцэцэг гэх эмэгтэйгээс зээлсэн 200.000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн. Үлдэгдэл 680.000 төгрөгийг гэртээ үлдээж, үлдсэн мөнгийг аваад гэрээсээ гарч яваад өөрийн найз эмэгтэй Оюунцэцэгийн хамт Сонгинохайрхан дүүргийн орбитын тойргийн ойролцоо байрлах караоке, бааранд орж найзтайгаа нэг шил пиво уусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Б.........р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ш.Б.........р нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр Н.Ц.......................лийн цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1.074.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл...г хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “”бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг.” гэж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт: “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй.” гэж тус тус хуульчилсан байна. Тодруулбал шүүгдэгч нь хуульд зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, санаатайгаар хулгайлан бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн дээрх зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасанд тооцогдоно.

Иймд шүүгдэгч Ш.Б.........рийг буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ц.......................лд бодитоор 1.074.000 төгрөгийн хохирол учирсан болох нь түүний мэдүүлэг, “ХААН” банкны зарлагын мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Хохирогч нь хохирлын мөнгөн дүнгийн эх сурвалжийг нотлох баримттайгаар мэдүүлсэн тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үзэн хохирлыг прокурор дээрх мөнгөн дүнгээр тогтоосон нь үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид мөрдөгч хэргийн газраас бэлнээр хураан авсан 680.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн (хавтаст хэргийн 12-13 дахь тал), шүүгдэгч Ш.Б.........р нь мөрдөн байцаалтын шатанд 394.000 төгрөгийг Т.Ц.......................лийн “ХААН” банкны дансаар “Б.........рээс” гэх утгатай хохирогчид (хавтаст хэргийн 58) цахимаар шилжүүлсэн.

Хохирогч Н.Ц.......................л нь мөрдөн байцаалтад: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн хохирлын мөнгө 1.074.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж (хавтаст хэргийн 21 дэх тал) мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ш.Б.........рийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Ш.Б.........рийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад...” урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Ш.Б.........р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ш.Б.........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 87, 88 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 89 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 91 дэх тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 51, 54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 52, 53 дахь тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 56, 57 дахь тал), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 58, 83 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ш.Б.........р нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Ш.Б.........р нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад...” үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд авахаар тогтов.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0015 40102 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Ш........лын Б.........рийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заасныг журамлан шүүгдэгч Ш.Б.........рт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ш.Б.........рт Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б.........р нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ