| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0185/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/188 |
| Огноо | 2022-02-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/188
2022 02 15 2022/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Б.Дэлгэрмаа,
шүүгдэгч Л.Г.......................га нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2203 0000 00030 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Халх овогт Лхамсүрэнгийн Г.......................га, Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1979 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, суурь боловсролтой, жолооч мэргэжилтэй, ................... албаны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..........................д байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ......................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Г.......................га нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны 13 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн зүүн талын замд “Huyndai Porter” маркийн ........ УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч Х.Ц.............рийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Л.Г.......................га нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Энхтайваны өргөн чөлөө буюу Москвагийн гудамжаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш “Талх Чихэр” ХК-ийн эзэмшлийн “Huyndai Porter” маркийн ........ УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон төв замын хөдөлгөөнд оролцож яваад 13 цаг 50 минутын орчим өөрийн ажлын байр луу орох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн уулзвараар баруун гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийн явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зам хөндлөн гарч явсан явган зорчигч Х.Ц.............рийг тээврийн хэрэгслийн баруун урд хэсгээр мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг осол гарсан газар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн зүүн замд үйлдэгдсэн байв... “Huyndai Porter” маркийн машин гарц дээр хойд зүгт харж зогссон байв... ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-07, 10-12 дахь тал)
- Хохирогч Х.Ц.............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Ан.......агийн гэрээс гараад дэлгүүр ороод Драгон төвийн автобусны буудал дээрээс 5 шар явах автобусанд суух гээд Драгон төвийн зүүн талын явган хүний гарц руу ороод явтал гэнэт миний толгой хэсэг рүү нэг юм шүргэх шиг болсон тэгээд хойшоо саваад унасан тэгсэн зүүн хөл машины баруун урд талын дугуйнд доор орсон хөлөө татах гэсэн болохгүй аймаар өвдөөд нэг мэдсэн цэнхэр өнгийн машин харагдсан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй тэгээд гэмтлийн эмнэлэг явсан цагдаа ирсэн харагдсан. Би өөрөө хөдөө Сэлэнгэ аймагт амьдардаг хотод хааяа ирдэг хотод ирэх болгондоо тэр замаар явдаг. Миний зүүн талын шилбэ шагай дээд талын хавчуурга яс хугарсан гэсэн өөр гэмтэл байхгүй жолооч эмчилгээнд гарсан мөнгө төлсөн надаас мөнгө гараагүй цаашид гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
- Гэрч Ц.Бя............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг Драгон төвийн зүүн талын “Талх чихэр” ХК-руу ордог уулзварын хажуу талын явган хүний замаар 5 шар луу эхнэрийн хамт явж байтал нэг хүн гэнэт орилсон. Тэгэхээр нь харсан чинь тэр хүн доошоо суусан хөлөө бариад ёолоод... хажуу талд нь “Талх чихэр” ХК-ийн “Huyndai Porter” маркийн машин зогссон байсан. Тэгээд эхнэртээ түргэн дуудаарай гэж хэлээд гүйж очоод нөгөө хүн дээр очиход зүүн хөлөн дээр нь машины дугуй гарсан юм шиг шороон мөртэй харагдсан. Би анхны тусламж үзүүлье гэсэн чинь нөгөө хүн татгалзаад хүүхэд дуудаад өгөөч гэхээр нь би хүүхдийг нь дуудсан машины жолооч нь цагдаа дуудаарай гэсэн чинь манай эхнэр 103 дугаарын утсаар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 32 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Баруун өвдөгт 1х1см улаан хүрэн өнгийн зулгаралттай зүүн шилбэний дээд 1/3 хэсгээс тавхай хүртэл гөлтгөнөн боолттой.
Med Trauma эмнэлгийн 2021.12.03-ны толгойн КТГ: “...хоёр талын суурийн духны, элхгийн хоншоорын хөндийнүүдэд +22HU-+50HU нягтралтай их хэмжээний агууламжтай. Хоёр талд самалдгийн салст зузаарч, жим нарийссан хөндийн агааржилт буурсан...гэжээ.
Med Trauma эмнэлгийн 2021.12.03-ны сээр нурууны КТГ-д: сээрний нугалмуудад баруун тийш 6 градус орчим мурийлттай. Зүслэгт багтсан С3-L3-р нугалмуудын их биеийн ирмэгүүдэд жижиг остеофит ургалтуудтай. L1-р нугалмын биеийн дээд гадаргууд Шморлын ивэрхийтэй. L1. L2-р нугалмуудын баруун талын фасет үений зай нарийс ч, гадаргуу хатуурсан, Th10 Th11, Th11 Th12-р нугалмуудын хоорондын жийргэвчийн урд ирмэгт жижиг хийтэй...гэжээ.
Med Trauma эмнэлгийн 2021.12.03-ны бүсэлхийн нурууны КТГ-д: нугалмуудад баруун тийш үл ялиг мурийлттай, Th10-L5-р нугалмуудын их биеийн урд ирмэгүүдэд жижиг остеофит ургалттай. L1-р нугалмын их биеийн дээд гадаргууд Шморлын ивэрхийтэй. L1/L4 түвшинд нугалам хоорондын жийргэвч жигд арагш цүлхийсэн. L4/L5 түвшинд нугалам хоорондын жийргэвч жигд арагш цүлхийсэн, нугасны хөндийн өмнө зай болон 2 талын мэдрэлийн язгуур гарах нүхийг дунд зэрэг нарийсгасан ба 2 талын мэдрэлийн язгуур гарах нүхийг бага зэрэг нарийсгасан ба 2 талын мэдрэлийн язгуур дунд зэрэг дарсан. L5/S1 түвшинд нугалам хоорондын жийргэвч арагш цүлхийсэн нугасны хөндийн өмнөд зай болон 2 талын мэдрэлийн язгуурыг шүргэсэн. L1-L5 нугалмуудын баруун талын L3-L52-р нугалмуудын зүүн талын фасет үенд өөрчлөлттэй...гэжээ.
Дүрс оношилгооны хариу: 2021.121.03-ны баруун шагайн үений 2 байрлалын рентген: зүүн шагайн үений дотор хашлага яс хугарсан...ДҮГНЭЛТ
1. Х.Ц.............рийн биед зүүн шагайн үений дотор хавчаар ясны хугарал буюу өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),
- Шүүгдэгч Л.Г.......................гын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед ажил руу орох гээд “Huyndai Porter” маркийн ........ УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Драгон төвийн зүүн талын гарц руу ортол явган зорчигч машины баруун гар талын толинд шүргэгдэх шиг болсон. Би шууд машинаа тоормос гишгэж зогсоогоод буугаад хартал эмэгтэй хүний зүүн хөл нь машины баруун урд талын дугуй доор дайрагдсан болохоор нь машинаа ухраагаад хөлийг нь татаж гаргасан. Би зөөлхөн хурдтай эргэсэн явган зорчигчийг хараагүй түс гэх чимээ гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Г.......................га нь суурь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Л.Г.......................га нь анхаарал болгоомжгүйгээр замын хөдөлгөөнд оролцон гарц руу эргэх хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Жолооч уулзвараар баруун зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч...д зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигчийг тээврийн хэрэгслээр мөргөсөн,
Явган зорчигч нь тээврийн хэрэгсэлд мөргөгдсөний улмаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 32 дугаартай дүгнэлтээр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл авсан нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Л.Г.......................га нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ 586.500 төгрөг зарцуулсан (хавтаст хэргийн 91-93 дахь тал), хохирогч нь Х.Ц.............р нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Г.......................гаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж (хавтаст хэргийн15) мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Түүнчлэн хэдийгээр шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх боловч хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, тэрээр Тээврийн прокурорт гаргасан хүсэлтдээ “...эмчилгээнд гарах зардлыг иргэний журмаар тухайн үед нь гаргуулж авна...” (хавтаст хэргийн 104) гэсэн байх тул хохирогчийн эрх ашгийг хамгаалах үүднээс түүний хүндэвтэр гэмтэлтэй холбоотой цаашид гарах хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Л.Г.......................гыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Л.Г.......................га нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Л.Г.......................га нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 97, 99 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 98, 100 дахь тал), “Талх чихэр” ХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 95 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Иймд шүүгдэгч Л.Г.......................гыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Г.......................гад оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2203 0000 00030 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халх овогт Лхагвасүрэнгийн Г.......................гыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г.......................гыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г.......................гад оногдуулсан 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Г.......................га нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хүндэвтэр гэмтэлтэй холбоотой хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ