Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/189

 

 

 

 

 

 

  2022             02             15                                      2022/ШЦТ/189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч О.Ө..........яа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0174 90062 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Намнан овогт О............нийн Ө..........яа, Монгол Улсын иргэн, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1999 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “................. ажилтай, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн .................. суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн .......................,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ө..........яа нь иргэн А.Г............рын эзэмшлийн Samsung-А9 загварын гээгдүүлсэн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч О.Ө..........яа нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр найз А.Э...............гийн хамт такси үйлчилгээнд явж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын цагаан байрны орчмоос А.Г............рыг авч түүнийг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ар гүнт гэх газар хүргэж өгөхөөр явсан байна. Ийнхүү явах замд А.Г............рын эзэмшлийн Samsung А9 pro маркийн гар утасны цэнэг дуусаж тэрээр гар утсаа О.Ө..........яад цэнэглүүлэхээр өгөөд Ар гүнт гэх газар буухдаа утсаа мартаж буужээ. Ийнхүү түүний утсаа мартаж буусныг мэдээгүй байсан О.Ө..........яа нь түүний гар утсыг тээврийн хэрэгсэл дотроос найзаасаа олж мэдээд хадгалсан боловч түүний гар утсыг буцааж өгөх зорилгогүйгээр, дугаарыг нь блок хийж, гар утсаар нь олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүк зэрэгт орж ашигласны улмаас 450.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд: “...Миний бие 2021 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Дэнжийн мянгын цагаан байраас Ар гүнт хүртэл... таксинд сууж үйлчлүүлсэн. Тус таксины жолооч нь миний Samsung A9 pro гар утсыг авч явсан тул олж өгнө үү...” гэх баримт (хавтаст хэргийн 10 дахь тал),

- Хохирогч А.Г............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай нэг эгч Ар гүнтээс ирээд авчих гэж залгаад байсан. Би тухайн үед бага зэргийн согтуу байсан учраас цагаан байран дээрээс такси бариад Ар гүнт рүү явсан. Замд миний гар утас унтарсан. Би таксины жолоочоос цэнэглэгч асуугаад утсаа цэнэглүүлсэн. Тухайн үед миний гар утас унтарсан байсан учраас Ар гүнтэд байх эгчтэйгээ таксины жолоочийн хажууд сууж явсан эмэгтэйн гар утсаар холбоо барьсан. Тэгээд Ар гүнтэд очоод тухайн таксины жолоочид хандаж хүлээж байгаарай би эргээд гараад ирье гэж хэлээд тохиролцсон мөнгөнөөсөө 5000 төгрөг илүү өгсөн юм. Мод руу ороод 20 метрийн цаана очоод эгч дээрээ очоод эгчийгээ авъя гэж хэлээд 5 минут орчим болсон. Тэгээд буцаад ойгоос гараад ирсэн чинь жолооч явсан байсан. Тэнд байсан ахынхаа гар утсыг гуйгаад жолооч руу ярьсан. Би тэр жолоочид хандаж ах нь гараад ирлээ явах уу гэж асуухад нөгөө жолооч ах дуудаад явчихлаа гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй тэр таксинд гар утсаа үлдээчихсэнээ санаад дахин залгатал миний дугаарыг блок хийсэн байсан. Би нөгөө таксины жолоочийн утас руу загаад яагаад ахынхаа гар утсыг аваад явчих ваа гэж хэлэхэд урдаас нэг эмэгтэй хүн хэн бэ гэж асуусан. Би өчигдөр Ар гүнтэд хүргүүлсэн ах нь байна. Би өөрийн гар утсаа авъя. Надад бөмбөгөр дээр ажил дээр авчраад өгчихөө би ирсэн зардлыг чинь өгье гэж хэлсэн чинь тэр эмэгтэй за гэж хэлээд тасалсан...тэр гар утсыг 2021 оны 02 сард Үнэгүй.мн дээрээс зар харж байгаад 420.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утасны загвар ногоон өнгөтэй Samsung A9 про загварын гар утас байсан...надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх байгаа эд зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал),

- Гэрч А.Э...............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн хамтран амьдрагч болох О.Ө..........яатай хамт машинтайгаа Дэнжийн мянга явж байхад цагаан байрны автобусны буудал дээр ажлын канттай хувцастай өндөр залуу гар өргөөд зогсож байсан. Тэр залууг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Өвөр гүнт гэх газар руу 20.000 төгрөгөөр тохирч явсан... Тэгснээ өөрийн гар утсаа цэнэглэж байхад аваад очих хүмүүсээсээ байршил тогтоогчийг цахимаар хүлээж авсан. Тэгсэн гар утас нь унтарчихсан. Тэр залуу миний утсаар нөгөө хүмүүс рүүгээ ярьж байршлыг нь авсан... Тэр залуу машинаас буухдаа ахыгаа 20 минут хүлээчих эндээс нэг эгч маань буцаж хот руу явна гэж хэлсэн. Тэр залуу байшин эсхүл гэр рүү ороогүй дан модон дунд ороод явсан болохоор жоохон жихүүдэс төрөөд хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Samsung A9 pro загварын гар утсыг гэрч А.Э...............гээс хүлээж авсны дагуу 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 30 минутад үзлэг явууллаа. ...Үзлэгээр ...гар утасны фейсбүүк аппликейшин лүү нэвтрэхэд Г............р Алтантуяа, Төрөө Э гэх цахим хаягуудаар нэвтэрсэн байна....”  гэх баримт (хавтаст хэргийн 11-15 дахь тал),  

- “Тэнцвэр- Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №790 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “...Samsung A9 Pro...гар утас 450.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

- Шүүгдэгч О.Ө..........яа нь мөрдөн байцаалтад: “...2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн найз охин Э...............гийн хамт 62-34 УНХ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Нарантуул хоёр захын ойролцоо явж байхад Г............р гэх залуу гар өргөж суугаад...Өвөр гүнт рүү хүргэж өгөхөөр болсон...Тэгээд Г............рыг очих газарт нь хүргэж өгөөд буцах гэтэл хүлээж бай эндээс манай хүн буцаад явна гэж хэлээд машинаас буугаад мод руу алхаад орсон. Модон дотор хүмүүс шуугиад орилолдоо байхад манай найз Э...............г энд эвгүй юм байна явъя гэж хэлэхээр нь би явсан юм. Тэгээд Улаанбаатар хот руу орох гээд явж байхад Г............р найз охин Э...............гийн утас руу залгаад яагаад явчихсан юм бэ гэхэд Э...............г ах дуудаад яараад явчихлаа гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш дахиж Г............р утсыг аваагүй. Тэгээд гэртээ орох гээд явж байхдаа замдаа найз Билгүүнтэй таарсан юм. Тэгээд Билгүүн машины хойд талд суугаад юм ярьж байгаад энэ нэг гар утас байна хэний утас бэ гэхээр нь би сая хүн мартаад буучихсан байна гэж хэлээд аваад машиныхаа урд талын хайрцагт хийгээд явсан. Тэгээд хөдөө байхад манай найз охин над руу залгаад нөгөө гар утасны хүн залгаад цагдаад өгнө гээд байна гэхээр нь би удахгүй очиж байгаад өөрөө өгнө гэж хэлсэн. тэгээд би цаашаа самарт явахаар болоод уг гар утсыг Билгүүнд өгч явуулсан. Билгүүн уг гар утсыг Э...............гт өгөөд Э...............г гар утсыг цагдаад аваачиж өгсөн юм...би учирсан хохирлыг бүрэн барагдуулсан...” гэж (хавтаст хэргийн 45-46 дахь тал) мэдүүлж байсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Ө..........яа нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч О.Ө..........яа нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, гээгдэл эд хөрөнгө буюу “Samsung А9 Pro маркийн гар утас бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Ө..........яа нь “Samsung А9 Pro маркийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хохирогч А.Г............рын гар утсыг завшсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учирсан болох “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч О.Ө..........яаг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны  улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Г............рт 450.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч О.Ө..........яа нь хохирогчид утсыг нь буцаан өгсөн болох нь (хавтаст хэргийн 45) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч О.Өгөөмөрзаяяаг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч О.Ө..........яа нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О.Ө..........яа нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 65, 66 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 67 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 68 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 58, 59 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дэх тал), Бимэкс ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 83 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Ө..........яа, хохирогч А.Г............р нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч О.Ө..........яа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.Ө..........яад торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2108 0174 90062 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Намнан овогт О............нийн Ө..........яаг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө..........яаг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө..........яад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Ө..........яа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ