| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0590/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/582 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхтүвшин |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/582
2022 5 09 2022/ШЦТ/582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Г.Мөнхтүвшин,
шүүгдэгч Э.Ө...........р, түүний өмгөөлөгч Э.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0274 90651 дугаартай хэрэгт холбогдуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Э..........рын Ө...........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 ах, 1 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ......................... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар Н..................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.Ө...........р нь 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний өдөр шилжих шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ............. тоотод хохирогч Х.Ц.............нийг хувийн таарамжгүй харилцаанаас нүүр рүү нь гараараа цохиж хамрын хянга, таславч, ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хамарт зулгаралт бүхий гэмтэл учруулсан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Э.Ө...........р нь 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний өдөр шилжих шөнийн 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ............. тоотод хохирогч Х.Ц.............нийг хувийн таарамжгүй харилцаанаас нүүр рүү нь гараараа цохиж хамрын хянга, таславч, ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хамарт зулгаралт бүхий гэмтэл учруулсан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч Х.Ц.............ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн ажлын дүү болох Б............нгийн гэрт...найз Жаргалбаяр, Э...........ш нарын хамт 23 цагийн орчимд очсон. Манай ажлын газрын дүүгийнд Б............н нь эхнэр гурван хүүхдийн хамт байсан... Тэгээд байж байтал Э...........шийн найз гээд эрэгтэй хүн гаднаас ганцаараа ирсэн... Тэгээд нөгөө Э...........шийн найз гэх Ө...........р гэх залуу Э...........шийг авч явна гээд байхаар нь би түүнд хандаж “чи наадхаа сэрээгээд авч яваа ч, наана чинь тасраад уначихсан байна” гэсэн чинь түүнийг сэрэхээр нь явъя гэхэд Э...........ш нь би чамтай юу гэж явж байдаг юм, чи ганцаараа яв гээд Ө...........рыг хөөсөн. Тэгэхээр нь би Э...........шээс яасан юу болсон юм гэхэд наадах чинь намайг зодож нүдээд байдаг юм гээд байхаар нь би Ө...........р гэх залууг чи ганцаараа явчих, маргааш нөгөөдрөөс Э...........штэй уулзаарай” гэхэд за би жаахан юм ярьж байгаад явъя гэсэн. Тэгээд төд удалгүй нөгөө залуу ганцаараа гараад явсан. Тэгээд бид нар тус тоотод амарсан ба 2021 оны 10 дугаар сарын 20-ны өглөө 07 цагийн орчимд манай найз Жаргалбаяр нь ажилдаа явсан. Тэгээд бид нар сэрээд байж байгаад 15 цагийн орчим дахин 3 ширхэг том пиво аваад түүнийгээ хэрэглэчхээд унтаж байхад 2021 оны 10 дугаар сарын 21-ний 01 цагийн орчимд гаднаас гурван залуу шууд ороод ирсэн. Тэгээд би босож очиход Ө...........р нь үл таних хоёр залуутай зогсож байгаад учир зүггүй орилолдоод аль нь бэ? хэн нь вэ? гэх мэт үг хэллэг хэлж байгаад Ө...........р нь энэ над руу өчигдөр томроод байсан гээд ...миний хамар хэсэгт 2-3 удаа, нүүр хэсэгт 2-3 удаа, унасны дараа дээрээс дэвсээд байсан. Тэгээд байж байгаад нэг харсан чинь Ө...........ртай хамт явж байсан нэг залуу нь миний хөл хэсэгт дэвсээд байсан... Миний нүд хөхөрсөн, хамар хавдсан, хоёр гарт зулгарсан байдалтай байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)
-“...Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Тухайн хүн надад хохирол мөнгөө төлж, уучлалт гуйгаад, намайг бүрэн хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал)
- Гэрч Б.Б.................эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Ө...........р нь ганцаараа архи согтууруулах ундаа уучихсан байдалтай орж ирээд намайг авч явна гээд байсан ба би сэрчхээд чамтай цуг явмааргүй байна, чи эрүүлдээ надтай уулз гэхэд Ө...........р хоёулаа жаахан юм яриад сууя гээд байсан. Тэгээд Х.Ц.............н ах намайг өгч явуулахгүй гээд Ө...........ртай жаахан маргалдсан. Тэгээд би тухайн өдөр тэндээ унтчихаад 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн найз Анхбаярын гэр рүү явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)
- Гэрч Ц.Ц................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн орчимд манай гэрт Ө...........р нь үл таних хоёр залуутай орж ирээд Х.Ц.............н ахыг зодоод байсан. Тэгэхээр нь би тэр гурвыг хөөгөөд гаргасан ба түүний дараа 30-40 минутын дараа дахин орж ирээд Ө...........р нь Ц.............н ахын нүүр рүү цохиод зодоод байсан...хамт явж байсан нэг залуу нь хөл рүү нь хэд хэдэн удаа өшиглөж байсан ба ерөнхийдөө Ө...........р л зодоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10230 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний дотор булан хамар овойж хавдсан, бүдэг хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай, хамрын нуруунд 0.6х0.5см зулгаралттай, хамрын амьсгал зүүн талд саадтай, эмзэглэл ихтэй, тэмтэрч үзэхэд эмгэг хөдөлгөөнтэй. Баруун шууны гадна дунд хэсэгт 2.5х1см, бугуйн гадна хэсэгт 1х1см, зүүн шууны гадна дунд 6х2см, баруун шилбэний ард дээд хэсэгт 6.5х3см бүдэг хөх хүрэн өнгийн цус хуралттай.
2021.10.25-ны Ай Ти мед Гавал тархины КТГ-д: Хамрын хянга яс зөрүү бүхий хэд хэдэн хугаралтай, хамрын таславч урд хэсгээрээ зөрүү багатай хугаралтай, хамрын таславч зүүн тийш мурийлттай...ДҮГНЭЛТ
1. Х.Ц.............ний биед хамрын хянган, таславч ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний дотор булан, хоёр шуу, баруун бугуй, шилбэнд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дахь тал)
- Шинжээч эмч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Ц.............ний биед учирсан баруун шуу, бугуй, зүүн шуу, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт дангаараа хамрагдахгүй. Харин бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал), зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10230 дугаартай дүгнэлтээр Х.Ц.............ний эрүүл мэндэд эрүү мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Э.Ө...........р нь хууль зүйн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн хохирогч Х.Ц.............н эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Э.Ө...........р нь хохирогч Х.Ц.............нийг зодож биед нь хамрын хянган, таславч ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, баруун нүдний дотор булан, хоёр шуу, баруун бугуй, шилбэнд цус хуралт, хамарт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Э.Ө...........р нь архидан согтуурсны улмаас маргаан үүсгэж, энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Ө...........р “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Х.Ц.............н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Э.Ө...........р нь 120.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Э.Ө...........рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Э.Ө...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Э.Ө...........р болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Э.Ө...........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 129, 130 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 132 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 133 дахь тал),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 114 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 80 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 112, 118 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 82-110 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Ө...........р, хохирогч Х.Ц.............н нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Э.Ө...........р гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Э.Ө...........рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2108 0274 90651 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э..........рын Ө...........рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ө...........р 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө...........рт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө...........р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ