Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0649

 

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 12 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2020/0649

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Ж ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн Ж ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани MV-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс, 80.73 гектар талбайд М\/-*****9 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс тус тус эзэмшдэг. 2011 оноос хойш Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж, тайлан мэдээгээ өгч хуулийн дагуу ажиллаж ирсэн. Тус компани анх 1 үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдаж байсан бөгөөд компанийг тухайн үедээ хариуцан ажиллаж, гадаад дотоодод төлөөлж, холбогдох төлбөрийг төлж, байсан этгээд нь захирал Ц.Б байсан. Гэтэл Ц.Б нь хүнд өвчний улмаас эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон тул гадаадад удаан хугацаагаар удаа дараа очиж эмчилгээ хийлгэсэн байдаг. Өвчний онош нь Тархины хавдар бөгөөд Монголд Улсад уг өвчин эмчлэгдэх боломжгүй юм. Дурдсан хугацаанд энэхүү өвчин болон түүнээс шалтгаалсан өвдөг, мөрний зэрэг гэмтэл бэртэл зэргийн улмаас олон удаа гадаадад Эмчлүүлсэн, цаашид дахин эмчийн хяналтад байх шаардлагатай байгаа болно. Дээрх байдлаас шалтгаалан MV-******, MV-*****9 тоот тусгай зөвшөөрлүүдийн төлбөр, алдангийг бүрэн төлж барагдуулж чадаагүй бөгөөд боломжтой болмогцоо 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тусгай зөвшөөрлүүдийн 6,7 дахь жилийн төлбөрийг алдангийн хамт төлсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж, тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл, нөхцөл байдал бий болсон талаар мэдэгдэлгүй, тус хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хэрвээ тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл, нөхцөл байдал бий болсон талаар мэдэгдсэн бол компанийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх холбогдох нотлох баримт, тайлбар, хүсэлтээ өгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт хуульд заасан 30 хоногийн хугацаанд бүрэн төлж, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга маргаан бүхий 53 дугаар шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулаагүй, 26 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагааг явуулаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна. 43.2-т Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, Факс. Шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна. 43.4-д Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс маргаан бүхий актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд гардуулж, үүнийгээ баримтжуулж, баталгаажуулах ёстой.

Гэтэл хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах гэж байгаа талаар бидэнд мэдэгдэж, маргаан бүхий актыг гардуулаагүй. Бидний зүгээс хүсэлт гаргасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хуулбар хувийг нь аваад урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/321 дүгээр албан бичгээр татгалзсан хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8/5878, мөн оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7/6090 дугаар албан бичгүүдээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэж, манай компанийн хаягаар хүргүүлсэн гэх боловч уг албан бичгүүд манай компанид ирээгүй, хүргүүлсэн гэдгээ хариуцагч хуульд заасны дагуу гардуулж, баталгаажуулаагүй байсан.

Дээрхээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/-д заасан зарчмыг хангахгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга маргаан бүхий 53 дугаар шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бөгөөд тус шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж зааснаар хүчин төгөлдөр болоогүй, одоо тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл арилсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар Ж ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл байхгүй байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн Ж ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 53 дугаар шийдвэрийн Ж ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Жаргалант нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын ГУУКХ -ийн даргын 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 783 дугаар шийдвэрээр Ж ХХК-д олгож хүчин төгөлдөр хугацааг 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөр тооцсон, МV-*****9 дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 457 дугаар шийдвэрээр олгож хүчин төгөлдөр хугацааг 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөр тооцсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32,33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заажээ.

Гэтэл Ж ХХК ашигт малтмалын ашиглалтын МV-******, М\/-*****9 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу алдангийн хамт төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр цуцалжээ.

Ашигт малтмалын ашиглалтын МV-*****9 дугаартай тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл бүрдсэн талаар 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8/5878 тоотоор, МV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл бүрдсэн талаар 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 7/6090 тоотоор тус тус мэдэгдэл хүргүүлсэн боловч буцалтаар иржээ.

Мөн дээрх тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх мэдэгдлийг 2018 оны 01 үгээр сарын 17-ны өдөр Кадастрын хэлтсийн мэдээллийн сан дахь Ж ХХК-ийн Улаанбаатар хот СБД 1 дүгээр хороо Очир төвийн 302 Б тоот дахь хаягаар хүргүүлсэн боловч "тухайн хаягаас нүүгээд 9.10 жил болж байна" гэсэн үндэслэлээр шуудангийн буцалтаар ирсэн байна. Ж ХХК-ийн хувьд хаягийн өөрчлөлт орсон бол энэ тухайгаа төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэй байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 53 дугаар шийдвэрийн Ж ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн Ж ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ж ХХК-ийг төлөөлж Ц.Б тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Ж ХХК-ийн улсын бүртгэлд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн Аээс олгосон итгэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3. Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө., 27.4. Итгэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байна:, 27.4.1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;, 27.5. Энэ хуулийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.,

Захиргааны ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. Хуульд өөрөөр заагаагүй бол оролцогчийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөх бөгөөд итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна. гэж тус тус зохицуулжээ.

Ж ХХК-ийн төлөөлөх эрхтэй этгээд болох Аээс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ц.Бт олгосон итгэмжлэл нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Ж ХХК нь Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант нэртэй газар 356.1 гектар талбайд МV-****** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг, 80.73 гектар талбайд МV-*****9 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг байсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлүүдийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалжээ.

Хариуцагчаас МV-*****9 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл бүрдсэн талаар 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8/5878 тоот албан бичгээр, МV-****** дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн цуцлах үндэслэл бүрдсэн талаар 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 8/5878 тоот албан бичгээр тус тус Ж ХХК-ийн бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн боловч Монгол шуудан ХХК-иас 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчид буцаан хүргэгдсэнийг тус компанийн менежер гэх Д.П 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчаас гардан авсан талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлд тэмдэглэгдсэн байна.

Нэхэмжлэгчээс ...тусгай зөвшөөрлийг цуцлах болсон тухай шийдвэр болон цуцалсан шийдвэрийг гардуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 46.1 Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно. 47 дугаар зүйлийн 47.1.6. иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан мэдэгдэх зарчмыг хэрэгжүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгчид Ашигт малтмалын тухай хуулиар тодорхой үүрэг хүлээлгэж, үүргээ биелүүлээгүй тохиололд тусгай зөвшөөрлийг цуцлахаар тодорхой зохицуулсан байхад Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна. гэж заасанд хамааруулж маргаан бүхий актыг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө., 31 дүгээр зүйлийн 31.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална., 34 дүгээр зүйлийн 34.1. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө., 34.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө., 56 дугаар зүйлийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд 56.1.2. тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж заасан бөгөөд эдгээр эрх, үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдэх үүрэгтэй бөгөөд 2017 онд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан талаарх мэдэгдэл, шийдвэртэй 2020 онд маргах хууль зүйн боломжгүй бөгөөд тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; буюу илт хууль бус актад тооцох үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн Ж ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 56 дугаар зүйлийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд 56.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн Ашигт малтмалын газрын даргад холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шийдвэрийн Ж ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН