Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0698

 

 

 

 

 

 

 

 

         Ч.Б нэхэмжлэлтэй 

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Б.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Б

Хариуцагч Татварын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Орон тоо, чиг үүрэг хэвээр хадгалагдаж байхад ажилд үргэлжлүүлэн ажиллуулаагүй чөлөөлж өөр албан тушаалд томилсон, шилжүүлэн томилсон, төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрүүдтэй маргаж, урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, цалингийн зөрүү, нэмэгдэл, урамшуулал гаргуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 654 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Б  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А

Гуравдагч этгээд Б.Э  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2020/0395/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Б ээс Татварын ерөнхий газрын даргад  холбогдуулан “орон тоо, чиг үүрэг хэвээр үндэслэлээр ажилд үргэлжлүүлэн ажиллуулаагүй чөлөөлж өөр албан тушаалд томилсон, шилжүүлэн томилсон, төрийн албанаас чөлөөлсөн шийдвэрүүдтэй маргаж, урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, цалингийн зөрүү, нэмэгдэл, урамшуулал гаргуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 654 дүгээр шийдвэрийн 1, 2 дахь заалтаар: 

“...Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 57 дугаар зүйлийн 57.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Ч.Б т холбогдох хэсгийг, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг тус тус, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгаруулалтын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудасны Ч.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулаагүй, 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг тогтоож олгоогүй эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилж ажиллуулахыг, 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг 20 хувиар тогтоож олгохыг тус тус Татварын ерөнхий газрын даргад даалгаж, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш урьд эрхэлж байсан албан тушаалд томилж ажлаар хангах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг албан тушаалын дэс түшмэл ангиллын ТЗ-8-5 зэрэглэл, шатлалаар үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлийг тооцон нөхөж олгуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын зөрүү 216,168 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8 дахь заалтын дагуу нэхэмжлэлийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/211, 2020 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалуудаар зэрэг дэвийн нэмэгдлийг 30 хувиар тооцсоноос үүссэн зөрүү 290,012 төгрөгийг гаргуулах, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар цалин хөлс, нэмэгдлийг олгоогүйгээс үүссэн зөрүү 548614 төгрөгийг гаргуулах, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 тушаалаар албан тушаал бууруулж дүүрэгт томилсноос хойш олгогдоогүй цалин хөлсний бүрэлдэхүүн болох унаа, хоолны нэмэгдэл 305,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/37 дугаар тушаалын Ч.Б т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

Анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хүчингүй болгож шийдвэрлэсэн. Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалаар “Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийг баталсан”-ы дагуу Татварын ерөнхий газрын дарга албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр батлуулж, тодорхойлолтын дагуу зохион байгуулалтын бүтцийн нэгж тус бүрт нэг татварын улсын ахлах байцаагчтай байхаар орон тооны бүтцийг баталсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т "2019 оны ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалд тусгагдсан"-аар нэхэмжлэгчийг Татвар төлөгчтэй харилцах газарт нэг ахлах байцаагчийн орон тоонд ганцаараа ажиллаж байсан, орон тоо нэмсэн шийдвэргүйгээр өөр ахлах байцаагчаар ажиллах ажлын байрны орон тоог нэмэгдүүлсэн, цаашлаад 2020 оны А/28 дугаар тушаалаар 6 орон тоог 1 болгож цөөрүүлсэн гэж үзэх боломжгүй" гэж дүгнэн А/37 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийг уг орон тоонд ганцаараа ажиллаж байсныг 2019 оны ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалаар дүгнэсэн нь учир дутагдалтай.

Нэгэнт 2019 онд Татвар төлөгчтэй харилцах газарт Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлт хийгдэхээс өмнө 3 ахлах байцаагч чиг үүргийг хуваарилан хэрэгжүүлж байсан. 2020 онд 6 ахлах байцаагч тус бүтцэд байсан болохыг шүүх дүгнэсэн атлаа Сангийн сайдын тушаалаар бүтэц хийгдсэнээр ахлах байцаагчийн орон тоог цөөрүүлсэн гэж үзэх боломжгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч 12 байгууллагыг тодорхойлсон ба Татварын ерөнхий хуульд татварын улсын байцаагчийн чиг үүргийг тусгасан хэдий ч ахлах байцаагчийн чиг үүргийг тусгайлан зохицуулаагүй байхад татварын албаны хувьд татварын улсын ахлах байцаагч цолыг хавтгайруулан олгож байсан, нэг зохион байгуулалтын бүтцийн нэгжид 3-5 ахлах байцаагч ажиллаж байсан. Албан тушаал өөрчлөгдсөн хэдий ч нэгэнт ахлах байцаагчийн эрх авсан тохиолдолд ахлах байцаагч гэх нэршлийг хэвээр үлдээж байсан.

Дээрх нөхцөл байдлыг ажлын байрны тодорхойлолттой уялдуулан нэг бүтцийн нэгжид 1 ахлах байцаагч байхаар зохион байгуулсан нь орон тоо цөөрсөн нь илэрхий бөгөөд хуульд заасны дагуу тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулахаар албан хаагчдыг чөлөөлж томилсон болохоос нэхэмжлэгчийг албан тушаал бууруулаагүй болохыг шүүх анхаарсангүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийг уг албан тушаалд ажиллаж байсан гэж шүүх дүгнээд байгаа боловч нэхэмжлэгчийг хууль ёсны дагуу томилогдсон эсэх, тус албан тушаалд нэхэмжлэгчийг томилогдох үед нэг орон тоотой байхаар батлагдсан болохыг шүүх хөдөлбөргүй тогтоогоогүй, Татварын ерөнхий газрын тухайд нэг нэгжид нэгээс олон ахлах мэргэжилтэн ажиллаж байсан талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авсангүй.

3.2.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, шалгаруулалтыг хүчингүй болгосон үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны зөвлөлд А/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс гомдлыг хангаагүй. Төрийн албаны зөвлөл Татварын ерөнхий газрыг орон тоо цөөрсөн албан тушаалд сонгон шалгаруулалтыг хуульд нийцүүлэн зохион байгуулах талаар тогтоолд тусгасан.

Тогтоолын биелэлтийг хангуулахаар Татварын ерөнхий газрын даргын А/91 дүгээр тушаалаар ажлын хэсэг байгуулж батлагдсан орон тоон дээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтын дагуу нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа алба хаагчийг шалгаруулахад нэхэмжлэгч оролцоогүй хэдий ч нэхэмжлэгчээс үл хамаарах үнэлж болохуйц баримт материалыг үнэлсэн.

Нэхэмжлэгчээс хамаарах ажлын танилцуулга хийгдээгүйн улмаас тус хэсэгт үнэлгээ өгөөгүйг бодитоор үнэлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Ажлын хэсгийн шалгаруулалтаар албан хаагчийг шалгаруулсан дүгнэлт, үнэлгээний хуудасны нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх агуулга нь бодит байдалд нийцсэн буюу хэрэгжих боломжтой, биелэгдэхүйц байх ёстой.

3.3.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/336 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлох, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохыг өөрөө тодорхойлж, түүнийгээ нотлох ёстой. Нэхэмжлэгч Ч.Б тухайд Татварын ерөнхий газрын даргын Б/336 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох агуулгаар шүүхэд хандсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрт "...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн хэрнээ маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь шүүх нэхэмжлэгчийн маргаагүй үндэслэлээр дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлийг өөрөө тодорхойлон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг зөрчсөн.

Илт хууль бус захиргааны акт илэрхий алдаатай ноцтой хор уршиг бүхий алдаа байх, тухайн актаар хүлээлгэсэн үүргийг хүн, захиргааны байгууллага биелүүлэх боломжгүй, үүрэггүй байх шинж чанартай. Гэтэл нэхэмжлэгчээс тухайн албан тушаалд томилогдон ажил үүргээ хэрэгжүүлж байсан болохыг дурдах нь зүйтэй.

3.4.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/737 дугаар тушаалыг хүчингүй болгосон үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгчийн тухайд ахлах байцаагчийн орон тоонд шалгаруулах шалгаруулалтад оролцоогүй, цаг хугацааны хувьд хагас жилийн дараа өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн төрийн албанаас түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг хууль бусаар чөлөөлсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий газрын даргын Б/737 дугаар тушаал нь дээрх тушаалуудтай ямар нэгэн байдлаар хамааралгүй, уялдаа холбоогүй бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтийг үндэслэн гарсан болохыг шүүх анхаараагүй.

Мөн нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригоор ажлаас гарсан атлаа хариуцагчийн санаачилгаар ажлаас халсан, чөлөөлсөн мэтээр ажилгүй байсан хугацааны 2 жил орчмын цалин хөлсийг олгуулахаар шийдвэрлэсэн нь шударга бус юм. Нэхэмжлэгчийн хувьд өмнөх Татварын ерөнхий газрын даргын тушаалтай маргаж байх үедээ өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөж, нөөцөд бүртгэгдсэнээр төрийн албаны харилцаа дуусгавар болсон.

Нэгэнт төрийн албаны харилцаа дуусгавар болсноор өмнөх тушаалуудын эрх зүйн үйлчлэл дуусгавар болох, нэгэнт дуусгавар болсон актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, энэ утгаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан "нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд" гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, цаашлаад өмнөх нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар мөн үгүйсгэгдэх нөхцөл бий болсон. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар тогтоолд маш тодорхой дүгнэсэн. Нэгэнт нэхэмжлэгчийн хувьд шаардах эрхээ алдсан байх тул өмнөх нэхэмжлэлийн шаардлагуудад өгсөн дүгнэлтээс үл хамааран нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэх юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Б.Э  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “...Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/519 тушаалаар Б.Э  миний бие Татвар төлөгчид үйлчлэх газарт "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт" хариуцсан татварын улсын байцаагчаар шилжин ажиллаж, улмаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.2-д заасны дагуу Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/282 тушаалаар Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах үед Татвар төлөгчтэй харилцах газарт нэр бүхий 3 хүн татварын улсын ахлах байцаагчаар томилогдон ажиллаж байсантай нэхэмжлэгч маргаагүй. Хэрэв татварын улсын ахлах байцаагчийн орон тоо анхнаасаа 1 байсаар ирсэн, тус албан тушаалд нэхэмжлэгчийг томилогдон ажиллаж байсан гэж шүүх дүгнэсэн тохиолдолд хууль ёсоор томилогдсон эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэж байна.

Шүүх хуралдааны үед 3 ахлах байцаагч ажил үүргээ хуваарилж байсан талаар шүүх хуралдааны үед маргаагүй Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/91 болон ажлын хэсгийн дүгнэлт, шалгаруулалтын үндсэн дээр татварын улсын ахлах байцаагчийг шалгаруулсан бөгөөд энэхүү шалгаруулалтад нэхэмжлэгчийн зүгээс оролцоогүй.

Тус ахлах байцаагчийн шалгаруулалт нь Татварын ерөнхий газрын дотоод зохион байгуулалтын шинэ бүтцэд 1 татварын улсын ахлах байцаагч ажиллахаар батлагдсан /цөөрсөн/-тай холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтын дагуу нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа алба хаагчийг шалгаруулсны үндсэн дээр томилсныг сул орон тоог нөхөх шалгаруулалт явуулсан мэтээр дүгнэсэн нь шүүх маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн ойлгоогүйгээс буруу дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгчийн тухайд уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах талаар хүсэлт гаргаагүй байхад Татварын ерөнхий газрын дарга татгалзсан эсхүл шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаагүй мөн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэхүү тодорхойгүй шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гэтэл шүүх өмнө нь эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ч.Б ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагыг хангахгүй байна.

4.2.Нэхэмжлэгч Ч.Б  нь өөрийн хүсэл сонирхлын дагуу Хан-Уул дүүргийн татварын хэлтсээр дамжуулан Татварын ерөнхий газарт хандан түр чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өөр төрийн албанаас чөлөөлж шийдвэрлэснээр Татварын ерөнхий газар болон нэхэмжлэгчийн хооронд төрийн албаны харилцаа дуусгавар болсон.

Төрийн албанаас түр чөлөөлөх болон чөлөөлөх харилцааны эрх зүйн үр дагавар нэхэмжлэгчийн тухайд ижил үйлчлэлтэй буюу дахин төрийн албанд ажиллах тохиолдолд тусгай шалгалт өгөх үр дагавар үүсгэнэ. Нэхэмжлэгчийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлсөн байхад өмнөх тушаалууд хуульд нийцээгүй гэх үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Хэрэв нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй бол Татварын ерөнхий газрын даргын маргаан бүхий Б/737 дугаар тушаал гарахгүй, маргаан бүхий тушаалыг захиргааны санаачилгаар бус нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтийг үндэслэн гарсан бөгөөд энэ тушаалтай холбоотойгоор хариуцагчийг буруутгах, тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх шийдвэртээ Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/737 дугаар тушаалд үндэслэсэн хуулийн заалтын үр дагавар нь нэхэмжлэгчийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох эрх зүйн үр дагавар үүсгээгүй учир эрхийг нь зөрчсөн гэж дүгнэсэн.

Захиргааны хэргийн шүүхийн зорилго зөрчигдсөн эрхийг хамгаалах, сэргээх агуулгатай атал анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх хэрхэн зөрчигдсөнийг тодорхойлсон тодорхойлолтоос хэтрүүлэн сэргээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх маргааны үйл баримтад хэт ерөнхий дүгнэлт хийж, төрийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн албан хаагчийн нэхэмжлэлээр бусад этгээдийн эрхийг зөрчиж байгаад харамсаж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/0654 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

1.Нэхэмжлэгч Ч.Б  2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн даргад хандаж “…2020-2023 оны хичээлийн жилд Удирдлагын академийн докторын сунгалтад элсэн орж, төрийн удирдлагын чиглэлээр судалгааны ажил эхлүүлж байна. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн суралцах хугацаанд ажлаас түр чөлөө олгоно уу” гэсэн хүсэлт гаргасныг үндэслэж Татварын ерөнхий газрын даргын мөн оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгожээ.

Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “зургаан сараас дээш хугацааны сургалтаар /шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан/ бэлтгэгдэх болсон” тохиолдолд төрийн албанаас түр чөлөөлөхөөр заасан, хэдийгээр дээрх тушаалд бичиглэлийн хувьд Ч.Б ийг “түр”-ээр биш чөлөөлж байгаа мэт боловч Төрийн албаны тухай хуулийн 46.1.2, мөн 46.6 буюу “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно” гэснийг тус тус үндэслэснээс үзэхэд Ч.Б  нь төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, улмаар төрийн албаны нөөцөд байгаад тооцогдоно.

Нэгэнт Ч.Б  дээрх байдлаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөр маргаан бүхий актууд болох Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” А/37, 6 дугаар сарын 2-ны өдрийн “Ч.Б ийг албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/336 тушаалын эрх зүйн үйлчлэл тус тус дуусгавар болсон, иймд эдгээр актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй тул “…өөрийн санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөгдөж, нөөцөд бүртгэгдсэнээр төрийн албаны харилцаа дуусгавар болсон… төрийн албанаас түр чөлөөлөгдсөнөөс үүсэх үр дагаврын талаар Улсын Дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар тогтоолд маш тодорхой дүгнэсэн…” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Түүнчлэн хүчингүй болсон ч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 157 дугаар шийдвэрт энэ талаар “…2020 оны Б/737 дугаар тушаал гарснаар нэхэмжлэгч болон татварын албаны хооронд харилцаа дуусгавар болсон…” гэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 435 дугаар магадлалд үндэслэлтэй гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 46.1.2-т зааснаар түр чөлөөлөгдсөн бол төрийн албаны нөөцөд байгаад тооцогддог тул хариуцагчаас ийнхүү хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/737 дугаар тушаалын талаар “…тухайн үед 6 сар хүртэл сургалтын чөлөө л авах хүсэлтэй байснаас бус төрийн албанаас чөлөөлөгдөхийг огт хүсээгүй, энэ нь А/37 дугаар тушаалтай холбоотой шүүхэд маргаж байсан нөхцөл байдлаар нотлогдоно, тухайн үед хүсэлтийн агуулгыг тодруулалгүйгээр шууд чөлөөлөх тушаал гаргасан…” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлах боловч нэхэмжлэгч энэхүү тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өдийг хүртэл Удирдлагын академид докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа, энэ нь 6 сараас богино хугацааны сургалт биш байна.

Ч.Б  төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8-д зааснаар “төрийн албанаас чөлөөлөгдөх”, 38.1.9-т зааснаар “мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах” нийтлэг бүрэн эрхтэй, гэвч энэ тохиолдолд нэхэмжлэгчийн суралцаж буй байдал нь хугацааны болоод шаардлагын хувьд уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.4-т заасан “зургаан сар хүртэл хугацаагаар мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан, эсхүл 2 жил хүртэл хугацаагаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторын сургалтад хамрагдсан” гэдэгт хамаарахгүй, суралцах хугацаанд албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэх хуульд заасан үндэслэл үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй тушаал гаргасан гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

Иймд эрх зүйн нөлөөлөлгүй, маргаан бүхий тушаалуудыг хүчингүй болгож, илт хууль бус болохыг тус тус тогтоосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байхад шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь үндэслэлгүй, шийдвэрт холбогдох хууль, маргааны үйл баримт, тушаалын үр дагаврыг буруу тайлбарласан байна.

2.Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг баталсны дагуу тус газрын даргын мөн оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/28 дугаар тушаалаар Татварын ерөнхий газрын орон тоо, харьяа татварын албадын орон тооны дээд хязгаарыг баталж, маргаан бүхий 2020 оны А/37 дугаар тушаалаар нийт албан хаагчдыг чөлөөлж, шинээр батлагдсан албан тушаалд томилохдоо өмнө Татвар төлөгчтэй харилцах газарт нэр бүхий 5 байцаагчийн хамт Ч.Б  татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан ч шинээр баталсан бүтцээр тус газрын нэр өөрчлөгдсөнөөс гадна ахлах байцаагчийн орон тоог 1 болгож багасгасантай холбогдуулан нэхэмжлэгч төдийгүй нэр бүхий байцаагчдыг бүгдийг нь Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагчаар томилжээ.

Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын ахлах байцаагчаар анх томилсон, улмаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэр бүхий 2, 2020 оны 2 сард нэр бүхий 3, нийт 5 албан хаагчийг тус тус татварын улсын ахлах байцаагчаар нэмж томилсон, эдгээр тушаалууд хүчин төгөлдөр байхад зөвхөн 2019 оны ээлжийн амралтын хуваарь баталсан тушаалыг үндэслэн Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын ахлах байцаагчийн нэг орон тоо байсан гэж дүгнэх нь хэрэгт авагдсан баримтууд, А/37 дугаар тушаал, 3-6 ахлах байцаагч ажиллаж байсан бодит нөхцөл байдалтай нийцэхгүй.

Шүүхийн үзлэг, хэрэгт авагдсан баримтаар тус газарт хэдэн ахлах байцаагч ажиллах талаар өмнө тухайлсан шийдвэр гараагүй болох нь тогтоогдсон, үүнийг ч шийдвэрт үгүйсгээгүй атлаа “…анхнаасаа татварын улсын ахлах байцаагчийн орон тоо 1 байсан, түүнд Ч.Б  ажиллаж байсан, иймд шинээр батлагдсан бүтцээр чиг үүрэг өөрчлөгдөөгүй, орон тоо цөөрөөгүй…” гэх зэргээр дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр …үнэлнэ” гэсэнтэй нийцсэнгүй.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаанд “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасан, энэ тохиолдолд шинээр батлагдсан бүтцээр албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн боловч ахлах байцаагчийн орон тоо цөөрсөн тул хуульд зааснаар шалгаруулалтад оролцох хүртэл татварын улсын байцаагчаар томилсныг албан тушаал бууруулсан бус харин ч нэхэмжлэгчийн хувьд нэмэгдэл баталгаагаар хангагдсан гэж үзнэ.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэгч Ч.Б  нарын нэр бүхий иргэдийн гомдлоор үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 179 дүгээр тогтоолд “…1.Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалаар авсан арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд явуулсан гэж үзсүгэй. …5.Татварын улсын ахлах байцаагчийг шалгаруулж томилох арга хэмжээг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг чанд баримтлан явуулахыг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабалд зөвлөсүгэй” гэснийг тэмдэглэв.

3.А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар Татвар төлөгчдөд үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд өөр албан хаагч томилогдсонтой холбогдуулан Ч.Б ийг албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа уг тушаалыг “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр буюу хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчжээ.

Түүнчлэн шийдвэрт “…Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-ийн “утга агуулгын хувьд илэрхий алдаатай”, 47.1.6-гийн “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-гийн “бодит байдалд хэрэгжих боломжгүй” гэх илт хууль бус үндэслэл тогтоогдохгүй байна…” гэж дүгнэсэн атлаа хууль буруу хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэмэгдэл баталгаа, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.

Үйл баримтын хувьд Сангийн сайдын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай” 4 дүгээр тушаал, Төрийн албан зөвлөлийн мөн оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 44 дүгээр тогтоол, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/38 дугаар тушаал, мөн оны 2 дугаар сарын 6-ны өдрийн “Татварын ерөнхий газрын орон тоо, харьяа татварын албадын орон тооны дээд хязгаарыг батлах тухай” А/28 дугаар тушаалаар тус газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалын орон тоо цөөрсөнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, татварын улсын байцаагчаар томилогдсон албан хаагчдаас шалгаруулах ажлыг зохион байгуулахад нэхэмжлэгч оролцоогүй, иймд Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын нэг ахлах байцаагчийн орон тоонд шалгаруулалтын үнэлгээг үндэслэн өөр албан хаагч томилогдсонтой холбогдуулан нэхэмжлэгчийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс албан тушаалаас чөлөөлж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсныг илт хууль бус гэж үзэхгүй.

Ажлын хэсэг татварын улсын ахлах байцаагч нараас нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа эсэхийг удирдамжид заасан аргачлалын дагуу үнэлсэн, гэвч нэхэмжлэгч уг шалгаруулалтад оролцоогүйгээс ажлын танилцуулгад 0 оноогоор үнэлэгдсэнд, мөн шалгаруулалтад биечлэн оролцсон эсэхээс үл хамаарч албан хаагч тус бүрт үнэлгээ хийсэнд ажлын хэсгийг буруутгах боломжгүй.

4.Нэгэнт нэхэмжлэгч Ч.Б ийг өөрийнх нь хүсэлтээр төрийн албанаас түр чөлөөлсөн тушаал хуульд нийцсэн, иймд үүнээс өмнө гарсан маргаан бүхий актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүйн сацуу тэдгээрийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдох тул Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй үйлдэл, эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэн нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилох ажиллуулахыг, үр дүнгийн урамшуулал болон урамшууллын зөрүү олгохыг, 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс хойш урьд эрхэлж байсан ажилд томилж ажлаар хангах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдлийг тооцож нөхөн олгохыг, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг, хоол, унааны нэмэгдлийг гаргуулахыг тус тус хариуцагчид даалгах шаардлагагүй.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Зарим албан хаагчдын цалинг хэвээр олгох тухай” А/74 дүгээр тушаалаар нэр бүхий 19 албан хаагчдад, түүний дотор нэхэмжлэгч Ч.Б т цалин хөлсийг 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэвээр олгохоор шийдвэрлэсэн болохыг энд дурдах нь зүйтэй.

Шийдвэрт Татварын ерөнхий газрын даргын 2020 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/91 дүгээр тушаал захиргааны актын шинжийг агуулаагүй талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн атлаа Тогтоох хэсэгт тусгалгүй орхигдуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэрэг анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 654 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасныг баримтлан иргэн Ч.Б “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаал, ажлын хэсгийн шалгаруулалтын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудасны Ч.Б т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн Б/737 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг албан тушаалд томилж ажиллуулахыг даалгуулах, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар олгогдсон 2020 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллын зөрүү 216.168 төгрөг, 2020 оны 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал 401.059 төгрөгийг гаргуулах, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр, 2020 оны 1 дугаар сарын 15-ны өдрийн А/09 дүгээр тушаалуудаар зэрэг дэвийн нэмэгдэл 32 хувь байх ёстойг 30 хувиар тооцсоноос үүссэн зөрүү 290.012 төгрөгийг гаргуулах, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар цалин хөлс, нэмэгдлийг олгоогүйгээс үүссэн зөрүү 548.614 төгрөгийг гаргуулах, 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Б/336 тушаалаар албан тушаал бууруулж дүүрэгт томилсноос хойш олгогдоогүй цалин хөлсний бүрэлдэхүүн болох унаа, хоолны нэмэгдэл 305.000 төгрөгийг гаргуулах, 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 46.955.081 төгрөг гаргуулах, уг хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтын “…үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/91 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай” гэсэн заалт нэмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, гуравдагч этгээд Б.Э  нарын давж заалдах гомдлыг хангасугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                                        

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА

 

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН