Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00236

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            18                                          001/ХТ2021/00236

 

 

 

...........ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01044 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1199 дүгээр магадлалтай,

 

...........ы нэхэмжлэлтэй

...........”, ...........СӨХ, ..........., ...........нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 3 706 573 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Гантулгын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, шинэ хороолол, 12/1 дүгээр байр, 3 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд дээд давхрын 11 тоот айлаас байнга ус алдаж, хохирол учруулж байна. Энэ талаар удаа дараа зохих газарт нь гомдол гаргасан боловч дээд айлын буруу биш, ажилдаа хариуцлагагүй ханддаг байр хариуцсан инженер, слесарийн буруу биш, сар бүр төлбөрөө авдаг сууц өмчлөгчдийн холбооны ч буруу биш болоод эцэст нь би хохирч үлдээд байна. 2018 оны 7 дугаар сарын 13,14-ний өдрүүдэд дээд айлаас ус алдсаны улмаас манай гэр бүрэн усанд автаж, тааз бүхэлдээ нэвчиж замаск, эмульс, шавар нурсан, сангийн шугамууд дагаж таазны шавар нурж нүх үүссэн, цахилгааны монтаж утаснууд ил гарч тог тасарсан, 4 гэрлийн чийдэн, 6 разетка шатсан, ариун цэврийн өрөөний тааз, хананы плита, хананы цаас усанд нэвчиж бүрэн ховхорч урагдсан, шүүгээ, гал тогооны тавилга салж унасан, хивс дахин ашиглах боломжгүй болж өмхөрсөн, шал бүхэлдээ усанд автаж, хулдаас ховхорч мөөгөнцөртсөн, байр бүхэлдээ чийг мөөгөнцөрт автаж цаашид хүн амьдрахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Одоогоор гэрт хүн амьдрах боломжгүй таазнаас ус алдсан хэвээр байна. Хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээгээр 1 947 373 төгрөг, хөдлөх хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээгээр 799 200 төгрөг, нийт 2 746 573 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. Мөн орон сууцаа М.Даш гэдэг хүнд 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаагаар хөлслүүлдэг байсан бөгөөд дээд айлаас ус алдсаны улмаас гэрээ цуцлагдаж, 7, 8 дугаар сарын төлбөрт 800 000 төгрөгийг буцааж төлж хохирсон. Иймд буруутай хариуцагчаас Хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-иар дүгнэлт гаргуулахад төлсөн төлбөр 160 000 төгрөгийн хамт нийт 3 706 573 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ОСНААУГ-ын ...........-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтулга шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллагын шуурхай үйлчилгээний албанд 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг 11 минутад дуудлага ирж, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, шинэ хороолол, 12/1 байр, 3 тоотын оршин суугчаас дээрээс ус алдаад байна гэсэн. Дуудлагын засварчин очиж дээд айлд орж, шугамын алдагдлыг шалгахад 3 давхрын айл буюу 11 тоотоос ус алдаж байсан, айл эзэнгүй, ус их хэмжээгээр алдаж, хохирол учруулж байсан тул байраар нь халуун усыг хааж, хэрэгцээний халуун усны таширын ф15, 20 хаалт 2 ширхгийг сольж, усны алдагдлыг зогсоосон. Ээлжийн инженер Г.Нарантуяа айлын эзэнтэй утсаар холбогдож, учир байдлыг хэлэхэд хөдөө явж байна, 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ирнэ гэсэн боловч 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирсэн, засварчин Ч.Түмэнжаргал 11 тоотын инженерийн шугам сүлжээг шалгахад шал таазны завсрын хэрэгцээний халуун усны босоо шугам цоорсон байсан. Шаардлагатай сантехникийн материалыг гаргаж, ф20мм-н 7 у/м хэрэгцээний халуун усны босоо шугам, холбох хэрэгслийн хамт сольж, засварлан усны алдагдлыг зогсоосон. Манай байгууллага гадна шугам сүлжээ, узелийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг хариуцдаг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч ........... СӨХ шүүхэд гаргасан тайлбартаа: Тус СӨХ-ны харьяа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар байрны 11 тоот айлаас 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ус алдаж байна гэсэн дуудлага конторт ирсэн. Сууц өмчлөгчдийн холбооны дарга Д.Цэцэгмаа руу утасдаж тухайн айлын утас байна уу гэж асуусан. 11 тоот айл сүүлийн 3, 4 жилийн хугацаанд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй. Орон сууц дотор байгаа хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам нь айлын өмч учраас айл өөрөө үзэж, шалгаж, шугамаа солиулах ёстой байдаг тул СӨХ-д хамааралгүй. Харин подваль доторх 1 давхрын айл руу орох хүртэлх инженерийн шугам сүлжээ СӨХ-д хамаардаг. Иймд 11 тоотын айл нь хэрэгцээний халуун, хүйтэн усны шугам гэмтэлтэй байсан бол өөрсдөө солиулах шаардлагатай байсан. Удаа дараа хэлээд байтал уг айл нь арга хэмжээ авч шугамаа солиулаагүй. Иргэний хариуцлагагүй байдлаас болж 7 болон 3 тоот руу ус алдсан гэж үзэж байгаа тул хариуцлага, хохирлыг 11 тоот айлаас гаргуулах нь зүйтэй. Орон сууц доторх өмчлөлийг СӨХ хариуцахгүй гэжээ.

 

Хариуцагч ........... түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ...........шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дээд давхар болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Шинэ хорооллын эко 12 дугаар байрны 11 тоот айлаас ус алдсан тул эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 3 706 573 төгрөг гаргуулна гэжээ. Гэтэл тухайн үед манай орон сууцны дангаар өмчлөх хэсэг буюу өмчлөгчдийн хариуцах хэсгээс ус алдаагүй, бидний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учраагүй тул 3 706 573 төгрөгийг хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01044 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ........... СӨХ-оос гэм хорын хохиролд 3 706 573 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...........д олгож, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ..........., ..........., ...........нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...........аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........... СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 74 255 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар шинжээчийн зардалд 189 392 төгрөгийг хариуцагч ........... СӨХ-оос гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1199 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/01044 дугаар шийдвэрийн, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэм хорын хохиролд хариуцагч ........... СӨХ-ноос 1 853 286 төгрөг, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ...........-аас 1 853 286 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ...........д олгож, хариуцагч ..........., ...........нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, Тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...........аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ........... СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 44 603 төгрөг, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ...........-аас 44 603 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...........д олгосугай гэж, Тогтоох хэсгийн 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дах хэсэгт заасныг баримтлан 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 02-07-098/04 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хавсралтын дагуу шинжээчийн ажлын хөлсөнд 189 392 төгрөгийг хариуцагч ........... СӨХ-оос 94 696 төгрөг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ...........-аас 94 696 төгрөг гаргуулан шинжээчийн Төрийн банк ХХК дах 104400291015 тоот дансанд оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ........... СӨХ-ны төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 256 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Гантулга хяналтын гомдолдоо: 1199 дугаар шийдвэртэй магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “...........” нь хуулийн этгээд биш бөгөөд бие дааж үйл ажиллагаа явуулдаггүй учир иймд хариуцагч биш. 2. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “...........” нь дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хяналт тавьж ажилладаг ба засвар үйлчилгээг сууц өмчлөгчдийн холбооны зөвшөөрөл, хүсэлтгүйгээр бие даан хийх эрхгүй. Энэ нь иргэний хууль, Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Иймд магадлалыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ...........-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ........... СӨХ, ОСНААУГ-ын ..........., иргэн ..........., ...........нарт холбогдуулан ус алдсны улмаас орон сууцанд учирсан хохирол 2 746 573 төгрөг, орон сууц хөлслөгчид буцааж өгсөн 800 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ гаргуулахад төлсөн хөлс 160 000 төгрөг нийт 3 706 573 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч ........... СӨХ-оос хохирлыг бүрэн гаргуулж, бусад хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх ........... СӨХ-оос гадна хариуцагч ОСНААУГ-ын ........... хамтран хариуцах ёстой гэж үзэж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хохирлыг адил тэнцүү хариуцуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1, 167 дугаар зүйлийн 167.3, 167.4-т давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчинтэй болсноос хойш магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон нэг шүүгч магадлалд гарын үсэг зураагүй байна. Хэргийн оролцогч энэ талаар гомдол гаргаагүй хэдий ч магадлалыг бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах нь магадлалыг хүчинтэй гэж үзэх хуульд заасан шаардлага тул зөвтгөх боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169, 168 дугаар зүйлийн 168.1.5-д зааснаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6-д заасан журмыг зөрчжээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1199 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 44 603 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.СОНИНБАЯР

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                              П.ЗОЛЗАЯА

                            

                                                                                               Б.УНДРАХ

 

                                                                                               Д.ЦОЛМОН