| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2022/0154/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/131 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/131
2022 03 01 2022/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Мөнхжин хөтлөн,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч А.С, Б.Б, тэдний өмгөөлөгч И.Хонгор (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 2456) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт А-ийн С, Х овогт Б-ын Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102005560020 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн Х овогт Б-ын Б нь
2. Монгол Улсын иргэн, Б овогт А-ийн С нь
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.С, Б.Б нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын" тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай "өвс" гэх нэршилтэй 1 килограмм 83.8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн;
Мөн Б.С нь ганцаараа 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 7-291 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай өвс гэх нэршилтэй 650.3 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,
Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр буюу ганцаараа 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар байрны 9 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 433.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
I. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, А.С нараас: Мөрдөн байцаалтад хэргийн талаар мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
II. Эрүүгийн 21020055600020 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн ........ 09 тоотод мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн, хадгалсан байж болзошгүй гэмт хэргийн талаарх амаар гаргасан гомдол, мэдээллийг 21 цаг 10 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
2. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цаг 18 минутад эхлүүлж, 22 цаг 51 минутад дуусгасан хойшлуулшгүй ажиллагаагаар Хан-Уул дүүргийн .......... тоот хашаа байшинд нэгжлэг хийсэн тэмдэглэлд:
Оролцогч Б.Сыг оролцуулан ...уг байшинд ороход ...хойд талын өрөөнд оролцогч А.С дагуулан орж өөрийн унтдаг ор гэх хэсгийг зааж орны доороос улаан цаасан хайрцагтай зүйл гаргаж өгснийг үзэхэд олон тооны гялгар ууттай өвс мэт зүйл байсныг албаны жин дээр тус тусад нь №1 гэж дугаарлан хэмжихэд 369.4 грамм, №2 гэж дугаарлан хэмжихэд 202.1 грамм, №3 гэж дугаарлан хэмжихэд 109.6 грамм, №4 гэж дугаарлан хэмжихэд 15.8 грамм, №5 гэж дугаарлан хэмжихэд 12.7 грамм байсныг улаан хайрцагт хийж эд мөрийн баримтаар хураан авч, ...оролцогч А.Сод өөр хууль бус сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис, эм бэлдмэл өвс, хэрэглүүр байгаа эсэх, байгаа бол сайн дурын үндсэн дээр гаргаж өгч болохыг тайлбарлан хэлэхэд ...манай гэрийн гадаа зүүн урд зүгт ухсан жорлонгийн нүхний хажууд савтай өвч байгаа гэснийг заалгаж очиход Voyage гэсэн бичигтэй хуванцар савтай өвс мэт зүйл цэнхэр маскны хамт байсныг №6 гэж дугаарлан албаны жингээр үзэхэд 48.4 грамм байсан. Жорлонгийн ухсанд нүхэнд мөн хуванцар савтай өвс мэт байсныг №7 гэж дугаарлан албан жин дээр хэмжихэд 72.6 грамм байсныг эд мөрийн баримтаар хураан авч ...ажиллагааг зогсоов. ...” гэсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь тал),
3. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цаг 48 минутад эхлүүлж, 22 цаг 05 минутад дуусгасан хойшлуулшгүй ажиллагаагаар Хан-Уул дүүргийн ........ 9 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэлд:
“...оролцогч Б нь өөрийн хүсэлтээр гаргаж өгнө гэснээр ...унтлагын жижиг өрөөний модон хаалгыг онгойлгож орж, ор байх ба, орны доогуур оролцогч шагайж гялгар ууттай өвс мэт зүйл гаргаж ирсэн. ... нэгжлэгийг үргэлжлүүлж хошууч Доржрагчаа орыг хөдөлгөж доороос нь гялгар ууттай өвс мэт зүйл гарч ирснийг №4 гэж дугаарлан жин дээр хэмжихэд 21.8 гр, №5 гэж тэмдэглэсэн нь 129.2 грамм, №8 гэж дугаарласан нь 142.7 грамм, №9 гэж дугаарласан нь 87.2 грамм, Yoyage гэсэн бичигтэй хуванцар савтайг №3 гэж дугаар тавьж жингээр хэмжихэд 60.6 грамм байсныг эд мөрийн баримтаар хураан авсан ...” тухай болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-13 дахь тал),
4. А.Сын биед 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэлд: “...сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...ТНС хэсгийн С түвшинд 1 тод улаан зураас, Т түвшинд зураас илрээгүй эерэг /хэрэглэсэн/ гэсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-17 дахь тал),
5. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б.Бийн биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэлд: “...сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...5 дугаар багана буюу ТНС /Марихуан/ илэрсэн ...” гэсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 18-19 дэх тал), Б.Бийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 20 дахь тал),
6. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 169 дугаартай хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай тогтоол (хавтаст хэргийн 23 дахь тал),
7. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал), хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 26 дахь тал),
8. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тогтоолд:
1. Хан-Уул дүүргийн ......... тоотод нэгжлэг хийж хураан авч шинжилгээнд хүргүүлж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гарган ирүүлсний дараа үзлэг хийхэд 1 гэсэн хаягтай уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 348.4 грамм, 2 гэсэн хаягтай уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 197.5 грамм, 3 гэсэн хаягтай уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 101.7 грамм, 4 гэсэн хаягтай уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 14.9 грамм, 5 гэсэн хаягтай уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 12.4 грамм, 6 гэсэн хаягтай хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн жин нь 47.1 грамм, 7 гэсэн хаягтай хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн жин нь 70.1 грамм,
2. Хан-Уул дүүргийн ...... 09 тоотод нэгжлэг хийж хураан авч шинжилгээнд хүргүүлж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гарган ирүүлсний дараа үзлэг хийхэд 4 гэсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 71.2 грамм, 5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 128.0 грамм, 8 гэсэн гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 141.1 грамм, 9 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 82.2 грамм, 3 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 45.3 грамм, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5531, 5529 дугаартай дүгнэлтүүдээр гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabino/ агууламжтай илэрсэн, шинжилгээнээс үлдсэн дээрх эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох” гэсэн тогтоол (хавтаст хэргийн 24 дэх тал),
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5530 тоот:
-шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. С А- 10.24 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол / tetrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 53-55 дах тал),
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5532 тоот:
-шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Б- Б уж02232752 гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол / tetrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 58-60 дах тал),
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5531 тоот:
-Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 8 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 9 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.
3, 4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 72,0 г, цэвэр жин нь 66,2 г, 5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 129,3 г, цэвэр жин нь 122,1г, 8 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 142,8г, цэвэр жин нь 138,7 г, 9 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 86,4 г, цэвэр жин нь 81,4 г, 3 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 50,7г, цэвэр жин нь 25,1 г байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 71-75 дахь тал),
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5529 тоот:
-Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.
1, 2. гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 6 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 7 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.
3. 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 360,1 г, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 201,6 г, 3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 104,3 г, 4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 15,6 г, 5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 12,9 г, 6 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 47,8 г, 7 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 71,3 г байна. “ гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 78-83 дахь тал),
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 838 тоот:
-Шинжилгээнд ирүүлсэн 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 323,3 г, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 178,4 г, 3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 90,5 г, 4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 10,6 г, 5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1,7 г, 6 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 22,1 г, 7 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 23,7 г байна. “ гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 86-90 дэх тал),
14. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 989 дугаартай дүгнэлтэд:
Болсон хэргийн товч /өөрийн үгээр/: 2021 оны 11 дүгээр сарын дундуур 20-доор байх, гэртээ байхад С гээд таньдаг залуутай цагдаа хамт ирээд баривчилсан. Шээсэнд шинжилгээ өгөөд ТНС илэрсэн. Соос аваад 7-10 хоногийн өмнө татсан байсан. 2021 оны 11 сарын 22-нд орой 20 цагийн үед баригдсан гэнэ.
Сэтгэцийн байдал: Үзүүлэгч амьдралын түүх болон болсон хэргийн талаар, бусад асуултад тодорхой идэвхтэй хариулж тайван ярилцана.
Сэтгэцийн онош: Эрүүл
Дүгнэлт:
-Б.Б нь урьд нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл одоогоор үгүй байна.
- Б.Б нь одоогоор сэтгэцийн өвчин үгүй байна.
-Б.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
-Б.Б нь одоогоор мансуурах дон эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамаарал үгүй байна. Харин мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай эмгэгийг Монгол улс СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
-Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
-Б.Б нь одоогоор мансууруулах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж үгүй байна.
-Б.Б нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. /шинжээч О.Баатаржав, Я.Ганхүү, З.Цэндсүрэн/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал),
15. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 990 дугаартай дүгнэлтэд:
Болсон хэргийн товч /өөрийн үгээр/: 2021 оны 11 дүгээр сарын дундуур 1 удаа, сүүлээр 1 удаа өвс тамхи шиг ороож татаад 4-5 удаа сороод цагдаад баригдсан. Шээсэнд ТНС илэрсэн. Ээждээ хэрэглэснээ хэлээд сэтгэл зүйчид хандъя гэж бодож байсан. Өөр бол ямар нэг зовиур илрээгүй гэнэ.
Сэтгэцийн байдал: Үзүүлэгч амьдралын түүх болон хэргийн талаар идэвхтэй, тайван хариулж ярилцана.
Сэтгэцийн онош: Эрүүл
Дүгнэлт:
- А.С нь урьд өмнө сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
- А.С нь одоогоор сэтгэцийн өвчин үгүй байна.
- А.С нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
- А.С нь мансуурах дон эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамаарал одоогоор үгүй байна.
-Харин мансууруулах дон эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай эмгэгийг Монгол улсад СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.
- А.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
- А.С нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. /шинжээч О.Баатаржав, Я.Ганхүү, З.Цэндсүрэн/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 67-68 дахь тал),
16. Яллагдагч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:
“Яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би урд гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлийг тодорхой дэлгэрэнгүй байдлаар мэдүүлсэн. Би хамт явсан хүмүүсийг танихгүй. Хамт явсан хүмүүсээс нэг нь Сумъяболдын танил гэсэн. Нөгөө хоёр нь тэр танилынх нь найзууд юм шиг байсан. Би анх удаа л өвс түүсэн. Урд өмнө мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Хэрэглэх үед согтоод байгаа юм шиг мэдрэмж төрж байгаад 10-20 минут болоод зүгээр болсон. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал),
17. Яллагдагч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн:
“Яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр сумаас мансууруулах үйлчилгээтэй өвсийг өөрийнхөө амьдардаг гэрийн орон доор болон хашаандаа нууж байсан. Цагдаагийн байгууллагаас ирээд үзлэг нэгжлэг хийхэд мансууруулах өвсийг сайн дураараа гаргаж өгсөн. Өвс түүсэн гэх газар Төв аймгийн Батсүмбэр суманд бид нарын очиж амарсан амралтын ойролцоо байсан. Тэр үед амралтад очиж амрах зорилготой явсан. Би хамт Баганаа гэх залуутай Нисэхийн орон сууц гээд буудлын хажуу талсын сагсны шийдэн дээр сагс тоглож байгаад 2021 оны 10 дугаар сарын дундуур танилцсан байсан. Баганаатай facebook чатаар харьцаатай байсан. Баганаа 2021 оны 10 дугаар сарын сүүлээр над руу чат бичээд амралтад явах уу гэсэн, хэзээ явах юм бэ гэсэн чинь маргааш явна гэж хэлсэн. Амралтад явахаар болоод зөвшөөрсөн. Тэгээд би Б рүү чат бичээд амралтад явах уу гэсэн, ...хамт явахаар болсон. Маргааш нь Баганаа хоёр найзын хамт намайг гэрээс ирж аваад замаараа Бийг аваад Төв аймгийн Батсүмбэр рүү амралтад явсан. Баганаагийн дагуулж ирсэн хоёр залууг танихгүй. Амралтад очоод архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж хоносон. Маргааш өглөө нь бие засах гээд замын хажуу руу буухад мансууруулах үйлчилгээтэй өвс байхаар нь түүж авсан. Баганаа түүний хоёр найзууд түүгээд өгөөч гэхээр нь Б бид хоёр түүж өгсөн. Түүсэн өвсийг та хоёр авахгүй юу даа гэхээр нь авсан. ...2021 оны 10 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр сумаас түүж ирсэн өвсөө 11 дүгээр сарын 10-ны үеэр гэртээ ганцаараа тамхи шиг цаасанд ороож байгаад татаж үзсэн. Ямар нэг мэдрэмж төрөөгүй. Түүнээс хойш уг өвснөөс хэрэглээгүй. Ээждээ хэлсэн чинь наад өвсөө хая гэж хэлсэн. Хаяж амжаагүй байж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Би өвснөөсөө хэн нэгэнд өгөөгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 144-145 дахь тал),
18. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд:
18.1 Гэрч Г.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:
“Б.Бтэй 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр танилцаж, 2020 оны 6 сард нэг гэрт орж амьдарсан. 2020 оны 11 дүгээр сарын 22-нд хүү төрсөн. ...Б.Б нь 2020 онд Хөдөө аж ахуйн их сургуульд элсэн орж суралцсан. Надад болон шинээр төрсөн хүүдээ халамж сайн тавьж чаддаг. ....Нөхөр Б.Бийг хар тамхитай мансууруулах бодис хэрэглэж байна гэж сэжиглэж байсан удаа байхгүй. Б нь утаат тамхи татдаг ч ...хэрэглээгээ багасгаж байгаа. Бийн хувцас эд зүйлсийг угааж байхад сэжиг бүхий байдалтай зүйлс илэрч байгаагүй. Би С гэж хүнийг танихгүй. Миний ойр дотны хүмүүсээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг хүн байхгүй. Нөхөр Б.Б нь 2021 оны 10 дугаар сард өдрийг нь санахгүй байна, найзуудтай амралтад явлаа гэж яваад нэг хоноод ирсэн. Хаашаа ямар найзуудтайгаа яваад ирснийг мэдэхгүй. Манай хадам ээж хүүхдийг хардаг. Би сурдаг. Б.Б ахынхаа компанид ажилладаг. Бийн хувьд сэтгэцэд нь нөлөөлөөд ааш авир нь өөрчлөгдсөн зүйл байхгүй. Б бид хоёр ярилцаад дахин ийм зүйлд холбогдохгүй, хүүхдийнхээ төлөө сайхан амьдарна гэж ярилцсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
18.2 Гэрч М.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн:
“...Б.Б нь миний ууган хүү юм. 2019 онд 52 дугаар дунд сургуулийг төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн инженерийн ангид орж суралцсан, одоо 2 дугаар курсын оюутан юм. Б нь 2020 онд эхнэр авсан, нэг хүүхэдтэй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),
18.3 Гэрч У.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:
А.С нь 8-р ангийг төгсөөд коллежид гагнуурын ангид орж суралцсан. “..”-ын цахилгаан станцад дагалдангаар орж ажилласан. 2021 оны 9-р сард .. их сургуульд оруулсан, нэг жилийн чөлөө авсан. Одоо ачилтын компанид туслах дагалдангаар ажилд орсон. ...Манай хүү цагдаад баригдахаас өмнө нь 2021 оны 11 дүгээр сард хэдний өдрийг нь санахгүй байна, юм татсан гээд надад хэлсэн. Би энэ талаар яримааргүй байна. С нь утаат тамхи татдаг. Сын хувцас эд зүйлсийг угааж цэвэрлэж байхад сэжиг бүхий зүйлс илэрч байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
18.4 Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн:
“С нь миний дүү байгаа юм. С нь коллежийг гагнуурчнаар төгссөн. Төгсөөд хивс угаалгын газарт ажиллаж байна гэж хэлж байсан. С нь найз охинтой. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал),
18.5 Шүүгдэгч А.Сын төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 100, 104 дэх тал), гэрлэлт бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал), суурь боловсролын гэрчилгээ (хавтаст хэргийн 102 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 103, 105 дахь тал), 2016-2019 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 106 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 108 дахь тал),
18.6 Шүүгдэгч Б.Бийн төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 111, 112 дах тал), суурь боловсролын гэрчилгээ, тодорхойлолт (хавтаст хэргийн 121, 125 дах тал), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 122, 126 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 127 дахь тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 120 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн 2102005560020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан цэвэр жин нь 1 килограмм 83.8 грамм өвс нь хэргийн хамт шүүхэд шилжиж ирээгүй, Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.
III.Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.С, Б.Б нар бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн үргэлжилсэн үйлдлээр Б.С, Б.Б нар нь тус бүрдээ ганцаараа сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нэгжлэг үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагч нарын мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байгаа тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналтай оролцохоо танилцуулж, “шүүгдэгч нар гэм буруугийн талаар анхнаасаа маргаагүй, үнэн зөв мэдүүлгийг өгч ирсэн” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.С, Б.Б нар бүлэглэн 2021 оны 10 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын" тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай "өвс" гэх нэршилтэй 1 килограмм 83.8 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн;
Мөн шүүгдэгч Б.С нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн ... тоот өөрийн гэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 650.3 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан,
-шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн ... 9 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй 433.5 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь:
- 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),
- 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цаг 18 минутад эхлүүлж, 22 цаг 51 минутад дуусгасан хойшлуулшгүй ажиллагаагаар Хан-Уул дүүргийн ....291 тоот хашаа байшинд нэгжлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8 дахь тал),
-2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цаг 48 минутад эхлүүлж, 22 цаг 05 минутад дуусгасан хойшлуулшгүй ажиллагаагаар Хан-Уул дүүргийн .. 9 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан ...” тухай болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-13 дахь тал), Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 169 дугаартай хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцсон тогтоол (хавтаст хэргийн 23 дахь тал),
- 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал), хураан авсан эд зүйл болон эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 26 дахь тал), эд зүйлийг мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол (хавтаст хэргийн 24 дэх тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5531 тоот:
-Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 4, 5,8,9 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл ...зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...3, 4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай ...цэвэр жин нь 66,2 г, 5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай ...цэвэр жин нь 122,1г, 8 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн ...цэвэр жин нь 138,7 г, 9 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн ...цэвэр жин нь 81,4 г, 3 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн ...цэвэр жин нь 25,1 г байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 71-75 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5529 тоот: “Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 1, 2, 3, 4, 5, гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, 6, 7 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл ...зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...“ гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 78-83 дахь тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 838 тоот “... Шинжилгээнд ирүүлсэн 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 323,3 г, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 178,4 г, 3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 90,5 г, 4 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 10,6 г, 5 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 1,7 г, 6 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 22,1 г, 7 гэсэн хаягтай хуванцар саванд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 23,7 г байна. ...“ гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 86-90 дэх тал),
-Яллагдагч Б.Бээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. ...Би анх удаа л өвс түүсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал),
- Яллагдагч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. “...Бийг аваад Төв аймгийн Батсүмбэр рүү амралтад явсан. ...Маргааш өглөө нь бие засах гээд замын хажуу руу буухад мансууруулах үйлчилгээтэй өвс байхаар нь түүж авсан. ...2021 оны 10 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр сумаас түүж ирсэн өвсөө 11 дүгээр сарын 10-ны үеэр гэртээ ганцаараа тамхи шиг цаасанд ороож байгаад татаж үзсэн. ...Хаяж амжаагүй байж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Би өвснөөсөө хэн нэгэнд өгөөгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 144-145 дахь тал) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянахад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.
Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх гэдэг нь байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг зөвшөөрөлгүйгээр түүж цуглуулсан идэвхтэй үйлдлийг ойлгоно. Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалснаар”-аар гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох талаар заасан байх ба ерөнхий зохицуулалтаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, харин үйлдэл оролцоог ялгах зорилгоор хамжигч, хатгагч, бүлэглэн гүйцэтгэх зэрэг хамтран оролцоог тусгайлан тодорхойлж хуульчилсан бөгөөд үүнээс гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж ойлгохоор тодорхойлжээ. Үйлдлээрээ нэгдсэн гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл оролцоог хуваарилж, урьдаас төлөвлөөгүй боловч гэмт хэрэг үйлдэх тухайн цаг мөчид бие биеийнхээ үйлдэл, оролцоог үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас бий болох үр дагаврыг хүсэж бий болгосон байхыг ойлгоно.
Иймд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтуудыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Б, А.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн; хадгалсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй.
Нөгөө талаар сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавар үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг онцлогтой.
Шүүгдэгч Б.Б, А.С нар нь сэтгэцэд нөлөөт бодист одоогоор хамааралгүй байна гэсэн сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гарсан ба гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөлийг харгалзах ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь богино хугацаанд хүний эрүүл мэндийг муутгах, хор аюул ихтэй, Үндэсний аюулгүй байдалд хор үр дагавартай. Иймд гэмт хэргийн шинжийг харгалзан, мөн шүүгдэгч А.С нь гэмт хэргийг санаачилсан байх тул 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бэд 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч нарын өмгөөлөгч дүгнэлтдээ “шүүгдэгч нарт гэмт хэргийн хор уршгийн талаар танилцуулсан, тэд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, Б.Б нь бага насны хүүхэдтэй, эхнэр нь суралцдаг тул ажлынхаа хажуугаар хүүхдээ хардаг, А.С нь эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэж тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б, А.С нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах боловч гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Б, А.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ялын төрөл, хэмжээг хуульчилсан.
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 990, 989 тоот дүгнэлтээр шүүгдэгч Б.Б, А.С нар нь сэтгэцийн хувьд хэрэг чадварт талаар дүгнэжээ. (хавтаст хэргийн 63-64, 67-68 дахь тал)
Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг нь харгалзан үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг, нөгөө талаас сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, мөн шүүгдэгч А.С нь шүүгдэгч Б.Бийг хамт явахыг санаачилсан үйлдэл оролцоог харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сод 1 жил 7 сарын хорих ял, шүүгдэгч Б.Бэд 1 жил 6 сарын хорих ял тус тус оногдуулж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон хохирол, хор ургийн шинж чанар, үр дагаварт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.12 дахь заалтад заасан “тэнсэх” зохицуулалтыг хэрэглэх нь Эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж, энэ талаарх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
3.Бусад асуудлын талаар.
Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан цэвэр жин нь 1 килограмм 83.8 грамм өвс мэт зүйлийг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Х овогт Б-ын Б, Б овогт А-ийн С нарыг ганцаараа болон бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сыг 1 (нэг) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан цэвэр жин нь 1 килограмм 83.8 грамм өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.С, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдний эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.С, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА