| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0572/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/563 |
| Огноо | 2022-05-05 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/563
2022 5 05 2022/ШЦТ/563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч С.Ц..........н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00582 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигон овогт С........лдын Ц..........н, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн .........................тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Ц..........н нь согтуурсан үедээ 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, ................ тоотын үүдэнд байсан хохирогч Б.Б.......гийн өмчлөлийн .......... УБН улсын дугаартай Toyota Aqua загварын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч С.Ц..........н нь 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, .......... тоотод буюу хамтран амьдрагч Ө.Д.........ны гэрт Б..Б.........хийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Тухайн үед Б..Б.........х нь Ө.Д.........ныд Б.Б.......гийн өмчлөлийн Toyota Aqua маркийн .......... УБН улсын дугаарын тээврийн хэрэгслийг унаж очин согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ. Улмаар Б..Б.........хийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж унтсан байхад С.Ц..........н нь түүнээс зөвшөөрөл авалгүй тээврийн хэрэгслийг асаан хамтран амьдрагч Ө.Д.........ны хамт унаж явсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хохирогч Б.Б.......гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие өөрийн нэр дээр ..... УБН улсын дугаартай аква маркийн машинтай. Ажил ихтэй учир бараг унадаггүй бөгөөд төрсөн дүү Болор-Эрдэнийн нөхөр .Б.........х түр хугацаанд буюу сургууль цэцэрлэгт хүүхдүүд зөөлгөхөөр унуулсан юм. Гэтэл ...2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр .Б.........х нь Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоо ..... тоотод архи уусан байсан. Хамт архи уусан гэх Шонх нь эхнэрийн хамт .Б.........хийг тасраад унтаж байх хойгуур миний эзэмшлийн машиныг авч яваад айлын хашаа мөргүүлж эвдсэн байсан. Тэгээд завсарт өгсөн гэх боловч түргэн хугацаанд шийдэж өгөөгүй учир миний уг асуудлыг шалгуулахаар цагдаад хандсан... Би гомдолтой байна. Өөрийн машинаа янзлуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
- Гэрч Б..Б.........хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.......гийн эзэмшлийн ..... УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр хугацаанд гуйж унаж байсан. 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Б.......г нь надад машинаа үлдээгээд явсан ба би тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо ..... тоотод оршин суух гэрийн хаягтай айлд гэрийн эзэн Ө.Д.........н, түүний хамтран амьдрагч Ц..........н нарын хамт 2 шил архи уусан. Тэгээд би уусан архиндаа согтоод унтаад өгсөн. Гэтэл өглөө сэрэхэд миний унаж байсан машин байхгүй болсон бөгөөд Д.........ны гэрт очиход эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд Д.........наас юу болсон талаар асуухад манай эхнэр Ц..........н ...архи уугаад тасраад унтсан хойгуур аваад явсан байсан. Би тасраад унтахдаа машины түлхүүрийг ширээн дээр ил гаргаж тавьсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
- Гэрч Ө.Д.........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хамтран амьдрагч Ц..........н нь .Б.........хийн унаж байсан Б.......гийн эзэмшлийн 83-37 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн түлхүүрийг ил байхаар нь аваад улмаар машиныг нь унаад Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан-Овоо ..... тоотоос хөдөлсөн ба би хажууд нь суугаад хөдөлсөн. Тухайн үед миний бие их хэмжээний согтолттой байсан ба нэг сэрэхэд айлын хашаа мөргөсөн ба улмаар уг машиныг нь өөрийн хашаандаа оруулж тавьсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр .Б.........х нь гэртээ унтаж байхад ирээд машинаа аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
- Гэрч О.Бямбаноровын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 23-ны орой манай хашааг танил Ц..........н гэх эмэгтэй нь цагаан өнгийн Aqua машинтай ирээд мөргөсөн юм...хашааны банзаа буцаагаад хадчихсан учир надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Ц-556 дугаартай хөрөнгө үнэлгээний тайланд: “...Toyota aqua...маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн...машин...үнэлгээ 8.000.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
- “Хас Үнэлгээ” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн авто машины техникийн үнэлгээний тайланд: “...Марк загвар...Toyota aqua..Үйлдвэрлэсэн он..2014....улсын дугаар: .......... УБН...шууд зардал...700.000 төгрөг, шууд бус зардал...370.000 төгрөг, буюу нийт 1.070.000 төгрөг...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 48-49 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч С.Ц..........нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо ..... ..... тоотоос авч явсан...ширээн дээр түлхүүр ил байсан... Найзындаа очих зорилгоор авч явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ц..........н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч С.Ц..........н нь хууль зүйн хувьд, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, найзындаа очин дахин согтууруулах ундааны зүйл уух зорилгоор, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, шууд санаатай үйлдлээр бусдын авто тээврийн хэрэгслийг авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч С.Ц..........н нь хохирогч Б.Б.......гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван мөргүүлсэн гэмт хэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд нь архидан согтуурсны улмаас энэ гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Ц..........н “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч С.Б.......гт мөрдөн шалгах ажиллагаанд шатанд хөрөнгө үнэлгээний тайлангаар 1.070.000 (хавтаст хэргийн 48 дахь тал) хохирол учирсан байна. Үүнээс шүүгдэгч С.Ц..........н нь 300.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 770.000 төгрөгийг 10 хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлж шүүгдэгч, хохирогч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Тиймээс хохирлыг төлөгдсөнд тооцож шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч С.Ц..........нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч С.Ц..........н нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч С.Ц..........н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 66, 67 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 71 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 72 дахь тал),
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 39, 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 40, 43 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Ц..........н, хохирогч Б.Б.......г нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч С.Ц..........нг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч С.Ц..........нд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0000 00582 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт С........лдын Ц..........нг Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ц..........нг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц..........н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ