Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 476

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 28 өдөр                  Дугаар 183/ШШ2018/0476                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ************* тоотод оршин суух,  Н / /-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамжинд байрлах, “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох,

           9 сарын тэтгэмж 8,214,597 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Нэхэмжлэгч И.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...1 сарын дундаж цалин 912,733 төгрөг, 9 сарын тэтгэмж 8,214,597 төгрөгний тэтгэмж гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч И.Н нь Зорчигч тээврийн нэгтгэлийн автобус нэгдлийн баазад 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар ажилд орж 10 жил ажиллаад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/728 тоот тушаалаар  өндөр насны тэтгэвэрт гарсан байгаа. Автобус 1 дүгээр баазын захиргаанаас 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу тэтгэмжийг 1 сарын дундаж цалин 912.733.000 төгрөгөөр тооцож 9 сарын тэтгэмж 8.214.597 төгрөгийг  байгууллагаас авах ёстой. Тус байгууллага нь өгөөгүй учраас нэхэмжлэл гаргасан. Мөн И.Нийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөнгө тоологчийн ажлаас шилжүүлж ажиллуулсан. Үүнийг И.Н хүлээн зөвшөөрөөгүй. Улмаар шүүхэд хандсны дагуу И.Нийг буруу шилжүүлсэн байна, мөнгө тоологч ажилтай гэж шүүх үзээд шийдвэр гаргасан. Иймд одоо И.Нийн авах тэтгэмжийг мөнгө тоологчийн албан тушаалын цалин хөлсөөр бодож гаргасан байгаа” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “И.Н нь хамтын гэрээний дагуу тэтгэмж гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авч, дараах тайлбарыг гаргаж байна. 1-рт нэхэмжлэгч нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2007 оны 01 дүгээр 25-ны өдөр 05 тоот тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/728 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэ тушаалаар нэхэмжлэгчийг шалгагчийн 1 дүгээр баазын 4 дүгээр хэсгийн шалгагч гэсэн албан тушаалаас өндөр насны тэтгэвэрт нь гаргасан байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ болохоор Автобус 1 ОНӨААТҮГазар болон Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан бөгөөд гэрээнд 2014 оны 01 дүгээр 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Мөн гэрээний нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг талын санаачлагаар хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр заасан бөгөөд 2017 оны 04 дүгээр 26-ны өдөр 2010, 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулсан бөгөөд гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Хан-Уул дүүргийн ЗДТГазарт бүртгүүлсэнээр уг гэрээ нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр буюу уг гэрээг байгуулсны дараагаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан учраас энэ гэрээний үйлчлэлд хамаарч байгаа. Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус байгууллагад 10 жил тасралтгүй ажилласан бөгөөд 4 сарын дундаж цалин хөлстэй тэтгэмж авах эрх үүссэн. 10 жил тасралтгүй ажилласан гэдэгт хариуцагч талаас маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.150 төгрөгийг зөвшөөрч байгаа. Үүнээс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/9415 тоот тушаалаар нэхэмжлэгчид 2 сарын дундаж цалин буюу 1.075.000 төгрөгийг олгосон байгаа, мөнгө нь нэхэмжлэгчийн дансанд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орсон байдаг, үлдэгдэл 1.075.000 төгрөгийг олгоно. Тухайн үед бол шалгагчаас мөнгө тоологчид шилжин, шүүхээр мөнгө тоологчийн ажлын байранд тогтоосон байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримтаар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийг шалгагчийн орон тооноос өндөр насны тэтгэвэрт гаргасан байгаа. Мөн Нийгэм Хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2015 оны 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тогтоолгох журмын 4-т олгож байгаа бүх төрлийн тэтгэмж, нөхөх олговорт  хөнгөлөлтийн орлогыг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэснийг баримтлан шалгагчийн дундаж цалин хөлс болох 537.500 төгрөгөөр тооцож, 4 сарын тэтгэмжийг бодсон байгаа” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч И.Н нь өндөр насны тэтгэвэрт гарахад байгууллагаас олгогдох 9 сарын тэтгэмж 8,214,597 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийг хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2,150,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үүнээс 2017.10.27-ны өдрийн Б/941 тушаалаар 1,075,000 төгрөгийг олгосон, үлдэгдэл 1,075,000 төгрөгийг олгоно үлдэх хэсгийг  зөвшөөрөхгүй гэжээ.

           Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд И.Н нь Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн Автобус-1 компанийн захирлын 2017.01.25-ны өдрийн 05 тоот тушаалаар үйлдвэр бригадад кондуктороор орсон, харин Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2017.08.30-ны өдрийн Б/728 тоот тушаалаар тус нэгтгэлийн 1 дүгээр баазын Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 4 дүгээр хэсгийн шалгагч /кондуктор/ И.Нийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

            И.Н нь тасралтгүй 10 жил ажилласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, ажлаас халагдсаны тэтгэмж авах ёстой, тэтгэмжид  1,075,000 төгрөг авсан талаар зохигчид маргаагүй байна.   

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ 2013.02.05-ны өдрийн “Автобус-1” ОНӨҮГазар болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 1 жилийн хугацаатай байгуулсан хамтын гэрээний 2014.01.22-ны нэмэлт өөрчлөлтөөр 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй гэж, харин хариуцагч тал Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ нь Эв нэгдэл ҮЭХ-той 2017.04.26-ны өдөр 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулсан тул өмнөх хамтын гэрээг дагаж мөрдөх үндэслэлгүй хэмээн маргажээ.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамтаар шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу “Автобус-1” ОНӨҮГ-ийн эд хөрөнгө, эрхийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ шилжүүлэн авсан гэдэгт талууд маргаагүй бөгөөд  өөрчлөгдөн зохион байгуулагдсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь  Эв нэгдэл ҮЭХ-той 2017.04.26-ны өдөр 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг байгуулж, 2017.07.20-ний өдөр Хан-Уул дүүргийн ЗДТГ-т бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт  заасны дагуу энэ хамтын гэрээ хүчин төгөлдөр байна.

  2014.01.22-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд “энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх тул уг хамтын гэрээг мөрдөхгүй, дуусгавар болсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болно. 

 Шинээр батлагдсан 2017.04.26-ны хамтын гэрээний 3 дугаар 3.4-т  “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан доорх хэмжээгээр буюу ...6-10 жил ажилласан бол 4 сарын тэтгэмж олгоно” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 дэх заалтад нийцсэн байна.

Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4, 7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс  537,500 төгрөгийг 4  сараар тооцоход 2,150,000 төгрөг олгохоос, тэтгэмжид олгогдсон 1,075,000  төгрөгийг хасч үлдэх 1,075,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,139,597 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул  хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 1,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,139,597 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30,350 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.  

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                               Д.ЭНХЦЭЦЭГ