Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/187

 

                                              

 

 

 

 

 

 

          2022         03           18                                        2022/ШЦТ/187

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нэргүйсувд хөтлөн,

улсын яллагч А.Оюунгэрэл,

хохирогч С.Ж, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ы Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00018 0091 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ы Х Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Б.Х нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн .., “..”-ны ТМ шатахуун түгээх станцын баруун урд талын замд “Toyota Prius-30” маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс “Toyota Prius-11” маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч С.Жын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

I. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө. Би ..н дээр найзтайгаа 1 шил архи уусан. Архи уучхаад машинаа жолоодоод уруудаад явж байх зуураа тамхи асаах гэхэд асаагуур доошоо уначихаар нь авах гээд тонгойход гэрэлд гялбаад машин ороод ирсэн, тэгээд машин мөргөсөн. Ийм л зүйл болсон. Би өөр мэдэх зүйл байхгүй гэв.

Хохирогч С.Ж мэдүүлэхдээ: Би 2021 оны 12 дугаар сарын 12-ны 23 цагийн үед .. улсын дугаартай Приүс-11 маркийн автомашин жолоодон Улаанбаатараас Төв аймаг руу гэр лүүгээ ганцаараа явж байсан. .. руу өгсөх замд “Сод монгол колонк”-ийн тэнд явж байхад 10 гар машин зөрсөн. Би тухайн үед гэрлээ шилжүүлж хол дээр нь тавихад дахиад нэг машин ирж байсан. Би тэр машиныг харж байсан. Өөдөөс машин ирж байсан учраас гэрлээ шилжүүлээгүй ойрын гэрэл дээр байсан. Би энэ машиныг зөрөх нь гэж бодтол гэнэт л урдаас мөргөөд ороод ирсэн. Энэ явдал маш хурдан болж өнгөрсөн. Намайг мөргөөд би шууд замын хажуу руу шидэгдээд унасан. Би тэр даруй өөрөө цагдаа, түргэн дуудсан. Түргэний эмч ирээд намайг болон энэ залуугийн толгойноос цус гарсан учир хамт аваад явахгүй бол болохгүй гэсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд томографикийн оношилгоо хийлгэхэд өвчүүний их биеийн хэсэг, хавирга хугарсан байна гэж хэлсэн. Би хөдөлж амьсгалж чадахгүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 13-аас хойш ажлаа хийгээгүй. Одоог хүртэл бүрэн эдгэрээгүй байна. Анх шинжээчийн дүгнэлтээр 5 хавирга хугарсан гэж байсан боловч би өчигдөр дахин томографик хийлгэхэд 7 хавирга хугараад бороолж байна гэсэн. Миний хувьд машинаа босгож чадаагүй, машин байхгүй учраас ажлаа хийж чадахгүй байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон, мөн ажлаа хийж чадаагүй, 2021 оны 12 дугаар сарын 13-аас 2022 оны 01 дүгээр сарын 03-нийг хүртэл хугацаанд ажлаа огт хийгээгүй. Надад хоолны ч мөнгө байхгүй болж 2022 оны 01 дүгээр сарын 03-аас ажилдаа очсон. Би өөрт учирсан бүх хохирлоо нэхэмжилж байна. Миний бие 2006 оноос гэрэл зураг, жааз хийдэг ажил хийж байгаа. 45 м.кв талбайг нэг сарын 675.000 төгрөгөөр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй. Ингээд хоолны мөнгөгүй болж 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажлаа хийж эхэлсэн. Мөн одоо эвдэрсэн машин айлын хашаанд байна, босгоход хэцүү болсон. Иймд нийт 7.441.930 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд: эмчилгээний зардалд 1.693.000 төгрөг, автомашины эвдрэл хохирлын төлбөр 4.020.000 төгрөг, ажлын байрны  түрээсийн төлбөр 2021 оны 12 дугаар сарын 10-аас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөр 337.500 төгрөг, 2022 оны 1 сарын төлбөр 675.000 төгрөг, банканд төлөх зээлийн төлбөр 716.430 төгрөг зэргийг нэхэмжилж байгаа. Үүнээс 3.500.000 төгрөгийг хүлээн авсан, үлдэх төлбөрийг нэхэмжилнэ гэв.

 

II. Эрүүгийн 2203 00018 0091 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Тээврийн цагдаагийн албанд Хан-Уул дүүрэг .. ..ны замд хоёр машин мөргөлдсөн байна гэсэн гэмт хэргийн гомдол мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 14 минутад хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

2. Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 20 минутад Хан-Уул дүүргийн .. “..ны зам “МТ” шатахуун түгээх станцын баруун урд замд” зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-11 дахь тал),

3. Жолооч Б.Хын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 00 цаг 59 минутад драгер багажаар шалгахад 2.34 хувийн тоон үзүүлэлт илэрсэн тухай тэмдэглэл, С.Жыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 01 цаг 02 минутад драгер багажаар шалгахад 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),

4. Түргэн тусламжийн дуудлагын хуудсанд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23:41:05 цагт “.. өгсөөд машин мөргөлдсөн гэсэн дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал),

5. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22.00 цагт Б.Х, С.Ж нарыг хүлээн авч осол гэмтлийн тохиолдол бүртгэсэн хуудас (хавтаст хэргийн 76, 83 дахь тал),

6. Хохирогч С.Жын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгт:

Би 2021 оны 12 дугаар сарын 12-ны өглөө Төв аймгийн Зуунмод сумаас Улаанбаатар хотод ирээд, орой буцаж Төв аймаг Зуунмод сум руу явахаар өөрийн “Тоёота приус 11” маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод ганцаараа явсан. 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн .., хуучин нисэх онгоцны буудлын урд ..ны замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байхад эсрэг урсгалаас өөдөөс ирж явсан машин хажуугаар зөрж өнгөрөх нь гэж бодтол тэр машин гэнэт миний явж байсан урсгал руу урсгал сөрөөд орж ирээд миний машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. Би нэг хэсэг манараад машин замаас гараад буцаж эргээд харсан зогссон байхаар нь намайг ирээд мөргөчихлөө гэж бодоод гар утсаа хайгаад машинаасаа буугаад олж аваад дүү рүүгээ залгасан. Би осолд орчлоо гэж хэлээд, дараа нь өөрийн дугаараасаа 102 дугаарт дуудлага өгсөн. Манай дүү 103 дугаарт дуудлага өгсөн байсан. Би машиндаа буцаж суугаад амьсгаа авч чадахгүй цээжээр өвдөөд сууж байхдаа нөгөө машиныг харахад тэр машин миний ард замаас гараад зогссон байсан. Удалгүй цагдаа ирээд дараа нь түргэний машин ирсэн. Эмч нь намайг үзээд машиндаа суулгаад байж байтал нөгөө машины жолооч гэх залуу орж ирээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Миний өвчүүний их биеийн яс хугарсан, зүүн талын 5 хавирга хугарсан, цээж хэсгээр хамгаалах бүсний ором гарч хөхөрсөн, зүүн гарын шуу хэсэг хөхөрсөн. Одоо зовуурьтай хэвтэж чадахгүй, шөнө унтаж чадахгүй байна. ...Би 2002 онд жолооч болсон, В ангилалтай. ...Би өөрөө жолоодож явсан. Манай төрсөн дүү С.Бгийн нэр байдаг боловч миний эзэмшлийнх юм. Дүү анх уг автомашиныг худалдаж аваад надад бэлэглэж байсан. Нэрийг нь шилжүүлж амжаагүй л яваад байгаа. Тэр машинтай мөргөлдсөн ослын наана байдаг “МТ” ШТС-ийн хойд замаар явахад эсрэг урсгалаар олон машин надтай цуваагаараа зөрсөн учир би ойрын гэрэл дээрээ тавиад хажуугаар зөрөөд өнгөрөөд их гэрэл дээрээ тавиад явах гэтэл дахиад цаанаас нь машин уруудаад гараад ирэхэд нь гэрлээ шилжүүлэхгүй ойрын гэрэл дээрээ чигээрээ цаашаа явахад тэр машин надад анх харагдсан. Тэгээд би хажуугаар явах гэтэл эсрэг урсгал руу орж ирээд мөргөлдсөн. Би 40 орчим км/ц хурдтай явсан. Харанхуй, үзэгдэх орчин чөлөөтэй, хөдөлгөөн сийрэг байсан. Би ганцаараа явсан. Тэр залууг анх түргэний машинд орж ирэхэд нь харсан. Түргэний эмч нэрийг нь асуухад Х гэж хэлж байсан. Тэр залуу согтуу байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Гарч байгаа баримтаа цуглуулж байгаад өгнө. Үнэлгээ хийлгэсэн байгаа. Би нэхэмжлэх болно. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

7. Иргэний нэхэмжлэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгт:

Уг тээврийн хэрэгсэл миний нэр байдаг боловч анх худалдаж авахдаа эгч Жд бэлэглэж өгсөн, нэр шилжүүлж чадахгүй л явж байгаад осолд орсон. Би үнэлгээтэй танилцсан хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээнд дурдсан эвдрэл үүссэн байсан. Би уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа хэдий ч манай эгч Ж нэхэмжлэх болно. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

8. Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн:

Би 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн унаж хэрэглэдэг Тоёота приус 30 маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод Төв аймгийн Зуунмод сумаас Улаанбаатар хот руу 21 цагийн орчим явсан. Явахдаа ганцаараа машинаа жолоодож явсан. Замдаа ..ны овоон дээр найз Отгонхуягтай уулзаад юм ярьж 1 цаг гаран сууж байгаад Отгонхуяг Хараа нэртэй 0.5 граммтай нэг шил архи гаргаж ирсэн. Бид хоёр машинд хувааж уусан. Отгонхуяг найзтайгаа явсан. Нөгөөдөх нь ажилтай байна явлаа гээд Отгонхуягийг аваад Өмнөговь аймаг руу явсан. Би тэндээсээ машинаа бариад Улаанбаатар хот руу явдаг замаар доошоо уруудаад явж байтал тамхи татах гээд асаатал гэрэл гялбаад нэг мэдсэн мөргөлдсөн байсан. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр ирсэн байсан. Би хохирогч С.Жд бэлнээр 3.500.000 төгрөг өгөөд баримт болгож бичиг хийж авсан байгаа. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №441 тоот дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Цээжний урд дээд хэсгээс цээжний зүүн хэсэг, хэвлийн зүүн доод хэсэг рүү үргэлжилсэн босоо ташуу нийт 48,0х7,0 см, зүүн шууны дотор дунд хэсэгт 9,0х8х0 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, цээжээр эмзэглэлтэй.

-“Лазер мед” эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны цээжний хөндийн КТГ-н шинжилгээнд: Цээжний томограммууд дээр цээжний зүүн талын 4, 5, 6, 7 дугаар хавирга суганы дунд шугамаар зөрүү багатай, 8 дугаар хавирга урд төгсгөл зөрүүгүй хугаралтай. Өвчүү яс их бие хэсгээр зөрүүгүй хугаралтай. Эгэм дал, сээрний нугалмуудад хугарал гэмтлийн өөрчлөлтгүй. ...дүгнэлт бичсэн эмч О.Тулга гэжээ.  

1. С.Жын биед өвчүү яс, зүүн 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, цээж, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /шинжээч эмс О.Болороо/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

10. “Ашид билгүүн” ХХК-ын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 41 дугаартай:

“Toyota Prius 11” маркийн .. улсын дугаартай автомашины дугуй хагарч, амартизатор гулзайсан, цап гулзайсан, хагас гол гулзайсан, урд буфер хагарч, өндөг гулзайсан, зүүн урд крыло нугарч хонхойсон, под крыло урагдсан, гар гулзайсан, усны сав хагарсан, урд шил хагарсан, обуд сэнсэрсэн, тоормосны аппарат эвдэрсэн, толь хугарсан, урд лонжром гулзайсан, урд карказ гажсан, шилний хажуу багана халзарч зурагдсан, орой тунарсан, хаалганы ховил хонхойж нугарч, хаалга хонхойж, баруун хойд крыло хонхойсон. Эвдрэл хохирлын үнэлгээ шууд зардал 3,585,000 төгрөг, шууд бус зардал 435,000 төгрөг, нийт 4,020,000 төгрөг...” гэсэн тайлан, гэрэл зургууд (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

11. “Сүлд үнэлгээ” ХХК-ын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаартай:

“Toyota Prius 30” маркийн .. улсын дугаартай автомашины урд буфер, буферын доод сетка, хөөсөн пампер зураг хагарч урагдсан, буферын дотор төмөр хугарсан, зүүн урд гэрэл хагарсан, зүүн урд крыло урагдаж зам хагарсан, под крыло урагдсан, капуд чихэгдэж нугаснууд гажсан, зүүн урд хаалга урагдаж шил, хавтас хагарсан, зүүн хормойн хаалт хагарсан, буферын доод сетка хагарсан, зүүн толь хагарсан, ослын дэрнүүд зарагдсан, салон хагарч урагдсан, хайрцаг хагарсан, шилний доод хаалт хагарсан, зүүн урд гурвалжин шил хагарсан, зүүн урд хаалганы хоёр нугас гажсан, урд хоёр аюулгүйн бүснүүд гацсан, паарны радиаторын хайрцаг хагарсан, гал хамгаалагч хагарсан, цахилгаан мотор хагарсан, зүүн урд цап, тяг, шарнер, өндгөн тулгуур, гар, босоо, тэнцүүлэгч, зэрэг тахийж гулзайсан, тоормосны доод аппарат хагарсан, АВS залгуур тасарсан, тоормосны уян труп тасарсан, рулын уян гэмтсэн, зүүн урд амартизаторын пүрш, хагас гол тахийж гулзайсан, буферын зүүн нэмэлт гэрэл, дохио хагарсан, зүүн урд обуд хагарсан, казовны зүүн тал их чихэгдэж зүүн урд багана чихэгдэж дугуйны арк шал хэсгээр чихэгдэж урагдаж шилний зүүн хажуу багана чихэгдэж нугарсан, зүүн хормой татагдаж нугарсан, кузов гажиж ханзарсан байдалтай. Эвдрэл хохирлын үнэлгээ шууд зардал 12,305,000 төгрөг, шууд бус зардал 1,030,000 төгрөг, нийт 13,335,000 төгрөг ...” гэсэн хөрөнгийн үнэлгээ, гэрэл зургууд (хавтаст хэргийн 56-61 дэх тал),

12. “Авто тээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлчилгээний газрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн “Техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тус төвд ирүүлсэн Т.Приус-30 маркийн .. улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тул тоног төхөөрөмж дээр техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна болно. ...” гэсэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 69 дахь тал),

13. Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 147 дугаартай магадалгаанд:

Шинжилгээний аргачлал, явцын талаар:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтүүд.

-Шинжилгээний үр дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар:

1. Тоёота приус 30 маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно”: а/ согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

2. Тоёота приус 11 маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 72 дахь тал),

14. Хохирогч С.Жын эмчилгээний зардал, бусад хохирол нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 117-120, 123-124, 140-146 дэх тал) болон шүүх хуралдаанд шинээр нотлох баримтаар өгсөн Голомт банкны тодорхойлолт, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хувиар), мөн хохирлын 3,500,000 төгрөг хохирогч С.Ж  хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 132 дахь тал), мөн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэмтлийг оношлуулсан оношилгооны төлбөрийн баримт (хавтаст хэргийн 48 дахь тал),

15. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн НӨҮГ 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/51 дугаартай “Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын телекамер Хан-Уул дүүргийн .., ..ны зам МТ шатахуун түгээх станцын баруун урд замд байрлаагүй тул 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 цаг 10 минутын орчим Toyota Prius-30 маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Toyota Prius-11 маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн ...гэх зам тээврийн ослын холбогдолтой мэдээлэл байхгүй байна.” гэсэн лавлагаа  (хавтаст хэргийн 79 дэх тал),

16. .. улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь С.Б бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 21 дэх тал),

17.  .. улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ББТ санхүүгийн нэгдэл ХХК бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), ББТ санхүүгийн нэгдлийн Төв аймаг дахь салбарын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8 дугаартай албан бичигт “.. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Хын нэр дээр шилжиж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан тул манай байгууллага иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар оролцохгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дэх тал),

18. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

Б.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), Цагдаагийн ерөнхий газарт бүртгэлтэй жолоочийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 84 дэх тал), Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 88-90), Төв аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 97-99 дэх тал), зөрчлийн материал, жолоочийн лавлагаа, мэдээлэл баримт, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3100046220006461 дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 137, 138), Хан-УУл дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ Б.Хт авсан 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн захирамж болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн хэрэгт ирүүлсэн түрээсийн болон зээлийн гэрээ, шатахууны зардал зэргийг нэхэмжилсэн баримтыг нотлох баримтаар тооцуулахгүй байх, хасуулах тухай саналыг гаргасан.

 

III. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Х нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн .., “..”-ны МТ шатахуун түгээх станцын баруун урд талын замд согтуугаар Toyota Pruis маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс Toyota Pruis-11 маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж С.Жын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, магадалгаа, авто машины эвдрэл хохирлын үнэлгээний тайлан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогч С.Ж эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан зардалд нийт 7,441,930 төгрөг нэхэмжилснээс 3,500,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Үүнээс шүүгдэгчийн өмгөөлөгч нь тээврийн хэрэгслийн үнэлгээний мөнгө, бусад түрээс болон орон сууцны зээл, түлшний зардлыг хасуулах санал гаргасан хэдий ч хохирогчид энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг учирсан болох нь тогтоогдсон ба өнөөдрийн байдлаар хохирогчид учирсан хор уршиг арилсан гэж үзэхгүй. Иймд үлдэгдэл төлбөр болох 3,941,930 төгрөгийг шүүгдэгч Б.Хаас гаргуулах саналтай гэсэн дүгнэлтийг;  

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай дүгнэлтдээ “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас гарсан хохирол, хор уршгийг шүүх тогтооно гэж заасан байх тул бидний гаргасан иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирол, хор уршгийн асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ гэж үзэж байна. Гэмт хэргийн хохирол, хор уршиг арилаагүй. Хохирогч 3,500,000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээж авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хохирогчийн олон хавирга хугарсан нь өөрт нь ямар хэмжээний хүнд дарамт, стресстэй байсан нь харагдаж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шинээр түрээсийн гэрээг байгуулсан байна гэж хэлж байна. 2021 оны 12 сарын гэрээ нь дуусаад 2022 оны 1 сард шинээр гэрээ байгуулсан. Мөн түлшний зардлуудыг хасуулна гэж байна. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч нь Төв аймгийн Зуунмод суманд оршин суудаг учраас эмчилгээ үйлчилгээ авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гээд бүх нөхцөл байдал Улаанбаатар хотод явагдаж байсан. Улаанбаатар Төв аймаг хоёрын хооронд 45 километрийн зайтай байдаг учраас наашаа, цаашаа явсан гээд гарсан бүх шатахууны зардал гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үлдэх төлбөр 3,941,930 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргах зүйлгүй оролцож байгаа. Гэм буруугийн санаа сэдлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. Хохирогчид учирсан хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судлахад орон сууцны зээлийн гэрээ хэрэгт авагдсан хохирогч тухайн гэрээг өөрөө хамт төлсөн гэж байгаа боловч зээл төлсөн дансны хуулга байхгүй, мөн ажлын байрны түрээс, түлш зэргийг энэ гэмт хэргийн хохирол гэж үзэхгүй. Мөн энэ хугацаанд банкны зээлийн хөнгөлөлтөд хамрагдсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан шууд хохирлыг заасан. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршгийг ялгаж салгаж ойлгохыг хүсэж байна. Хор уршгийг иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх боломжтой гэж үзэж байна. Үүнд түрээсийн гэрээ, зээлийн гэрээ, түлшний төлбөр, машины ачилт зэргийг хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой шууд хохирол гэж үзэх боломжгүй. Хохирогчийн одоо нэхэмжилж байгаа 3,941,930 төгрөгөөс дээрх түрээсийн гэрээ 1,012,500 төгрөг, банкны зээлийн гэрээ 2,742,000, мөн түлшний төлбөр, авто тээврийн ачилт, буулгалтын мөнгө зэргийг хасаж тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэж оролцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 12 дугаар сарын 12-ны 23 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн ..нд, “..”-ны ТМ шатахуун түгээх станцын баруун урд талын замд “Toyota Prius-30” маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

-3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”,

11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс “Toyota Prius-11” маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч С.Жын эрүүл мэндэд “өвчүү яс, зүүн 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, цээж, зүүн шууны цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

-Тээврийн цагдаагийн албанд Хан-Уул дүүрэг .., ..ны замд хоёр машин мөргөлдсөн байна гэсэн гэмт хэргийн гомдол мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23 цаг 14 минутад хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

-Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 20 минутад Хан-Уул дүүргийн .. “..ны зам “МТ” шатахуун түгээх станцын баруун урд замд” зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-11 дахь тал),

- Жолооч Б.Хын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 00 цаг 59 минутад драгер багажаар шалгахад 2.34 хувийн тоон үзүүлэлт илэрсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 12-ийн ар талд),

- Түргэн тусламжийн дуудлагын хуудсанд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23:41:05 цагт “.. өгсөөд машин мөргөлдсөн гэсэн дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал),

-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22.00 цагт Б.Х, С.Ж нарыг хүлээн авч осол гэмтлийн тохиолдол бүртгэсэн хуудас (хавтаст хэргийн 76, 83 дахь тал),

- Хохирогч С.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...“Тоёота приус 11” маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод .....ны замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байхад эсрэг урсгалаар өөдөөс ирж явсан машин хажуугаар зөрж өнгөрөх нь гэж бодтол тэр машин гэнэт миний явж байсан урсгал руу урсгал сөрөөд орж ирээд миний машины зүүн урд хэсэг рүү мөргөсөн. ...Удалгүй цагдаа ирээд дараа нь түргэний машин ирсэн. ...Миний өвчүүний их биеийн яс хугарсан, зүүн талын 5 хавирга хугарсан, цээж хэсгээр хамгаалах бүсний ором гарч хөхөрсөн, зүүн гарын шуу хэсэг хөхөрсөн. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал) болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг,

-Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тоёота приус 30 маркийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод Төв аймгийн Зуунмод сумаас Улаанбаатар хот руу 21 цагийн орчим явсан. .....ны овоон дээр ...Отгонхуяг Хараа нэртэй 0.5 граммтай нэг шил архи гаргаж ирсэн, бид хоёр ...хувааж уусан. ...Би тэндээсээ машинаа бариад Улаанбаатар хот руу явдаг замаар доошоо уруудаад явж байтал тамхи татах гээд асаатал гэрэл гялбаад нэг мэдсэн мөргөлдсөн байсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №441 тоот “...С.Жын биед өвчүү яс, зүүн 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, цээж, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо, ...гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.”гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

-“Ашид билгүүн” ХХК-ын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 41 дугаартай тайлан, гэрэл зургууд (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

-“Сүлд үнэлгээ” ХХК-ын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаартай тайлан, гэрэл зургууд (хавтаст хэргийн 56-61 дэх тал),

-Мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 147 дугаартай магадалгаа (хавтаст хэргийн 72 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд хохирогч С.Жаас “шинжээчийн дүгнэлтээр миний биед 5 хавирга хугарсан талаар дүгнэлт гарсан боловч дахин эмнэлэгт үзүүлэхэд 7 хавирга хугарсан бороолж байгаа талаар эмч хэлсэн, гэхдээ энэ талаар нэмж шалгуулах санал хүсэлтгүй гэж мэдүүлсэн тул шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 11.3-д заасан заалтыг зөрчиж, улмаар хохирогч С.Жын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх ба, улмаар дээрх гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нь мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Хыг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

1. Гэмт хэргийн улмаас хохирогч С.Жын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, түүний жолоодон явсан тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирчээ.

Хохирогч С.Ж нь 7.441.930 төгрөгийг нэхэмжилсэн ба эмчилгээний зардал 1.693.000 төгрөг, автомашины эвдрэл хохирлын төлбөр 4.020.000 төгрөг, ажлын байрны  түрээсийн төлбөр 2021 оны 12 дугаар сарын 10-аас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөр 337.500 төгрөг, 2022 оны 1 сарын төлбөр 675.000 төгрөг, зээлийн төлбөр 716.430 төгрөгийг нэхэмжилж, түрээсийн болон зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хувиар, эмчилгээний зардалд 793.057 төгрөгийг (хавтаст хэргийн 116-120), 780.000 төгрөгийг (хавтаст хэргийн 122-123), шүүхийн шатанд 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр СТ оношилгоо хийлгэсэн 120.000 төгрөгийг нэхэмжилсэн баримтуудыг хэрэгт ирүүлжээ.

Хохирогчийн жолоодон явсан “Toyota Prius 11” маркийн .. улсын дугаартай автомашины эзэмшигч нь Тээврийн хэрэгслийн лавлагаагаар (хавтаст хэргийн 21 дэх тал)  С.Б бүртгэлтэй  байх ба гэрчээр С.Бгаас “...уг тээврийн хэрэгсэл миний нэр байдаг боловч анх худалдаж авахдаа эгч Жд бэлэглэж өгсөн, нэр шилжүүлж чадахгүй л явж байгаад осолд орсон. Би уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа хэдий ч манай эгч Ж нэхэмжлэх болно. гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 24 дэх тал) байх тул тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг шаардах эрх нь хохирогч С.Жд шилжсэн гэж дүгнэв.

Шүүх нотлох баримтыг судлан үзэхэд хохирогчид  мөрдөн шалгах ажиллагааны шатанд ирүүлсэн баримтын хүрээнд эмчилгээний зардалд 1.573.057 төгрөг, шүүх хуралдаанд оношилгооны төлбөр төлсөн 120.000 төгрөгийг болон Ашид билгүүн” ХХК-ын  (хавтаст хэргийн 44-46 дахь тал) 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 41 дугаартай тайлангаар “Toyota Prius 11” маркийн .. улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлын шууд зардлыг 3,585,000 төгрөг, шууд бус зардлыг 435,000 төгрөг, нийт 4,020,000 төгрөгөөр тогтоосныг, бүгд 5.713.057 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй гэж үзэв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Ж  хохиролд 3,500,000 төгрөг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 132 дахь тал) авагдсан, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар маргаагүй тул төлөгдсөн төлбөрийг хасаж, үлдэх 2.213.057 төгрөгийг шүүгдэгч Б.Хаас гаргуулж хохирогч С.Жд олгох үндэстэй байна.

Харин хохирогч С.Жын нэхэмжлэлээс түрээсийн болон зээлийн төлбөр зэргийг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. Учир нь:

Хэрэгт ирүүлсэн 2021, 2022 оны ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх тухай гэрээг (хавтаст хэргийн 141-146) үзвэл Төв аймгийн МАН-ын хорооны байрны 45 м.кв талбай бүхий өрөөг түрээслэх гэрээг “Төв Агро” ХХК /захирал С.Ж/ байгуулсан байна.

Шүүгдэгч Б.Хт холбогдох хэргийн хохирогч иргэн С.Ж бөгөөд, тус иргэний хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулаагүй асуудлыг иргэн С.Жын биед гэмтэл учирсан үйл явдалтай холбож үзэх боломжгүй, тодруулбал хуулийн этгээд нь хэдэн гишүүнтэй талаар, гүйцэтгэх удирдлага, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад баримтгүй, компанийн үйл ажиллагааг нэг ажилтан буюу С.Жтай холбон үзэж түрээсийн гэрээний төлбөр гаргуулах үндэслэлгүй. Нөгөө талаар хуулийн этгээдийн үйл ажиллагаа хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явагддаг эсэх, эсхүл нэг гишүүнтэй эсэх, улмаар үйл ажиллагаа явуулаагүй гэх баримтгүй байхад түрээсийн төлбөр төлөөгүй гэх тодорхойлолтод үндэслэн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй.

Мөн Голомт банкны 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээг харахад үндсэн зээлдэгч Мөнхбат овогтой Лхагвасүрэн байх ба, энэхүү гэрээний хамтран зээлдэгч нь Сосорбарам овогтой Ж байна. 

Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн үндсэн зээлдэгч М.Лхагвасүрэн төлбөр төлөх үүргээ  хэрхэн яагаад биелүүлээгүй, түүний тухайд зээлээ төлж чадаагүй болсон талаар нотлох баримтгүй, нөгөө талаар Голомт банкны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10/79 дугаартай албан бичгээр “зээлдэгч М.Лхагвасүрэн, хамтран зээлдэгч С.Ж нар нь тус банканд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 98.687.572 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, тус зээлээ 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хойшлуулсан болохыг тодорхойлсон. Зээл төлөхийг хойшлуулсан нөхцөл байдал нь Монгол Улсад ковид халдварт өвчний улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эсхүл зээлдэгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулсан эсэх нь ч тодорхойгүй байна. Зээлийн гэрээгээр зээлдэгч зээлээ төлөх үүрэгтэй ба, уг зээлийн гэрээтэй холбоотой зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгал хийгдсэн эсэх, зам  тээврийн осол хэргийн улмаас дээрх даатгалын нөхцөл байдал үүссэн эсэх, даатгалаас нөхөн төлбөр төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байх ба, эдгээр нөхцөл байдлыг тодруулаагүй байхад зээлдэгчийн төлөөгүй зээлийн төлбөрийг зам тээврийн осол хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож шүүгдэгч Б.Хаас гаргуулж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймээс хохирогч С.Ж нь түрээсийн болон зээлийн төлбөр 1,728,930 төгрөгийг   холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.   

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хохирогч С.Жын шатахууны зардал нэхэмжилсэн баримтыг нотлох баримтаас хасуулах тухай санал гаргасныг үндэслэлгүй гэж үзэв. Хохирогч нь Төв аймагт оршин суудаг байх ба, эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Улаанбаатар хотод явагдсан, С.Ж нь хохирогчоор мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, баримт, хүсэлт гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, мөн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан эмчилгээ хийлгэхтэй холбоотой тээврийн хэрэгсэл хэрэгцээндээ ашигласан зэрэг нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэлгүй тул шатахууны зардлын баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлгүй, шүүх нотлох баримтаар үнэлэн хохирлын хэмжээнд оруулан тооцсон болно.

2. “Toyota Prius 30” маркийн .. улсын дугаартай автомашины хэрэгслийн эзэмшигч нь “ББТ санхүүгийн нэгдэл” ХХК бүртгэлтэй лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал) авагдсан байх боловч тус компанийн Төв аймаг дахь салбарын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8 дугаартай албан бичигт “.. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Хын нэр дээр шилжиж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан тул манай байгууллага иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар оролцохгүй” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дэх тал) ирүүлжээ.

“Сүлд үнэлгээ” ХХК-ын автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаартай тайлангаар “Toyota Prius 30” маркийн .. улсын дугаартай автомашины шууд зардлыг 12,305,000 төгрөг, шууд бус зардлыг 1,030,000 төгрөг, нийт 13,335,000 төгрөгөөр  (хавтаст хэргийн 56-61 дэх тал) тогтоосон байх ба тус тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.Хын бодитоор эзэмшдэг байх тул эвдрэл хохирлын төлбөрийг өөрөө хариуцах үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч энэ хэргийг согтуурсан үедээ буюу хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, мөн хэрэгт шалгагдаж байх үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байх тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй. Шүүгдэгчид хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгаас “эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан  саналгүй” гэсэн тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн дүгнэлтдээ “Улсын яллагчийн саналтай санал нийлэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь өөрөө согтуурсан үедээ гэж хүндрүүлэх заалттай зүйл анги. Үүн дээр ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг давхардуулах шаардлагагүй. Гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, ангиллаар үзэхэд хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Шүүгдэгч 2022 оны 2 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан үйлдэлдээ зөрчлийн хуулиар 450,000 төгрөгөөр торгуулж зохих шийтгэлээ биелүүлсэн учраас энэ асуудлыг энэ хэрэгт хамтатгаж яллах асуудал ярьж болохгүй гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгчээс нэхэмжилсэн мөнгөн дүнгээс 3,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Шүүхээс тогтоосон үлдэгдэл 2,213,057 төгрөгийн хохирлын хэмжээ, мөн хохирогчийн хэлж байгаа санал зэргийг үндэслээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлаад тэнсэн харгалзах ял оноож өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч Б.Х энэ төрлийн гэмт хэргийг урьд өмнө үйлдэж байгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь ялын сонголтууд байдаг. Хохирогчид хохирол төлөх хохирогчийн эрх ашгийг авч үзнэ үү гэж хүсэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тиймээс тэнсэн харгалзах ял оноож өгнө үү гэж хүсэж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хохирогч С.Жаас “Миний хувьд энэ хүнийг заавал хориод байх шаардлагагүй, би хохирлоо барагдуулж авах саналтай байна” гэсэн тайлбарыг хэлсэн болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Х урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 4 сар баривчлах ял шийтгүүлж байсан байх боловч ялыг бүрэн эдэлж дуусгавар болсон байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой.

Шүүгдэгч Б.Хын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас хохирогчид учруулсан хор уршгийн зарим зардлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хор уршгийг арилгах нөхцөл боломжийг олгохоор нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

3.Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаанд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2.98 хувийн согтуугаар тээврийн хэрэгсэлд жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-т зааснаар 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хүртэл 12 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан болох нь хэрэгт авагдсан зөрчлийн материал, жолоочийн лавлагаа, мэдээлэл баримт, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3100046220006461 дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 137, 138) зэргээр тогтоогджээ. Иймд шүүгдэгч Б.Хт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан шийтгэлийн хугацаа дууссан үеэс буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс тоолж эхлэхээр тогтоож шийдвэрлэв.

Мөн Төв аймаг дахь Цагдаагийн газрын Баянчандмань сум дах цагдаагийн ажилтан зөрчлийн хэрэгт холбогдуулан Б.Хын 559963 дугаартай жолооны үнэмлэхийг хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 138) авагдсан бөгөөд эрүүгийн хэрэгт жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тэмдэглэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ы Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Хыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа, мөн өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэл дууссан үеэс буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний болон жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч С.Бд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хаас 2.213.057 (хоёр сая хоёр зуун арван гурван мянга тавин долоо) төгрөгийг гаргуулж хохирогч С.Жд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Ж түрээсийн болон зээлийн төлбөр 1,728,930 төгрөг, гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Хт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА