Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/673

 

 

 

 

 

 

 

 

 

      2022           5         25                                          2022/ШЦТ/673

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Отгончимэг,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Л.Чинбат,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00341 0323 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, барилгын туслах ажилтан ажилтай, ам бүл 2, эцгийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

А /РД: /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 25-ны орой Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мана” нэртэй амралтын газарт О.Тгийн нүүр, хамар хэсэг рүү гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 307 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд, хохирол төлсөн баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч С.А.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

            2. Хохирогчийн өмгөөлөгч хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан улсын яллагчийн байр суурийг дэмжиж оролцсон.

            3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.А нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мана” нэртэй амралтын газарт найзуудын хамт очин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн тэнд найзуудын хамт шинэ шинэ жил тэмдэглэхээр очсон байсан О.Т нартай маргалдан С.А нь О.Тий нүүр, хамар хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь насанд хүрээгүй хохирогч О.Тий “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн орчимд ангийнхаа хүүхдүүдтэй шинэ жил тэмдэглэхээр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салаанд байх Мана нэртэй амралтад очсон юм. Тэгээд бид нар гэртээ тоглоод байцгааж байсан. Бид нар тухайн үед 2 гэрт хуваагдаад орчихсон байсан. Тэгтэл орой манай найз Өсөх-Ирээдүй манай гэрт ороод ирээч гэж хэлэхээр нь ортол танихгүй хэдэн залуучууд ороод ирчихсэн байсан. Би ангийнхаа найзууд болох Мишээл, Эрдэнэтэнгэр нарын хамт ортол манай найзуудыг дээрэлхээд байхаар нь би юу болсон юм бэ гэж асуутал өөдөөс нэг залуу дайраад миний нүүрэн тус газар буюу хамар руу цохисон. Тэр үед хамар чинэрч өвдөөд хавдаад цус гарсан. Тэр намайг цохисон хүүхэд нь улаан куртиктэй байсан ба дараа нь танилцахад өөрийгөө А гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх8/,

            - Насанд хүрээгүй гэрч М.Бий “...Мобайл леженд нэртэй тоглоом тоглож байгаад би хожигдоод гарч гүйх шийтгэл ноогдуулсан. Тэгээд гадаа гарсан чинь урд гэрт байсан хэдэн хүүхдүүд намайг шалдан гичий, согтуу пизда гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би гэрт нь ороод хэн намайг доромжлоод байгаа юм бэ гээд яриад зогсож байсан чинь нэг банди гаднаас орж ирээд та нарыг ална гээд орилоод дайрсан. Тэгсэн чинь манай найз А тэр хүүхдийн нүүрэн хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд салцгаагаад гэр рүүгээ орцгоосон...бид нар амралтын газар руу явахдаа 2 литрийн сэнгүр пиво 3-г авсан, тэгээд тоглоом тоглож байх зуураа уусан...” гэсэн мэдүүлэг /хх12-13/,

            - Насанд хүрээгүй гэрч Б.Оын “...Б шийтгүүлэхээр болж шийтгэл нь гадаа нүцгэн гарч гүйх байсан юм. Тэгээд Бээ гартал урд талын гэрээс орилсон. Би яг юу гэж орилсныг сайн мэдэхгүй байна. Б тэгтэл буцаж орж ирж хувцсаа өмсөөд гараад явсан. Хойноос нь А гараад явсан. Тэгээд бид нар бөөнөөрөө хойноос нь ороод А нэг залуутай муудалцаад нөгөө залуу нь Азаа-г эхэлж цохисон. Тэгтэл Азаа буцааж зөрүүлж цохитол хамраас нь цус гарчихаар нь бид нар бөөндөө салгаад аваад гарсан...” гэсэн  мэдүүлэг /хх19/,

            - Насанд хүрээгүй гэрч Ч.Уын “...2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би найзуудаараа Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Мана амралтын газар руу явцгаасан юм. Бид нар тухайн үед 10 гаруй лаа явсан ба 2 гэрт хуваагдаж орцгоосон юм. Бид нар 23 цагийн орчим унтах гээд хэвтэж байтал манай гэрт хэдэн залуучууд орж ирээд бид нарыг дээрэлхээд байж байтал нөгөө гэрээс Т орж ирээд юу болж байгаа юм бэ гээд асуутал улаан куртиктэй залуу /А/ гэх хүн манай найз Тий хамар руу цохисон. Тэгтэл Тий хамраас нь цус гараад хавдчихсан...” гэсэн мэдүүлэг /хх37/,

- 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,

- өсвөр насны шүүгдэгч С.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...тэгээд Бээ хэн орилсон бэ гээд тэнд байсан хүмүүстэй хэрэлдсэн. Тухайн гэрт 15 орчим хүн байсан. Тэгтэл хаанаас ч юм миний хацар луу хүн цохичихоор нь би тэр хүүхдийг зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл тэнд байсан хүмүүс болон манай найзууд салгасан. Бид нар гэртээ байж байтал тэр цохиулсан залуу араас орж ирэхэд хамар нь хавдчихсан байсан, тэгээд хугарсан байвал гомдолтой шүү, хугараагүй байвал зүгээр өнгөрчихнө гэж хэлсэн. Тэгээд бид 2 сайндаад гар бариад эвлэрээд нэгнээсээ уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг /хх55-56/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

           

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 942 дугаар шинжилгээний дүгнэлтэд “О.Тий биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, зүүн өвдөгт цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх42-43/,

 

5. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр нүүр хэсэгт гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

6. Шүүгдэгч С.А нь хэрэг болсон цаг хугацаанд 17 нас 8 сар 21 хоногтой, насанд хүрээгүй хохирогч О.Т нь 17 нас 3 сар 1 хоногтой байсан нь /хх58-59/ талд авагдсан нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, шүүгдэгч, хохирогчийн иргэний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Улмаар шүүгдэгч С.Аын хувьд хэргийг шүүхээр шийдвэрлэхэд 18 насанд хүрсэн нөхцөл байдал тогтоогдлоо. 

 

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс 444.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж нэхэмжилсэн ба шүүгдэгч С.Ааас хохирогчид 445.000 төгрөгийн хохирол төлсөн нь талуудын тайлбар, мөнгөн шилжүүлгийн дансны хуулгаар тогтоогдож байна.  

9. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл учирсан, уг гэмтлийг цаашид мэс заслын аргаар эмчлүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах талаар заасан ба тус зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.

Иймд хохирогч нь холбогдох эмчилгээг хийлгүүлэн, тухайн эмчилгээнд гарсан зардлыг гэм буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна. Мөн энэ талаар талуудаас харилцан зөрүүтэй санал, дүгнэлт гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

10. Улсын яллагчаас шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

 

11. Хохирогчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлсөн, одоо барилгын туслахын ажил хийдэг, цалин орлоготой, түүний хувьд 18 насанд хүрсэн тул өсвөр насны шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг хэрэглэлгүй, хуульд заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.

 

12. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

13. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын өсвөр насны хүүхдүүд хоорондоо маргалдан, хохирогчийн нүүр хэсэг рүү цохисон цохисон, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд 18 настай, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан.  Шүүгдэгч С.Аын хувьд шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад 18 насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус бүлэгт заасныг заавал баримтлахгүй байж болох буюу шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүх тус журмыг хэрэглэн ял оногдуулах эсэхээ шийдвэрлэж болохоор байна. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял ногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

15. Иймд шүүгдэгч С.Аын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ болох 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

16. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  6 /зургаа/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорыг арилгахад гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР