Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/189

 

 

                                              

 

 

 

 

 

 2022           03            21                                            2022/ШЦТ/189

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нэргүйсувд хөтлөн,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт  Б-ы Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210 000000236 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Б-ы Д Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Б.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр вакум цонх захиалгаар хийдэггүй атлаа вакум цонх хийдэг мэтээр Г.Тг итгүүлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулснаар Г.Т нь Хан-Уул дүүргийн ..., А хотхоны 211 тоот дахь гэрээсээ түүний Хаан банкин дахь .. данс руу вакум цонхны урьдчилгаа болгон 700,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан буюу иргэн Г.Тд 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэг гаргахгүй гэв.  

Эрүүгийн 2210000000236 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Б.Бын Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдол (хавтаст хэргийн 4 дэх тал), Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

2. Хохирогч Г.Тн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б гэх хүн манай гэрт засвар хийж байгаад 100 айл дээр вакум цонх хайж яваад вакум цонхны захиалга өгсөн байсан. Тэгээд Б урьдчилгаа хий гэж хэлэхээр нь би голомт банкны өөрийн .. тоот данснаас Д гэдэг хүний .. тоот дансанд 700.000 төгрөг шилжүүлсэн. 7 хоногийн дараа цонхоо ирж аваад үлдэгдэл мөнгөө төлөөрэй гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын эхээр очиход тухайн вакум цонхны үйлдвэр хаалттай байсан. Тухайн хавиас Б нь Дын утасны дугаарыг олсон байсан. Хан-Уул дүүргийн ..., “А”-гийн 211 тоот гэртээ байхдаа интернэт банкаар мөнгөө шилжүүлсэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

3. Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:

            2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах зуун айл төвийн Жоби төвийн харалдаа урд талын жижиг түрээсийн оффис өрөөнд вакум цонх захиалга авна гэсэн зартай өрөөнд хоёр ширхэг вакум цонх захиалгаар 700,000 төгрөгийг .. тоот данс руу шилжүүлэг хийлгэсэн. Мөнгийг манай захирал Хан-Уул дүүргийн Зайсангийн буган халиун рестораны орчмоос интернэт банкаар шилжүүлсэн. Би цонхны захиалга авсан хүнтэй Зуун айл төв дээр уулзаад ярилцаж байгаад захирал руу хэлж захирал мөнгө шилжүүлсэн юм. Надаас вакум цонхны захиалга авсан хүнийг хүмүүс Ука гэж дуудаж байсан. Сүүлд .. тоот данс дээр Д гэж хүн гарч ирж байсан юм. 7 хоногийн хугацаанд хийж өгнө гэсэн, хаана ямар үйлдвэр байгаа талаар нь асуугаагүй юм. Вакум цонхны танилцуулга үзүүлээд байхаар нь итгэсэн. Буцаад 7 хоногийг дараа очсон чинь оффис өрөөндөө байхгүй байсан. Тухайн хүнийг асуухад мэдэхгүй байна, хаалга зардаг байсан хүн, цонх хийдэг хүн биш гэж байсан. Танай өрөөнд байсан хүн шүү дээ ямар учиртай хүн юм бэ гэхэд бид нарт хамаагүй хүн гэж ярьж байсан. ... гэсэн утасны дугаараас өөр мэдэх зүйл алга байна. Надад байгаа нь утасны дугаар, дансны дугаар л байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

            4.Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б гэх хүн намайг ажлын байран дээрээ 100 айлд Жоби дэлгүүрийн эсрэг талд байж байхад ирээд 2 ширхэг вакум цонх захиалъя гэсэн. Үнэ нь нийтдээ 1,200,000 төгрөг болж байсан. Урьдчилгаанд надад 700,000 төгрөг дансаар шилжүүлж өгөөд үлдэгдлийг 7 хоногийн дараа цонх бэлэн болохоор өгөхөөр тохирсон. Би цонхыг нь хийх үед шил тасраад хийх боломжгүй болчихсон. Тэгэхээр нь би Б гэдэг хүнд энэ байдлаа танилцуулсан байсан. Гэтэл 5-6 хоногийн дараа над руу захирал нь гэх /Т гэдэг байх/ хүн залгаад би 100 айлынхнаар цонх хийлгэхгүй, тэгтэл Б та нарт захиалга өгчихсөн байх юм, би мөнгөө буцааж авмаар байна гэсэн. Би мөнгө ороод ирэхээр 2-3 хоноод мөнгийг чинь буцаагаад өгчихнө гэж хэлсэн боловч миний мөнгө бөөн орж ирэхгүй байсаар өнөөдрийг болтол түүний мөнгийг нь өгч чадаагүй юм. Би маргааш төлөөд дуусгана. Би захиалга авч цонх хийгээд 2 жил орчим болж байна. Манай ажлын байранд шил зүсдэг, цонх хийдэг 2 тусдаа хүмүүс байдаг. Тэд нараас л асуусан юм шиг байна лээ. Намайг тэд Ука гэж дууддаг, миний утасны дугаар хаягийг тэд нараас л авсан байна лээ шүү дээ. Би тэр газарт ахтайгаа нийлээд түрээс төлөөд суудаг. Би хил гааль хэвийн байх үед би авсан захиалгаа асуудалгүй хийдэг байсан. Энэ хүний хувьд материал тасарснаас болж цаг тухайд нь цонхыг хийж өгч чадаагүй юм. ... Би уг нь залилъя гэж бодоогүй ээ. Даанч нөхцөл байдал ийм болсон юм. Гэхдээ хохирлоо бүрэн барагдуулж дуусгах болно. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

            5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), гэмт хэрэг, зөрчлийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 29-32 дахь тал), Хаан банканд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 36-46 дахь тал) болон Б.Дын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 50 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорын 63 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 51-52 дахь тал), Голомт банкны орлогын мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Д вакум цонх захиалгаар хийдэггүй атлаа вакум цонх хийдэг мэтээр Г.Тг итгүүлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулснаар Г.Т нь Хан-Уул дүүргийн ..., А хотхоны 211 тоот дахь гэрээсээ түүний Хаан банкин дахь .. данс руу вакум цонхны урьдчилгаа болгон 700,000 төгрөгийг шилжүүлж залилуулж 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Д 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр вакум цонх захиалгаар хийдэггүй атлаа вакум цонх хийдэг мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж иргэн Б.Баас цонх хийх захиалга авч, цонхны төлбөрт Г.Тн Хан-Уул дүүргийн ..., А хотхоны 211 тоот дахь гэрээсээ Б.Дын Хаан банкин дахь .. тоот данс руу вакум цонхны урьдчилгаа болгон 700,000 төгрөгийг шилжүүлснийг авч, залилсан болох нь:

- Б.Бын Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдол (хавтаст хэргийн 4 дэх тал), Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

-Хохирогч Г.Тн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...би голомт банкны өөрийн .. тоот данснаас Д гэдэг хүний .. тоот дансанд 700.000 төгрөг шилжүүлсэн... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

-Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... вакум цонх захиалга авна гэсэн зартай өрөөнд хоёр ширхэг вакум цонх захиалгаар 700,000 төгрөгийг .. тоот данс руу шилжүүлэг хийлгэсэн. ...гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

            -Шүүгдэгч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.  

            Хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Дын асуултад хариулсан хариулт зэргээс дүгнэхэд Б.Д вакум цонх үйлдвэрлэдэггүй, харин хаалга худалдан борлуулах ажил хийдэг байх ба, тухайн гэмт хэрэг гарсан өдөр вакум цонхны захилга авдаг хүний лангууг түр хугацаагаар харж байх үедээ Б.Баас вакум цонх хийнэ гэж захилга авч, цонх хийлгэх захиалгын эзэн болох Г.Тн данснаас шилжүүлсэн 700.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, вакум цонхны захиалга авдаг хүмүүст энэ асуудлаа хэлэлгүй, улмаар мөнгийг тэдэнд өгөлгүй, өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.  Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Дын хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж 700,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Тд 700,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Д 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Г.Тд 700.000 төгрөг шилжүүлэн талаарх Голомт банкны орлогын мэдүүлгийг ирүүлсэн тул хохирогчид шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах, 5 сарын хугацаанд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх” тухай ял тохиролцсон саналаа дэмжиж байгаа талаар дүгнэлт гаргасан, шүүгдэгч Б.Д улсын яллагчийн дүгнэлтийг зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”ийг, 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Б.Дыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөлүүд хангагдсан байх тул түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2,  38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ы Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн 2210000000236 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Д цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА