Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/208

 

 

                                              

 

 

 

 

 

 2022           03            24                                           2022/ШЦТ/208

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нэргүйсувд хөтлөн,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

хохирогч Н.Б,

шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э овогт Д-н Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000191 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Эрдэнэуул овгийн Д-н Н Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Д.Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн ..., “...” хотхоны ... 28 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр салсан эхнэр Н.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан сандал авч шидэн, энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хамар ясны хугарал, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Н.Бтой 9 жил хамт амьдарсан, дундаасаа хоёр хүүхэдтэй. 2022 оны 01 дүгээр сарын 27-нд Говь-Алтай аймгаас ирсэн. Тэгээд нэг ширхэг пиво уучхаад Цэлмэг хотхон дахь гэртээ ороод  Н.Бтой маргалдаж, санамсаргүй байдлаар сандал шидэж Н.Бын хамрыг гэмтээсэн гэв.

Эрүүгийн 2210000000191 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13:59:12 цагт “Салсан нөхөр согтуу орж ирээд зодоод хамар цөм цохисон” гэсэн дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Гэмт хэргийн талаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Н.Боос гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

3. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Н.Ариунбатын хийсэн Аюулын зэргийн үнэлгээнд хохирогч Н.Б, холбогдогч Д.Н нарын хоорондох гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээг “дунд” гэж тогтоосон үнэлгээ (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

4. Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:

Миний бие Д.Нтай 2011 оноос хойш амьдарч байгаад 2019 онд Н нь өөр эмэгтэй хүнтэй явалдаж гэрээсээ явсан. Тэгээд хүүхэдтэйгээ уулзана гэж согтуу ирээд хэрүүл зодоон хийгээд явдаг байсан. Манай гэрт нэг удаа ирээд явахгүй гэр оронгүй болсон гээд байхаар нь Баянгол дүүрэгт буудал авч өгсөн чинь буудлын өрөөнд оруулаад намайг зодсон. Уг асуудал Баянгол дүүргийн цагдаа дээр шалгагдаж 2021 оны 04 сард шүүхээс 10.000.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн. Өнөөдөр өглөө 07 цагийн орчим гэрт ирээд хаалганы гаднаас хүүхдэдээ бэлэг өгөх гэсэн юм гэхээр нь гэрт оруулаад хоол хийж өгөөд одоо яваа бид гурав ээжийнх рүүгээ явах гэж байна гээд гэрээс гаргасан чинь архи аваад гэрт буцаад ороод ирсэн. Архиа уугаад байхаар нь би хүүхдийн хажууд архи уулаа гээд булаагаад авсан чинь над руу сандал аваад шидсэн. Сандал нь миний хамар хэсэгт онож хугарсан. Иймд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...Бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй,  дундаасаа хоёр охинтой. 2019 оноос хойш хамт амьдрахаа больсон. ...Согтуу ирж агсан тавих болгонд нь цагдаа дуудаж явуулж байсан, тоогоо алдсан болохоор хугацааг хэлж мэдэхгүй байна. Намайг цагдаа дуудсан чинь гэрээс гараад зугтаасан. Модны хоёрын орчим нэг эмэгтэй хүнтэй амьдарч байгаа гэсэн, гэрийг нь мэдэхгүй. Миний хамар хавдсан. Толгой өвдөж байсан. Асуудал болох үед 11, 7 настай хоёр охин байсан, өөр хүмүүс байгаагүй. Би маш их гомдолтой байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

5. Шүүгдэгч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө 07 цагийн үед хүүхдүүдээ бэлэг чихэр жимс өгөх гээд салсан эхнэр Бын Хан-Уул дүүргийн ..., 107-28 тоотод 3-дугаар хорооллоос хамт амьдрагчийнхаа гэрээс очсон. Очиход Б хаалгаа онгойлгож өгсөн. Би орж хоёр охиндоо авч очсон бэлгээ өгчхөөд хоол хийж өгөхөөр нь идчихээд гарах гэж байсан. Тэр гурав ч гэсэн хадмынд очиж бууз хийнэ гээд гарах гэж байсан. Би явлаа гээд гарсан боловч эргээд тамхи аваад нэг жижиг шил архи аваад эргээд гэрт орсон. Эргэж ороод тэр гуравт дайгдаж замд буух санаатай ортол хэрүүл маргаан болоод миний авч очсон архийг Б авч нуучхаад өгөхгүй байсан. Тэрнээс болоод бид маргалдаж хэрэлдсэн. Б намайг хөгшин авгайтайгаа л байгаа биз гэх мэтээр намайг хэлсэн. Учир нь би өнгөрсөн 7 сараас хойш Уранбайгаль гэх эмэгтэйтэй танилцан хамт амьдарч байгаа юм. Тэгэхээр нь би уурлаад том өрөөнд байсан хуванцар сандал аваад Быг буйдан дээр сууж байхад нь шидсэн. Тэгтэл сандлын хөл түүний хамрыг онож улайсан. Би түүнийг барьж авч зодсон, цохисон зүйл байхгүй. Тэгээд л би гараад явсан. Бтой би 8 жил хамт амьдарч байгаад дундаасаа 7-11 насны 2 охинтой болсон. 2019 оноос албан ёсоор салж тусдаа амьдрах болсон. Өмнө нь бас нэг удаа ийм асуудал болоод би шүүхээр орж 10 сая төгрөгийн торгох ял шийтгүүлсэн. Өөрөөр цагдаад хандах хэмжээний асуудал болж байгаагүй. Харин намайг очихоор л Б эрүүлжүүлэх дуудаад өгчихдөг байсан. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би эрүүл шахуу байсан. Авч очсон архиа ч уугаагүй.Тэрнээс өмнө анх тэднийд орохдоо ганц пиво уучихсан л очсон юм. ...Б бид хоёр өмнө нь маргалдаад харилцан бие биедээ гэмтэл учруулж 2021 оны 3 дугаар сарын 31 ний өдөр Баянгол дүүргийн шүүхээр орж би Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар, Н.Б Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус ял шийтгүүлж, би 10 сая төгрөгөөр торгох ял, Н.Б 450.000 төгрөгөөр торгох ял  шийтгүүлсэн. Өршөөлийн хууль гарч тус хуульд хамрагдаж би торгуулийг төлөөгүй. Би ийм асуудал гарсанд маш их харамсаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй байж чадна. Бид хоорондоо учраа олсон. Хамт амьдарч байгаа. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2475 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу овойж хавдсан, тэмтрэлээр эмзэглэлтэй. Хамрын нуруу болон хоёр нүдний дээд, доод зовхинд тархмал захаараа шар ногоон туяа бүхий хөхөлбөр өнгийн цус хуралттай.

2022 оны 01 дүгээр сарын 28-ны Лакер мед эмнэлгийн толгойн КТГ-д хамар яс зөрөөгүй хугаралтай. Зүүн хацрын нум хуучин хугаралтай. Нүдний ухархайн бүтэц хэвийн Хамрын хэсэгт зөөлөн эдэд хаван хавдартай. Эмч И.Анармаа гэжээ.

Дүгнэлт:

1. Н.Бын биед хамар ясны хугарал, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2, 5-д Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /шинжээч эмч О.Нансалмаа/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал).

7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 52-58 дахь тал), Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 173 дугаар торгох ялаас дүйцүүлэн хасах тухай захирамж (шүүх хуралд улсын яллагч шинээр гаргаж өгсөн), Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тогтоол (хавтаст хэргийн 62 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хамтран амьдарч байсан Н.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч хохирол нэхэмжлээгүй болно” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэм буруугийн хэлбэрийн талаар маргаж оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Н Хан-Уул дүүргийн ...нд, “...” хотхоны ... 28 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр согтуурсан үедээ хамтран амьдарч байсан Н.Бтой тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүн рүү сандал шидсэний улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Д.Н архиа уугаад байхаар нь би хүүхдийн хажууд архи уулаа гээд булаагаад авсан чинь над руу сандал аваад шидсэн. Сандал нь миний хамар хэсэгт онож хугарсан.... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Яллагдагч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...миний авч очсон архийг Б авч нуучхаад өгөхгүй байсан. Тэрнээс болоод бид маргалдаж хэрэлдсэн. Б намайг хөгшин авгайтайгаа л байгаа биз гэх мэтээр намайг хэлсэн. ...Би уурлаад том өрөөнд байсан хуванцар сандал аваад Быг буйдан дээр сууж байхад нь шидсэн. Тэгтэл сандлын хөл түүний хамрыг онож улайсан. ... гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2475 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал) болон Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13:59:12 цагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 4 дэх тал), Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал), 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч Н.Ариунбатын хийсэн Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 7-8 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Н нь Н.Б руу сандлыг санаатай шидээгүй, санамсаргүй шидсэн, гэмтэл учруулъя гэж бодоогүй гэж гэм буруугийн талаар маргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна гэж, 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тус тус хуульчилсан.

Дээрх дүгнэхэд шүүгдэгч Д.Нгийн сандал авч байгаа, уг сандлыг шидэж байгаа үйлдэл санаатай, улмаар уг сандлыг бусад руу шидэхэд хүний биед гэмтэл учруулах боломжтойг урьдчилан мэдэж тооцох боломжтой юм. Иймд шүүгдэгчийн сандал шидэж хохирогч Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх тул энэ талаар маргасан шүүгдэгчийн мэдүүлэг үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Д.Н нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хохирогч Н.Бтой 2011-2019 оны хугацаанд хамтран амьдарч байсан байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

Мөн шүүгдэгч Д.Н нь хамтран амьдрагч Н.Бын эрүүл  мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 2021 онд ял шийтгэгдэж байсан байна.

Иймд хамтран амьдарч байсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул хэргийн зүйлчлэл зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Нг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд хохирогч Н.Боос Үндсэн хуульд заасан эрхээ ойлголоо, шүүгдэгч Д.Нтай одоо хамт амьдарч байгаа, гэр бүлийн гишүүн тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэсэн тул хуулиар олгогдсон эрхийг нь хангаж мэдүүлэг аваагүй болохыг тэмдэглэв.

Хохирол, хор уршгийн тухай: Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, хохирогчоор хэргийн материал танилцахдаа (хавтаст хэргийн 59 дэх тал) нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй гэснийг тогтоолд дурдав.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай санал, дүгнэлт гаргасан, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй гэсэн болно.  

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол, захирамж зэрэг баримтаас үзэхэд Д.Н нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгийн торгох ял шийтгэгдэж байсан байх ба, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ХМШЗ/173 дугаартай захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар Д.Нгийн эдлээгүй 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаас 2 жилтэй тэнцэх хэмжээг дүйцүүлэн хасаж, эдлээгүй үлдсэн 10.000.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэсэн байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч шүүхийн 173 дугаартай захирамжийг үндэслэн Д.Нд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн тогтоол (хавтаст хэргийн 62 дахь тал) гаргасан байх тул шүүгдэгчид нэмж нэгтгэх ял байхгүй байна.

Шүүгдэгч Д.Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуугаар үйлдсэн, хохирол, хор уршгийг арилгаагүй, хувийн байдал буюу урьд хамтран амьдрагчийг зодож хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан байх боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан прокурорын ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

III. Бусад асуудлаар: Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2,  38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Д-н Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нг 600 (зурган зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Н цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА