Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/312

 

 

                                              

 

 

 

 

 

 2022           04            25                                          2022/ШЦТ/312

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Б.Ц, өмгөөлөгч Б.Наранцэцэг (өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийн үнэмлэхийн дугаар 0334) нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ын Цыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210001030303 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овогт Б-ын Ц нь Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Б.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн ... ...ийн 13-226 тоот хашаан дотор “автомашиныг усны тэргээр шүргэсэн” гэх шалтгаанаас үүдэлтэй маргааны улмаас хохирогч Д.Нг өшиглөх, модоор толгойн тус газарт цохих зэргээр эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шуу, гуяны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14-15 цагийн үед нүүрсээ авахаар нүүрс борлуулдаг цэг дээр очсон. Би өмнө нь 6 шуудай нүүрс авчхаад хоёр, хоёроор нь зөөж байсан. Сүүлийн үлдсэн 2 шуудай нүүрсээ авах гэх үед цагаан машин тэнд ирсэн байсан. Би нүүрсээ зөөхөөр усны тэргээ түрээд 1 метрийн зайтай явж байхад машины жолооч намайг усны тэргээрээ машин шүргэлээ гэхээр нь шүргээгүй гэж хэлэхэд намайг цохисон. Тэгсэн машинаас жолоочийн эхнэр нь бууж ирсэн. Тэр үед нөхөр нь миний баруун хөл рүү цохисон. Харин эхнэр нь миний хацарт алгадаж, баруун өвдөгт хоёр удаа өшиглөсөн. Нөхөр нь үснээс зулгааж эхнэр нөхөр хоёр намайг 6-7 удаа цохисон. Тэгээд дараа нь би хохирогчийг толгойд нь модоор хоёр удаа цохисон гэв.

Эрүүгийн 2210001030303 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст “настай хүмүүс зодолдоод байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 5, 83 дугаар хуудас),

2. Хохирогч Д.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

            3. Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

            4. Гэрч Ж.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

            5. Гэрч Р.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),

6. Шүүгдэгч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 504 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: баруун шуунд 1х2 см хөхөлбөр өнгийн, баруун гуяны ур гадаргууд 5х3 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгт тархи доргилт гэжээ.

Д.Нн биед тархи доргилт, баруун шуу, гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

8.Хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөрийн баримт (хавтаст хэргийн 12 дугаар хуудас), Лазер мед эмнэлэгт хийлгэсэн КТГ-шинжилгээний хариу (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), тус шинжилгээний төлбөрийн баримт (хавтаст хэргийн 65 дугаар хуудас),

9. Д.Нд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

            10.Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас) зэрэг хувийн байдалтай холбоотой болон бусад  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Хан-Уул дүүргийн ..., ...ийн 13-226 тоот хашаанд, нүүрс борлуулдаг цэг дээр 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрч Д.Гоос автомашиныг усны тэргээр шүргэлээ” гэж шүүгдэгч Д.Цтай маргаан үүсгэсэн байх үед хохирогч Д.Н тухайн маргаанд оролцож, улмаар Д.Цтай харилцан зодолдох явцад  шүүгдэгч Б.Ц нь Д.Нн толгойн тус газарт модоор цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун шуу, гуяны цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.Нн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Машинаа нүүрсний цэгийн хашаа руу ухарч оруулаад, ...нүүрсээ хийх гээд багажаа онгойлгоод зогсож байсан. Хашааны үүдээр ...20 гаран насны эмэгтэй машины хажуугаар усны тэргээ түрээд ороод ирсэн. ...нөхөр Д.Г нөгөө охинтой хэрэлдээд ...нөгөө эмэгтэй ...би наад машиныг чинь шүргээгүй шүү” гэхээр нь “чи чинь одоо мэдрэл муутай юм уу” гэсэн чинь над руу уурлаад намайг гуя цавь хэсэгт хөлөөрөө өшиглөхөөр нь би нөгөө охины үснээс зулгаатал миний гарыг татаад авчихсан. ...Нөгөө охин машины баруун хойгуур гүйж гараад ...нэг хавтан авчраад миний толгой руу 2 удаа цохичихсон. Бид хоёр маргалдаад байж байтал ахиж жижиг хэмжээний мод авчраад толгой руу 2 удаа цохисон. ...Тэр охин намайг газраар нэг тойруулаад эргүүлээд байсан. ...Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. ...толгой хөдөлж доргисон байна гэж байсан. ...эмэгтэй хүүхэд миний толгой руу хавтан авч хоёр удаа цохисон, жижиг мод авч ахин толгой руу хоёр удаа цохисон, мөн надтай зууралдаж байхдаа намайг газарт унаган тойруулж эргүүлж байхад тухайн гэмтлүүд үүссэн. ...Би шүүх хуралд оролцохгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

            -Гэрч Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Нүүрс түгээх цэг дээр очтол дараалалтай байсан. ...Машинаа зогсоогоод ...багаждаа даавуу ...дэвсэж байтал машин гэнэт ганхаж хөдөлсөн. ...өндийгөөд хартал нэг ноосон цамц өмссөн охин усны тэрэг түрчихсэн машины буруу талаар нүүрс рүү орж байхаар нь би “чи хүү минь машин шүргэчхэв үү дээ, цаагуур нь зөндөө багтах зай байна шүү дээ” гэтэл тэр охин гэнэтхэн л миний өөдөөс ... хэл амаар доромжлоод эхэлсэн, ...манай эхнэртэй барилцаж аваад өшиглөсөн. ...хоёр гарынх нь бугуйнаас барьж салгасан. ...нөгөө охин дахин манай эхнэрийг бариад авчихсан өшиглөж байсан. Тэгэхэд нь тэнд байсан хүмүүс тэр охиныг манай эхнэрээс салгасан. ...Тухайн үед манай эхнэр надад ...тэр охин ...цагаан өнгийн ДСП гэх хавтан модоор цохичихлоо гэж хэлж байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

            -Гэрч Ж.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Тэр эмэгтэй настай эмэгтэйн толгой руу жижиг хэмжээтэй мод аваад цохисон, ...барьсан мод нь шоо дөрвөлжин хэлбэртэй байсан санагдаж байна. ...тэр эмэгтэй өвгөний машиныг шүргээгүй хол явж байсан. Машин нь зүгээр байсан. ...Тэр хэд машин шүргэсэн гэдгээс болж л маргалдаж эхэлсэн. Эхлээд өвгөн тэр эмэгтэйтэй маргалдаад эхэлсэн чинь эхнэр нь машинаасаа бууж ирээд хөгшин настай хүнийг элдэв үгээр хэллээ гээд л эхэлсэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

            -Гэрч Р.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Марч маркийн автомашинтай хөгшин хүн ...нүүрс авч байтал хажуугаар нь нэг охин усны тэрэг түрээд нүүрс авах гэж байгаа харагдсан. Тэр хоёр хоорондоо машин шүргэсэн шүргээгүй гэдгээс болоод маргалдаад байсан. ...Нөгөө хөгшний машин дотроос настай эмэгтэй бууж ирээд нөгөө охиныг алгадаад авахаар нь охин зөрүүлээд өшиглөж байгаа харагдсан. ...нэг харсан хоёулаа үсдэлцээд ноцолдоод байсан. ...Удалгүй цагдаа нар ирээд тэр гурвыг аваад явсан юм. ...Ямар ч байсан тэр хоёр хоорондоо үсдэлцээд байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),

- Шүүгдэгч Б.Цын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...Намайг эхнэр, нөхөр 2 газар унагаагаад зодож байсан. Дараа нь эхнэр нь дахиад намайг газар унагааж зодсон. ...Тоёота Приүс машинтай эрэгтэй хүн цагдаа дуудсан. ...Би эхлээд хоёуланд зодуулсан. Дараа нь эхнэрт нь зодуулж байхдаа 2 удаа гар руу нь болиулах гэж цохисон. ...Хамгийн гол нь намайг машин шүргэсэн гэсэн шалтгаанаар зодсон. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 504 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч шүүх хуралдаанд “намайг хохирогч зодсон учраас би өөрийнхөө биеийг хамгаалсан” гэж гэм буруугийн талаар маргасан.

Хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгээс үзэхэд нүүрс борлуулдаг цэг дээр усны тэргээрээ машин шүргэлээ гэж гэрч Д.Г анхлан хэрүүл маргаан үүсгэж, гэрч Д.Г нь эхнэр Д.Нтай нийлж шүүгдэгч Д.Цыг зодсон үйл баримт байна. Гэхдээ шүүгдэгч Д.Ц гэрч Д.Г болон хохирогч нарт зодуулсны дараа хохирогч Д.Нн биед модоор цохиж гэмтэл учруулсан үйл баримт байх тул энэхүү үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд түүнийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Цын биед гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Д.Цт гэмтэл учруулсан Д.Нн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан байх тул түүнд 100.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. /хх20/

Харин хохирогч Д.Намрайн биед шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба хохирогч Д.Нн эрүүл мэндэд гэмтлийн зэрэгт хамаарах, хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгч Б.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг “хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэхүү гэмт хэрэг  гарахад хохирогч Д.Нн хэрүүл маргааныг өдөөж зүй бус үйлдэл гаргасан нь, нөгөө талаар хохирогч Д.Н 62 настай, гэрч Д.Г 67 настай буюу тэд өндөр настай хүмүүс байхад шүүгдэгч Д.Ц бусдыг үл хүндэлж харьцсан, улмаар зохисгүй үг хэлээр доромжилсон нь нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.

Хохирогч хор уршгийн зардалд 108,000 төгрөгийн баримт /хх12, 65/-ыг гаргаж, нэхэмжилсэн байх ба, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнээс 108.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааныг шүүгдэгчийн хүсэлтээр түр хугацаагаар завсарлуулж шүүгдэгч Б.Ц нь 108.000 төгрөгийг хохирогчид данс руу нь шилжүүлж, хохирогчийн утсаар холбогдож, төлбөрийг хүлээн авсан талаар тодруулахад 108.000 төгрөг авсан талаар мэдэгдсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч “шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах” тухай, өмгөөлөгч Б.Наранцэцэг “шүүгдэгч Д.Ц гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо барагдуулсан зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү” гэсэн тус тус дүгнэлт гаргав.

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Иймд шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан, хор уршгийг арилгасан, бага насны хүүхэдтэй, хүүхдээ гэртээ асардаг талаар мэдүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг  хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ц цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн 2210001030303 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Нд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА