Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/318

 

 

                                              

 

 

 

 

 

2022           04            27                                          2022/ШЦТ/318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.АлтанТ даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч Э.Бадрал,

хохирогч Ц.Н,

шүүгдэгч Д.Б, өмгөөлөгч Т.Отгонбаатар (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 0120) нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт Д-ийн Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110020430315 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овогт Д-ийн Б нь Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн .. .. хотхоны Б1 давхарт байрлах авто зогсоолд байрлаж байсан хохирогч Ц.Нийн эзэмшлийн .. улсын дугаартай Лексус Ар Экс 450 загварын автомашиныг өшиглөх, хатуу биетээр зурах зэргээр хууль бусаар гэмтээж нийт 800,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Хохирогчийн машинд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Харин хохирлыг төлөөгүй шалтгаан хохирлыг бодитой тогтоож чадаагүй. Зарим хэсэг деталь дээр дахин шалгуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй, Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд машины 3 хэсэг, 5 деталь дээр гэмтэл учруулсан гэж намайг буруутгасан байдаг. Жолооч талын хаалга буруу тийшээ хардаг ард талаас 2 удаа өшиглөсөн. Машины ард талын хаалга руу би ойртоогүй, камерын бичлэг дээр байгаа. машиныг хатуу биетээр зурсан байсан. Махан биеэр тийм гэмтэл учруулж чадахгүй, урд талын крыло дээр 2 ширхэг будаг халзарсан байсан. Тухайн өдөр би пүүзтэй явж байсан.  Крылоны нугалаа хэсэг рүү өшиглөхөд тийм хэмжээний гэмтлийг учруулж чадахгүй. Иймээс би дахин камерын бичлэг шалгуулах хүсэлтэй байгаа гэв.

 

            Хохирогч Ц.Н мэдүүлэхдээ: 2021 оны 11 дүгээр сарын 05-ны орой манайд зочин ирэхээр нь тэдний тээврийн хэрэгслийг өөрийн зогсоолд байрлуулаад, өөрийн .. дугаартай тээврийн хэрэгслээ өөр зогсоолд түр байрлуулсан. Зочдыг явахаар буцаан машинаа байрлуулъя гэж бодсон боловч зочид манайд хонохоор болоод машинаа тухайн зогсоолд хонуулсан. Эхнэр машинаа зогсоолд байрлуулахад ямар нэг сэв байгаагүй. Маргааш өглөө нь .., сувдан цагаан өнгөтэй, Лексус Ар Экс 450 загварын машин дээр очиход зүүн хойд талын хаалгыг зураад, хажуу талын крыло будаг нь ховхроод унасан байсан. Надад одоо ч нотлох зургууд утсан дээр хадгалаастай байна. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн орчим авсан гэрэл зургууд юм. Шүүгдэгч Д.Б бол машиныг өшиглөөгүй л гээд байна. Машины  хойд талын хаалгыг өшиглөсөн ором нь байгаа. Манай машин огт сэвгүй машин байсан. Шүүгдэгч Д.Б машины урд талын крыло, хойд талын хоёр хаалга зэрэгт гэмтэл учруулснаа өөрөө хүлээн зөвшөөрвөл надад өөр ярих зүйл байхгүй. Бтай учраа олох гэж үзсэн. Хан-Уул дүүргийн цагдаагаар давхар дуудуулаад залуу хүмүүс байна ярилцъя гэж дуудуулахад Д.Б хөдөө явсан гээд эхнэр нь ирээд учир зүггүй чи таньдаг цагдаатай юм байна гээд урдаас загнаад байсан. Тэгэхээр нь учраа олохгүй юм байна болъё, шийддэг газраа нь шийдүүлье гээд уулзалт дууссан. Д.Б надад “чи чаддаг юм бол явдаг газраараа яв, би машиныг чинь гэмтээгээгүй гээд байсан. Учраа ололцъё гэдэг талаас нь ярилцах сонирхолгүй байгаа юм шиг харагдсан. Уучлалт гуйгаад, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрвөл өөр юм алга. Гэтэл шүүгдэгч талаас огт гэм буруугаа хүлээсэн шинжгүй байдлыг бид нарт харуулсан учир шүүхээр шийдвэрлүүлэх гээд орж ирсэн байна. .. улсын дугаартай Лексус Ар Экс 450 загварын машин нь миний эхнэрийн нэр дээр байдаг бөгөөд би өөрөө эхнэртээ худалдан авч өгч байсан, гэр бүлийн дундын эд хөрөнгө учраас би хохирогчоор оролцож байгаа юм. 800,600 төгрөгийг аваагүй байна гэв.

            Гэрч Т.Т мэдүүлэхдээ: Машин ямар ч сэв, зураас байгаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажлаасаа тараад орой 20.00 цагийн үед орон сууцны Б1 давхарт байрлах өөрийнхөө зогсоол дээр машинаа байрлуулах гэсэн боловч өөр машин байсан учраас 1430 дугаар байрны зогсоол руу ордог хаалганы гарцын хажууд машинаа тавиад хонуулсан.  Маргааш өглөө нь нөхөр Ц.Н ажилдаа явах гээд машинаа байрлуулсан газар дээр очиход машинд гэмтэл учирсан байсан. Зургийг нь дараад над руу явуулсан. Машины урд талын крыло будаг нь ховхорсон, яагаад ийм болчхоо вэ гээд бид ярилцаад камерын бичлэг шалгуулсан. Шууд цагдаад мэдэгдээгүй. Б өөрөө ийм хэрэг болчихлоо уучлаарай гээд ирэхийг нь хүлээсэн боловч хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байсан тул гомдол гаргасан. Машин маань сэвтэй, хонхойсон, будаг нь ховхорсон асуудал байгаагүй. Манай машин гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд манай нөхөр надад худалдаж авч өгсөн юм. Тиймээс машины хохирлыг нөхөр Ц.Н нэхэмжлэх, шаардах эрхтэй гэв.

 

Эрүүгийн 2110020430315 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12:57:15 цагт “.. арикс -450 маркийн машиныг нэг залуу өшиглөөд хонхойлгосон байна” гэх дуудлага бүртгэгдсэн лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

2. .. улсын дугаартай Лексус Ар Экс 450 загварын автомашинд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тухай гэрэл зураг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас),

3. 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэлд Хан-Уул дүүргийн .., .. хотхоны автомашины зогсоолд байсан Ц.Нийн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмтээсэн хэрэгт тус аппартментын автомашины зогсоолын камерын бичлэгт үзлэг хийхэд:

Зураг №1 файлыг нээж үзэхэд 65, 64, 63 гэх зогсоол харагдах ба уг 63 дугаартай зогсоолын хажууд зогсоолын дугаар тодорхойгүй зогсоол дээр цагаан өнгийн дунд оврын машин ухрах үйлдэл хийж байгааг харуулав.

Зураг №3 ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсоолд байршуулж тухайн  машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж байгааг харуулав.

Зураг №4 ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээс буусан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эрэгтэй нь цагаан өнгийн дунд оврын машины зүүн урд талд очоод 2, 3 удаа идэвхтэй хөдөлгөөн хийж байгааг харуулав.

Зураг №5 цагаан өнгийн дунд оврын машины зүүн урд зогсож байсан гэх эрэгтэй ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгслээс буусан эмэгтэйтэй хамт тухайн цагаан өнгийн дунд оврын машины харалдаа байх лифтний хаалга руу явж байгааг харуулав. ...” гэсэн  (хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас), бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

4. Хохирогч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн .. .. 1431-702 тоотод оршин суудаг. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн .. ..ийн 1429 дүгээр байрны доор байрлах 44 дугаартай авто зогсоол дээр манайд зочин ирэхээр нь тээврийн хэрэгслийг нь байрлуулан өөрийн .. дугаартай тээврийн хэрэгслээ зогсоолоос орц руу орох хаалганы урд байрлуулсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн үед өөрийн машин дээр очиход зүүн талийн хойд хаалгыг зураад урд хаалгыг өшиглөн хонхойлгосон байсан. Мөн урд крланыг өшиглөөд хонхойлгосон байсан. Тэгээд харуулаас асуухад нэг эрэгтэй хүн машин байрлууллаа гээд уурлаад байсан тэр хүн байх гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хойд хаалгыг зураад урд хаалгыг нь өшиглөн хонхойлгосон байсан. Урд крланыг өшиглөөд хонхойлгосон байсан. Би хохирлоо одоо зах зээлийн ханшаар үнэлж байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Манайх тус байрны зогсоолын Б1 давхрын 44, 45 дугаартай зогсоолыг эзэмшдэг. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 18:00 цагийн орчим манай гэрт зочид ирсэн. Тухайн зочид манай 44 дугаартай зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулсан байсан. 22:00 цагийн орчим эхнэр Т.Т ажлаасаа тарж ирээд гэртээ орж ирэхдээ машины зогсоолд машин байрлуулсан байсан учраас 1430 дугаар байрны дээшээ байр руу ордог хаалганы орчим .. улсын дугаартай машинаа тавьсан гэж байсан. Маргааш өглөө нь 09:00 цагийн орчим эхнэр бид хоёр ажилдаа явах гээд 1430 дугаар байрны дээшээ гардаг хаалгаар .. улсын дугаартай машин дээрээ яваад очсон чинь зүүн урд талын крылон, зүүн урд талын хаалга, зүүн хойд талын хаалга хоёрыг гэмтээсэн байсан. Дөхөж очоод харсан чинь хүн гутлаараа өшиглөсөн ул мөр байсан. Тэгээд эхнэр бид хоёр шууд тус зогсоолын харуул дээр очоод хяналтын камерын бичлэгийг үзэхэд ... улсын дугаартай хар өнгийн машинаас бууж ирж байгаа залуу шууд миний машины зүүн урд талаас очоод миний машин руу өшиглөж байгаа юм шиг хөдөлгөөн хийж 2, 3 минут орчим болсон байдалтай харагдаж байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед би машин дээр байсан гутлын мөрийг хүртэл утсаар дарж авсан, гаргаж өгч болно. Манай машин ямар нэгэн сэв гэмтэлгүй байсан. Манай эхнэр өмнөх орой нь 22:00 цагийн орчим тус зогсоолд машинаа байрлуулахад ямар нэгэн тийм гэмтэл байгаагүй гэж хэлж байсан. Угаасаа бүр хөлөөрөө өшиглөөд гэмтээчихсэн байсан нь илт харагдаж байсан. ...тухайн орой манай эхнэр хүртэл машинаа тавихад зүгээр байсан талаар хэлж байсан. Тухайн гэмтлүүдийг бол хүн хөлөөрөө өшиглөж гэмтээсэн ул мөр байсан. Би утсаараа гутлын зургийг нь дарчихсан байгаа. Тухайн үед машиныг тавьсан үеэс эхлээд хяналтын камерын бичлэгийг үзэхэд миний машинд тэр залуу шиг хүрч, ямар нэгэн хөдөлгөөн хийж байгаа хүн огт харагдаагүй. ...Би өөрийнхөө хохирол болох мөнгийг барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас),

            5. Гэрч Р.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр өгсөн:

            “...Би Х харуул хамгаалалтын газар хамгаалагчаар ажилладаг. Би Хан-Уул дүүргийн .. ..ын 1429, 1430, 1431,1432,1433 1434 дүгээр байрнуудын Б1 давхарт байх автомашины зогсоолын харуулаар ажилладаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний 09:00 цагаас 2021 оны 11 дүгээр сарын 06-ны 09:00 цагийн хүртэл харуулын үүрэг гүйцэтгэсэн. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 2021 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө намайг харуулын байрандаа байж байхад шөнө 01:00 цагийн орчим грашид хар өнгийн ... улсын дугаартай кровн маркийн машин орж ирсэн. Тэгээд би харуулын байрандаа байж байсан чинь удалгүй 1430 дугаар байр руу гардаг лифтний ойролцоо хүчтэй юм цохих чимээ гарсан. Тэгээд би харуулын байрны үүдэн дээр зогсож байгаад буцаж ороод амарсан. Тухайн ... улсын дугаартай машиныг хаана зогссоныг тухайн үед бол хараагүй Өглөө 08:00 цагийн орчим харуулын байрандаа байж байсан чинь .. улсын дугаартай машины эзэмшигч гэх нэг залуу ирээд миний машиныг эвдчихсэн байна гээд харуулын байран дээр орж ирсэн. Тэгээд хяналтын камерын бичлэгийн үзэхэд тухайн шөнө 01:00 цагийн орчим грашид орж ирсэн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 1430 байр руу ордог лифтний ойролцоо очиж зогсоод тухайн машинаас эрэгтэй эмэгтэй хоёр хүн буугаад эрэгтэй нь 1430 дугаар байрны лифтний урд зогсож байсан цагаан өнгийн .. улсын дугаартай машины зүүн урд талд нь очоод 2,3 удаа хөдөлгөөн хийж харагдсан. Тухайн .. улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч намайг дагуулж яваад зогсож байсан гэх газраа очиж үзүүлэхэд тухайн газарт нь машиных нь цагаан будаг нь ховхорч унасан байсан. Тэгээд тухайн эзэмшигч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм билээ. ...Тухайн үед манай машины зогсоолд тухайн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээс өөр машин орж ирээгүй. Мөн тухайн машинаас буусан гэх хоёр эрэгтэй эмэгтэй хүнээс өөр хүн байгаагүй юм. Хяналтын камерын бичлэгт харагдаж байгаа. ...Тухайн машин тус өдөр 18:00 цагийн орчим оруулж ирсэн санагдаж байна. Тухайн үед цагаан өнгийн .. улсын дугаартай машины зүүн урд талд ямар нэгэн эвдрэл гэмтэл анзаарагдаагүй. Бид нар гаднаас машин орж ирэхэд машинуудаа хардаг мөн тухайн өдөр 00:00 цагийн орчим зогсоолд байх машинуудыг тойрч үзэхэд тухайн машин эвдрэл гэмтэл байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

            6. Гэрч Т.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:

            “...Хан-Уул дүүргийн .. .. хотхоны 1431- 702 тоотод нөхөр Ц.Н, 4 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 11 дүгээр 05-ны өдөр 22:00 цагийн орчим нөхрийн эзэмшлийн .. улсын дугаартай машиныг унаад ажлаасаа тараад тус байрны Б1 давхарт байх өөрийн эзэмшлийн 44, 45 дугаартай машины зогсоолд байрлуулах гэсэн боловч манай зогсоол дээр машин байсан болохоор 1430 дугаар байрны зогсоол руу ордог хаалганы гарцын хажууд машинаа тавиад орхисон. Манай гэрт зочид ирсэн байсан, манай машины зогсоолд машинаа байрлуулсан талаар хэлсэн. Зочид манайд хонохоор болсон. Тухайн өдөр өөрийнхөө машиныг 1430 дугаар байрны зогсоол руу ордог хаалга дээр тавьж орхиод хоносон. Өглөө 09:00 цагийн орчим манай нөхөр түрүүлээд машин руу гарчхаад буцаад машин чинь ийм болчихсон байна гээд зураг үзүүлсэн. Бид хоёр тухайн машины зогсоолын хяналтын камерын бичлэгийг анх машин тавьсан цагаас эхлээд үзсэн. Тухайн шөнө 03:00 цагийн орчим гаднаас зогсоол руу ... улсын дугаартай хар өнгийн машин орж ирж харагдсан. Тухайн машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд манай машины зүүн урд талаас эрэгтэй нь манай машин дээр очоод өшиглөөд байгаа хөдөлгөөн хийж харагдсан чинь цаанаас нь хамт явсан эмэгтэй нь татаад 1430 дугаар байр руу ордог  орц руу орж харагдсан. Нөхөр бид хоёр цагдаагийн байгууллагад хандсан. Нөхөр бид хоёрыг машин дээрээ очиход зүүн урд талын крылон, зүүн урд талын хаалга, хойд хаалгыг хонхойлгочихсон, хонхойлгосон газруудад гутлын мөр харагдсан. Өмнөх орой нь 22:00 цагийн орчим машинаа тухайн зогсоолд тавихад ямар нэгэн гэмтэл огт байхгүй байсан. ...Тухайн миний унаж ирсэн машиныг ... улсын дугаартай машинаас бууж ирсэн залуу гэмтээсэн харагдаж байсан. Нөхөр бид хоёр хяналтын камерын бичлэгийг үзэхэд нэлээн хэдэн минут манай машины зүүн талд очоод манай машин руу өшиглөж байгаа юм шиг хөдөлгөөн хийгээд байгаа нь илт харагдаж байсан. Одоо тухайн тээврийн хэрэгсэл байхгүй бөгөөд танихгүй хүнд зарчихсан юм. ...Хүний эд зүйлсэд тэгж хандаж болохгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас),

            7. Гэрч Б.Ны мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр өгсөн:

            “...Би Хан-Уул дүүргийн .. .. хотхоны 1430 дугаар байрны 802 тоотод нөхөр Д.Б, гурван хүүхдийн хамт амьдардаг. Би өөрөө ... улсын дугаартай хар өнгийн кровн маркийн машиныг эзэмшиж, унадаг. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр Д.Бын хамт зайсанд найзуудтайгаа хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад орой болоод бид тараад нөхөр бид хоёр согтсон байсан учраас би өөрийнхөө ... улсын дугаартай хар өнгийн кровн маркийн машиныг дуудлагын жолоочоор бариулаад Хан-Уул дүүргийн .. ..д байх гэртээ ирсэн. Тухайн .. хотхоны Б1 давхрын зогсоолын 60 дугаартай зогсоолд машинаа байрлуулсан. Тухайн үед дуудлагын жолооч нь нөхөр бид хоёрыг грашийн гадна үлдээгээд явсан санагдаж байна. Нөхөр бид хоёр граш руу машинтайгаа ороод зогсоол дээрээ машинаа тавьчхаад 1430 дугаар байр руу ордог грашд байх хаалганы зүг рүү явсан бөгөөд би машиныхаа ар талаар тойроод хаалга руу явсан тэгээд манай нөхөр миний араас дагаж ирээгүй бөгөөд машиныхаа урдуур тойрсон санагдаж байна. Тэгээд би хаалган дээр зогсож байсан чинь манай нөхөр ирээд бид хоёр хамт гэр рүүгээ орсон. Гэхдээ би тухайн үед маш их согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байгаа юм. ...Тухайн өдрөөс хэд хоногийн дараа байх, нэг хүн машин эвдсэн байна гэж байсан. Би цагдаа дээр ирсэн. Надаас асуугаад байсан. Би юу ч мэдээгүй болохоор мэдүүлэг аваагүй юм. ...Нөхөр бид хоёр 7,8 найзтайгаа хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би тухайн үед цагаан машин зогсож байгааг анзаараагүй. Би нөхрийгөө машинд хүрсэн талаар мэдэхгүй байна. ...Манай нөхөр .. ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тухайн компани нь барилга угсралтын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

8. Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар өгсөн:

            “...Би Хан-Уул дүүргийн .. .. хотхоны 1430-802 тоотод амьдардаг. ...2021 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 02:00 цагийн орчим найзынхаасаа эхнэртэйгээ хамт гарч ирээд дуудлагын жолоочоор машинаа бариулаад явуулсан. Хан-Уул дүүргийн .. .. хотхоны гадна ирээд би эхнэрийн эзэмшлийн ... улсын дугаартай хар өнгийн кровн маркийн машинаа унаад .. хотхоны доод давхарт байх машины зогсоол руу ороод өөрийн эзэмшлийн машины зогсоолд машинаа байрлуулсан. Тэгээд ...1430 дугаар байр руу ордог орцны хаалгаар орох гээд явж байсан чинь явган хүний гарц дээр цагаан өнгийн машин байсан. Тэгээд би тухайн үед явган хүний гарц дээр тавьсан байсан учраас тухайн машины зүүн урд талын хаалга руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд шууд гэр рүүгээ эхнэртэйгээ хамт орсон. 2-3 хоногийн дараа манай эхнэр Б.Н руу цагдаагийн байгууллагаас залгаж холбогдсон байсан. Тухайн үед би Эрдэнэт хотод байсан. ...2022 оны 02 дугаар сарын эхээр цагдаагийн байгууллагаас дуудаад мэдүүлэг авсан. ...Би тухайн үед зүүн урд талын хаалга руу 2,3 удаа хөлөөрөө өшиглөж гэмтээсэн. Түүнээс өөр газар огт өшиглөсөн зүйл байхгүй, хатуу зүйлээр зурсан зүйл огт байхгүй. ...Би дунд зэргийн согтолттой байсан. Би сайн мэдэхгүй байна. ...Би тухайн машиныг явган хүний гарц дээр тавьчихсан байхаар нь уурлаад 2,3 удаа тухайн машины зүүн урд талын хаалга руу хөлөөрөө өшиглөсөн. Би тухайн үед машинд гэмтэл байсан эсэхийг анзаараагүй юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),

            9. Хохирогч Ц.Нээс хэрэг болсон гэх үеийн буюу автомашины эвдрэлийг харуулсан гэрэл зургийг хэрэгт нотлох баримтаар хавсаргуулахаар өгснийг мөрдөгчөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас),

10. “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ХУ-21-643 дугаартай: Зүүн урд крыло засах-245,000, зүүн урд хаалга засах-265,000, зүүн хойд хаалга засах-215,000, шууд зардал 725,000 төгрөг, шууд бус зардал 75.600 төгрөг, нийт зардал 800,600 төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, автомашины гэрэл зураг (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас), 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 14:11:32 цагт Д.Баас Ц.Нт хохиролд 810.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт,

11. ... УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч нь Б.Н бүртгэлтэй тухай (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), .. улсын дугаартай Лексус Ар Экс 450 загварын тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Т.Т бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

            12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

            Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2010-2022 оны 2 сар хүртэл хугацааны тодорхойлолт, тээврийн хэрэгслийн мэдээлэл (хавтаст хэргийн 44, 60, 49-51, 56-58, 65 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.Б нь Хан-Уул дүүргийн ..нд, .. хотхоны Б1 давхарт байрлах авто зогсоолд байрлуулсан хохирогч Ц.Нийн эзэмшлийн .. улсын дугаартай Лексус Ар Экс 450 загварын автомашиныг 2021 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө согтуурсан үедээ хууль бусаар гэмтээж 800,600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт дуудлага бүртгэгдсэн лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), .. улсын дугаартай Лексус Ар Экс 450 загварын автомашинд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үзлэг хийсэн тухай гэрэл зураг (хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас), 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчийн Хан-Уул дүүргийн .., .. хотхоны автомашины зогсоолын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас), бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 7 дугаар хуудас), хохирогч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 76 дугаар хуудас), гэрч Р.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дугаар хуудас), гэрч Т.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас),  гэрч Б.Ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас), шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас), хохирогч Ц.Нээс хэрэг болсон гэх үеийн буюу автомашины эвдрэлийг харуулсан гэрэл зургийг хэрэгт нотлох баримтаар хавсаргуулахаар өгснийг мөрдөгчөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас), Дамно ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №ХУ-21-643 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, автомашины гэрэл зураг (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж оролцсон бөгөөд мөн түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн холбогдсон хэргийг цагаатгах саналтай дүгнэлт гаргасан.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт, үйл баримтаас дүгнэхэд Хан-Уул дүүргийн .. .. хотхоны Б1 давхарт байрлах авто зогсоолд 2021 оны 11 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө шүүгдэгч Д.Б нь өөрийн ... УБА улсын дугаартай хар өнгийн кровн маркийн машинаа зогсоолд байрлуулсны дараа явах замдаа тухайн зогсоолд байрлуулсан байсан хохирогчийн тээврийн хэрэгслийг өшиглөх зэрэг үйлдэл хийсэн нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдсон, улмаар хохирогч нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө өөрийн машин дээр очиход машиныг гэмтээсэн ул мөрийг гэрэл зургаар бэхжүүлж хэрэгт хавсаргасан, мөн хэрэг үйл явдлын дараа камерын бичлэгийн үзэхэд шүүгдэгч Д.Баас өөр хүн тухайн шөнө зогсоолд ирсэн, гарсан, үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Дээрх нөхцөл байдал нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Т.Тгийн мэдүүлэг, түүнчлэн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...орцны хаалгаар орох гээд явж байсан чинь явган хүний гарц дээр цагаан өнгийн машин байсан. Тэгээд би тухайн үед явган хүний гарц дээр тавьсан байсан учраас тухайн машины зүүн урд талын хаалга руу нэг удаа өшиглөсөн ...” гэх мэдүүлэг (хх81-82) болон бусад эх сурвалж баримтуудаар тогтоогдсон бөгөөд эдгээр нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад эх сурвалж баримтаар тогтоогдвол нотлох баримтаар үнэлэх бөгөөд түүний мэдүүлэгт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул нотлох баримтаар тооцсон болно.

Иймээс шүүгдэгч Д.Бын үйлдэл идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ц.Нийн эд хөрөнгөд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсанд тооцно.

Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан бөгөөд  шүүгдэгч хохирогчийн эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг цагаатгах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хэрэгт авагдсан лавлагаагаар .. улсын дугаартай Лексус Ар Экс 450 загварыг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Т.Т бүртгэлтэй байх бөгөөд хохирогчоор тогтоогдсон Ц.Н, гэрч Т.Т нар гэр бүлийн харилцаатай эхнэр, нөхөр болох талаар, түүнчлэн .. улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь гэр бүлийн дундын өмч хөрөнгө болох талаар тэд мэдүүлсэн тул Т.Тг хохирогчоор зайлшгүй тогтоох шаардлагагүй бөгөөд Ц.Нийг хохирогчоор тогтоосныг буруутгах боломжгүй байна. Мөн тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдсан талаар мэдүүлсэн тул хохирогчийг дахин тогтоох, өөрчлөх үндэслэл, шаардлага тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн тухай.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.

Дамно хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчийн эд хөрөнгийн учирсан хохирлыг буюу эвдрэлийг засах үнийг зах зээлийн үнэлгээгээр 800.600 төгрөгөөр тогтоосон байх тул шүүгдэгчээс дээрх мөнгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн.

 Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч хохирол төлөхтэй холбоотой ажлын 3 хоногийн хугацаагаар завсарлага авч, хохирогч Ц.Нт 800.600 төгрөгийг төлж барагдуулсан талаар баримтыг хэрэгт ирүүлсэн, хохирогч Ц.Нээс “хохирлыг барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг гаргасан тул хохирогчид шүүгдэгч төлөх төлбөргүй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах; өмгөөлөгчөөс шүүгдэгч тодорхой эрхэлсэн ажилтай, урьд ял шийтгэлгүй зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан” тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирол, хор уршгийг арилгасан, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол ажил эрхэлдэг болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтаар тогтоогдсон зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хөнгөрүүлж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Д-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн 2110020430315 тоот хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Нт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТ