Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2019/00427/и |
Дугаар | 001/ХТ2021/00235 |
Огноо | 2021-03-18 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2021/00235
2021 03 18 001/ХТ2021/00235
“...........” УТҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00710 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1387 дугаар магадлалтай,
“...........” УТҮГ-ын нэхэмжлэлтэй
“...........” ХХК-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 056 194 749 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон бусад хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 250 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Б.Алимантуяагийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2, Төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг үндэслэн ........... ХХК нь ...........тай 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 43 дугаар байрны 134 тоот хаягт байрлах ...........улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 60 дугаар барилгын 505 тоот хаягт байрлах ...........улсын бүртгэлийн дугаартай 55.9 м.кв талбайтай офиссын барилга,Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт 1 дүгээр хэсэг гудамж 106 тоот хаягт байрлах ...........улсын бүртгэлийн дугаартай 44 м.кв талбайтай хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааганы гудамж 57 дугаар байрны 30 тоот хаягт байрлах ...........улсын бүртгэлийн дугаартай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах 18636320313020, 18636320290020, 18636319312994 нэгж талбарын дугаартай тус бүр 400 м.кв талбайтай Зуслангийн газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо 18641325935759, нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай зуслангийн газар зэргийг тус тус барьцаалж 750 000 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хөнгөлөлттэй зээл авсан. ........... ХХК-иас зээлийн гэрээний 6.1.1, 6.1.2-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 740 000000 төгрөг, зээлийн хүү 28 430 889 төгрөг, алдангид 287 743 860 төгрөг, нотариатын зардалд 20 000 төгрөг, нийт 1 056 194 749 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Алимантуяа шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лутбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ...........ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Уг гэрээний 3 дугаар зүйлд сан нь 1 000 000 000 төгрөгийн зээлийг, жилийн 3.3 хувийн хүүтэй зээлэх үүрэг хүлээсэн. Зээлийн гэрээний хугацааг 5 жилээр тохироод Энэ хугацаа сангаас зээлийн гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тооцогдоно гэж харилцан зөвшөөрсөн. Гэтэл сан өнөөдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон хэмжээний зээлийн гүйлгээг хийгээгүй. Тэгэхээр гэрээгээр тохиролцсон хугацаа тоологдож, тооцогдож эхлээгүй гэсэн үг. Иймд манай компаниас үүрэг хүлээх хугацаагаа хэтрүүлэх бус эхлэх хугацаагаа тоолж эхлэх болоогүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Компанийн хувьд гэрээнд заасан үүргээ биелүүлж орж ирсэн мөнгөний хэмжээгээр төслөө хэрэгжүүлэх тоног төхөөрөмжөө аваад суурилуулахад бэлэн болчихсон байгаа. Харин сангаас үүргээ биелүүлж үлдэгдэл 250 000 000 төгрөгийн зээлийн гүйлгээгээ хийхгүй, элдэв шалтаг, шалтгаан тоочиж өнөөдрийг хүргэснээс манай төсөл царцах хэмжээнд хүрчихээд, бүрэн хэмжээгээрээ ажиллаж чадахгүй байна. Хэрэв сан зээлийн гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл зээлийн гүйлгээг хийвэл, ямар ч цаг хугацаа шаардахгүйгээр тоног төхөөрөмжийн дутуугаа гүйцээж, төслөө хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ явуулахад бэлэн байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Алимантуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар сан нь 1 000 000 000 төгрөгийн зээлийг жилийн 3.3 хувийн хүүтэйгээр зээлэх үүрэг хүлээсэн. Улмаар зээлийн хугацааг 5 жилээр тохироод энэ хугацаа нь Сангаас зээлийн гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тооцогдоно гэж харилцан зөвшөөрсөн. Гэтэл сан өнөөдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон хэмжээний зээлийн гүйлгээг хийгээгүй байна. Компаниас гэрээнд заасан үүргээ эхнээс нь биелүүлж, орж ирсэн мөнгөний хэмжээгээр төслөө хэрэгжүүлэх тоног төхөөрөмжөө аваад суурилуулахад бэлэн болчихсон боловч сангаас үүргээ биелүүлж үлдэгдэл 250 000 000 төгрөгийн зээлийн гүйлгээгээ хийхгүй, өнөөдрийг хүргэсэн. Сан зээлийн гэрээний үүргээ биелүүлж, үлдэгдэл зээлийн гүйлгээгээ гүйцээж хийвэл, ямар ч цаг хугацаа шаардахгүй тоног төхөөрөмжийн дутуугаа гүйцээж, төслөө хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ явуулахад бэлэн байна. Иймд ...........гаас 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж 250 000 000 төгрөгийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Должинсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ........... болон ........... ХХК- ийн хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2014/32 дугаартай зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж дуусгавар болгоно гэж зааж, ........... ХХК-ийн авсан 750 000 000 төгрөгийн зээлийг эргэн төлөх хуваарийг гаргаж, хариуцагч тус хуваарийн дагуу тодорхой төлөлтүүдийг хийсэн байдаг. Иймд ........... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00710 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан ...........ХХК-иас 1 056 174 749 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгож, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Сүхбаатар 19 дүгээр хороо, Шарга морьт /14080/ 1 дүгээр хэсэг гудамж, 106 тоот хаягт байрлах ...........улсын бүртгэлийн дугаартай 44 м.кв талбайтай хувийн сууц, Чингэлтэй дүүргийн 5дугаар хороо, 6 дугаар хороолол, Л.Лааганы гудамж 57 дугаар байрны 30 тоот хаягт байрлах ...........улсын бүртгэлийн дугаартай 59 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах 18636319312994 нэгж талбарын дугааруудтай тус бүр 400 м.кв талбайтай Зуслангын газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, 18641325935759 нэгж талбарын дугаартай, 700 м.кв талбайтай зуслангийн газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын зардал 20 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ...........ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс 250 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан ...........ХХК нь 1,056,174,749 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд ...........УБ, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол их тойруу, 60 дугаар байр, 505 тоот, 55.9 м.кв талбайтай офиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ...........УБ, Баянгол дүүрэг, 18дугаар хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байр, 134 тоот, 29 м.кв талбайтай орон сууц, 18636320290020 нэгж талбарын УБ.Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, 400 м.кв талбайтай эзэмшлийн газар, 18636320313020 нэгж талбарын УБ, Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, 400 м.кв талбайтай эзэмшлийн газар болох үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан худалдаж, нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 5 509 023 /5 438 823.75+ 70 200/ төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1387 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШЗ2019/05371 дугаар захирамжаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 5 438 824 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Алимантуяа хяналтын гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь: 1.“...Зохигчид 2014 оны 11 сарын 6-ны өдөр 214/32 дугаартай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээг бичгээр үйлдэж, “...........” нь “...........” ХХК-д 1,000,000,000 төгрөгийг 5 жил /60 сар/-ийн хугацаатай, зээлэхээр тохирсон...” гэж дүгнэсэн атлаа, 2. Нэхэмжлэгч буюу зээлдэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх,... ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэсэн үүргээ бүрэн биелүүлээгүй /1 тэрбум биш 750.000.000 төгрөг л шилжүүлсэн/-гээс, 3. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-ийн “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэсэн заалтаас улбаалан ер нь зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх эсэхэд маргаантай нөхцөл байдал бий болсон байхад; 1. 2019 оны 04-р сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00710 дугаар шийдвэрээрээ Иргэний хуулийн Хорин дөрөвдүгээр бүлгийн заалтуудыг буруу тайлбарлан, 2. алданги, хүүнд ихээхэн хэмжээний мөнгө манай компаниас гаргуулж, 3. харин зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардсан манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1387 дугаар магадлал”-аараа “Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тогтоосон журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн зээлийн болон барьцааны эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлэсэн байна.” гэж зөвтгөснийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй учраас хариуцагчийн хувьд энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Анхан шатны шүүх дээрх шийдвэрээ зөвтгөхийн тулд “Энэ гэрээгээр нэхэмжлэгч тохирсон 1,000,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлэх, хариуцагч... мөнгийг тохирсон хугацаанд, тохирсон хүү, хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх... үүрэгтэй байна.” гэж “хариуцагч”, “төлөх” гэсэн үгнүүдийн хойно “...”/гурван цэг/ залгаж хариуцагчийн эрх, үүргийг бүрхэгдүүлж орхисныг давж заалдах шатны шүүх анзаарч үзээгүйг зөвтгөх арга алга байна. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний “Гурав” дугаар зүйлд сан нь 1,000,000,000/нэг тэрбум/ төгрөгийн зээлийг жилийн 3.3 хувийн хүүтэйгээр зээлэх үүрэг хүлээсэн. Улмаар зээлийн хугацааг “5 жил /60 сар/”-ээр тохироод, “Энэ хугацаа нь Сангаас зээлийн гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тооцогдоно.” гэж харилцан зөвшөөрөлцсөн. Энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийн заалттай яв цав нийцэж байгаа зохицуулалт юм. Гэтэл сан нь өнөөдрийг хүртэл гэрээгээр тохиролцсон хэмжээний зээлийн “гүйлгээ”-г манай компани буюу зээлдэгчийн данс руу хийгээгүй байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдах төдийгүй шүүх хуралдааны явцад ч шинжлэн судлагдсан. Ийм байсаар байтал өнөөдөр манай компаниас үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлийг анхан шатны шүүх ханган шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “зөв” гэж үзэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх чанарыг алдагдуулсан явдал болсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаа өнөөдрийг хүртэл тоологдож, тооцогдож эхлэх эсэх нь тодорхойгүйгээс болж хариуцагчийн зүгээс үүрэг хүлээх хугацаагаа хэтрүүлэх нь бүү хэл биелүүлж эхлэх хугацаагаа ч тоолж эхлэх боломж бүрдээгүй нөхцөл байдал үүссэнийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, 2014 оны 11-р сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний “Гурав” дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж 250,000,000 /Хоёр зуун тавин сая/ төгрөгийг “...........” ХХК-д шилжүүлэхийг “...........”-д даалгуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
........... УТҮГ нь ........... ХХК-д холбогдуулан зээл 740 000 000 төгрөг, зээлийн хүү 28 430 889 төгрөг, алданги 287 743 860 төгрөг, нотариатын зардал 20 000 төгрөг, нийт 1 056 194 749 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч зээлийн гэрээний дагуу 250 000 000 төгрөг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 1 056 174 749 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйлээс үүргийг хангуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Талуудын хооронд 2014 оны 11 сарын 6-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, ........... УТҮГ 1 000 000 000 төгрөгийг, жилийн 3.3 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдүүлэх үүрэг хүлээсэн боловч 750 000 000 төгрөгийг шилжүүлсэн, ........... ХХК зээлийн үндсэн төлбөрт 10 000 000 төгрөг төлсөн, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үйл баримтыг шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан тогтоожээ.
Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын үүрэг, үүргийн зөрчил, гэрээний хугацаанд алданги төлөх үүрэг, гэрээг цуцалсан эрх зүйн асуудалд хууль зүйн дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 166 дугаар зүйлийн 166.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийг хангуулах үндэслэлийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заажээ. Шүүх барьцааны зүйлд хамаараагүй эд хөрөнгийг зааглан тогтоож, барьцааны зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 154 дүгээр зүйлийн 154.3, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн дүгнэлтийг хийсэн байна.
Зээлийн гэрээний 4.1 дэх хэсэгт заасан “Зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлж дуусгавар болгоно.” гэх үүргээ зээлдэгч биелүүлээгүй, гэрээний хугацаа 2019 оны 11 сарын 06-нд дуусах боловч нэхэмжлэгч гэрээг цуцалж, 2019 оны 2 сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан байна. Гэрээ дуусгавар болсон тул гэрээний үүрэг болох 250 000 000 төгрөгийг олгох үүргийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр талуудын хооронд эрх, үүрэг үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Талууд гэрээний хугацааг 60 сар гэж тогтоосон тул гэрээний 3.3-д заасан “Зээлийн гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн гэрээний хугацаа тоологдоно.” гэсэн нөхцөл нь гэрээний хугацааны дотор биелүүлэх үүрэгт хамааралтай тохиролцоо гэж үзнэ. Энэ талаар буюу 250 000 000 төгрөгийг олгоогүй тул хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангуулах, алдангийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00710 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1387 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Алимантуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ