Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2078

 

Ц.Д, Д.Бнарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01508 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Д, Д.Бнарын, хариуцагч “Н” ХХК, “Ф” ХХК нарт холбогдуулан гаргасан тээвэрлэлтийн хөлсөнд нэхэмжлэгч Ц.Д         8 521 895 төгрөг, Д.Б12 794 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

хариуцагч “Ф” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, хариуцагч нарын төлөөлөгч С.Батжаргал, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Ц.Д, Д.Бнар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Д, Д.Ббид “Ф” ХХК, “Н” ХХК-ийн захирал Д.Батжаргалтай амаар тохиролцоод 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Улаанбаатараас Дорнод аймаг руу 3 удаа хар замын 256 тн бетум, Сайншандаас Дорнод руу 1 удаа 89.6 тн туршлагатай, өмнө нь бие биенээ танидаг байсан учраас бичгээр гэрээ байгуулаагүй. Ингээд шатахууны зардлыг гүйцэтгүүлэгч хариуцахаар тохиролцсон. Бид урьдчилгаа хөлс аваагүй.

            Бид ажил дууссаны дараа хийсэн ажлын хөлсөө тооцоод төлөх ёстой татвар, сэлбэг зэргийг хасаад ажлын хөлсөнд 26 315 895 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр захирал С.Батжаргалтай тохиролцож, тооцоо нийлсэн. Ц.Д надад 5 000 000 төгрөгийг 2 хувааж “Ф” ХХК-иас өгсөн. Үлдэх төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Бид удаа дараа очиж төлбөрөө нэхэмжилдэг боловч янз бүрийн шалтаг хэлээд төлбөрийг төлөлгүй 2 жил өнгөрсөн байна.

            2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлбөрийг төлнө гэж худал хэлснээс болоод бид хувь хүн, банкнаас зээл авч хүү төлж өрөнд орсон. Дээрх хоёр компаниуд нь Д.Батжаргалын өмч юм. Иймд “Ф” ХХК-иас Ц.Дт 8 521 895 төгрөг, Д.Бямбаад 12 794 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Харин “Н” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

            Хариуцагч “Ф” ХХК, “Н” ХХК-ийн төлөөлөгч С.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ф” ХХК хүнд оврын ачаа, тээш тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд 2014 оны 9-10 сарын хооронд “Н” ХХК, “Арж капитал” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “бетум” тээвэрлэсэн. Гэрээний дагуу ажил үүргээ хурдан шуурхай тээвэрлэх үүднээс нэмж жолооч хөлсөлж тээвэрлүүлсэн. Ц.Д, Д.Бнартай танилын хувьд түр хугацаагаар ажиллуулахаар цалин хөлсийг тохиролцсоны дагуу жолоочоор ажиллуулсан. Ажилласан хугацааны хөлсийг санхүүгийн хүндрэлээс шалтгаалан тэр дор нь өгч чадаагүй боловч хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна гэх зэргээр хөлсөө нэхээд байсан тул танилаасаа хүүтэй мөнгө зээлж 5 000 000 төгрөгийг 2 хуваан өгч, тооцоо дууссан.

            “Н” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд бөгөөд нэхэмжлэгч Ц.Д, Д.Бнарын эрх ашигт хохирол учруулаагүй, ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй.

            Иймд “Н” ХХК-ийг хариуцагчаар татах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгө хамгаалах ажиллагаа хийх ямар ч үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлдээ “тооцоо нийлсэн акт” гэх бичгийн нотлох баримтыг нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хавсаргаж өгсөн байна. Уг “тооцоо нийлсэн акт” гэх баримтыг манай компани нь нэхэмжлэгч Ц.Дтай үйлдээгүй. Харин нэхэмжлэгч нар 2016 оны 12 сард намайг эзгүй хойгуур манай бусдаас авах авлага, орлого байгаа эсэх талаар баримт бүрдүүлж ир, “Ф” ХХК-иас авлагатай гэсэн баримт хэрэгтэй байна” гээд “тооцоо нийлсэн акт” гэх баримтыг авчран манай компанийн санхүүгийн тамгыг даруулаад явсан байна.

            Гэтэл уг баримтыг шүүхэд нотлох баримтаар хуурамчаар гаргаж өгсөн байх бөгөөд уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт юм. Нотариатын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “...баримт бичгийн бүрэн буюу хэсэгчлэн хуулбарын агуулга нь хуульд харшлаагүй бол нотариатч хуулбарыг эх хувьтай нь тулган шалгасны үндсэн дээр гэрчилнэ” гэж заасан. Манай байгууллага уг баримтыг үйлдээгүй, миний бие ийм баримтад гарын үсэг зурснаа санахгүй байхад 84 дугаартай нотариатч нь уг баримтыг “хуулбар үнэн зөв”-ийг гэрчлэн баталсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ф” ХХК-иас 8 521 895 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Дт, 12 794 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Бямбаад тус тус олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Д, Д.Бнар тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21 315 895 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Ф” ХХК-иас 264 529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Ф” ХХК-ийн төлөөлөгч С.Батжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... шүүх 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч “Ф” ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар болон утсаар тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв” гэжээ.

Хэргийн материалтай танилцахад 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07022 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 11 цагаас товлосон байх бөгөөд захирамжийн 2 дугаарт “... шүүх хуралдааны товыг оролцогчдод мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Анхцэцэгт даагасугай ...” гэжээ.

Гэтэл шүүгчийн туслах нь надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй бөгөөд хэрэгт шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай утсаар мэдэгдсэн тэмдэглэлийг хэргийн 83 дугаар талд үйлдсэн байна. Уг тэмдэглэл нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл шүүгчийн шүүх хуралдааны товыг зарласан 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7022 дугаар захирамж гарахаас өмнөх өдөр нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тухай тэмдэглэл үйлдсэн нь уг баримтыг нөхөж, хуурамчаар бүрдүүлсэн болох нь батлагдаж байна. Мөн хэргийн 85 дугаар талд мэдэгдэх хуудсыг хүлээн авсан баримт үйлдэгдсэн байх бөгөөд уг баримтад Батмөнх гэх хүнд мэдэгдсэн гээд гарын үсэг зурагдсан байна. Гэтэл “Ф” ХХК-д Батмөнх гэх хүн ажилладаггүй тул шүүх хурлын тов мэдэгдэх хуудсыг хаана ажилладаг, хэн гэх хүнд өгсөн нь тодорхойгүй бөгөөд уг баримтыг хууль зөрчин бүрдүүлсэн байх магадлалтай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчид заавал шүүх хуралдааны товыг мэдэгдэх ёстой бөгөөд шүүх хуралдааны товыг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тохиолдлыг ойлгох юм. Иймд надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй бөгөөд хуурамчаар баримт бүрдүүлэн миний шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтойгоор зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байна.

            Нэхэмжлэгч Ц.Д, Д.Бнар шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч “Ф” ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ц.Дт 8 521 895 төгрөг, Д.Бямбаад 12 794 000 төгрөг тус тус шаардаж, хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан тооцоо нийлсэн баримтыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ. Хариуцагч “Ф” ХХК-ийн төлөөлөгч С.Батжаргал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган, тооцоо нийлсэн баримтад гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-69/

            Шүүх талуудын маргааны үндэслэл болж буй нотлох баримтад гарын үсгийн шинжээч томилуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна. Учир нь хэргийн оролцогчдоос гаргаж буй хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх ёстой.

Түүнчлэн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 07022 дугаар захирамж гарснаас хойш хэргийн оролцогчдыг хэргийн материалтай танилцуулаагүй байхаас гадна хариуцагч “Ф” ХХК-ийн төлөөлөгч С.Батжаргалд уг захирамж гарахаас өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн тухай болон хариуцагчийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн тухай баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3, 77.5, 77.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул шүүхийг мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасны дагуу шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийг хэргийн оролцогчийн хуулиар олгосон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3-т заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

            Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримт болон хэргийн үйл баримтын талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул хариуцагч “Ф” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2017/01508 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264 530 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  

                        ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

                                   

                                                                                    Ч.ЦЭНД